Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00574

 

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/00338 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 30,357,750 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Б- ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээг байгуулсан. Асфальт болон укладш механизмын түрээсийн гэрээнд нийт 43,613,500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч Б- ХХК нь 23,375,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 5.1.2-т заасны дагуу үлдэгдэл 20,238,500 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул гэрээний үндсэн үүрэг 20,238,500 төгрөг, гэрээний 7.4-т заасны дагуу алданги 10,119,250 төгрөг, нийт 30,357,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай автозамын их засварын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулан, ажлыг хийж гүйцэтгэсэн. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 41,813,959 төгрөгийн санхүүжилт авч чадаагүй байна. Авто замын ажилд шаардлагатай байсан асфальт болон укладш механизмыг нэхэмжлэгч Н- ХХК-аас гэрээний дагуу авсан. Асфальтын үнэ 21,875,000 төгрөг, укладш механизмын түрээс 3,000,000 төгрөг, нийт 24,875,000 төгрөгийг Н- ХХК-д төлсөн. Гэрээний дагуу укладш механизмыг түрээслэн авч ажиллуулсан боловч асфальтан замыг тэгш бус хийснээс болж, автозамын их засварын ажлыг одоо хүртэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээж аваагүй байна. Энэ тухай нэхэмжлэгч Н- ХХК-д мэдэгдсэн байдаг. Мөн укладш механизм нь горимын дагуу ажиллаагүйгээс болж нэг машин асфальтыг асгаж хохирол хүлээсэн. Авто замын их засварын ажлыг стандарт бус тавьснаас болж улсын комисс хүлээж аваагүй тул олох байсан орлого 41,813,959 төгрөгөө олж чадахгүй хохироод байна. Иргэний хуульд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжилсэн алдангийг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б- ХХК-аас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 28,107,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нь нийтэд илэрхий байхад алданги тооцож, нэхэмжлэгч талд 9,369,250 тегрег гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч тал төлбөр барагдуулах үүргээ биелүүлээгүй байдалд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 9,369,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Цар тахал гарсантай холбоотойгоор хариуцагч тал хэсэгчлэн төлөх, харилцан тохирох хүсэлтээ ирүүлээгүй. Харилцан тохирсныхоо үндсэн дээр алдангиа тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 20,238,500 төгрөг, алданги 10,119,250 төгрөг, нийт 30,357,750 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.а.Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н- ХХК нь 250 тонн асфальт нийлүүлэх, хариуцагч Б- ХХК нь үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлсэн болох нь талуудын тайлбар, Зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-7-р тал/.

 

3.б.Талууд гэрээг Зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч нэг тал нь тодорхой төрлийн бүтээгдэхүүн худалдах, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан ба анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

3.в.Хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Н- ХХК-д асфальтны үнэ нийт 43,613,500 төгрөг төлөхөөс 23,375,000 төгрөгийг төлж, хариуцагч нь 20,238,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.г.Мөн талууд тээврийн хэрэгсэл /укладш/ түрээслэхээр тохиролцсон боловч тус тээврийн хэрэгсэл гэмтэлтэй байсантай холбоотойгоор хариуцагч Б- ХХК-аас нэхэмжлэгч Н- ХХК-д түрээсийн төлбөрт төлсөн 1,500,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,238,500 төгрөгөөс хасаж, үлдэгдэл төлбөр 18,738,500 төгрөг, алданги 9,369,250 төгрөг, нийт 28,107,750 төгрөгийг хариуцагч Б- ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Н- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4.Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо коронавируст халдвар /ковид-19/ цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдлыг анхаараагүйгээр алданги тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

4.а.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээний 7.4-т захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. Хариуцагч Б- ХХК нь гэрээний 5.1.2-т зааснаар үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлөөгүй байх тул нэхэмжлэгч Н- ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 7.4-т зааснаар алданги шаардах эрхтэй.

 

4.б.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба алданги тооцсон хугацаа нь дээрх хугацаанд хамаарахгүй байхаас гадна хариуцагч Б- ХХК нь коронавируст халдвар /ковид-19/ цар тахалтай холбоотойгоор алданги төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын нөхцөл байдал хариуцагч Б- ХХК-ийн санхүүгийн байдалд хэрхэн яаж нөлөөлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,858 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ