| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2021/02628/И |
| Дугаар | 210/МА2023/00654 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/00654
Х- ХХК, Р.Г- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00187 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК, Р.Г- нарын хариуцагч Б- ХХК, З.Ц- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг, нийт 45,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Р.Г- нь хариуцагч З.Ц-тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүнд даацын 64 ширхэг дугуйг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь 2019 оны 06 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг баталгаажуулан биелүүлэхийн тулд нэмэлтээр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл анх 2019 онд Хашчулуун эрдэнэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Г- болон Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ц- нар том даацын 64 ширхэг дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, том даацыг дугуй нэг бүрийн үнийг 600,000-700,000 төгрөгийн хооронд байхаар тохиролцож, 64 ширхэг дугуйг өгсөн. 64 ширхэг дугуйны үнийг 38,780,000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч З.Ц- нь төлбөрөө төлөхгүй байсан тул 2020 онд дахин нэмэлт гэрээ байгуулсан. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлаваас Хашчулуун эрдэнэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дэлгэрцэцэгийн төрсөн дүү Р.Г- төлөөллийн үндсэн дээр 2019 оны гэрээ болон 2020 оны гэрээнд гарын үсэг зурж, нийлүүлсэн дугуйны төлбөрийг авах, энэ нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр батлагдана. Харин хариуцагч Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ц- нь анхны 2019 онд хийсэн гэрээний төлбөр төлөх үүргийг 2021 онд багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэлтээр бичгээр баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дугуйг хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг 2019, 2020 оны аль ч гэрээнд хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. З.Ц- иргэний хувьд ч тэр нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч 2020 оны гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8,280,000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 8.4-т Гэрээнд оруулах аливаа өөрчлөлтийг бичгээр үйлдэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасны дагуу талууд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ хийж 2019 оны гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үүнд: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дугуй хүлээлгэн өгснийг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8,280,000 төгрөг хариуцагч төлсөн болохыг, хариуцагчийн үлдэгдэл төлбөр 30,500,000 төгрөг болохыг, үлдэгдэл төлбөр 30,500,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгаагүй тохиолдолд 0,5%-ийн алданги бодохыг тус тус баталгаажуулсан. Талууд маргалдвал шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг харилцан тохиролцсон. Өнөөдрийн байдлаар иргэн З.Ц- нь Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд З.Ц- нь 2019 онд гэрээ байгуулах үед Б- ХХК-ийн ганц үүсгэн байгуулагч байсан. 2020 оны байдлаар иргэн З.Ц- нь Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өмнөх шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл 30,500,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Талууд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх нийт 100 хоногийн алданги 15,250,000 төгрөг 30,500,000 төгрөгийн нэг өдрийн алданги = 152,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцсон. Иймд Б- ХХК, иргэн З.Ц- нараас үндсэн төлбөр 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг, нийт 45,750,000 төгрөгийг гаргуулж, Х- ХХК, Р.Г- нарт олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б- ХХК нь Х- ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан дээр маргадаггүй. Талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд гэрээний 6.4-т заасны дагуу арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан. Тиймээс энэхүү маргаан нь Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш байна. Хэрэгт нэхэмжлэгч Р.Г-т олгосон итгэмжлэл байдаг. Р.Г-т 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 20/03 дугаартай төлбөр барагдуулах захирлын тушаалд төлөөлөгч Р.Г- нь Б- ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний өр болох 30,500,000 төгрөгийг барагдуулах, компанийн өмнөөс хэлцэл хийхийг зөвшөөрсөн гэж тушаасан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ өр төлбөр барагдуулах бүрэн төлөөлүүлэх эрх олгох тухай тушаалд 2019 оны гэрээний өрийг компанийн өмнөөс барагдуулах эрхийг олгосон буюу итгэмжлэлийн агуулгыг тайлбарлах юм бол компанийг төлөөлөөд хэлцэл хийгээрэй гэсэн атал нэхэмжлэгч Р.Г- нь өөрийн нэрээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2558 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Мөн иргэн Р.Г- нь З.Ц-тай байгуулсан. Компанийг төлөөлөөд хэлцэл хийгээрэй гэсэн болохоос биш иргэний хувьд иргэн З.Ц-тай хэлцэл хийх эрхийг олгоогүй, эрхээсээ давуулаад гэрээ байгуулсан. Р.Г-т шаардах эрхийг олгогдоогүй байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш юм. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл биш. 2019 оны гэрээ нь иргэний шүүхэд хэлэлцэгдэх маргаан биш. Дугуй өгсөн, авсанд маргаан байхгүй. Дугуйны төлбөрт маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Б- ХХК, З.Ц- нараас 30,500,000 /гучин сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаш чулуун-Эрдэнэ ХХК, Р.Г- нарт олгож, нэхэмжлэлээс алданги 15,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Хашчулуун-Эрдэнэ ХХК, Р.Г- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХХК, З.Ц- нараас 310,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК, Р.Г- нарт олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг үндэслэн Р.Г-, 3.Цогбаяр нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлээр худалдах, худалан авах гэрээг Х- ХХК, Б- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний зүйл болох нийлүүлсэн дугуйны үнэ, төлсөн үнийн хэмжээ, үлдэгдэл үнэ, үнийг төлөх хугацааг баталгаажуулсан нэмэлт гэрээ гэж үзэн дээрх хоёр гэрээний эрх, үүргийг салгаж дүгнэх боломжгүй юм ... гэж үзэв. Дээрх гэрээг шууд утгаар нь тайлбарлавал гэрээний зүйл нь адил утга бүхий боловч гэрээ байгуулагч талууд нь өөр өөр эрх, үүрэг бүхий этгээдүүд байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, харин 9.3 дахь хэсэгт заасны дагуу Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Дээрх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн хариуцлагыг Б- ХХК хариуцах эсхүл 3.Цогбаяр нь хариуцах эсэх дээр шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд учир 3.Цогбаяр нь өөрийн хөрөнгөөр хариуцах нь зүйтэй гэж үзэн хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь зөвхөн хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль болон дүрэмд заасан хэм хэмжээний хүрээнд зохион байгуулах, компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрх бүхий этгээдийг ойлгоно. Үүнээс үзвэл иргэн 3.Цогбаяр нь уг гэрээг байгуулах, хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахааргүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г-т эрх олгосон итгэмжлэл нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өр төлбөр барагдуулах, шаардлагатай гэрээ хэлцэлд хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах эрхтэй олгогдсон байх боловч Р.Г- нь иргэн 3.Цогбаяртай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээнд хуулийн этгээдүүдийн өр төлбөртэй холбоотой ямар ч агуулга байхгүй, гэрээний үүргийг хамааруулан тайлбарлах боломжгүй, шинэ гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иймд дээрх гэрээ нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б- ХХК болон Х- ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
4.а.Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хугацаа авах, мөн нэмэлтээр гэрээний төлбөртэй холбоотой тооцооны баримтыг гаргаж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй. Ингэхдээ шүүхээс эвлэрэх хүсэлтээ яг одоо танилцуулж, эвлэрлийн гэрээг бич гэж шаардсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төлбөр тооцоотой холбоотойгоор дахин тооцоо хийх, санхүүгийн баримтуудыг шалгах, шаардлагатай бол нэмэлтээр санхүүгийн баримт гаргаж өгөх боломжтой гэх тайлбарыг удаа дараа хэлсэн боловч хүлээн аваагүй, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах зорилгоор хүсэлт гаргаж байна, угаасаа шүүх хуралдааныг хойшлуулаад ир гэж өмгөөлөгч чинь даалгавар өгсөн үү, гэх зэргээр ёс зүйгүй аашилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хангаагүй. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, талуудад өөрийн үзэл бодлыг хэт тулгасан. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг шууд хязгаарласан тул шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч дахин хүлээн аваагүй буюу хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Х- ХХК, Р.Г- нар нь Б- ХХК, З.Ц- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг, нийт 45,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг зөв тодорхойлоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
3.а.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б- ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 64 ширхэг, нийт 38,780,000 төгрөгийн том даацын дугуй нийлүүлэх, хариуцагч Б- ХХК нь үнийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, худалдах худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 41-44-р тал/.
3.б.Улмаар нэхэмжлэгч Х- ХХК нь гэрээний үүргийг биелүүлж, 64 ширхэг дугуйг хариуцагч Б- ХХК-д нийлүүлж, хариуцагч нь дугуйны үнэ 38,780,000 төгрөгөөс 8,280,000 төгрөгийг төлж, 30,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Мөн анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.в.Хэргийн 4-6 дугаар талд нэхэмжлэгч Р.Г- /Х- ХХК-ийн ажилтан/, хариуцагч З.Ц- /Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал/ нарын байгуулсан, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээнд худалдан авагч З.Ц- нь 64 ширхэг дугуйны үнэ 38,780,000 төгрөгөөс 8,280,000 төгрөгийг төлж, үлдэх 30,500,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заажээ. /хх-ийн 4-6-р тал/
3.г.Тус гэрээний дагуу талууд бодитоор дугуй худалдаагүй, харин нэхэмжлэгч Х- ХХК, хариуцагч Б- ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Р.Г-, хариуцагч З.Ц- нарын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Х- ХХК, Б- ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа, бие даасан гэж гэрээ үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.д.Хариуцагч Б- ХХК нь худалдан авсан дугуйны үлдэгдэл төлбөр болох 30,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх боловч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэх агуулгатай тайлбар гарган, нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба нэхэмжлэгч Х- ХХК-аас худалдан авсан 64 ширхэг том даацын дугуйны үнийг төлөх үүргийг хариуцагч Б- ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн, уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
3.е.Иймд компанийн хүлээх хариуцлагыг хувьцаа эзэмшигч хүлээхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч Р.Г- нь иргэний хувиар хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Б- ХХК-аас 30,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс Р.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч З.Ц-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.Алданги 15,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
5.Түүнчлэн, хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нь давж заалдах гомдолдоо ... шүүх хуралдааны явцад хариуцагч Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах, нэхэмжлэгчтэй эвлэрэх, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.а.Хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийн хувьд хариуцагч Б- ХХК-ийг төлөөлөх эрх олгогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 7 сар гаруй хугацаанд зохигч нотлох баримт бүрдүүлэх, эвлэрэх, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах зэрэг хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутах боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч З.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... хариуцагч Б- ХХК, З.Ц- нараас 30,500,000 /гучин сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хашчулуун-Эрдэнэ ХХК, Р.Г- нарт олгож, нэхэмжлэлээс алданги 15,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг хариуцагч Б- ХХК-аас 30,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэгч Р.Г-ийн нэхэмжлэл болон хариуцагч З.Ц-т холбогдох хэсэг, алданги 15,250,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж
2 дах заалтын ... хариуцагч Б- ХХК, З.Ц- нараас ... гэснийг хариуцагч Б- ХХК-аас гэж, ... нэхэмжлэгч Хашчулуун-Эрдэнэ ХХК, З.Ц- нарт ... гэснийг, нэхэмжлэгч Х- ХХК-д гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Ц-аас төлсөн 386,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Г.ДАВААДОРЖ