Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00655

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 104/ШШ2023/00049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч Л.Э-д холбогдуулан гаргасан бэлэглэсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Л.Э-д 90,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн. Бэлэг хүлээн авагч нь тухайн хөрөнгийг арчилж тордоогүй, чанарыг муутгасан тул бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж бэлэглэсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч Л.Э-д холбогдох 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, 12190, Дамдины гудамж 40 дугаар барилга, 1 давхар тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 537,750 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх бэлгэнд хүлээн авсан эд хөрөнгөө зохих ёсоор арчлаагүй нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулахдаа агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулсан. Л.Э- нь бэлгэнд авсан өмч хөрөнгөө хэрхэн арчлан тордох нь түүний эрх боловч эд хөрөнгийг зохих ёсоор арчилж чанар үнэлгээг нь муутгахгүйгээр ашиглаж чадахгүй гэдгээ ухамсарлан ойлгож бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хүсэл зоригоо илэрхийлж байгааг анхаарч үзнэ үү. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд бэлэглэлийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн болзол тавиагүй, бэлэг хүлээн авагч Л.Э- нь бэлэглэгч Т.Г- болон түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт үйлдсэн, үйлдэхээр завдсан гэж нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй, нотлогдоогүй зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, хариуцагчийн шаардлагыг хүлээн авч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Л.Э-д холбогдуулан хариуцагч нь бэлэглэсэн хөрөнгийг засан сайжруулаагүй бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр хөрөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

3.Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Г- нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант гудамж, /12190/, Дамдины гудамж, 40 дугаар барилга, 1 дүгээр давхар, 109 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Э-гийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцож, хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ. /хх-ийн 7, 18-р тал/

 

3.а.Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.б.Хариуцагч Л.Э- нь бэлэглэлийн гэрээний зүйл болох 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан бусдаас зээл авсан талаар тайлбарласан ба тус хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаарх тусгай тэмдэглэл хийгдсэн байна. /хх-ийн 18-р тал/

 

3.в.Хэдийгээр хариуцагч Л.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч бэлэглэлийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан, тухайн эд хөрөнгө нь бусдад барьцаалагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, эсхүл талуудын эвлэрлийг батлахдаа шүүх гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд баталдаг журамтай.

 

3.г.Нэхэмжлэгч Т.Г- нь бэлэглэсэн хөрөнгийг буцаан гаргуулах үндэслэлээ хариуцагч нь хөрөнгийг засан сайжруулаагүй буюу бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тайлбарлаж байх боловч бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтойд тооцогдох тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бий болдог.

 

3.д.Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээнд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт заасан ямар нэг болзол болон зорилгын талаар тохиролцоогүй, мөн гэрээнд бэлэг хүлээн авагч нь эд хөрөнгийг засан сайжруулах агуулга тусгагдаагүй байхаас гадна энэ үндэслэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон, улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн агуулгад хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

4.а.Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 104/ШШ2023/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ