Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 45

 

                                                                Ц.Ууганбаярт холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнх-Од,

ялтан Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Т.Баярцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ууганбаярт холбогдох эрүүгийн 201625021874 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Цогтгэрэлийн Ууганбаяр, 1987 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-ын 5 дугаар гудамжны 106А тоотод оршин суух,

- 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ХН87060913/,

Ц.Ууганбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Стар центр” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, эд зүйл эвдэж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч А.Энхгэрэл рүү шидэн улмаар түүнийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ууганбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг микрофоныг устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхэд болох Ууганбаярын Ононг асран хамгаалагчаар Ц.Удаахбаярыг томилсоныг хэвээр үлдээж, цаашид хэрхэн шийдвэрлүүлэх талаар Ц.Удаахбаяр нь зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлж болохыг дурдаж, Ц.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Ууганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба хохирогч А.Энхгэрэлийг хохиролгүй болгосон. Хэргийн үйл явдлын тухайд: би хохирогч А.Энхгэрэлийг санаатай гэмтээе гэж бодоогүй. Түүнийг гарч явсны дараа хана руу пивоны шил шидсэн. Миний бие өндөр настай өвөг эцэг, эмэг эх болон 5 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Өрх толгойлсон эцэг. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Ц.Ууганбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...ялтан Ц.Ууганбаяр нь өндөр настай өвөг эцэг, эмэг эх болон 5 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Тэрээр танхайрсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй. Хохирогч А.Энхгэрэл рүү пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж шидээгүй. Тухайн үед гэрч Ц.Гансүх нь Ууганбаярын хөдөлгөөнийг хорьж, сандал дээр дарсан байхад хохирогч А.Энхгэрэл нь өрөөнөөс гарч явсан байдаг. Үүний дараа Ц.Ууганбаяр нь бухимдлаа дарахын тулд хана руу пивоны шил шидсэн байдаг. Иймд Ц.Ууганбаярын хувийн болон ар гэрийн байдал, хохирогч А.Энхгэрэлийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Ц.Ууганбаярын өмгөөлөгч Т.Баярцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөн уг гэмт хэрэг гарсан өдөр Ц.Ууганбаяр бусдад зодуулсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан байдаг. Үүнтэй холбогдуулж хохирогч А.Энхгэрэлийн дүү М.Бат-Эрдэнийг шалгасан боловч тэрээр Ц.Ууганбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр түүний үйлдэл холбогдлыг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Иймд Ц.Ууганбаярыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоон, энэ хэргийг бүрэн гүйцэт шалгаж өгөхийг хүсч байна...” гэв.

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх ялтан Ц.Ууганбаярын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Ц.Ууганбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар центр” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, эд зүйл эвдэх, бусад руу пивоны шил шидэх зэргээр танхайрч, улмаар караокены эзэн А.Энхгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч А.Энхгэрэлийн “...намайг зодсон махлаг залуу нь хүнтэй утсаар яриад орж гараад байсан. Удалгүй тэр залуугийн орсон өрөөнд хүмүүс маргалдаад хэрүүл болоод байхаар нь уг өрөөний камераас харахад нөгөө залуу өрөөнд байгаа хүмүүстэйгээ маргалдаад архины бакал 2 ширхэгийг авч шидсэн... тэднийг болиулах санаатай өрөөнд орох гээд хаалга онгойлгоход “Зайл гичий минь” гээд өөдөөс шилтэй пиво шидсэн... тэр залуу агсраад юм авч шидээд байсан... би эвдсэн зүйл байгаа эсэхийг шалгахаар өрөөнд ороход нөгөө залуу сандал дээр сууж байсан ба микрофон эвдэрсэн, утас нь тасарсан, архины стакан хагарсан байсан. Араас нэг хүн орж ирэхэд нь би түүнд “За миний дүү ийм зүйл эвдэрсэн” гээд хэлж байтал нөгөө залуу “Янхан минь” гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Би түүнээс айгаад нэг ч үг дуугараагүй. Тэгтэл араас шууд үсдэж аваад намайг зодсон. Манай дүү болон цуг байсан залуу хоёр салгасан. Би гарах гэтэл араас дахин үсдэж газарт унагаагаад намайг өшиглөж зодсон. Тэгж байтал гадаа засвар хийж байсан хүн орж ирээд салгасан. Тэгээд намайг гарахад миний араас архи юм уу нэг зүйл шидсэн. Араас коридорт гарч ирээд намайг мөн өшиглөхөд нь би сандал дээр унасан. Мөн гадаа гарахад араас дагаж гарч ирсэн. Тэгэхээр нь явуулахгүй гээд барьж автал гадаа байсан хүмүүс рүү хашгираад байсан...” /хх-27-28/,

- насанд хүрээгүй гэрч А.Энх-Амарын “...цэвэрлэгээ хийгээд байж байтал 3 тоот өрөөнөөс хүмүүс хашгираад чанга чанга яриад байсан. Тэгээд ээж Энхгэрэл хаалгаар нь шагайтал пивоны шил хажуугаар өнгөрөөд цаана байсан ханан дээр унаж хагарсан. Хаалгаа хаатал хаалган дээр дахин пивоны шил онож хагарсан. Тэгтэл манай ээж ороод микрофон, стакан зэргийг шалгаад “Нэг микрофон эвдэрсэн байна” гэж хэлтэл “Чи надаас мөнгө нэхээд байгаа юм уу” гээд ээжийг элдвээр хараагаад байсан... нөгөө ах манай ээжийг үснээс нь зулгааж унагаагаад өшиглөж зодоод байсан. Ээжийг босоод ирэхэд нь мөн сандал руу түлхэж, үсдэж унагаасан. Тэгтэл манай бааранд засвар хийж байсан Гансүх ах орж ирээд салгасан. Ээжийг өрөөнөөс гарахад нөгөө ах араас нь хөөж очоод коридорт үснээс нь татаж зодсон. Тэгээд манай ээж зугтаагаад бүр гадагшаа гараад шатаар өгстөл шанаанд нь цохисон. Тэгэхэд ээжийн амнаас цус гараад, газар суухад нь том чулуу авч цохих гээд дайраад байсан...” /хх-31-32/,

- гэрч Ц.Гансүхийн “...өрөөнд ортол караокены эзэн эмэгтэйг газар унагаачихсан нэг махлаг залуу өшиглөөд зогсож байсан. Тэгэхээр нь нөгөө залууг араас нь тэврээд автал эмэгтэй босож зугтаасан. Тэгтэл нөгөө залуу намайг тавиулаад эмэгтэйн араас хөөгөөд гараад явсан. Араас нь гартал коридорт зодоон болж байсан...” /хх-34/,

- гэрч Г.Эрхэмжаргалын “...маргаан үүсэх ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй. Гэнэт Ууганбаяр шил шидээд эхэлсэн...” /хх-37/,

- гэрч С.Алимаагийн “...Ууганбаяр утсаар яриад орж ирэхдээ ууртай ирээд шилтэй пиво авч хана руу шидээд “Та нар яв” гэсэн. Тэгээд Ууганбаярыг аваад явах гэтэл баарны эзэн эмэгтэй орж ирээд янз бүрийн юм эвдэлсэн гэж хэрүүл хийхэд Ууганбаяр тэр эмэгтэйг дараад авсан. Тэгэхээр нь би “Боль” гэхэд “Чи зүгээр байж бай” гээд намайг түлхэхээр нь би айгаад гараад явсан...” /хх-34-42/,

- ялтан Ц.Ууганбаярын шүүгдэгчээр өгсөн “...манай найз эхнэрийг маань өөр хүнтэй явж байна гэж утсаар надад хэлсэн. Би сэтгэлээр унаад, караокед орж уйлж суусан. Тэгээд би дүү нараа явж бай гэж хэлээд явуулсан. Би тэр эгч рүү пивоны шилийг  шидээгүй. Гараад явсан хойгуур нь уурандаа хана руу шидсэн. Түүнийг зодсон нь үнэн...” /хх-146/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8906 тоот “...Энхгэрэлийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язрал цус хуралт, бүсэлхий, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-46/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан караокены дотоод хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн 2 ширхэг “СиДи” бичлэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15, 24/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар  хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Анхан шатны шүүх ялтан Ц.Ууганбаярыг төлбөрийн чадваргүй ба шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж байгааг үндэслэн өмгөөлөгч томилуулан шүүн таслах ажиллагаанд оролцуулж, гүйцэтгэвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтад нийцсэн байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хохирогчийн мэдүүлэг нь эд мөрийн баримт “СиДи”-нд тусгагдсан хэргийн үйл баримттай тохирсон байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи-ний бичлэгийг судлахад, ялтан Ц.Ууганбаяр нь өөр бусад этгээдүүдийн хамтаар караокены өрөөг хөлслөн авч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа, гар утсаараа хэн нэгэнтэй ярилцаж дуусаад пивоны шилийг авч өрөөний хана, хаалга, шал руу удаа дараа шидэж хагалан, хамт сууж байгаа хүмүүстэйгээ маргаан үүсгэн, тэдэн рүү пивоны шил далайн айлгаж, улмаар эд зүйлсийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахаар орж ирсэн караокены эзэн А.Энхгэрэлийг зохих ёсны шаардлагыг тавихад нь үл ойшоон эсэргүүцэж, түүнийг үсдэж унагаах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн пивоны шилийг авч шидэн түүнд гэмтэл учруулахыг оролдсон үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийн үйлчилгээний газар бусдыг илтэд үл хүндэтгэн, бусдад айдас түгшүүртэй байдал бий болгон, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан үйлдэл мөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Мөн ялтан Ц.Ууганбаяр нь 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс ялтан Ц.Ууганбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж танхайрах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв үндэслэлтэй болсоны гадна, Ц.Ууганбаярт ял шийтгэл оногдуулахдаа, хохирогч А.Энхгэрэлийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбарыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан гэж дүгнэн, ялтны хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах...” тухай ялтан Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Д.МӨНХТУУЛ