Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 116/2018/0008/З |
Дугаар | 221/МА2019/0094 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0094
2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар221/МА2019/0094 | Улаанбаатар хот |
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга Ц.А, түүний өмгөөлөгч Д.У нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Засаг даргад тус тус холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3, 58 дугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдох, “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.М нар давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын нийгмийн болон, эрхзүйн тогтолцоо шинэчлэгдэж байсан 1990 онд тус аймгийн шинэчлэн зохион байгуулагдсан аймгийн Ардын Хурлаас нийгмийн шинэчлэл, хотын хэтийн төлөвлөлтийг харгалзан 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хэрлэн сумын төв Чойбалсан хотын хилийн цэсийг доорх байдлаар тогтоож нийт талбайг 65.200 га байхаар тогтоосон.
Тогтоолд төрийн бичиг хэргийн стандартын дагуу өмнөх Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох шийдвэрийг гаргасан тул дээрх 48 дугаар тогтоол хүчингүй болсон хууль зүйн үр дагавар үүссэн байна. Хүчингүй болсонтой холбоотойгоор төрийн болон хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Тиймээс аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол хэрэгжүүлэхгүй байгааг буруутгах үндэслэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Гэтэл Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “аймгийн төв хотуудын одоогийн хилийн цэсээр хилийн цэс нь тодорхойлогдох нутаг дэвсгэрт дараах сумдыг байгуулж төвийг дор дурдсанаар нэрлэсүгэй” гэж тогтоосон.
Уг тогтоолд одоо байгаа хилийн цэсээр Хэрлэн сумын хилийн цэсийг тогтоохоор эрх зүйн актыг баталсан ба цаг хугацааны хувьд 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тодорхойлсон хилийн цэс хүчин төгөлдөр байсан бодит нөхцөл байдалд шүүх бодитой дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэхээр байгаад давж заалдах шатны шүүх анхаарал хандуулна уу.
Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол хоорондоо шууд хамааралтайгаар хэрэгжсэн захиргааны болон эрх зүйн актууд гэдэгт анхан шатны шүүхээс бодитой дүгнэлтийг хийхгүйгээр хэт ерөнхий шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тайлбарласан бөгөөд Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бол 25 дугаар тогтоол ч мөн адил хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой болох нь дээрх тогтоолуудын батлагдсан он дараалал, актын хүчин чадлын байдлаар ч тогтоогдоно.
Хэрвээ Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсанаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол уг тогтоолын 1 дэх хэсэгт “аймгийн төв хотуудын одоогийн хилийн цэсээр хилийн цэс нь тодорхойлогдох нутаг дэвсгэрт дараах сумдыг байгуулж төвийг дор дурдсанаар нэрлэсүгэй” гэсэн заалтын “Одоогийн хилийн цэс”-ийг ямар захиргааны акт, өөр бусад эрх зүйн баримтаар тогтоосныг анхан шатны шүүхээс нотлох баримтаар хангалттай тогтоож чадаагүй байна. Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолд заасан шинээр байгуулагдсан Хэрлэн сумын тухайн үеийн хилийн цэсийг шүүхээс аль баримтыг үндэслэн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол, аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь анхан шатны шүүх үнэлж чадаагүй.
Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үед Хэрлэн сумын нутаг дэвсгэр 65200 га нийт талбайтай байсан бөгөөд Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолд Улсын Их Хурлын тогтоол үндэслэсэн байгаад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж өгөхийг хүсье.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад холбогдуулж “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг “...хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “”нэхэмжлэл” гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж захиргааны байгууллагын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаартайгаар зохицуулсан байна.
Энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиар түүнд тухайн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн маргаантай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх, Хурлын төлөөлөгч нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг эрхийн дагуу шийдвэрлэдэг тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хууль тогтоомжид нэг захиргааны байгууллага нөгөө захиргааны байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гарган маргах тохиолдолд гагцхүү тухайн асуудлаар маргах, нэхэмжлэл гаргах эрхийг өөр бусад хуулиар олгосон бол шүүх хүлээн авах зохицуулалтыг анхаараагүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин тус захиргааны байгууллагаас нэхэмжлэлд дурдсан асуудлаар холбогдох хууль, тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН