Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00670

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00670

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/00174 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 109,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй байхаар тохиролцон 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс 55,000,000 төгрөг зээлж авсан.

Мөн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлөх үүрэг хариуцагчид үүсч байна. Алданги зөвхөн үндсэн зээлээс тооцоолж гаргасан болно.

Иймд үндсэн зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 26,950,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 109,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Анх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр М--гийн данснаас 50,000,000 төгрөгийг Б-гийн данс руу шилжүүлсэн ба 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2018 оны 04 дүгээр сар хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээг гэрээний хэлбэрт оруулах саналыг Б- зөвшөөрч, хүү төлөх хугацааг сунгасан гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээнд өөрчлөлт оруулж 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Орон сууцны түрээсийн барьцаа төлбөрийг зээлээс хасахаар тохиролцоогүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь найз А- түүний нөхөр М- нараас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед буюу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийг баталгаажуулсан хэлцлийг гараар бичиж 3 сарын хугацаатайгаар, нэг сарын хүү 500,000 төгрөг байхаар тохиролцож хэлцэл хийсэн. Гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг М-, А- нарын данс руу шилжүүлсэн.

Дээрх мөнгийг зээлэхээс өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б- нь А- өмчлөлийн 3-н өрөө орон сууцыг түрээсэлсэн бөгөөд барьцаанд өгсөн 2,200,000 төгрөгийг энэхүү зээлийн төлбөрөөс хасахаар тохиролцсон. Зээлийн төлбөрт нийт 12,200,000 төгрөгийг төлсөн учир үндсэн төлбөрийн үлдэгдэл 37,800,000 төгрөг, 3 сарын хүү 1,500,000 төлөхөөр байсан.

Гэтэл А- нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өмнө хийсэн хэлцлээ албан ёсны болгож нотариатаар баталгаажуулна гээд зээлийн хэмжээг 55.000,000 төгрөг байхаар гэрээ байгуулаад өмнөх төлөлтийг энэ 55,000,000 төгрөгөөс хасна гэж хэлсэн. Ийнхүү тулгасан учир арга буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 55,000,000 төгрөийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, өмнөх хэлцлээ халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Учир нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийг халхавчилж 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөнгө өгөөгүй атлаа дахин зээлийн гэрээ байгуулсан нь хууль бус юм.

Үүнээс хойш Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А-ийн данс руу 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М--гийн данс руу 3,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А-ийн данс руу 5,000,000 төгрөгийг тус тус зээлийн төлбөр гэж төлсөн.

Өмнөх төлөлттэй нийлүүлбэл нийт 23,200,000 төгрөгийг А-, М- нарт өгсөн. 50,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл 26,800,000, 3 сарын хүү нийлээд 1,500,000 төгрөг, нийт 28,300,000 төгрөгийг төлсөн.

Иймд А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 23,200,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 28,300,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас 43,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, үлдсэн 65,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 705,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв үнэлж дүгнээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь зээлийн гэрээ байгуулсан, улмаар түүнд хоёр талын хүсэл зоригийг бүрэн илэрхийлэн нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөл байдал тодорхой байхад түүнийг бүрэн үнэлж дүгнээгүй.

Зээлийн гэрээний талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн зээлийн гэрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, нотариатаар баталгаажуулсан бөгөөд тус нэмэлт өөрчлөлтийг шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж огт маргаагүй. Гэтэл шүүх энэхүү нэмэлт өөрчлөлтийг шинээр гэрээ байгуулсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний талууд өмнө байгуулсан зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй билээ. Гэтэл шүүх талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхэд халдсанаар зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхээ алдаж байна.

Шүүх зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгох шаардлагатай байдаг. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр дүгнэлтээ хийсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг дурдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ хийгдсэн талаар хариуцагч тайлбарласан. Уг гэрээгээр 50,000,000 төгрөгийн хариуцагчийн дансанд шилжүүлснийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах гомдлын агуулга нь хоорондоо зөрсөн.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч мөнгө аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Б- нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний дагуу А-ээс 50,000,000 төгрөгийг сарын 500,000 төгрөгийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсанаас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг төлсөн,

3.2. А-, Б- нар нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид хүлээлгэн өгөөгүй.

 

4. А-, Б- нарын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.1. Талууд зээлийн хүү тооцсон гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх алдангийн гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

4.2. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 51,500,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцахаас 8,000,000 төгрөг төлсөн тул анхан шатны шүүх үлдэх 43,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо найруулгын алдаа гаргасныг зөвтгөнө.

 

5. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулсан байх боловч уг гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд үндэслэн хариуцагчаас үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар үгийн шууд утга, агуулгын үүднээс тайлбарлан авч үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний нэмэлт, өөрчлөлт гэж үзэх хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/00174 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, үлдсэн 65,950,000 төгрөгийг гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,950,000 төгрөгт холбогдох хэсгийг гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ