Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00367

 

 

 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02950 дугаар шийдвэртэй,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Н” ХХК-д холбогдох

Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 120,272,970 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Н” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр хуванцар прифольтой вакум цонхыг үйлдвэрлэн нийлүүлж суурилуулах ажил гүйцэтгэх, захиалагч нь хуваарийн дагуу барааны үнэ 189,840 ам.долларыг төлөхөөр тохиролцсон. Бид ажлаа бүрэн гүйцэтгэж Ш хорооллын А1, А2, АЗ, А4 барилгын 1-6 давхрын цонхны ажлыг гүйцэтгэсэн ч хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй. “Н” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 04/048 тоот албан бичиг ирүүлсний дагуу цонхны тохиргоог А1-А4 блокийн 120 айлд хийж гүйцэтгэн гэрээний үлдэгдэл төлбөр 24,679.20 ам.долларыг нэхэмжилсэн ч хариу ирүүлээгүй учир гэрээний үлдэх төлбөр 80,181,980 төгрөг, алданги 40,090,990 төгрөг, нийт 120,272,970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай төлбөрийн талаар дээрх хугацаанд уулзалт хийсэн баримтгүй. Гэрээний 2.11-т зааснаар үлдэх төлбөрийг ажлаа бүрэн гүйцэтгэж дууссаны дараа төлөхөөр бөгөөд ажил гүйцэтгэсэн актыг талууд үйлдсэнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан албан бичгийг үндэслэн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 39,043.65 ам.долларын үлдэгдэлтэй гэж гарсан бөгөөд 79,961,395 төгрөгийг шилжүүлж төлбөр дууссан.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “М” ХХК нь гэрээний дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас хуулга хуулах ажлыг дутуу гүйцэтгэлтэй хийж цонхны хуулгыг хуулаагүйн улмаас бэхлэгдэж салах боломжгүй болсон. Мөн хорооллын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байх тул уг ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.11-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үгүйсгэгдэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 107,830,951 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,442,019 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “М” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг даалгах тухай хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 759,314.85 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 697,104.76 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрсэн тухай Эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ. Давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцэж 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг талууд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

 2. Тус эвлэрлийн гэрээг нэг талаас “М” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, нөгөө талаас “Н” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

 

2.1. Зохигчийн эвлэрлийн нөхцөл: Эвлэрлийн гэрээний 2.1-д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 183/ШШ2022/02950 дугаартай шийдвэрээр хариуцагч “Н” ХХК-аас 108,528,056 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах нөхцөлөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүнд:

2.1.1-т “Н” ХХК нь “М” ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө захиалгын гэрээ” байгуулж, “Ш" орон сууцны цогцолбор хороололд байрлах өөрийн захиалан бариулж байгаа C3 /**/ блокын 1-р орцны 10-р давхрын 116 тоот, 54,4 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ын үнэ 3,500,000 төгрөгөөр тооцож нийт 190,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, орон сууц ашиглалтад орох хугацааг “Үл хөдлөх хөрөнгө захиалгын гэрээ”-нд заана.

2.1.2-т “Н” ХХК нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гарахад шаардлагатай бүх материал бэлэн болгосныг Захиалагчид мэдэгдэж, захиалагч мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор “Н” ХХК-ийн Г дахь ** тоот харилцан дансанд гэрээний үлдэгдэл 81,871,944 төгрөгийг шилжүүлнэ.

2.2-т Энэхүү гэрээ байгуулагдсанаар хариуцагч нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос татгалзаж шүүхэд үүссэн маргааныг дуусгавар болгоно.

3.2-т “Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно” гэж тус тус тохиролцсон байна.

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “Н” ХХК-иудын хооронд гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн тул хуульд заасны дагуу хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-тай “Үл хөдлөх хөрөнгө захиалгын гэрээ” байгуулж, “Ш" орон сууцны цогцолбор хорооллын C3 /**/ блокын 1 дүгээр орцны 10 дугаар давхрын 116 тоотод орших 54,4 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв-ын үнийг 3,500,000 төгрөгөөр тооцож нийт 190,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг “Үл хөдлөх хөрөнгө захиалгын гэрээ”-нд заах,

Хариуцагч “Н” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг бэлэн болгож нэхэмжлэгч “М” ХХК-д мэдэгдэх, нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор “Н” ХХК-ийн Г дахь ** тоот харилцан дансанд гэрээний үлдэгдэл 81,871,944 төгрөгийг шилжүүлэх, хариуцагч нь давж заалдах гомдлоос татгалзаж шүүхэд үүссэн маргаанаа дуусгавар болгохоор  тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЭНЭБИШ