Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00474

 

 

Глийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/04390 дугаар шийдвэртэй,

Глийн нэхэмжлэлтэй,

Мид холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 29,026,284 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Гл нь Мдэд захирал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ерөнхий захирлын 2021 оны Б/202 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3086 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан дэд захирл албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 54,547,423 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 114 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 15,211,636 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цалингийн асуудлыг шийдвэрлэсэн тул энэхүү хугацаанаас хойших 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,026,284 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д зааснаар МҮндэсний зөвлөл нь 2021 оны 20 дугаар тогтоолоор бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж дэд захирлын орон тоог цомхотгосон. Тухайн үед Гл нь “...мэдэгдлээ өгчих, тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдье” гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-158.1.5-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй ба хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад эхэлж гомдол гаргахаар хуульчилсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Глийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т зааснаар 90 хоногийн дотор нэхэмжлэгч гомдлоо гаргах ёстой. Дээд шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарснаас хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн байхад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 15,000,000 төгрөгийг манай данснаас татсан, манайх 3 сар хүртэлх хугацааны тэтгэмжид 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд Глийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Глийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 12 сар 3 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,026,284 төгрөгийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 91 дүгээр зүйлийн 91.1.1-д заасан хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлэх үед шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А оролцож байсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А мөн оролцсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-д заасан үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

2. Үндсэн хуульд заасан "хууль зүйн туслалцаа авах эрх”-ээ эдлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Учир нь иргэн хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг. Хууль зүйн туслалцаа авснаар нарийн бичгийн даргаас татгалзсан үндэслэлийг тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг асуудлыг хуульчаас асууж тодруулан туслалцаа авч болох байсан. Гэтэл шүүгч М.М нь "нэг дор хүсэлт гаргах ёстой байсан, хүсэлт хэлэлцэх шат дууссан" гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд огт заагаагүй "хүсэлт шийдэх шат"-ыг гарган ирж, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан.

3. Шүүх дундаж цалинтай тэнцэх олговрыг 2,390,400 төгрөгөөр тооцсон бөгөөд 2020-2021 оны цалингийн дунджаар тооцож цалин олговрыг тогтоосон явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч нь ажилдаа томилогдоогүй байгаа, М-ийн цалингийн сүлжээ 2022 онд өөрчлөгдсөн, улс орны эдийн засаг өссөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Нийслэлийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа болох хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 05 дугаар тогтоолоор "Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны дүрэм"-ийг баталсан ба хариуцагч тайлбар гаргахдаа энэ талаар хэлсэн боловч анхан шатны шүүхээс харгалзаж үзэлгүйгээр зөвхөн нэг талын тайлбараар асуудлыг шийдвэрлэсэн. Иймд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан ч хариуцагч шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийн хүрсэн. Энэ шалтгаанаар цалинтай тэнцэх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир албадан биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан ч шийдвэрийг гүйцэтгүүлж чадахгүй байна. Нэгэнт цалингийн хэмжээг хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон учраас уг шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж гаргасан.

Хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтийн хангаагүй гэх нь үндэслэлгүй. Шүүх талуудаас татгалзал, хүсэлт байгаа эсэхийг асуухад хүсэлтгүй, харин нарийн бичгийн даргаас татгалзаж байгаа хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн. Шүүхээс тухайн татгалзлын хүсэлтийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд хуралдааныг үргэлжлүүлэх гэхэд “хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно” гэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт байгаа эсэхийг асуусан. Өмгөөлөгч авах бодит хүсэл зориг байгаагүй. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлаар хуралдааныг хойшлуулах гэсэн ч уг хүсэлтийг шүүх хангаагүй, дахиад хуралдааныг хойшлуулахаар өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Иймээс шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх, хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Гл нь хариуцагч Мхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,026,284 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дүгээр магадлалаар Глийг Мдэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15,211,636 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2022/00249 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх 6-15/

3.1. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйн үр дагавар буюу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговрыг хариуцагчаас нөхөн гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд авах эсэх асуудал харилцан тохиролцох ажиллагаа хийгдэж байгаа” гэх тайлбарыг гаргаж /хх51/, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн хэргийн баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаархи үйл баримт тогтоогдоогүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа гэж үзнэ.

3.2. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацааны олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх олговорт 15,211,636 төгрөгийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гаргуулж Глд олгохоор шийдвэрлэснийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаагаар тооцож, хариуцагчаас 29,026,284 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд өмнө нь үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх олговрыг хэмжээг тогтоосон нь хуульд нийцнэ. Хариуцагчийн зүгээс шүүх дундаж цалинтай тэнцэх олговрыг 2,390,400 төгрөгөөр тооцсон нь хууль зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй, гомдол үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч талаас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А “өмнөх шүүх хуралдаанд оролцож байсан” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан нь үндэслэлтэй. Энэхүү хэрэг нь Глийн нэхэмжлэлтэй, Мхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэг биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-т “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... хувиар оролцсон” гэж үзэхгүй, шүүх хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй. /хх53/

5.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгчид 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, 11 дүгээр сарын 25-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байх тул хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариуцагч хуулийн этгээд нь эрх, үүргээ хэрэгжүүлэх, боломжтой байсан, анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгч цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар харъяалах дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах боломжгүй байсан нь Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1740 тоот албан бичигт “Үндэсний хороо нь Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан кохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг батлаагүй байгаа” гэх /хх3/ албан бичгээр тогтоогдсон нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд шууд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь зөв. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг анхаараагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагч тайлбар татгалзлаа нотлоогүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/04390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                  ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЭНЭБИШ