Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00475

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         06                                         210/МА2023/00475

 

 

 

Дтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/04479 дугаар шийдвэртэй,

Дтын нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, Х.Б нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 215,069,147 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Б’’ ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Дт, хариуцагч Х.Б, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Б ХХК болон захирал Х.Бтай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 30,712,870 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10,615,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 28,912,940 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 25,531,410 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20,295,880 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 86,261,101 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,038,060 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 48,052,810 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16,412,950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 43,038,430 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 32,067,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 140,315,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 77,043,750 төгрөг, нийт 589,297,201 төгрөгийн арматур төмрийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдсан.

Дт нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 589,297,201 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгсөн. Худалдан авагч ‘’Б’’ ХХК болон захирал Х.Б нь гэрээний үүрэгт 552,712,870 төгрөгийг төлсөн ба гэрээнд заасан хугацааны дотор төлбөр тооцоог хийгээгүйн улмаас миний бизнесийн үйл ажиллагаа доголдож өндөр хүүтэй зээл авах гэх зэргээр эдийн засгийн хувьд хохирсон.

Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 36,584,331 төгрөг, гэрээний дагуу нийт 589,297,201 төгрөгийг заасан хугацаандаа төлөөгүй тул алданги 178,484,816 төгрөг, нийт 215,069,147 төгрөгийг Б’’ ХХК болон Х.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-т заалт нь Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-т заалтыг тус тус зөрчсөн байх тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн нэхэмжлэгч Дт нь бараа борлуулсан төлбөрийн баримтыг худалдан авагчид олгоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч "Б" ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 215,069,147 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дтад олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Х.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,233,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,233,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дтад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “Б’’ ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 1. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, тооцоо нийлэх талаар хүсэлт гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шуухад хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 105 дугаар зүйлийн 105.2, 107 дугаар зүйлийн 107.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зарлагын баримтууд нь эх хувиараа биш нотариатаар баталгаажаагүй хуулбарууд байхад хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүх үнэлж, шийдвэр гаргасан.

3. Гэрч Д.Б нь “тооцоо нийлсэн акт үйлдэхгүйгээр нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тайлбарласан. Учир нь талуудын хийсэн гэрээний 3.1-д арматурыг НӨАТ ороогүй үнээр худалдахаар заасан боловч нэхэмжлэгч Дтын борлуулалтын орлогоос үзэхэд тэрээр зайлшгүй НӨАТ төлөгч байх үндэстэй бөгөөд Дтын манайд нийлүүлсэн арматурын нийт үнэ 589,297,201 төгрөгөөс НӨАТ болох 58,929,720 төгрөгийн суутгал хийгдээгүйгээс манай компанийн гүйцэтгэсэн улсын төсөвт ажлын санхүүжилтээс шууд суутгал хийгдэж, манай компани илт хохирч, Дтын өмнөөс татвар төлж, дээр нь Дтад алданги төлөх болоод байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй, татварын хууль тогтоомж зөрчсөн гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

4. Гэрч Д.Б мэдүүлэгт хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл бүхий чухал мэдээлэл байхад шүүх авч хэлэлцээгүй. Мөн гэрээний үүргийг гүйцээх явцад 2019-2021 онуудад Дэлхийн нийтийг хамарсан цар тахал гарсан, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан

5. Мөн анхан шатны шүүх алданги тооцохдоо бараа материал хүлээж авсан цаг хугацаа бүрээр тухай бүрт нь үнийг төлж алданги тооцох мэт ташаа ойлголтоор алданги гаргуулсан нь үндэслэлгүй. Бидний худалдах, худалдан авах гэрээнд ийм зохицуулалт байхгүй. Харин бид дээрх гэрээг дүгнэхдээ нэгдсэн хэлбэрээр тооцож, дүгнэхээр тохиролцсон ба талууд үргэлжилсэн гэрээ байгуулсан. Тийм ч учраас өмнөх нийлүүлэгдсэн арматурын үнэ төлөгдөөгүй байхад үргэлжлүүлэн удаа дараа арматурыг нийлүүлсээр байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: “Б” ХХК-тай гэрээ байгуулж, арматурыг хугацаандаа нийлүүлсэн. Тухайн үед арматур нийлүүлэхдээ НӨАТ үнийг хасаж нийлүүлсэн. Арматур нийлүүлэх болгондоо гэрээнд заасны дагуу алданги тооцож нийлүүлсэн. Зарлагын баримтыг нотариатаар гэрчлүүлэх боломжгүй, хуулбарлаж өгсөн. Харин зарлагын баримтын эх хувь нь одоо хүртэл байна. Анхан шатны шүүхэд зарлагын баримтын талаар талууд маргаагүй. Хэрвээ тухайн зарлагын баримтуудыг шаардлагатай гэвэл өгөх боломжтой. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж  үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “Б’’ ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Дт нь хариуцагч “Б” ХХК болон Х.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 215,069,147 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 215,069,147 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан шийдвэрлэхдээ алдангийн тооцоо хийж, хариуцагч байгууллагын гэрээний үүргийн зөрчлийг тогтоохдоо зарлагын падаан гэсэн баримтад үндэслэжээ.

3.1. Түүнээс гадна хэргийн 7-21 дүгээр талд авагдсан 15 ширхэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нотариат гэрчилсэн байх ба уг гэрээнүүдийн ар талд хуулбарлагдсан “зарлагын падаан” гэх баримтыг нотариат гэрчлээгүй байна. Иймд зарлагын падаан гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагад нийцээгүй байх шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

3.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4. Харин хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын бусад хэсгийг хүлээж авах боломжгүй. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагаврыг шаардаж байгаа эсэх эсхүл шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, түүний үр дагаврыг шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг буруутгах боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хариуцагч дахин сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

4.1. Мөн гэрч Д.Б мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байх тул зохигчдын маргааны зүйл, үйл баримтын талаархи гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/04479 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б’’ ХХК-ийн төлөөлөгчийн төлсөн 1,233,296 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЭНЭБИШ