Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2016/0034/З |
Дугаар | 00006 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
“Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, цалингийн зөрүүг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0034/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд, гуравдагч этгээд **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. Миний бие **нь 1991 оноос хойш Цагдаагийн байгууллагад жирийн цагдаагаас Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын албан тушаалд ажиллаж байгаад Орхон аймгийн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 25-нд Цагдаагийн ерөнхий газарт, албан ажлын зайлшгүй шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг баримтлан шилжүүлэн ажиллуулах 1/1279 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/41 тоот тушаалаар тус Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн үүрэгт ажилд томилогдон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗДТГ-ын даргын Б/41 тоот тушаал гарах хүртэл хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэж, идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн. Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг дагаж мөрдөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан 7.1.1. “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.2. “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах, 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.4. “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.5. “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, 7.1.8. “үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж заасан байх ба миний хувьд ашиг сонирхлын болоод авлигын зөрчил гаргалгүй үр дүнтэй ажиллаж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай, “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар намайг албан тушаал бууруулахдаа уг тушаалын 1 дэх хэсэгт Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 16 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт нь 8 заалт хэсэгтэй гэтэл 7.16 зөрчсөн гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д заасныг давхар баримталсан нь нэгд: эрх зүйн зөрчилтэй, хоёрт: Авлигатай тэмцэх газар нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тодруулалгүйгээр улс төрийн захиалгаар намайг албаны бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолд ашиглаж байсан мэтээр гүтгэлгийн шинж чанартай мэдэгдэл гаргаж хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн байхад болсон үйл явдлыг шалгаж тогтоолгүйгээр албан тушаал бууруулж, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан тухайгаа тайлбар гаргаж, холбогдох этгээдүүдээс болсон үйл явдлын талаар асууж тодруулахыг хүссэн боловч намайг буруутгах үндэслэлийг олж ядан байж дээрх албан бичгийг Орхон аймгийн Засаг даргад хаяглан илгээсэн байна. Ингэхдээ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан 1-р үндсэн зорилтын хүрээнд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг барагдуулах ажлыг зохион байгуулах үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө ийнхүү 1 жил гаран хугацаа өнгөрч үр дүнгээ “хангалттай” дүгнүүлсэний дараа ийнхүү намайг ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэсэн, албан байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Миний бие ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээний гүйцэтгэлээ хангалттай биелүүлж 2014 онд 93 хувьтай, 2015 онд 91.8 хувьтай үнэлүүлж байсан байтал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын агуулга нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээг дүгнэх үед тогтоогдсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах тухай зохицуулалт гэж миний бие ойлгодог. Гэтэл Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн албан тушаал бууруулж, ашиг сонирхолтой гэж нэр зүүлгэж ажил хэргийн нэр төрийг гутааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016-11-02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар албан тушаал бууруулах гэж заасан байх атлаа хэрхэн бууруулж, ямар албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1. “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тодотгож заасан байна. Үүнээс үзвэл ямар албан тушаалаас буурч ямар албан тушаал дээр томилогдож байгааг заах учиртай. Гэтэл дээрх Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалд энэ талаар байхгүй тул хууль зүйн үндэслэлгүй гарсан болох нь нотлогдож байна.
4. Мөн миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016-11-02-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/41 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бичгээр гаргаж буй захиргааны актын хувьд хуулийн 40.2 дахь хэсэгт заасан 40.2.1. /хаяг байхгүй/, 40.2.2. /захиргааны акт хаяглагдсан этгээдтэй байтал хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл зэргийг заах хуулийн шаардлагыг хангаагүй/, 40.2.4 /ямар өргөдөл, гомдлыг үндэслэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл байхгүй/, 40.2.5. /захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах/ дахь хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангахгүй байна.
Иймд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаар “Албан тушаал бууруулах тухай” тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч **2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие **нь тус шүүхэд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж албан тушаал бууруулсан буюу 2016.11.02-ны өдрөөс хойш 2017.02.24-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нэмж нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Соёлчхүү/-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан **ыг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийн дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.02-ний өдрийн Б/41 тоот тушаалаар Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх заалтын дагуу албан тушаалыг бууруулж Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. **т Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг танилцуулж ажлын өөрчлөлтийн талаар урьдчилан хэлж шийдвэрлэсэн. Авлигатай тэмцэх газарт “**” ХХК-ний захирал **аас ирүүлсэн ”Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга **ын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг шалгуулах” гомдол гаргасны дагуу шалгаж Хууль зүйн хэлтсийн дарга **нь иргэнээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж байна гэх үндэслэлээр 2015.08.15-ны өдөр “**” ХХК-ний захирал **аас иргэн **т өгнө хэмээн 800.000 төгрөгийг хүлээн авч хүлээн авснаас хойш 4 сарын дараа буюу 2015.12.24-ний өдөр гомдол гаргагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байна. Энэ нь улс төрийн ямар нэгэн захиалгаар хийгдээгүй болно.
Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар “иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” нь ажлын байрны тодорхойлолтод заасан гол үүрэгт хамаарч байгаа хэдий ч гомдол барагдуулах зорилгоор бэлэн мөнгө хүлээн авах, хадгалах, гомдол гаргагчид хүлээлгэн өгөх тухай заалт байхгүй. Иймд дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан албан тушаалтны үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” заалтыг зөрчсөн байна. Монгол улсын Дээд шүүхийн тайлбарт: 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заажээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан төрийн албан хаагчийн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ ухамсарлаагүй байгааг харуулж байна. **нь 2016.11.09-ны өдрийн Б/43 дугаартай ЗДТГ-ын даргын тушаалаар 2016.11.03-ны өдрөөс аймгийн Засаг даргын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн даргаар, албан тушаалын цалинг ТЗ-7 ангилал, зэрэглэлийн 5-р шатлалаар /733863/ төгрөг, тэргүүн дэс түшмэлийн зэрэг дэвийн нэмэгдлийг албан тушаалын цалингийн 20 хувиар тус тус тогтоолгон ажлын байраар хангагдан ажиллаж байна. Иймд **ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж албан тушаал бууруулсан буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасаны дагуу дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээрт: Авлигатай тэмцэх газраас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг аймгийн Засаг даргад хаяглан ирүүлсэн. Ч.Энхболд миний бие /аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоо шинэчлэн тогтоох тухай тушаал, Ч.Энхболдын ажилд томилсон тушаалыг нотлох баримтаар хавсаргав /Засаг даргаас өгсөн үүргийн дагуу АТГ-аас ирүүлсэн албан бичгийг **т 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагт ЗДТГ-ын 106 тоот өрөөнд дуудан танилцуулж илтгэх хуудас бичиж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн. **нь уг албан бичигтэй танилцаад Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичигт гомдол гаргах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд аймгийн Цагдаагийн газарт ажилд орохоор хөөцөлдөж байгаа учир хариуцлага тооцох тухай асуудлыг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ нь илтгэх хуудсаар нотлогддог бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэн “Албан тушаал бууруулах тухай” тушаал гаргасан. **нь нэхэмжлэлдээ Авлигатай тэмцэх газар нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тодруулалгүйгээр улс төрийн захиалгаар намайг албаны бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолд ашиглаж байсан мэтээр гүтгэлэгийн шинж чанартай мэдэгдэл гаргасан гэх боловч АТГ-ын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байдаг. Хэрэв **нь дээрх албан бичгийг эс зөвшөөрсөн бол Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны акт гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад...”, 93.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу АТГ-т өөрт нь гомдол гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. **нь Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймээс АТГ-аас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэн гаргасан Орхон аймгийн ЗДТГ-ын 2016.11.02-ны өдрийн Б/41 дугаар тушаал Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үүргийн дагуу хуулийн хүрээнд гаргасан.
Хоёрдугаарт: Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу **ын 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд зөрчил гаргасан болохыг мэдэх боломжгүй байсан. Учир нь иргэн ** нь **тай холбоотой асуудлаар АТГ-т гомдол гаргасан бөгөөд аймгийн ЗДТГ-т ямар нэгэн гомдол гаргаж өгөөгүй байдаг. АТГ-аас иргэн **ын гаргасан гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийж зөрчил гаргасан болохыг тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичиг ирүүлснээр зөрчил гаргасан болохыг мэдсэн. Тус албан бичгийг үндэслэн ЗДТГ-ын дарга “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан.
Монгол улсын Дээд шүүхийн тайлбарт: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан. **нь иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах нэрийдлээр 2015 оны 8 дугаар сард иргэн **аас 800.000 төгрөгийг бэлнээр авч 2015 оны 11 сард гомдол гаргасан иргэнд хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан “өргөдөл, гомдолд дурьдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсанаа мэдэгдэж, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэсэн хугацаанд багтаан хариу өгөх байсан боловч өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.
Гуравдугаарт: Аймгийн ЗДТГ-ын даргын 2016.11.02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар “Албан тушаал бууруулах” гэж заасан байх атлаа хэрхэн бууруулж ямар албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно” гэж заасан бөгөөд ямар албан тушаалд томилж байгааг тодорхой заах хуулийн шаардлага тавиагүй. Аймгийн ЗДТГ-ын даргын 2016.11.02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалд **ыг тушаал бууруулсантай холбогдуулан төрийн захиргааны албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга /Ш.Ганболд/-д үүрэг болгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй хуулийн дагуу гаргасан. Иймд **ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд ** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие **нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрийн захиргааны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцож 61.4 оноо авч тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Орхон аймгийн ЗДТГ-ын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/36 тоот тушаалаар ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан бөгөөд Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016.10.28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшиж тангараг өргөсөн. Орхон аймгийн ЗДТГ-ын даргын 2016.11.02-ны Б/41 дугаартай тушаалаар тус хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан **ыг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 дугаар албан бичиг, Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь заалтын дагуу албан тушаал бууруулах арга хэмжээ авсантай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 21.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.1, 4.3.3, 5.3 дахь заалтуудыг үндэслэн Орхон аймгийн ЗДТГ-ын даргын 2016.11.02-ны өдрийн Б/42 тоот тушаалаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016.12.12-ны өдрийн 35 дугаар тогтоолоор тус албан тушаалд нэр дэвшсэн. Орхон аймаг дахь ЗДТГ-ын даргын 2016.12.19-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар миний бие аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Миний бие Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын сул орон тоон дээр нэр дэвшиж, төрийн албаны нөөцөөс хуулийн дагуу томилогдсон. Иймд **ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №1873/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**ын албан тушаал бууруулах тухай Б/41 тоот тушаалыг Орхон аймгийн засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Ийнхүү гаргахдаа Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.16 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан **ыг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот албан бичгийн дагуу албан тушаал бууруулж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ тушаалыг үзэхээр төрийн албанаас чөлөөлж байгаа юм шиг, чөлөөлнө гэхээр тухайн хүнийг ажилгүй болгож байгаа ойлголт. Тушаал дээр чөлөөлөөд ямар албан тушаалд бууруулж шийдвэрлэсэн нь байдаггүй. Захиргааны акт зорилгодоо нийцсэн байх ёстой. Тухайн тушаал хуульд байхгүй заалт ашигласан. Авлигын эсрэг хуульд 7 дугаар зүйлийн 7.16 гэсэн заалт байдаггүй. Хариуцагч тал үүнийг нарийн бичиг бичихдээ алдсан гэж тайлбарласан. Захиргааны байгууллага хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал шийдэж, төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүмүүс ийм байдлаар төрийн албыг хашиж болохгүй. Тухайн тушаал нь албан тушаал бууруулах зорилгодоо нийцээгүй, хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот албан бичгийг үндэслэн акт гаргасан. Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Хууль зүйн хэлтсийн дарга **нарт холбоотой гомдлыг “**” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан юм байна. Үүнийг шийдвэрлэсэн талаар эдгээр хүмүүст мэдэгдсэн зүйл байхгүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гомдлыг хүлээн авснаас хойш 3 сар өнгөрсний дараа албан бичиг явуулсан байдаг. Энэ албан бичгээр 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөрчлийг өмнө нь Авлигатай тэмцэх газар хүлээж аваад харьяаллын дагуу Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн. Цагдаагийн газар болон Прокурорын газраас “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар мэдсэн мөртлөө тухайн асуудлаар дүгнэлт хийхдээ “**” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан талаар мэдэгдсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байдаг. Энэ хугацааг төрийн албан хаагчид хариуцлага ногдуулахдаа заавал барих ёстой байдаг. Тиймээс шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно. Тэгэхээр төрийн албан хаагчийн тухайд буюу **ын хувьд ажлын байрны үндсэн тодорхойлолтод “иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч зохион байгуулах” гэж заасан байна. Зохион байгуулах гэдэг нь зохион байгуулахаас гадна өөрөө гүйцэтгэж байгааг хамтад нь хамааруулж ойлгож байгаа. Тухайн 800 000 төгрөг авсан гээд байгаа ажиллагаа нь тодорхой шалтгаантай. Мөнхтөр гэдэг сэтгүүлчийн олж өгсөн мэдээллийн дагуу энэ ажиллагаа хийгдсэн. Хэрвээ ** энэ мөнгийг нууцаар аваад хэрэглэх бодол байсан бол яг мөнгө өгсөн “**” ХХК-ийн захирал, гомдол гаргаж байгаа иргэн **, сэтгүүлч М.Мөнхтөр нарыг байлцуулж мөнгө хүлээлгэж өгч байгаа байдал нь ил тод үйлдэл байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд хориглосон зүйл байдаг. **дээр хориглосон зүйл гараагүй. Авлигын эсрэг хуулийн заалтуудыг үзэхээр 7.16 гэдэг заалт байдаггүй. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байна. **800 000 төгрөгийг хүлээж аваад өөрөө хувьдаа ашигласан бол энэ заалтад хамаарах ёстой. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон зүйл **т байхгүй учраас анхнаасаа албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.” гэж заасан. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “"өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.”, 4.4-д “гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг;” гэж заасан. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй.” гэсэн заалт оруулсан байгаа. Өмнө 2015 оны 12 дугаар сард гарсан Хэнмэдэх гэдэг хүнээс гаргасан өргөдөл, мөн “**” ХХК-иас гаргаад байгаа өргөдлүүдээс харахад нийтлэг нэг зүйл байдаггүй. Тэр нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.” гэсэн шаардлагыг хангаагүй. Харин үүнийг Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагууд шалгасан байгаа. Өргөдөл, гомдол хүлээж аваад хариу өгөх хугацаа гэж байгаа. Энэ талаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэж заасан байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын шалгалт нь бүхэл бүтэн 4 сар гаран үргэлжилж байгаа. Тэгээд эцэстээ **ын албан тушаал бууруулах асуудал гарсан. Албан тушаал бууруулах асуудлыг Авлигын эсрэг хуулиар эсвэл Авлигатай тэмцэх газар бууруулахгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Соёлчхүү/-д холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаал хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй байх тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, цалингийн зөрүүг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1], шүүх хуралдааны явцад “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаал хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй байх тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгуулах” гэж тайлбарласан тул уг шаардлагын хүрээнд /бусад нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой тул тодруулах шаардлагагүй гэж үзсэн/ хэргийг шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбарт дүгнэлт хийж дараахь үндэслэлээр нэхэмжлэгч **ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Албан тушаал бууруулах тухай” Б/41 тоот тушаалаар албан тушаалаас бууруулж, чөлөөлөхдөө “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 01/7467 тоот албан бичиг, Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны актад “Албан тушаал бууруулах тухай” гэж заасан атлаа хэрхэн бууруулж, ямар албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй, миний бие ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээний гүйцэтгэлээ хангалттай биелүүлж 2014 онд 93 хувьтай, 2015 онд 91.8 хувьтай үнэлүүлж байсан байтал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын агуулга нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээг дүгнэх үед тогтоогдсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах тухай зохицуулалт тул үндэслэлгүй...”,
-Намайг “**” ХХК-ийн захирал **аас иргэн **т өгнө хэмээн 800.000 төгрөг авсан талаар гомдол гаргасныг Авлигатай тэмцэх газар шалгасан, мөн үүнээс өмнө 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/8327 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газар шилжүүлсэнийг тус газраас шалгаад Орхон аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн ба тус Прокурорын газар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/28 тоот прокурорын тогтоолоор авлига, албан тушаалын шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн...” гэж,
Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас “Авлигатай тэмцэх газарт “**” ХХК-ийн захирал **аас ”Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга **ын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг шалгуулах” гомдол гаргасны дагуу шалгаж Хууль зүйн хэлтсийн дарга **нь “иргэнээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж байна” гэх үндэслэлээр 2015.08.15-ны өдөр “**” ХХК-ийн захирал **аас иргэн **т өгнө хэмээн 800.000 төгрөгийг хүлээн авч, хүлээн авснаас хойш 4 сарын дараа буюу 2015.12.24-ний өдөр гомдол гаргагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон...,
-Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийн дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.02-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх заалтын дагуу албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн...,
-Авлигатай тэмцэх газраас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг аймгийн Засаг даргад хаяглан ирүүлсэн. Үүний дагуу Засаг даргаас өгсөн үүргийн дагуу АТГ-аас ирүүлсэн албан бичгийг **т 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагт ЗДТГ-ын 106 тоот өрөөнд дуудан танилцуулж илтгэх хуудас бичиж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн. **нь уг албан бичигтэй танилцаад Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичигт гомдол гаргах талаар хүсэлт гаргаагүй...,
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гэж заасан бөгөөд ямар албан тушаалд томилж байгааг тодорхой заах хуулийн шаардлага тавиагүй...” гэж тус тус маргажээ.
Хариуцагч байгууллагаас Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан **ыг уг албан тушаалаас нь бууруулахдаа “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 01/7467 тоот албан бичиг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.
Нэхэмжлэгч **нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “**” ХХК-ийн захирал **аас иргэн **т өгнө хэмээн ажлын байрандаа 800.000 төгрөгийг хүлээн авсан, хүлээн авснаас хойш 4 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр **т хүлээлгэн өгсөн болох нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Д.Сайнжаргалын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **аас авсан тайлбар[2], мөн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр **аас авсан тайлбар[3], Өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалтын танилцуулга[4] зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн **ыг дээрх байдалтай холбогдуулан Д.Хэнмэдэх[5] гэх иргэнээс Авлигатай тэмцэх газар шалгуулахаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасныг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар /Ө.Энхтөр/ нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/8327[6] тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Үүний дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Б.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх тогтоол”[7]-ыг Орхон аймгийн Прокурорын газарт шилжүүлсэнийг тус Прокурорын газар хүлээн авч авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байдал тогтоогдоогүй гэж үзээд 2016 оны 02 сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/28 тоот тогтоол[8]-оор эцэслэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “...**ыг албан тушаал бууруулсан нь сахилгын зөрчил тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбараас дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн шаардлагыг зөрчиж, **ыг албан тушаалаас нь бууруулж, үүрэгт ажлаас чөлөөлсөн[9] нь хууль бус юм.
Өөрөөр хэлбэл Авилгатай тэмцэх газар нь Д.Хэнмэдэх гэх иргэний гомдлыг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/8327[10] тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн.
Дээрх байдлаас дүгнэхэд **ыг “** ХХК-ийн захирал **аас **т өгнө хэмээн 800.000 төгрөг авсан үйлдэл /зөрчил/-ийг Авилгатай тэмцэх газар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн бөгөөд үүнийг сахилгын зөрчлийг мэдсэн болон илрүүлсэн хугацаа гэж үзэх боломжтой.
Нөгөөтэйгүүр **т сахилгын шийтгэл ногдуулах хугацаа /сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн/ өнгөрсөн, мөн Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/28 тоот тогтоол[11]-оор эцэслэн шийдвэрлэсэн байхад Авилгатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар **т хариуцлага тооцсон нь үндэслэлгүй, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т: “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” заасан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Соёлчхүү/-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Албан тушаал бууруулах тухай” Б/41 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн /Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах,.../ 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон ба тухайн маргаан бүхий захиргааны актад **ыг ямар албан тушаалд бууруулах болсон нь тодорхойгүй, мөн албан тушаал бууруулсан атлаа дахин төрийн албанаас чөлөөлж буй үйлдэл нь хууль бус бөгөөд дээрх хуулийн зүйл, заалтын үзэл санаа нь “Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх”-өөр бол энэ гурван зохицуулалтаас аль нэгийг сонгон хэрэглэх заалт юм.
Мөн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т: “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч **нь Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээний гүйцэтгэлээ 2015 онд 91.8[12] хувьтай үнэлүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас”-аар нотлогдож байна.
Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 тоот тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн бөгөөд **нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “Авлигатай тэмцэх газраас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг... **т 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагт ЗДТГ-ын 106 тоот өрөөнд дуудан танилцуулж илтгэх хуудас бичиж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн. **нь уг албан бичигтэй танилцаад Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичигт гомдол гаргах талаар хүсэлт гаргаагүй” гэж тайлбарласан бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг **т 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсан[13] ба Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн өдрөө “Албан тушаал бууруулах тухай” Б/41 тоот тушаалаа гаргасан байна.
Үүнээс дүгнэвэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1 “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”,. 94 дүгээр зүйлийн 94.1 “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”-д зааснаар **ыг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 тоот албан бичигт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч **ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаар “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд **ыг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар **ын цалингийн зөрүү 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговор, зөрүү /урьд авч байсан цалин 1636590 төгрөг[14], одоо авч байгаа цалин 1103702 төгрөг[15] ба зөрүү 532888 төгрөгийг 3 сар 16 хоногоор тооцон/-г гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагын нягтлан бодогчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд **ыг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан **ын цалингийн зөрүү 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговор, зөрүү /урьд авч байсан цалин 1636590 төгрөг, одоо авч байгаа цалин 1103702 төгрөг ба зөрүү 532888 төгрөгийг 3 сар 16 хоногоор тооцон/-г гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү /нягтлан бодогч/-д даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 1-4 дүгээр болон 114, 115 дугаар тал
[2] ХХ-ийн 163-164 дугаар тал
[3] ХХ-ийн 166, 167 дүгээр тал
[4] ХХ-ийн 168-171 дүгээр тал
[5] ХХ-ийн 126 дугаар тал
[6] ХХ-ийн 127 дугаар тал
[7] ХХ-ийн 150 дугаар тал
[8] ХХ-ийн 135, 136 дугаар тал
[9] ХХ-ийн 29 дүгээр тал
[10] ХХ-ийн 127 дугаар тал
[11] ХХ-ийн 150, 151 дүгээр тал
[12] ХХ-ийн 10-28 дугаар тал
[13] ХХ-ийн 89 дүгээр тал
[14] ХХ-ийн 90 дүгээр тал
[15] ХХ-ийн 91 дүгээр тал