Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00512

 

 

“С” ХХК, Ба нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/05059 дугаар шийдвэртэй,

“С” ХХК, Ба нарын нэхэмжлэлтэй,

“М” ХХК, Б.Ба нарт холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч С.Дэнсмаагийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ба нь ** төвд Эдийн засаг, төлөвлөлт, гадаад харилцааны албаны дарга албан тушаалд ажилладаг ба тус төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны орлогч даргын албан үүргийг давхар гүйцэтгэдэг. "***" сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 242/7044/ дугаарт “ш** амь тавьж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан ба **-ийн хагалгаа мэдээгүйжүүлгийн тасагт их эмчээр ажиллаж байсан Б.Багийн ярилцлагад үндэслэн бичжээ. Миний бие нийтлэлийн эх сурвалж болох Б.Баг “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл өгсөн” гэж үзэж байна. *** сонины 242 /7044/ дугаар нийтлэлд Б.Ба нь ярилцлага өгөхдөө “өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, ажил хариуцдаг Баг 5 сая төгрөгөөр торголоо гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах гэсэн арга ядсан ажил. Баг торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Ба нь ЭМЯ-ны санхүү хариуцсан н.Батбаяр гэдэг хүний эхнэр, эхнэр, нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлж "Санчир ундрах" гэдэг компаниар дамжуулж мөнгө, оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан” гэж үндэслэлгүй, илт худал мэдээллийг өгсөнтэй холбогдуулан өөрийн нэр тор, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан.

Нийтлэлд дурьдагдсан 5 сая төгрөгөөр торгуулж, торгуулиа **-өөр төлүүлсэн зүйл байхгүй ба хариуцлага хүлээгээгүй. Түүнчлэн өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажлыг хариуцдаг гэх асуудалд **-ийн ерөнхий захирлын 2020 оны А/11 тушаалаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж Ба нарийн бичгийн даргаар томилогдсон ба хуулийн хүрээнд даалгасан ажил үүргийг л гүйцэтгэсэн. Ба нь тендертэй холбоотой шийдвэрийг дангаар гаргах эрх бүхий этгээд ч биш юм. Мөн С гэдэг компанитай хамааралгүй. Иймд Б.Ба, “М” ХХК нарын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж, Багийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээллийг тараасан хэлбэр болох сонингоор дамжуулан уучлал хүсэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *** сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 242/7044 дугаарын “ш** амь тавьж байна” гэсэн гарчигтай нийтлэлд **-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ба нь "С ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ярилцлага өгч, тараажээ. Уг мэдээлэлд “...үүнээс ч илүү ноцтой нь манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй, 2018-2020 оны нийгмийн даатгалын өр замбараагаа алдсан, нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог вэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь "С" ХХК гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, "С" ХХК-ийн төлөх ёстой мөнгийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд байгаа. Ба нь ЭМЯ-ны санхүү хариуцсан Б гэдэг хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Ч нийлж "С” ХХК-аар дамжуулан мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. “С” ХХК-д Баянзүрхийн шүүх эрүүгийн хэрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн" байна.

** Төвийн олон зуун сая, тэрбум төгрөгний өр нь хувийн хэвшлийн “С” ХХК-тай холбоотой үүссэн өр төлбөр, бидний цалин хөлсийг хураан авч “С” ХХК-д төлдөг, **-ийн ажилтан Ба, ЭМЯ-ны ажилтан н.Б, хуучин дарга Ж.Ч нар нь “С” ХХК-ийн дансаар мөнгө угаадаг, ийм учраас “С” ХХК-ийн удирдлагыг шүүх гэм буруутайг нь тогтоож байна гэсэн сөрөг утгатай мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараажээ. “С” ХХК нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендерт хямд үнэ, сайн чанараар шалгарч, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу **-д шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг урьдчилгаа төлбөргүй нийлүүлдэг. Ярилцлагад дурдагдсан ** төвд ажилладаг Ба, ЭМЯ-нд ажилладаг гэх н.Б, хуучин дарга Ж.Ч нартай "С" ХХК, түүний удирдлага, ажилтнууд ямар нэгэн харилцаагүй. Иймд “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох *** сонин, эсхүл түүнтэй дүйцэхүйц сонин, хэвлэл мэдээлийн хэрэгслээр няцаахыг хариуцагч Б.Ба болон “М” ХХК-д даалгаж, хариуцагч тус бүрээс 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Багийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би их эмчээр 23 жил, **-д 21 дэх жилдээ мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт их эмчээр ажиллаж байгаа, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсон. **-ийн эмч ажилчдын цалин хөлс, илүү цаг, нэмэгдэл, төлбөрт тусламж зэргийг удирдлагын зүгээс 2020 оны 04 дүгээр сараас байнга хасах болсон. Үүнээс үүдэлтэй гарын үсэг зурсан, толгойлсон гэх шалтгаанаар эмч ажилдыг өрөөндөө дуудаж, дарамтлах, сахилгын шийтгэл ногдуулах, халах, хагалан бутаргах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гарч байна. Н.Эрдэнэхүү, түүний удирдлагын багийн цөөн албан тушаалтан нь гар доорх сувилагч, залуу эмч нараар гүтгэлэг бүхий өргөдөл бичүүлж, ёс зүйн хорооны гишүүдийг хоёр сарын турш шахаж дарамтлан хүчээр сахилгын шийтгэл ногдуулж, сошиал орчинд олон эмч ажилтныг гүтгэх зэрэг нь хэтэрсэн тул би өөрт оногдсон үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийн дагуу *** сонинд хамт олны асуудлыг үнэн зөвөөр мэдээлсэн.

Уг сонинд Багийн тухай дурдагдсан нь үнэн бөгөөд 2020 оны 3 дугаар улиралд ЭМЯ-аас **-д хийгдсэн аудитын дүгнэлтээс харж болно. Үүнийг ** төвийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Хнь бүх эмч нарын өглөөний ярианд Багийн албаны алдааг байгууллагаас төлөх болсныг мэдэгдэж байсан. Эмнэлгийн удирдлагын буруу шийдвэр, ёс зүйгүй хүмүүс олон ажилладаг, хамт олны зүгээс шаардлага тавихаар тухайн хүнийг эргээд муу үздэг зэрэг зөрчил байсан тул миний бие энэ талаар нийтэд мэдэгдэхийг хүссэн ба нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа агуулаагүй, бодит үнэнийг ярьсан. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нийлүүлсэн эмнэлгийн бүтээгдэхүүнийг чанаргүй талаар эмч, ажилтан бүр л ярьдаг, үүнийг нуухгүй. Нэхэмжлэгч Ба, н.Э зэрэг хүмүүс нь **-ийг хувьчилж аваад үгүй болгох, хар массын **-ийг Сонгинохайрхан дүүрэгт барина гэдэг ярилцлагыг аль эрт хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч “М” ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай компанийн эрхлэн гаргадаг *** сонины 2020 оны 12 дугаар сарын 24-ний дугаарт хэвлэгдсэн “ш** амь тавьж байна” гэсэн гарчигтай нийтлэл нь “С” ХХК болон Ба нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго, утга агуулаагүй. Уг нийтлэлийн гол эх сурвалж болж мэдээлэл, ярилцлага өгсөн Б.Ба нь **-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт их эмчээр 21 дэх жилдээ ажиллаж яваа мэдлэг, туршлагатай боловсон хүчин, хамт олныхоо дуу хоолой болж, эрхийг нь хамгаалж чадах хүн хэмээн итгэл хүлээсэн үйлдвэрчний зөвлөлийн дарга тэрбээр эмнэлэгтээ болж буй бусармаг явдлуудыг олон нийтэд хүргэж, хянаж шалгах үүрэгтэй холбогдох байгууллагуудын анхааралд аваачихыг хүсэж бидэнд хандсан юм.

*** сонин нь үндэсний хэмжээний чөлөөт хэвлэлийн хувьд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрх, нөгөө талаас олон нийтийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй бөгөөд Б.Багийн ярилцлагад тулгуурлаж уг нийтлэлийг бичсэн. Тус нийтлэлээр дамжуулж Ба, “С” ХХК-ийг буруутгаж, гутаасан байр суурь илэрхийлээгүй, харин **-д болж буй үйл явдлууд, түүнтэй холбоотойгоор тэр хамт олны дунд бухимдал, хардлага үүссэнийг Б.Багийн ярилцлагаар дамжуулсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан эхнэр, нөхөр хоёр Ж.Чи нийлж “С” ХХК-иар дамжуулж мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан гэсэн өгүүлбэр нь хэн нэгнийг буруутай хэмээн баталж, нотолж, гүтгэсэн зүйл агуулаагүй. Иймд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах, олон нийтийн мэдэх эрхийг хангах үүргээ биелүүлсний төлөө хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Багийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, нэхэмжлэгч “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг тус тус сэргээж, хариуцагч Б.Бад мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэгч Багийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Бад уучлалт гуйхыг даалгах болон хариуцагч “М” ХХК-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах хэсгийг, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Багаас 2,500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч “М” ХХК-нд холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Багийн төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлсөн 165,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-гаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бад 70,200 төгрөг, нэхэмжлэгч “С” ХХК-д 70,200 төгрөгийг тус тус олгосугай.

6. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг арилгуулсангүй. Шүүх хариуцагчид хуулиар хүлээлгэсэн "үүргийг" нь хүлээлгээд “гэм хорыг арилгасангүй” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаас эсрэгээр хариуцагчийг "хариуцлагаас" чөлөөлсөнд гомдолтой байна.

Хариуцагч "М" ХХК нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-д "өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" гэсэн заалт үйлчлэхгүй,  ** амь тавьж байна" гэж хэн бичсэн бэ гэдэг нь тодорхой байхад тус байгууллагад ходбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч тайлбарлахдаа "доктор. профессор хүн ярьсан учир бид итгээд шууд хэвлэн нийтэлсэн" гэсэн ба дараагийн удаа "Авлигачдад бариулсан шүүх амь тавьж байна" гэж шүүх, шүүгчийн нэрийг удаа дараа бичихэд гайхах зүйлгүй хожим гомдол гаргахад ярилцлага өгсөн этгээдийг нь "энэ хүнийг солиотой, галзуу" гэж бид мэдээгүй, гэсэн тайлбар өгвөл шүүх сонины газрыг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн "жишиг" тогтоолоо гэж бид ойлгож байна гэжээ.

7. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч “М” ХХК-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй нийтлэх эрхтэй. Тус эрхийг хэрэгжүүлэх салбар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Бид танайд ярилцлага өгье гэсэн хүний яриаг сонсож, өөрсдөө үнэлж дүгнээд итгэж болох эх сурвалж байгаа эсэхийг үнэлж, тус ярилцлагыг гаргах эсэхийг шийдвэрлэдэг. Б.Ба нь ** төвд 23 жил ажиллахдаа тасгийн дарга болон хариуцлагатай албан тушаал эрхэлж байсан, анагаах ухааны доктор, процессор цолтой, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга гэж өөрийгөө танилцуулсан учир тус байгууллагад олон ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Мөн “** төвөөр үйлчлүүлж буй олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, бусармаг үйл явдал болж байгаа тул шалгаж өгнө үү, анхаарч хандах хүмүүс байна уу, үүнийг олон нийтийн анхааралд хүргэмээр байгаа тул бидэнд тусална уу” гэсний дагуу ярилцлагыг сонинд гаргасан. Бид өөрсдийн ажил, үүргээ гүйцэтгэсэн, хууль зөрчөөгүй. Үндсэн хуульд заасан хүний үг хэлэх эрхийг эдлүүлж, ажлаа хийж гүйцэтгэсэн. Харин ийм асуудлыг бид гарахгүй буцаавал үүргээ биелүүлээгүй хэрэг болно гэжээ.

8. Нэхэмжлэгч С.д болон Б.Ба нар давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Нэхэмжлэгч “С” ХХК, Ба нар “М” ХХК, Б.Ба нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 79 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулж ажиллахаартус тус хуульчилсныг анхан шатны шүүх зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “*” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг жагсаалтаар баталжээ. /1хх108-109/

Мөн шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/106 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар Б.Бад холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг дэд жагсаалтын хавсралтаар баталж, хавсралтад нэр дурдагдсан 10 иргэний нэрсэд Д.Дашдулам гэх нэр сонгогдоогүй байна.  /1хх 136-137/

4.2 Анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Ба Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байх ба шүүх хуралдааныг жич товлон хойшлуулжээ. /1хх210-217/

4.3 Дээрх шүүх хуралдаан хойшилсон тогтоол гарсан өдрөөс хойш анхан шатны шүүх Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж, дэд жагсаалт батлан Иргэдийн төлөөлөгчийг сонгоогүй байх ба 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.Д гэх иргэн тангараг өргөж, хэргийн материалтай танилцсан, мөн өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд шүүх хуралдаан “М” ХХК-ийн эрх бүхий этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр хойшилсон байна. /2хх1-17/

4.4. Хэргийн оролцогчид, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн талаархи баримт, тайлбар байхгүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж болох эсэхийг хэргийн оролцогчдоос шүүх тухайлан асууж тодруулаагүй байна. Харин хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй Д.Дг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааны товыг хүргэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйл, 86 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

5. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагаа хийгээгүй, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, түүнчлэн сонгогдоогүй иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй иргэн Д.Дд мэдэгдэж, улмаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Учир нь Д.Д нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шалгаруулсан шүүх хуралдааны оролцогч биш байна. /1хх 136-137, 242-244, 2хх228-229/

 

6. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул зохигчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/05059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАЯСГАЛАН

 

                                               ШҮҮГЧИД                          Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЭНЭБИШ