Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 104/2022/00406/И |
Дугаар | 210/МА2023/00513 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2023/00513
Д.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 104/ШШ2023/00004 дугаар шийдвэртэй, Д.Дийн нэхэмжлэлтэй Б.Бүд холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, 21,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 61,151,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Цг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нр, түүний өмгөөлөгч Б.Эн /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномд нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь 1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б.Бүтэй 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, гэрээний 1.7 дахь заалтад ** хаягт байрлах орон сууцыг хөлслүүлсэн. Орон сууцыг хөлслөх явцад хариуцагч 45,000,000 төгрөгөөр худалдаж авахаар баталгаа бичиж өгч, 2 сарын хугацаанд 45,000,000 төгрөг төлөхөөр болсон ч төлөөгүй тул хэлцэл үргэлжлэх боломжгүй болсон. Гэвч хариуцагч орон сууцыг эзэмшсэн хэвээр байсан. Талуудын хооронд орон сууц эзэмших гэрээ амаар байгуулагдаад явсан. Өнгөрсөн хугацаанд Б.Бү тодорхой хэмжээний төлбөр өгснийг нэхэмжлэгч байх ашигласны төлбөр гэж ойлгосоор ирсэн. Гэтэл үүнийг худалдах, худалдан авах гэрээнд шилжүүлсэн мөнгө гэж тайлбарладаг ба орон сууц чөлөөлөхийг шаардахад бид тохиролцсоны дагуу орон сууцыг худалдаж авах төлбөрөө төлж байгаа, байраа суллаж өгөхгүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа, орон сууц нь өөрт нь нэн хэрэгцээнтэй байгаа учраас гэрээг дуусгавар болгож байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан 36,000,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан, хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул сууцыг түрээсэлсийн төлбөр 21,500,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Бүг ** орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү. Худалдах, худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон хэдий ч тухайн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангадаггүй. Барилгын материал, ажлын хөлс зэргийг тооцож 32,500,000 төгрөг болж байна. Үүн дээр 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч хариуцагчаас нийт 36,000,000 төгрөг авсан гэдэгт маргахгүй. Тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй байж засвар үйлчилгээ хийсэн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцанд Б.Бү нь гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед харилцан тохиролцсон 2015 оны гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нөхөн төлж, үүний дараа байрыг худалдах, худалдан авахаар болж түрээсийн гэрээг тусгая гэж тохиролцсон. Хариуцагчийн зүгээс байрыг худалдаж авъя гэж харилцан тохиролцсон байсан учраас мөнгийг хэсэгчлэн шилжүүлж, нэхэмжлэгчид нийт 36,000,000 төгрөгийг өгсөн. Байрыг авъя гэрчилгээ нь яасан бэ гэхээр барьцаанд тавьсан гэдэг асуудал илэрсэн. Зээлдэгч нь н.На байсан учраас банкны зээлд нь 9,000,000 төгрөг төлж, зээлийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг худалдахаа болилоо, эсхүл хөлслөх гэрээ хэвээрээ байгаа шүү гэх талаар огт хандаж байгаагүй. Байрыг худалдахаас татгалзаж байгаа бол үүнтэй холбоотой орон сууцыг худалдаж авахтай холбоотой төлсөн 38,920,000 төгрөг, барилгын материалын зардал 14,731,600 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 7,500,000 төгрөг, нийт 61,151,000 төгрөгийг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1., 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бүгээс **хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг албадан чөлөөлж, 21,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Доос 36,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бүд олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хоорондох мөнгөн шаардлагыг харилцан тооцож, нэхэмжлэгч Д.Доос 14,500,000 төгрөг /36,000,000 төгрөг-21,500,000 төгрөг=14,500,000 төгрөг/ гаргуулан хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Доос улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагч Б.Бүгээс тэмдэгтийн хураамж 335,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д.Д, Б.Бү нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр **тоот орон сууцыг 5 сарын хугацаатай сарын 300,000 төгрөгөөр хөлслөх нөхцөлтэйгээр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба хөлслөх явцад талууд харилцан тохиролцож 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, үүний дагуу Б.Бүгээс Д.Дид бэлэн болон бэлэн бусаар нийт 38,000,000 төгрөг өгсөн. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд мөн дахин орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Үүнээс хойш хариуцагчийн зүгээс мөн байрны мөнгө гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлж байсан ба 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш орон сууцыг үргэлжлүүлэн зөвхөн хөлслөх нөхцөлтэйгээр бичгийн болон аман гэрээ байгуулаагүй. Анхан шатны шүүх хөлслөгч тал орон сууцыг үргэлжлүүлэн ашигласан, хөлслүүлэгч тал үүнийг нь татгалзаагүй тул талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ сарын 300,000 төгрөгөөр хөлслөх нөхцлөөр тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Орон сууц худалдан авахтай холбоотойгоор байрны мөнгө гэсэн утгатай гэрээгээр тохирсон гэх 300,000 төгрөгнөөс илүү хэмжээтэйгээр мөнгө шилжүүлж, зарим үед өөрийнх нь байр худалдахтай холбоотойгоор шаардсан мөнгийг нь өгч байсан үйл баримтыг анхан шатны шүүх огт анхаараагүй. Хариуцагчаас уг орон сууцыг худалдаж авах, нэхэмжлэгч худалдах хүсэл зоригоо илэрхийлсэнтэй холбоотойгоор уг орон сууцанд 25,151,000 төгрөгийн засвар хийсэн. Орон сууцанд засвар үйлчилгээ хийснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг, орон сууцанд орж харж байсан, сайхан болсон талаар хариуцагчид хэлж байсан маргаагүй. Анхан шатны шүүх нь орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, хөлслөх гэрээг тодорхой хугацаагүй сунгагдсанд тооцно гэж дугнэсэн атлаа Б.Бүгээс орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй болсон ба шүүх хариуцагч нь бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн эсэх үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан боловч цуцлагдсан ба Д.Д нь удаа дараа хариуцагчид уг эд хөрөнгө нэн шаардлагатай талаар мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж чөлөөлөөгүй байна. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, дарагдсан тамга гарын үсгийн баталгааны тамга гэж шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан нотариатч тодорхой хэлсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хууль зүйн үндэслэлээ тайлбарласан. Худалдах, худалдан авах гэрээний баталгааны хугацаа 2 сарын хугацаанд 45,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригийг илэрхийлсэн. 2 сарын хугацаанд 45,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй учраас баталгааны хүсэл зоригийн хугацаа өнгөрснөөр дуусгавар болсон. Үүнээс хойш хөлсөөр ажиллах гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан. Хариуцагч ямар засвар хийсэн нь тодорхой баримтгүй. Түүнийг нотолсон санхүүгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, Б.Бү авсан эсэх болон түүний гарын үсэгтэй санхүүгийн баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Бүд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний төлбөрт 21,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 61,151,600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Д.Д нь Б.Бүтэй 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Д нь өөрийн өмчлөлийн **од орших 2 өрөө орон сууцыг Б.Бүд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, 5 сарын хугацаатай хөлслүүлэх, сарын хөлс 300,000 төгрөг байхаар тохиролцжээ. 3.1. Улмаар талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууцны гэрээ байгуулах тухай” хэлцэл хийж, уг хэлцлээр “Л.Н, Б.Бү нар байрны гэрээг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн гэрээгээр суух хугацааг сунгав, дээрх хугацаанд багтаж 45,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдаж авах болно” гэж тохиролцжээ. /хх109/ 3.2 Хариуцагч нь дээр дурдсан 2 сарын хугацаанд орон сууцны үнэ 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж дуусгаагүй, харин орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байсныг хөлслүүлэгч тал үүнийг татгалзаагүй нь зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний бус орон сууц хөлслөх гэрээний харилцаа үргэлжилсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул талууд орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон байсан гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. 3.3. Гэрээний дагуу Б.Бү нь орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Д 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг ашигласны хөлс 21,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бүгээс шаардах эрхтэй. Талууд гэрээг сунгасан талаар амаар болон бичгээр тохиролцоогүй байх тул 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний нөхцөлөөр гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж тооцож, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ үндэслэлээр хариуцагч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй.
4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 25,151,000 төгрөгт холбогдох хэсгийг “захиалгын хуудас болон зарлагын баримтуудын огноо засвартай, худалдагч болон худалдан авагч этгээд тодорхойгүй, гэрч С.З мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 36,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах боломжтой байна. 4.1. Хариуцагч хөлслөн амьдарч буй орон сууцаа нэхэмжлэгчээс худалдан авахаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй учир талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй байна. Орон сууцыг худалдан авахтай холбоотой мөнгөн төлбөрийн үүргээ хариуцагч биелүүлээгүй нь зохигчдын хооронд хийсэн хэлцлийн үр дагавар болох орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.Бүгийн өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх үр дагаврыг үүсгэхгүй.Нэхэмжлэгч тус хэлцлээс татгалзаж, орон сууц хөлслөх гэрээг цуцалсан учир түүний үр дагаварт мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан 36,000,000 төгрөгийг түүнд буцааж өгөх үүрэгтэй. 4.2. Хариуцагч маргаж буй орон сууцыг худалдан авах хүсэл зоригийн илэрхийллээр уг орон сууцанд 25,151,000 төгрөгийн засвар хийсэн, ийнхүү засвар хийснийг нэхэмжлэгч тухайн үед хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаархи хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар ижил төрлийн үүргийг харилцан тооцох замаар дуусгавар болгож болох зохицуулалтыг хэрэглэхдээ үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 21,500,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 36,000,000 төгрөгт тооцож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 14,500,000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн үндэслэл тодорхой бус, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийг ойлгомжгүй илэрхийлжээ. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт, хариуцагч Б.Бүгээс 21,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дид, нэхэмжлэгчээс 36,000,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор найруулгын өөрчлөлт оруулн.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 104/ШШ2023/00004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1” гэж дугаарлан “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан **од байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хариуцагч Б.Бүг албадан чөлөөлж, хариуцагч Б.Бүгээс 21,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дид, нэхэмжлэгч Д.Доос 36,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бүд тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 25,151,600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг хасч, “4” гэж дугаарласныг “2” гэж, “5” гэж дугаарласныг “3” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ
|