Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00554

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         15                                         210/МА2023/00554

 

 

Д.Бхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00057 дугаар шийдвэртэй,

Д.Бхийн нэхэмжлэлтэй

М.О, Г.Бр нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч М.Оийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, Э.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагч М.Оийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 1. Д.Бх нь М.О, Г.Бр нартай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж, гэрээ байгуулсан өдөр 4,000,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр, нотариатчийн өрөөнд хүлээлгэн өгч, мөнгийг бэлнээр хүлээлцсэн тухай гэрээнд нэмэлт заалт оруулж гарын үсэг зурсан.

Гэвч хариуцагч Г.Бр, М.О нар зээлийн гэрээний үүргээ зөрчин ямар ч төлөлт хийгээгүй зээлийн тооцооллоор, үндсэн зээл 4,000,000 төгрөг, гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 60 сарын хүү 9,600,000 төгрөг, нийт 13,600,000 төгрөг болсон ба зээлээс огт төлөөгүй. Зээлийн гэрээний 3-т “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцно гэснээр 1 хоногийн алданги 20,000 төгрөг ба үүргээ биелүүлээгүй 100 хоногийн алданги нийт 2,000,000 төгрөг болж байгаа.

Иймд хариуцагч Г.Бр, М.О нараас үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Д.Бх нь 2014 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн ба уг гэрээгээр хариуцагч М.О, Г.Бр нар 1 жилийн хугацаатай, 40,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн хүү 19,200,000 төгрөг болсны 6,400,000 төгрөг төлсөн. 12,800,000 төгрөг төлөөгүй ба Д.Бх хүүгээ больё, ядаж зээлээ өгөөч гэсний үндсэн дээр 2016 онд 39,000,000 төгрөгийг зээлд авсан. Зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 12,800,0000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг ба зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байгаа бол Д.Бх 13,800,000 төгрөг авах байсан ба уг зээлийн харилцаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг ойлгоод 4,000,000 төгрөг бэлнээр зээлж шинээр зээлийн гэрээг 2016 оны 05 сарын 12-ны өдөр байгуулж 4,000,000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Иймд уг 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон 2017, 2019 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч Г.Брын хариу тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Бхээс бэлнээр 4,000,000 төгрөг аваагүй, 18 жил хөдөлмөрлөөд авсан хашаа, байшингаа Х ХХК-ийн барьцаанд тавьж зээл аван Д.Бхийн өрийг төлж дууссан. Х ХХК-д 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад зээлээ төлж чадахгүй хашаа байшингаа банкинд алдсан. Гэтэл дахиад мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч М.О хариу тайлбар, татгалзлалын болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Бхээс 4,000,000 төгрөг огт аваагүй. Миний бие 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон 2017 оны 05 дугаар сарын 10, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан ба өмнөх зээлийн үлдэгдэл хүү байгаа гэж ойлгоод тухайн үед Д.Бх гарын үсэг зур гэсэн учир тооцоогоо нягтлалгүй зурсан. Түүнээс тухайн өдөр 4,000,000 төгрөг аваагүй. Өмнө нь Д.Бхээс авсан 30,000,000 төгрөгийн зээлийг нь хашаа, байшингаа Х” ХХК-д барьцаалж 50,000,000 төгрөгийн зээл авч бүрэн төлсөн.

Би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Бхээс 4,000,000 төгрөг огт аваагүй тул 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, нөхөж хийсэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.О, Г.Бр нарт холбогдох 15,600,000 төгрөг гаргуулах тухай Д.Бхийн нэхэмжлэлийг болон хариуцагч М.Оийн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Бхийн төлсөн 235,950 төгрөг, хариуцагч М.Оийн төлсөн 235,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судлаагүй нотлох баримтад тулгуурлан дүгнэлт өгөөгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дараах шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

1. Зээлдүүлэгч Д.Бх нь зээлдэгч М.О, Г.Бр нартай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээр 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, уг гэрээнд нэмэлт нөхцөл тусгаж мөнгийг бэлнээр хүлээлцэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн гэрээг зээлдэгч нарын хүсэлтээр 2017, 2019 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгахаар тохиролцсоныг талууд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсаныг хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.

2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нотариатч Б.Лхагвачимэг гэрчилсэн. Б.Л гэрчийн мэдүүлэгтээ "Гэрээ гэрчлүүлэх гэж 3 хүн ирсэн... Хүлээлцсэн тохиолдолд гэрээний 5 дахь заалтад заасан шиг хүлээлцсэн гэж тусгадаг..." гэсэн нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр М.О, Г.Бр нартай байгуулсан зээлийн гэрээний 5-т "нэмэлт нөхцөл: зээлийг бэлнээр хүлээлцсэн" гээд "хүлээлгэн өгсөн: Д.Бх", "хүлээн авсан: Г.Бр, М.О" гэж тусган хариуцагч нар өөрсдийн гарын үсгийг зурж баталгаажуулсныг мөнгийг хүлээн авсан тохиолдолд тусгадаг заалт гэдгийг гэрч тодорхой мэдүүлсэн.

Хэрэв хариуцагч нар нь зээлийг бэлнээр хүлээн аваагүй байсан бол гэрээний 5 дугаар зүйлд зээлийг бэлнээр хүлээлцсэн гэх агуулга бүхий заалтыг оруулахгүй байхыг нотариатаас шаардах эрхтэй, нотариатчийн хувьд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар гэрээг гэрчлэхээс татгалзах байсан. Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын дагуу бүхий л үр дагаврыг тайлбарлаж хууль, журамд заасан үүргээ биелүүлсэн байдаг.

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагч нарын гарын үсэг мөн эсэхийг хариуцагч талаас лавлахад мөн гэдэг ч "гэрээг уншиж, танилцаагүй, өмнөх гэрээтэй холбоотой гэж ойлгосон, Д.Бх гарын үсэг зур гэсэн учраас гарын үсэг зурсан" гэж тайлбарладаг. Хариуцагч нар Д.Бхийг ямар нэг шахалт дарамтад орсон гэж ойлгогдож байгаа бөгөөд хэрэв шахалт дарамтын улмаас гэрээнд гарын үсэг зурсан бол тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Хэрэв зээлийн үлдэгдэл байсан бол тухайн үед барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй. Барьцаа хөрөнгийг чөлөөлсний дараа дахин хүсэлт гаргаж зээл авч байгаа нь тодорхой харагдана.

Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийн анхааралгүй, хариуцагч нарын амаар гаргасан тайлбарт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Бх нь хариуцагч Г.Бр, М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээ, зээлийн гэрээнд 2017, 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Д.Бх нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр М.О, Г.Бр нартай байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нарт 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнө байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгаж гэрээ байгуулжээ. /хх5, 6, 40/

 

4. Нэхэмжлэгч Д.Бх нь дээрх зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн хариуцагч нараас 15,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч М.О, Н.Бр нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжилсэн зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт бодитоор олгоогүй гэх тайлбар гаргаж маргасан.

 

5. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 1-д заасан үүргээ биелүүлж хариуцагч нарт 4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, мөн гэрээний 5-д зааснаар мөнгөн хөрөнгийг хүлээлцсэн тухайгаа баримтаар нотлох үүрэгтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа шүүхийн өмнө өөрөө нотлох үүрэгтэй, шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын шүүхэд гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

6.1. Нэхэмжлэгч Д.Бхийн хувьд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, энэ талаар зээлийн гэрээний 5-д хариуцагч нараар гарын үсэг зуруулан баримтжуулсан гэх боловч энэ нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгснийг эргэлзээгүй байдлаар нотлохгүй учир нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ нотлоогүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн Д.Бх нь хариуцагч М.О, Г.Бр нарт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу зөв үнэлсэн байна. Тодруулбал,

7.1. Гэрч Б.Л нь шүүхэд “ ... гэрээ гэрчлүүлэх гэж 3 хүн ирсэн... 6 жилийн өмнөх асуудал учраас үйлдэл нэг бүрийг сайн санахгүй байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох нэг үндсэн шаардлага бол мөнгө зээлдэгчид шилжсэн байх. Үүнийг байнга асуудаг. Миний дэргэд мөнгө гаргаж ирээд тоолсныг санахгүй байна. Тоолсон тохиолдолд дэвсгэрт нэг бүрээр нь тоолж хүлээлцүүлдэг, дэргэд мөнгө хүлээлцээгүй тохиолдолд хүлээлцсэн эсэхийг тодруулж асуудаг, хүлээлцсэн гэсэн тохиолдолд гэрээний 5 дахь заалтад заасан шиг хүлээлцсэн гэж тусгадаг....” /хх201-202/ гэж мэдүүлжээ.

7.2. Гэрч нь нэхэмжлэгчээс хариуцагч нарт 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгснийг шууд гэрчлээгүй, харин нотариатчийн дэргэд мөнгө хүлээлцсэн эсхүл хүлээлцээгүй үед зээлийн гэрээг хэрхэн гэрчилж нотариатын үйлдлийг хийдэг тухай тайлбарлажээ. Иймд анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагч нарт нотариатч эрх, үүргийг нь тайлбарлан өгснөөр хариуцагч нар мөнгийг авч гэрээнд гарын үсэг зурснаар нотлогдоно гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

8. Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч Д.Бх нь хариуцагч М.О, Г.Бр нараас 15,600,000 төгрөгийг шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцсэн боловч тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, мөн нэмэлт өөрчлөлтүүдийг нөхөн үйлдсэн гэх нөхцөлөөр уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

 

                                                     ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЭНЭБИШ