Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00636

 

                                                       П.Төртулгын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01292 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 393 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : П.Төртулга

Хариуцагч : Буурал-Алтай ХХК

Үндсэн нэхэмжлэл :  90.000 ам.доллар буюу 165.513.600 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл : 369.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо:  2014.9.25-ны өдөр 14/59 тоот Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд хариуцагч компаниар бариулж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лондон хаус хотхоны 4 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг 246 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээгээр худалдан авахаар тохиролцсон орон сууц ашиглалтад орсон боловч өөр хүмүүст худалдсан байсан тул талуудын харилцан тэгш байх зарчимд тулгуурлан өөр адил хэмжээтэй байр авахаар тохиролцсон. Гэвч байр нь гэрээнд заасан хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Иймд гэрээнээсээ татгалзаж, байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 90.000 ам.доллар буюу 165.513.600 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Буурал-Алтай ХХК-ийн захирал З.Мөнхтуяа нарын хооронд 2014.9.25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лондон хаус, 4 дүгээр байрны 1 тоот, 82 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 246 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу 172 сая төгрөгийг авахаар тохиролцсон боловч П.Төртулга нь гэрээний төлбөр огт төлж байгаагүй, үүргээ биелүүлээгүй тул  байрыг  хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Орон сууц барих үйл явц захиалагчийн тодорхой хэмжээний санхүүжилтийн үр дүнд баригддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу 172.200.000 төгрөгийг авахаар тохиролцсон боловч захиалагч урьдчилгаа төлбөрөө төлөөгүй, гэрээний 2.7-д зааснаар гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа захиалагч талд орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно гэж талууд гэрээг байгуулсан. Мөн 4.5-д засал хийлгэсэн захиалагч нь төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа гүйцэтгэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа захиалагчид байрны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр заасан. П.Төртулга 246 сая төгрөгөөр орон сууцаа захиалчихаад өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Манай талаас гэрт очиж төлбөр төлөхийг сануулахад ойлгож байна, зээл хөөцөлдөж байгаа мөнгөтэй болохоороо өгнө гэдэг. Гэрээний 3.1.1-т хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасны дагуу гэрээний төлбөрт 260 сая төгрөг, алданги 123 сая төгрөг нийт 389 сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасны дагуу автомашин хүлээлгэн өгсөн, гэрээний хавсралтаар нотлогддог. Хариуцагч П.Төртулгаас төлбөрийг шаардаж байсан удаагүй. Тухайн байр нь хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01292 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1. 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Буурал-Алтай ХХК-иас 90.000 ам.доллар буюу 165.513.600 төгрөг гаргуулан П.Төртулгад олгож, 369.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Буурал-Алтай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Буурал-Алтай ХХК-иас 985.520 төгрөг гаргуулж П.Төртулгад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985.520 төгрөг, хариуцагчийн төлсөн 2.002.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 393 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж нэмж, “...225 дугаар зүйлийн 225.1...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХ 10 дахь талд авагдсан гэрээний хавсралт гэх бичиг нь бодит байдал дээр талуудын хооронд байгуулагдаагүй ба Буурал Алтай ХХК-ийн хүсэл зориг биш юм. Учир нь гэрээнд заасан төлбөр тооцоог мөнгөн хэлбэрээр хийхээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь "Буурал Алтай" ХХК-ийг автомашин авах хүсэл сонирхолгүй байсаныг нь илтгэж байна. (Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2.1-д зааснаар ... 82м2 гурван ерөө орон сууцыг 246.000.000 тегрөгийн төлбөртэйгээр бариулахаар тохиролцсон. Мэн гэрээний 2.2-т Захиалагч нь гэрээ байгуулах үед орон сууцны нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 172.200.000 төгрөгийг төлнө.) гэж харилцан тохиролцож талууд гэрээ байгуулснаас үзвэл талууд гэрээний урьдчилгаа төлбөрт автомашин өгөх болон авах талаар талууд тохиролцоогүй болох нь харагдах юм. Мөн хариуцагч Буурал-Алтай ХХК нь дээрх гэрээний хавсралтыг бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, уг автомашиныг хүлээн авсан З.Пагмасүрэн нь Буурал-Алтай ХХК-ийн гүйцэтгэх захирал биш, эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. З.Пагмасүрэнгийн нэр дээр автомашиныг шилжүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж илтэд нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг гэрээгээр захиалагч П.Төртулга нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг төлөх үүргийг Буурал Алтай ХХК-ийн өмнө хүлээсэн атлаа ...З.Пагмасүрэнд байрны урьдчилгаанд оролцуулан 80-58 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг шилжүүлэн өгсөн гэх нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн гэрч Пагмасүрэн өөрийн биеэр ирж тус шүүхэд өгсөн мэдүүлэгтэй Буурал Алтай ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш бөгөөд П.Төртулгаас 80-58 УНК улсын дугаартай Ланд ровер маркын тээврийн хэрэгслийг байрны урьдчилгаанд хүлээн авч байгаагүй гэдэгээ мэдүүлдэг. Түүнчлэн, П.Төртулга нь 80-58 УНК улсын дугаартай маркын автомашины хууль ёсны өмчлөгч биш бөгөөд уг тээврийг хэрэгслийг эзэмшиж байгаагүй ба мөн түүнчлэн уг тээврийг хэрэгслийг З.Пагмасүрэн болон Буурал Алтай ХХК-ний нэр дээр шилжүүлэн өгч байгаагүй болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирсэн тодорхойлолт болон лавлагаагаар нотлогддог ба Автотээврийн үндэсний төвөөс ирсэн өмнөх өмчлөгчидийн жагсаалтаас үзэхэд уг тээврийн хэргэслийн хууль ёсны өмчлөгч нь З.Амартүвшин бөгөөд 80-58 УНК улсын дугаартай уг тээврийн хэрэгслийг З.Амартүвшин нь З.Пагмасүрэнд шилжүүлэн өгсөн болох тогтоогдож байна. Хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд З.Амартүвшин нь уг тээврийн хэргэслийн захиран зарцуулах, эзэмших, бусдад шилжүүлэх эрхийг П.Төртулгад олгоогүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Төртулга шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах” 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14/59 дугаар гэрээний дагуу төлсөн 90.000 ам.доллар буюу 165.513.600 төгрөгийг Буурал-Алтай ХХК-иас  гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган,  нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу төлөх 246.000.000 төгрөг, алданги 123.000.000 төгрөг, нийт 369.000.000 төгрөгийг П.Төртулгаас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан Иргэний хуулийн зүйл заалтыг өөрчилж, бусад заалтыг нь хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулан,  “Буурал-Алтай” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лондон хаус 4 дүгээр байрны, 1 тоот 3 өрөө орон сууцыг 246.000.000 төгрөгөөр захиалгаар барихаар тохирсон, энэ талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ.   

Гэрээний хавсралт 1-с үзвэл, нэхэмжлэгч гэрээнд заасан үнийн дүнд оролцуулан 80-58 УНК улсын дугаартай Ланд ровер маркийн тээврийн хэрэгслийг 90.000 ам.долларт тооцон өгсөн, машиныг хариуцагчийг З.Пагмасүрэн төлөөлөн хүлээн  авсан,  гэрээ цуцлах тохиолдолд машины төлбөрийг гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцож төлбөрийг буцаах талаар гэрээнд заасан тул нэхэмжлэлийг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.   

Ланд ровер маркийн 80-58 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээний урьдчилгаа төлбөрийн 70 хувь буюу 172.200.000 төгрөгт тооцсон, автомашиныг  З.Пагмасүрэнгийн нэр дээр шилжүүлсэн талаар “Буурал-Алтай” ХХК-ийн захирал З.Мөнхтуяа тайлбартаа дурдсан, гэрч З.Пагмасүрэн нар мэдүүлсэн тул нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт 90.000 ам.доллар төлсөн гэж шүүх үзсэн нь зөв болжээ. 

П.Төртулгын нэхэмжлэл хангагдсанаар хариуцагч “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах” 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14/59 дугаар гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгчээс шаардах, улмаар төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд  магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 393 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 985.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ