Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 393

 

П.Төртулгын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01292 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Төртулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Буурал-Алтай” ХХК-д холбогдох     

Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 90 000 ам.доллар буюу 165 513 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Дээрх гэрээний дагуу төлөх төлбөр 369 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч П.Төртулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Төртулга болон "Буурал-Алтай" ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14/59 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Гэрээнд "Буурал-Алтай" ХХК-ийн бариулж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лондон хаус хотхоны 4 дүгээр байрны 1 тоот, 82 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 246 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээгээр худалдан авахаар тохиролцсон орон сууц ашиглалтад орсон боловч өөр хүмүүст худалдсан байсан тул талуудын харилцан тэгш байх зарчимд тулгуурлан өөр адил хэмжээтэй байр авахаар тохиролцсон боловч уг байр нь гэрээнд заасан хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хүн амьдрах боломжгүй байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч "Буурал-Алтай" ХХК удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас худалдан авагч тал гэрээнээсээ татгалзаж, төлбөрт өгсөн 90 000 ам.доллар буюу 165 513 600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Төртулга болон "Буурал-Алтай" ХХК-ийн захирал З.Мөнхтуяа нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах, худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лондон хаус, 4 дүгээр байрны 1 тоот, 82 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 246 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу 172 000 000 төгрөгийг авахаар гэрээгээр тохиролцсон боловч захиалагч урьдчилгаа төлбөрөө төлөөгүй. Мөн гэрээний 2.7-д “гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа, захиалагч талд орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх бөгөөд, орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно” гэж талууд тохирч гэрээ байгуулсан. Захиалагч талаас төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд орон сууц хүлээлгэн өгөхгүй гэдгийг талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. П.Төртулга нь гэрээний төлбөр огт төлж байгаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул тухайн байрыг захиалагч талд хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Орон сууц барих үйл явц захиалагчийн тодорхой хэмжээний санхүүжилтийн үр дүнд баригддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудад орон сууц ашиглалтад орсны дараа төлбөр тооцоогоо өгөхөөр тохиролцсон зүйл байдаггүй. Харин гэрээнд төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсны дараа захиалагчид байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас П.Төртулгад байрыг хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ...Гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр буюу 172 200 000 төгрөгийг авахаар тохиролцсон боловч захиалагч урьдчилгаа төлбөрөө төлөөгүй, гэрээний 2.7-д зааснаар “гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа захиалагч талд орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно” гэж талууд гэрээг байгуулсан. Мөн гэрээний 4.5-д зааснаар засал хийлгэсэн захиалагч нь төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа гүйцэтгэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа захиалагчид байрны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр заасан. П.Төртулга нь гэрээний 3.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг төлөх үүрэгтэй боловч П.Төртулга 246 000 000 төгрөгөөр орон сууцаа захиалчихаад өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. “Буурал-Алтай” ХХК-ийн захирал З.Мөнхтуяа нь П.Төртулгын гэрт очиж төлбөр төлөхийг сануулахад ойлгож байна, зээл хөөцөлдөж байгаа мөнгөтэй болохоороо өгнө гэх мэт зүйл хэлж хуурсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлдээ утсаа ч авахаа байсан тул шүүхэд хариуцагчаар татагдсан. Гэрээний 2.7-д төлбөр тооцоо дууссаны дараа орон сууцыг хүлээлгэж өгнө гэж гэрээ байгуулсан, гэрээний 3.1.1-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасанчлан П.Төртулгаас үндсэн гэрээний төлбөрт 260 000 000 төгрөг, алданги 123 000 000 төгрөг нийт 389 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн иттэмжпэгдсэн төлөөлөгч Д.Онон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасны дагуу П.Төртулга урьдчилгаа төлбөрт 90 000 ам.доллар буюу 165 513 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөн нь гэрээний хавсралтаар нотлогддог. Хариуцагчийн төлөөлөгч П.Төртулгыг төлбөрөө төлөхийг шаардаж, гэрт нь очиж уулзсан тохиолдол огт байддаггүй, мөн утсаа авахгүй байсан гэдгийг нотлох баримт хэргийн материалд байхгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр гүтгэж байна үзэж байна. Харин нэхэмжлэгч П.Төртулга нь өөрөө байр хэзээ ашиглалтад орох эсэх талаар баригдаж байгаа барилга дээр очиж, шаардлагаа тавьсаар байсан. Тухайн гэрээний зүйл болох байр нь гэрээнд заагдсан хугацаандаа ашиглалтад ороогүй гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагч компани нь өөрөө эхлээд гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан учир гүйцэтгэгч компаниас урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрөө нэхэмжилж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1. 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Буурал-Алтай" ХХК-иас 90 000 ам.доллар буюу 165 513 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Төртулгад олгож, хариуцагч "Буурал-Алтай" ХХК-ийн 369 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Буурал-Алтай" ХХК-иас 985 520 төгрөг гаргуулж П.Төртулгад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985 520 төгрөг, харуцагчийн төлсөн 2 002 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Буурал-Алтай" ХХК нь П.Төртулгатай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №14/59 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах” гэрээг байгуулагдсан. Гэрээний 2.7-д гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа захиалагч талд орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгох талаар заасан бөгөөд төлбөр тооцоо төлөгдөөгүй тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиалагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх нь гүйцэтгэгч захиалсан барилгын үйл ажиллагааг явуулах үндсэн нөхцөл юм. Гэтэл бодит байдал дээр иргэн П.Төртулгын зүгээс нэг ч төгрөгийг "Буурал-Алтай" ХХК-д төлөөгүй байхад анхан шатны шүүх асар их хэмжээний мөнгө өгсөн мэтээр дүгнэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиалсан орон сууц 2012 оноос хойш баригдаж байгаа гэх бөгөөд гэрээний 2.8-д гүйцэтгэгч тал захиалагчид орон сууцны түлхүүрийг 2014 оны 12 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба энэ тухай акт үйлдэнэ, мөн гэрээний 4.1-ийг удирдлага болгосон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7, 4.3-т заасан заалтыг харгалзан үзээгүй. Талууд төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа байраа хүлээлгэж өгөхөөр тохиролцож, уг гэрээг байгуулсан учраас төлбөр тооцоо дуусаагүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байр хүлээлгэж өгөх боломжгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний хавсралт 1-т заасан үнийн дүнд оролцуулан 80-58 УНК улсын дугаартай Landrover авто машиныг 90 000 ам.долларт тооцож орон сууцны төлбөрт оролцуулан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Буурал-Алтай" ХХК-ийг төлөөлүүлэн Золжаргал овогтой Пагмасүрэнд шилжүүлж өгсөн, мөн 1.2-т гэрээ цуцлах тохиолдолд машины төлбөрийг гэрээ байгуулсан үеийн буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Монголбанкны долларын ханшаар тооцож төлбөрийг эргүүлэн олгохоор тохирсон байна хэмээн бичсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж хуульчилсан. "Буурал-Алтай" ХХК-ийн хувьд гэрээний хавсралт гэх бичгийг үйлдээгүй бөгөөд энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хавсралт гэх бичиг хэзээ, ямар үндэслэлээр хийсэн зэрэг нь тодорхой бус байх бөгөөд гарын үсэг хэн зурсан нь тодорхойгүй хавсралт 1 гэх бичгийг талууд тохиролцсон хэмээн дүгнэж "Буурал-Алтай" ХХК-ийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 80-58 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь П.Төртулгын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш болох нь Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолтоор тогтоогдсон. Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байх бөгөөд байрны урьдчилгаанд 80-58 УНК улсын дугаартай автомашиныг хүлээн аваагүй гэдгээ мэдүүлсэн. Уг хавсралт гэх баримт "Буурал-Алтай" ХХК-ийн хүсэл зориг биш бөгөөд П.Төртулга нь "Буурал-Алтай" ХХК-д гэрээ цуцлах талаар санал гаргаагүй, үндсэн гэрээг цуцалсан талаар гэрээний талууд болон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргаагүй. Тухайлбал хэрэгт авагдсан гэрч н.Эрдэнэ-Очирын мэдүүлэг, П.Төртулгын 80-58 УНК тээврийн хэрэгсэлийн эзэмшигч биш болохьг нотолсон Автотээвэрийн үндэсний төвийн тодорхойлолтоор П.Төртулга нь уг машиныг захиран зарцуулах эрхгүй этгээд гэдэг нь тогтоогдсоор байхад П.Төртулгыг байрны урьдчилгаанд уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн байна хэмээн дүгнэж "Буурал-Алтай" ХХК-ийг хохироож байгааг зөвшөөрөхгүй.

П.Төртулга, “Буурал-Алтай” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд П.Төртулгаас гэрээнд заасан мөнгөн төлбөрийг "Буурал-Алтай" ХХК-д төлөх үүргийг хүлээсэн. П.Төртулгын зүгээс З.Пагмасүрэнд шилжүүлэн өгсөн гэх тээврийн хэрэгслийг "Буурал-Алтай" ХХК-д төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд З.Пагмасүрэн нь "Буурал-Алтай ХХК-д хамааралгүй ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй 80-58 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг байрны урьдчилгаанд аваагүй” гэж мэдүүлсэн байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гэрч З.Пагмасүрэнгийн мэдүүлгээр “80-58 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг байрын урьдчилгаанд хүлээн авсан байна” гэх бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулан бичиж "Буурал-Алтай" ХХК-ийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Төртулга нь хариуцагч “Буурал-Алтай” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 90 000 ам.доллар буюу 165 513 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу төлөх төлбөр 369 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №14/59 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Лондон хаус 4 дүгээр байрны 1-1 тоот, 82 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 246 000 000 төгрөгийн өртөгтэйгээр захиалан бариулж, гэрээний хавсралт 1-т зааснаар “... 80-58 УНК улсын дугаартай,  Landrover маркийн автомашиныг 90 000 ам.доллараар тооцон, гэрээний үнийн дүн буюу орон сууцны төлбөрт оролцуулахаар тохиролцсон талаар талууд маргаагүй /хх-6-10/.

Ажил гүйцэтгэгч нь үндсэн засалгүй орон сууц захиалсан захиалагчид орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө урьдчилсан байдлаар хүлээлгэж өгөхдөө акт үйлдэж баталгаажуулах, захиалагч нь орон сууцыг хүлээн авахаас өмнө гэрээний 2.1-т заасан төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь дээрх гэрээний хавсралтыг бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, уг автомашиныг хүлээн авсан З.Пагмасүрэн нь “Буурал-Алтай” ХХК-ийн гүйцэтгэх захирал биш, эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. З.Пагмасүрэнгийн нэр дээр автомашиныг шилжүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Гэрээний “Хавсралт-1”-т зааснаар /хх-10/ 80-58 УНК улсын дугаартай Landrover автомашиныг 90 000 ам.доллараар бодож орон сууцны төлбөрт оролцуулан, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Буурал-Алтай” ХХК-ийг төлөөлүүлэн З.Пагмасүрэнд шилжүүлэн өгөх, гэрээ цуцлах тохиолдолд машины төлбөрийг гэрээ байгуулсан үеийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцож, төлбөрийг эргүүлэн олгохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу  нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар уг орон сууц ашиглалтанд орсон үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээнээс татгалзсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж нэмж, “...225 дугаар зүйлийн 225.1...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985 800 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО  

                                                                ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА