Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 618

 

О.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, О.Н-гийн өмгөөлөгч Д.Нямдорж, хохирогч Б.Б-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр магадлалтай, О.Н-д холбогдох хэргийг хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын хамтран гаргасан гомдол болон Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, статистикч мэргэжилтэй, “**” ХХК-ийн захирал ажилтай, ***, ял шийтгэлгүй, Ж овогт О-н Н-.

О.Н- нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Б-той хамтран амьдарч байх хугацаандаа Б.Б-ын өмчлөлийн “****” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “****” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141,151,750 төгрөгийг өөрийн өмчлөлийн “**” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны хохирогч Б.Б- болон түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгч нотлох баримтад үндэслэхээсээ илүү өмгөөлөгч Д.Нямдоржийн тайлбарт хэт хөтлөгдөж мэргэжлийн алдаа гаргасан, шинжээч болон аудитын дүгнэлтүүдийн тоон үзүүлэлтүүдийн утгыг ойлгоогүй, шүүгч хэргийг бүрэн гүйцэд уншиж танилцаагүй, зөвхөн цагаатгах талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүхийн шинжээчийн тухайн хуулийн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж магадлалыг эс зөвшөөрч байна.

Давж заалдах шатны шүүх О.Н-г “...гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны гарсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.” гэжээ.

Шүүхийн магадлалд “**” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул” гэсэн нь дараах байдлаар няцаагдаж байна.Үүнд:

Шинжээчийн 222 тоот дүгнэлтийн хариулт 6.15-д “****” ХХК-ийн Замын-Үүд дэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын баримтаар 2011 оны 9 сард гарсан 141151,7 төгрөгийн зээл нь эргэн төлөгдөхдөө 2012 оны 01 сараас 06 сарын 30-ны хооронд “**” ХХК-ийн баримтанд эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр болж орсон байна. гэж нотлогдсон ба “Од бүртгэл Аудит”-ын дүгнэлтийн хавсралт 4 дүгээр хүснэгтэд тодорхойлсон хавтаст хэрэгт авагдсан байгааг шүүгч анзаарч үзээгүй байна.

Мөн магадлалд “Шинжээчийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 22 дугаар дүгнэлт нь мөн орон тооны бус мэргэжлийн комисс хэлэлцэн баталж гаргаж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцэхгүй гарсан гэж үзэхээр байна.” гэжээ.

Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа шинжээч нарын дүгнэлтүүдийг өмгөөлөгч О.Нямдоржийн нотолгоогүй тайлбарт хэт хөтлөгдөж илт буруу тайлбарлаж мэргэжлийн алдаа гаргасан байна.

Мөн магадлалд “Хавтаст хэргийн материалаас үзэхэд “****” ХХК-иас барьцаалан зээлдүүлэх салбарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан. “****” ХХК-ийн мөнгөн хөрөнгө “**” ХХК-ийн мөнгөн хөрөнгөнд шилжсэн эсэхийг нь нотлох баримт хавтаст хэрэгт цуглаагүй буюу мөрдөн шалгах ажилагааны явцад энэ талаар нотолж чадаагүй байна.” гэжээ. Мөн өмгөөлөгч Д.Нямдорж “****” ХХК 100 сая төгрөгийн ашиг олдог байсан гэсэн баримт барьцаалан зээлдүүлэх газрын эх үүсвэр 20 сая төгрөгийн баримт ч хэрэгт байхгүй” гэжээ.

Гэтэл нотлох баримтуудаас харахад “****” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, эргэлтийн хөрөнгийн хэмжээ, орлого ашиг, санхүүгийн байдлын түүх, мөрөө үлдээжээ.

Гэтэл өмгөөлөгч Д.Нямдорж, О.Н-гийн талд өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь нотлох баримт болгох үндэслэлгүй худал зүйл бөгөөд О.Н- нь “****” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс эдгээр хүмүүст барьцаагүйгээр их хэмжээний зээл олгож, энэхүү олгосон зээлээ буцааж авахдаа зээлж авч байгаа мэт мэдүүлэг өгүүлсэн нь зохиомол байдлыг бий болгосон бөгөөд бүгд О.Н-тай төрсөн ах, дүү болон ямар нэг хувийн ашиг сонирхлын холбоотой хүмүүс байхаас гадна хэргийн талаар болон “****” ХХК-ийн үйл ажиллагааг мэдэхгүй хүмүүс юм.

О.Н- нь “**” ХХК-ийг 2011 оны 08 сарын 12-нд байгуулсан боловч, тусгай тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Үүнээс харахад халхавч төдий компани байгуулж “****” ХХК-ийн зөвшөөрлөөр эргэлтийн хөрөнгийг 2 компанийн дунд зэрэгцүүлэн ашиглаж ойлгомжгүй болгож “** ХХК”-ийн нэрээр зээл гаргаж байх үедээ ах Халтар, дүү Эрхэмбаяр, эгч Оюунгэрэл, эгч Цэрэндулам, зээлийн мэргэжилтэн Ариун-Эрдэнэ, зээлийн мэргэжилтэн Оюунцэцэг нарын дансыг болон О.Н- өөрийн нэр дээр 9 данс ашиглаж байсан ба эдгээр дансыг нууж зөвхөн дугаарт холбуулсан 1 дансны хуулгыг үзүүлж хууран мэхэлж байсан ба “хотод хүүхдүүдээ хараад байж бай, мөнгө сайн өсч байгаа, удахгүй байр машин авна” гэх мэтээр төөрөгдүүлэх замаар итгэл эвдэн залилангийн гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. О.Н-гийн энэхүү бусдын дансдыг ашиглан залилангийн гэмт хэрэг хийсэн байгааг давхар анхаарч үзээгүй байна.

Мөн өмгөөлөгч Д.Нямдорж, О.Билгүүн нар “****” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа 2008 онд зээлийн анхан шатны баримтууд олдоогүй. Б.Б-оос мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн 7 ширхэг дэвтэр дээрх бичилтүүд нь барьцаалан зээлдүүлэх газрын мөнгөн хөрөнгийн эх үүсвэр гэдгийг тогтоох боломжгүй байна” гэжээ.

Гэтэл шинжээч үүнийг мөрдөн байцаалтын түвшинд тогтоох боломжтой байна гэж үзсэний дагуу эдгээр 7 ширхэг дэвтэр дээрх бичилтүүдийг тодруулах зорилгоор мөрдөн байцаагч холбогдох материалуудыг харьцуулан судалж “****” ХХК-ийн мобиком, юнителийн гэрээт борлуулагч хийж байсны орлого, халуун ус, зочид буудал, баар, сэлбэгийн дэлгүүр, кино, кассет борлуулалтын орлого, үсчингийн түрээсийн орлого, худаг, гараж, гагнуурын ажлын орлого, барьцаалан зээлүүлэх үйлчилгээний болохыг тогтоож хэрэгт авсан байдаг ба эдгээр орлогыг үндэслэн Төрийн банкны зээлийн судалгаа хийлгэсэн баримт, /З хх 1-26/ О.Н- нь өөрийн гараар орлогын түүвэр гаргаж гарын үсэг зурж банкинд гаргаж өгсөн баримт, О.Н- нь Төрийн банкнаас 55 сая төгрөгийн зээл гаргуулсан, тухайн үед ажиллаж байсан ажилчдын мөнгө тушааж байсан орлогын дэвтэр, касс Батцэцэгээс орлого тушааж байсан жагсаалт /2хх 244-248/ 2008 оны 5 сарын 08-наас эхэлж зээл гаргаж байсныг нотлох өдөр бүр хөтөлсөн журнал, /5хх 20/. 2009 онд зээл гаргаж байсныг нотлох өдөр бүр хөтөлж байсан журнал /6хх 244-250/ зэргээр давхар давхар нотлогдож байна.

2010 оны 9 дүгээр сараас О.Н-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг бурэн хариуцуулж итгэл хүлээлгэсний улмаас О.Н- нь зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө, орлого, бичиг баримт, тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан банкийг залилан зээл гаргуулж авсан, өөрийн залилан мэхэлсэн үйлдлийг нуух зорилгоор компанийн бичиг баримтыг шатаан устгасан, компанийн нэрийг ашигласан, хэргийг булзааруулан нуун дарагдуулахын тулд түрээс төлдөг, ах дүүгээс мөнгө зээлсэн гэж өөрийн компанийн эргэлтийг хөрөнгийг нотлохыг оролдож зохиомол байдал бий болгож бичиг баримт хуурамчаар үйлдсэн, гэрчүүдийн ашиг сонирхлын байдлыг ашиглан өөрийн талд ашигтай байдлаар ятгаж хуурамч мэдүүлэг өгүүлсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байхад О.Н-гийн өмгөөлөгч Д.Нямдоржийн гэм буруугүй гэж үзсэнээр, шүүгч гэм буруугүй гэж цагаатгасан нь хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй шийдвэрлэж, хууль буруу ашигласан нь харагдаж байна.

Өмгөөлөгч О.Нямдоржоос Б.Б- миний бие өмгөөлүүлэхээр энэ хэрэгтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авч хэргийн тухай тодорхой тайлбар өгч байсан боловч өмгөөллийн хөлс хэт өндөр байсан тул өмгөөлөгчөөр авч чадаагүй болно.

Анх залилан мэхлүүлсэн талаар цагдаад хандсан байтал уг хэргийг татварын хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг болгон мушгин гуйвуулж өөрчлөх байдлаар өмгөөлөгч Д.Нямдорж нь байгаа нотлох баримтыг байхгүй мэт тайлбарлаж, нотлох баримтгүй асуудлыг гол зүйл болгон жүжигчилсэн тоглолт хийж хүн гүтгэн доромжилж шүүгчдэд нөлөөлсөн нь хэргийг эсрэг талд шийдвэрлэхэд гол хүчин зүйл болсон юм.

Өмнөх 2 шатны шүүхээс гаргасан шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.8 энэ хуулийг ноцтой зөрчсөн, 39.1.10 илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож О.Н-г цагаатгасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул дээд шатны шүүх анхааран үзэж нотлох баримтуудад тулгуурлан 260438.8 мянган төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсье.

Учир нь Б.Б- миний бие энэхүү хөрөнгө мөнгийг бий болгоход 18 жилийн турш хөдөлмөрлөсөн хөдөлмөр, энэ хугацаанд тусалж дэмжиж байсан ах дүү нар, нутаг орны хүмүүс болон миний үр хүүхдүүд давхар хохирч компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, ар гэрийн байдал хүндэрч хүүхдүүдтэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр олон жил хөөцөлдөн шүүх шударгаар шийдэж өгнө гэж найдсаар өнөөдрийг хүрлээ” гэжээ.

Мөн шүүхэд прокурор Э.Билгүүн бичсэн эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны магадлалыг эсэргүүцэж байна.Үүнд:

О.Н- нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Б-той хамтран амьдарч байх хугацаандаа Б.Б-ын өмчлөлийн “****” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “****” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141.151.750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “**” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс О.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Н-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг бурууг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Нямдорж хэлсэн саналдаа “О.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хяналтын журмаар гаргасан гомдол болон эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийг дурдаагүй.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардана. Хэрэгт яригдаж буй хохирлыг хэмжээг “****” ХХК-ийн өмч болохыг тогтоосон баримт байхгүй учир хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

 Хяналтын журмаар гаргасан гомдол болон эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийг тусгаагүй нь мөн зүйлийн 6.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Хэрэгт авагдсан ихэнх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байдаг. Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг 7 жил шалгасан бөгөөд прокурор удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын газраас сэргээсэн. “****” ХХК-ийн нэр дээр барьцаат зээлийн үйлчилгээний баримтыг хэвлэж зээл олгох үйл ажиллагааг О.Н- хариуцан ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн тус компанийн зээлийн үлдэгдэл 144,151,750 төгрөгийн баримт нь “**” ХХК-д байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон үндэслэлээр эсэргүүцэл бичигдсэн бөгөөд прокурор гэм бурууг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн гэж ойлгож байна.

Хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичигдсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Б- болон түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын хамтран гаргасан гомдол, хяналтын прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос О.Н-г 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Б-той хамтран амьдарч байх хугацаандаа Б.Б-ын өмчлөлийн “****” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “****” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141,151,750 төгрөгийг өөрийн өмчлөлийн “**” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол уруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд О.Н-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй талаар зөв дүгнэж, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь зарчмуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн нэг дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Мөрдөгч, прокурор хэргийн бодит үнэнг тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүхэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог.

Анхан шатны шүүхээс О.Н-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр болсон үйл явдлын талаар бодитой дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, гэр бүлийн харилцаа, хамтын амьдралтай байсан эдгээр хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн шинжтэй маргааны талаар мөрдөн шалгах ажиллагааг удаан хугацаагаар явуулж, хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч О.Н-гийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй болохыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд О.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт, тэдгээрт заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, Б.Б- болон түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын “...гэмт хэрэг үйлдсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсоор байтал шүүх үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн тул шударгаар шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол, прокурор Э.Билгүүний бичсэн “...О.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Б.Б-, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын хамтран гаргасан гомдол болон Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүний бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН                          

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН