Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч Б.Батболд,

хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, Д.Тунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******ямдорж, О.Билгүүн,

гэрч Б.Батцэцэг, Ч.Чилхаасүрэн, Д.Гэрэлтуяа, Э.Ариун-эрдэнэ, Б.Должинсүрэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн *******-д холбогдох эрүүгийн 201319000800 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч статистикч мэргэжилтэй, “Их мөнх наран” ХХК-ийн захирал, Улаанбаатар хот, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 3 дугаар байр 121 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овгийн О Н /Регистрийн дугаар: гэв.

 

Хэргийн товч агуулга:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “Бат-Андгай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141151750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “Их мөнх наран” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2004 онд Батболдтой танилцсан. 2004 онд найз нөхөд байж байгаад 2005 оноос дотносон. Тухайн үед Батболд тусархаг сайн хүн байсан. Тухайн үед Батболдын эхнэр өөд болоод 3 хүүхдийн төлөө явдаг сайн аав байсан. 2005 онд хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед би сайн хүн гэж бодож байсан тул өөрөө шийд гаргаж чадахгүй ах эгч 2-оосоо зөвлөгөө авсан. Тэгээд их сайн залуу, ажил олдоно, амьдрал олдохгүй гэснээр 2005 оны 10 сараас хамтарч амьдрахаар болсон. Би Начин зааны дотоодын менежер хийдэг байсан. Тэгээд Заамар гэдэг газар амьдрахаар болсон. Анхнаасаа нягтлан гэж ажиллахаар очоогүй энэ хүнд итгээд амьдралын хань гэж бодоод очсон. Тэр үед Батболд 3 хүүхэдтэй сэлбэгийн дэлгүүр ажиллуулаад амьдардаг байсан. Түүний охидууд болох Баярцэцэг 3 настай, Должиндулам 10 настай, том хүү 12 настай байсан. Тэгээд би очоод сэлбэгийн дэлгүүрт зогсож, ээж хүн юу хийдэг бүгдийг хийж эхэлсэн. 2007 онд хавар бид 2 төв рүү газар аваад худалдааны төв барьна гэж шийдсэн. Тэгээд мөнгөгүй байсан учраас сэлбэгийн дэлгүүрийн бараагаа Алтанхуяг гэх хүнээс зээлээр аваад зардаг байсан. Гэрч Чилхаасүрэнгээс 30 сая төгрөг зээлээд үйлчилгээний төв барих зөвшөөрөл аваад барилгын ажил эхлүүлсэн. Батболд барилгаа хийдэг. Би дэлгүүртээ зогсдог байсан. 2007 оны намар 2 давхар үйлчилгээний төв барьж дуусаад ажиллуусан. Сэлбэгийн дэлгүүр, халуун усны газар зэрэг ажиллуулсан. 12 сараас эхлээд буудал, караоке зэрэг ашиглалтанд орсон. Тухайн үед мөнгө боломжгүй байсан учраас цувуулж ашиглалтанд оруулсан. Орлогоо бол Чилхаасүрэнд өрөндөө өгөөд төлөөд дуусч байсан. 2007 оны сүүл 2008 оны эхээр өрөө дарж дуусгаад ажил жигдэрсэн. Үйлчилгээний төв ашиглалтанд орсноос хойш энэ хүний зан өөрчлөгдсөн. 3 хүүхдийн хойд ээж болно гэдэг хэцүү юм байна лээ. Хүүхэд хүлээн зөвшөөрөхгүй байснаас болж маргалдах тохиолдол гарсан. Гэхдээ шалтгаангүйгээр хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэнэ гэж бодож үзээгүй. Би хүний ганц охин. Өмнө нь би амьдралдаа зодуулж үзээгүй. Би 10 жил онц сурсан. Миний эцэг эх худлаа хэлж, хулгай хий гэж хүмүүжүүлээгүй. 2008 оны 04 сард би хэвтэрт ортлоо хэрцгийгээр зодуулсан. Би найз нөхөддөө хэлсэн. Тэгээд ээж аавдаа хэлж чадаагүй. Цагдаад гомдол гаргаж 14 хоног баривчлагдсан. Би эндээс явахдаа 2 дээд сургууль төгссөн. Тэгээд би өдөржин дэлгүүрт зогсоод, орой хоол хийгээд, хувцасыг нь угаагаад унтдаг. Би энийг бол 2 биенийхээ амьдралын төлөө, 4 хүүхдийн төлөө үйлчилгээний төвийн цэвэрлэгч, зөөгч бармен хийж байсан. Би тийм ажил хийж байгаагүй. Тэгээд би энэ хүний гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж чадаагүй. Энэ хүн төрсөн охиноо хүртэл зодсон. Цагдаа дээр очтол энэ хүний зан танигдсан. Тэгээд Нг гэртээ битгий оруул гээд явсан байсан. Би 3 жил хамтдаа амьдраад цалин мөнгө аваагүй. Тэгээд би хувцасаа аваад хот руу буцаад явж байсан. Тэгээд би ахындаа ирээд ажил хайж эхэлсэн. Тэр хугацаанд Батболд гарч ирсэн. Уучлал гуйгаад одоо сайхан амьдарна гэсэн. Тэгээд би уг нь эсрэг байр суурьтай байсан. Чи намайг алж мэдэх хүн байна гэж хэлж байсан. Тэгэхэд би чамайг хэзээ ч зодохгүй, очоод чи дуртай юмаа хий, цэвэрлэгч үйлчлэгч хийлгэхгүй гэж хэлээд гуйгаад Халтар ахынд хоносон. Тухайн хугацаанд би хүүхдүүдэд нь дассан байсан. Би өөрийн шийдвэртээ үнэнч байсан. Тэгээд би ломбард ажиллуулна гээд Халтар ахаас сая төгрөг аваад 2008 оны 5 сар ямарч зөвшөөрөлгүй ломбард ажиллуулж эхэлсэн. Энэ үеэс хойш эдний үйл ажиллагаанд оролцоогүй. Тэгээд би тэр ажиллагаагаа өөрийн ахаасаа хөрөнгө мөнгө гаргаад очсон. Миний нэр дээр шар үхэр байдаг байсан тэрийг зараад 1.600.000  төгрөг, Халтар ахаас 1 сая төгрөг аваад ажиллуулж эхэлсэн. Тооцооны хуудас гээд зөвшөөрөлгүй учраас өөрөө зээлийн гэрээ үйлдээд хийж байсан. 2009 онд Төв аймгийн мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл ав гэж шаардсан. Тэгээд тэр үед бид 2 гэр бүлийн харилцаатай байсан. Би хүнсээ авдаг, Батболд бусдыг зохицуулдаг ч манайхаас идэш ирдэг байсан. Тэгээд 2010 онд компаний нэр дээр зээлийн баримт гаргасан. Энэ хүний нягтлангаар огт ажиллаж байгаагүй. Тэгж ч очоогүй. Заамарт би нэг ч хүн танихгүй. Би эдний  газрыг үүсгэн байгуулах гэж очоогүй. Начинзаанд ажиллаж байхдаа дотоод үйл ажиллагаа явуулах ажиллагааг мэддэг байсан тул өөрийн ломбардын үйл ажиллагааг хөтөлдөг байсан. Тэгээд би гар бичмэлээ Түвшинбат байцаагчид гаргаж өгч байсан. Тэр алга болсон байна. 2011 оноос хойш хөтөлсөн дэвтэр одоог хүртэл надад байна. Ломдардын үйл ажиллагааг бол Батхүү гээд даргаас Бат-Андгай гэсэн нэртэй зээлийн баримт хэвлүүлээд ашигладаг байсан. Тэгээд би тэдний тамга тэмдэгийг ашигладаггүй. Компанийн тайланд ордоггүй. Батболдоос би хөрөнгө оруулалт огт авч байгаагүй. Зээл гарах мөнгө дутагдаж байсан. Тухайн үед би хамаатан садан болон Эрхэмбаяраас мөнгө зээлээд, үхэр малыг нь нядлуулаад, ноолуурын мөнгө зэргийг зээлээд явж байсан. Ломбард ажиллуулаад орлого олоод эхэлсэн чинь миний ажил их сайжирсан. Батболд тэр үед миний компанийг ашиглаж байна, цагдаа дагуулж ирээд тухайн компанийг шалгуулна гэдэг байсан. Амралтын өдрүүдээр зээлд гаргах гээд мөнгө дутахаар зээлье гэхээр хэдэн төгрөгийн хүү өгөх юм, чи миний компаний нэрийг барьж өгсөн болохор хүү төл гэдэг. 2012 оноос намайг алга болсон гэдэг. Би алга болоогүй, салсан. 2011 оны намар Должиндулам бид 2 муудаад маажилцсан байсан. Тэгээд гэнэт энэ 2 нэг өдөр алга болсон чинь шүүх эмнэлгээр ороод Сүхбаатар дүүргийн цагдаа дээр хэрэг үүсгүүлж би байцаагдсан. Тэр үед надад маш хэцүү санагдаж байсан. Тэгээд би Батболдын хувьд хамт амьдарч болохгүй юм байна гэж үзээд өмссөн хувцастайгаа гараад явсан. 2011 оноос 2013 он хүртэл намайг мөрдөж мөшгөөд 2012 онд гэрт төрсөн өдрөөр минь ирээд хүртэл явж байсан. Тэгээд их удаан гуйсан. 2013 онд гэнэт ингээд залилаад аваад явсан гэж шүүхэд өгсөн байсан. Тухайн үед би хэрэг үйлдээгүй учраас нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ миний  алдаа байсан. Тухайн үед 4 хүүхдийнхээ төлөө амьдарч явсан сайхан үе байсан. Тэгээд дээрээс нь 310 сая төгрөг надаас гаргуулахаар иргэний хэрэг үүсгүүлээд өргөдөл гаргасан байгаа. Үүнээс болж манай автомашины зээл дангаар гаргадаг 1 дүгээр хорооллын салбар хаагдсан. Тэгээд манай зүгээс энэ хэргийг дуусгуулахаар шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад зогсож байна. Эрхэм шүүгч та хэргийн үнэн мөнийг олж зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2005 онд танилцаад 2006 онд хамтран амьдрагч байсан. Энэ үед аав, ээж дээр нь очсон зүйл байгаа. 2006 оны 3-4 сарын дараа барилгаа барьсан. 150.000 сая төгрөгний төсөвтэй байсан. Тэгээд надад 120.000.000 төгрөг байсан. Н энэ мөнгийг ломбарданд гаргана гэсэн. Тэгээд би барилгаа бариад түүнээс гарсан мөнгөөр ломбард ажиллуулна гэсэн. 2008 онд улсын барилга хүлээж авах комисс очиж шалгаад тэгээд үйлчилгээ явуулсан. Тэрнээс өмнө Дэлгэр мөрөн гэдэг нэрээр үйл ажиллагаа явуулсан. 2009 оноос ломбардны зөвшөөрөл аваад ажиллуулсан. Тэрнээс биш бол нэрийг ашиглаад тэр эрхийг авна гэсэн зүйл байхгүй. Тэрэнд чинь тусгай шаардлага хангасан байх ёстой. 2009 онд хүнсний дэлгүүр, ломбард ажиллуулж байсан. Тэгээд мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагын дагуу ломбардаа ажиллуулсан. Нягтлан бодогчоор ажиллаагүй гэсэн. Анх компанид Н хувь нэмэр оруулаагүй. Анх бол 10-аад ажилтантай байсан. Би тэр үед өртэй байгаагүй. Манай гэр бүлийн хүн 2004 оны 06 сарын 19-нд бурхан болсон. Тэгэхээр тэр хүн энэ үед манайд очих боломжгүй байна. Энэ хүн худлаа ярьж байна. Манай зөвшөөрөл 2009, 2010, 2011 онуудад байгаа. Тэгэхэд Нд нэрээ ашиглуулсан зүйл байхгүй. Бат-Андгай үйл ажиллагаа явуулж байсан. Н тайлан хийж байсан. Мягмарсүрэн тайлан гаргаж өгөх сургалт явуулсан тэр материал нь надад байна. 2010 онд компанидаа бүтцийн өөрчлөлт хийсэн. 2010 оны 05 сар хүртэл олсон орлогоо зээл болгож өгсөн. Тэгээд хот руу явах гэж байгаа учраас зээлэнд эргэлдээд байна гээд санхүүжилт хийхгүй гээд манай дүү 2010 оны 5 сараас 9 сар хүртэл мөнгөө цуглуулж авсан. 32 сая төгрөг болсон. 9 сард байр авах гэсэн чинь ломбарднаас гарах гэж мөнгө орж ирэхгүй байсан. Тэгээд Замын-Үүдэд ломбард байгуулсан. Тэр өдөр 7.800.000 төгрөг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. 2011 оны 8 сард Н манай компаний бичиг баримтыг ашиглаж Төрийн банкинд зээл тавиад алга болсон. Тэр хүүхэд зодсон асуудал байна. Би тийм муухай хандсан зүйл байхгүй. Тэр асуудлаас болж эгч дүү нар дээр нь очсон. Уг нь би болиулсан чинь манай хүүхэд очоод цагдаад өгсөн байсан. Тэгээд үүнийг би өөрөө гуйж байж асуудлыг шийдсэн. 2013 оны эхээр зугтаад байхаар нь би хайсан нь үнэн. Банкны зээлийн хувьд манай компани болон миний нэрийг ашиглан зээл аваад алга болсон. Тэгэхэд ломбарданд 138 сая төгрөг эргэлдэж байсан. Заамарт 150 орчим сая төгрөг эргэлдэж байсан. Энэ талаар өдөр тутам явагдаж байсан баримт надад байгаа. Нягтлангийн ажлыг Н хийдэг байсан. Манайх орлогогүй өртэй байсан гэж яриад байна. Манайх сардаа 40 сая төгрөг, бага орлоготой сардаа 36 сая төгрөг олдог байсан. Тэгсэн хэрнээ Н энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй гэж хэллээ. Нгийн хувьд ах дүү нараас нь мөнгө орсон зүйл байхгүй. Тухайн үещд өөрт нь данс ч байхгүй байсан. Амьдарч байсны хувьд өөрөө мөнгө төгрөг авч яваад зугтаасан зүйл хийгээгүй бол сайхан амьдраад байх байсан. Нэр ашигласанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бол тэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Гэрч Ч.Чилхаасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Батболдыг 2000 оноос Нг 2006 оны намраас таньдаг болсон. Манайх эдний хажууд дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгээд эдний дүү Батка гээд хүүхэд байсан. Тэгээд эднийх миний машиныг гуйж хэрэглэдэг байсан бөгөөд тэр машин дотор ууттай зүйл байсан. Тэгээд энэ юу юм гэтэл шинэ бэр ирсэн тэгээд хувцас нь гэж надад хэлсэн. Би тэрийг хэлсэн. Айхтар овойж оцойсон хөрөнгөтэй зүйл байхгүй болоод манайд очсон байх. Манай тэнд амьдрал хэцүү. Анх хэзээ танилцсаныг нь мэдэхгүй. Хүүхдүүд нь жаахан байсан. Тэр үед хүүхдүүд нь байхгүй байсан. Би тэр өдөр л анх удаа Нг харсан. Энэ нэг байшин барьсан. Тэгээд тэндээс нүүгээд явсан  2007 онд. Намар болоод 13 сая бил үү 15 сая төгрөг авсан. Тэгээд удаагүй 10 сая төгрөг өгөөд 5 саяыг нь өгсөн. Батболд өгсөн.  Удаагүй 7 хоноод өгсөн. 5 саяыг намар өгсөн. Батболдтой сүүлийн 1 жил уулзаагүй байна. Сүүлд тааралдахад орох оронгүй болсон гээд түрээсийн юм хайгаад явж байхад нь би тааралдаж танилдаа хэлээд хямдхан байр олж өгсөн. Гэтэл түрээс өгнө гээд тэгээд өгөөгүй гээд гаргасан байсан. Анх намайг очиход дэлгүүр бүх юм нь ажилладаг их сайн амьдардаг хүн байсан. Тэр газраас очоод Батболдыг асуухад хүн болгон хэлнэ. Тэгээд тэр хөрөнгө мөнгө яасан бэ, яагаад ингэж амьдарч байна вэ гэж би асууж байсан. Өчигдөр, уржигдар над руу энэ хуралтай гээд ярьсан байсан. Байцаагч асуухдаа хэлсэн. Анхнаасаа нийлээд энэ 2 ажилласан. Энэ залуу одоо юу юу ч үгүй болсон. Заавал шүүхээр ороод яах вэ энэ залууд 3 хүүхдийг нь бодоод тус болж болдоггүй юм уу гэж би бодож байна. Анх Дэлгэрмөрөн гэдэг нэртэй байсан. Анх сэлбэг, авто угаалга байсан. Бат-Андгайг 2007 онд байгуулсан байх. Доод талд нь Нансаа тэнд нэг юм хийж байсан. Манайх банк бус гээд байсан байхаа. Батболд бол тэр хавьдаа сэлбэгийн дэлгүүр хамгийн анх нээсэн хүн” гэв.

Гэрч Д.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2006 онд Заамарт бизнес хийж байсан. Тэгээд найзуудаараа дамжуулан энэ 2-той танилцаж байсан. Тэгээд найзууд болсон. Бид нар жижиг газар хамт амьдардаг болохоор мэднэ. Нутаг усандаа бол нэртэй хүмүүс байсан. Н бол өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон. Бид нарын найзуудыг Н холбосон. Батболд ах Нд гар хүрсэн байдаг. Тэр талаар сонсоод Дэлгэрмаа гээд найз бид 2 очиход толгойноос нь доошоо тэлээгээр зодсон байсан. Тэгээд чи адилхан зодолдоход яадаг юм бэ гэхэд айж байна гэж байсан. Гар хүрсэн, үр хөндүүлсэн сураг байсан. Тэгээд тэр байдлыг би нүдээрээ харсан зүйл  байна. 2007-2008 оноос тэр 3 давхарыг барьсан. Тэрний дараахан 2-уулаа хамтраад хамаг маркетингаа Н хийдэг байсан. Зодуулсаны дараа Н хот руу явсан. Тэгээд Батболд ах араас нь очоод авчирсан. Тэгээд хүнсний дэлгүүртээ Н зогсоод, тэгээд ломбард ажиллуулж байгаа гэж байсан. Надаас их мөнгө авдаг байсан. Найзуудаас хүртэл авдаг. Дансаар ч авдаг. Бэлнээр ч авдаг байсан. Богино хугацаатай авдаг байсан. Далай бол манай нөхөр байсан. Тэгээд ч Цогоо тийм машингүй байсан. Манай тогоочийн хашаанд амьдрах газаргүй гээд амьдарч байсан” гэв.

Гэрч Б.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Батболдын дүү. Н манай бэр. Би 2009 онд Заамарт ирсэн. Он сараа андуурсан байх. 2009 онд халуун усанд ирээд Пүрэвсүрэнд орлогоо өгдөг байсан. 2019 оны 05 сард орлого дутлаа гээд сэлбэгэн дээр намайг тавьсан. Пүүжээ эгч орлогоо Н эгчид өгдөг байсан. 5 сараас мөнгө төгрөг орж ирэхээ байлаа гээд намайг орлогоо ав гээд 9 сар хүртэл хурааж байгаад тэр мөнгөөр ломбард нээлээ гэсэн. 30 гаран сая төгрөг цуглуулж өгсөн. Бүрэн дунд боловсролтой, баримлын засалч мэргэжилтэй. Буудал, халуун ус, баар, дугуй завсар, өөрөө сэлбэгийн дэлгүүртэй байсан. Анх тухайн үедээ буруу санасан. 2009 онд ирээд халуун усан дээр суусан. 2009 оны 5 сард ирээд тэгээд халуун усан дээр ирээд, дараа нь сэлбэгэн дээр зогссон. Энэ 2 2-уулаа ирээд сэлбэгийн дэлгүүрийн сефнээс авсан.  Өөрөө мөнгө хийгээд ир гээд явуулдаг байсан. Барааныхаа мөнгийг өгдөг байсан. Дэлгүүрийн мөнгө байсан. Орлого өгсөн баримтаа цуглуулдаг байсан. Одоо байхгүй болсон. Баримтаа өөрт нь өгдөг байсан. Н нягтлан хийдэг байсан. Намайг ирэхэд байсан. Пүүжээ эгч авдаг байсан. Бэлнээр өгдөг байсан. Болдоо ах өөрөө ажиллуулдаг байсан. Н суугаад би заримдаа сунгалт хийгээд байдаг байсан. Гэнэтхэн Их мөнх наран болсон гээд ирсэн. Тухайн үедээ буруу санаагүй ойлгоогүй буруу мэдүүлэг өгсөн байж магадгүй. 2014 онд буруу мэдүүлэг өгсөн байж магадгүй. Бат-Андгай ХХК Батболд өөрөө ломбардаа ажиллуулж байсан. Машин тэрэг авдаг байсан. Сунгалт хийгээд сууж бай гээд ийш тийшээ явахдаа тэгж хэлээд суулгадаг байсан. Батболд ажиллуулж байсан. 2009 оноос байх. 2009 онд сэлбэгэн дээр зогсож байсан. Бид нар орлогоо Нд өгдөг байсан. Цалингаа Нгаас авдаг байсан. 2010 оны 5 сард сэлбэгэн дээр зогсож байгаад 9 сар хүртэл орлого цуглуулаад байр авна гээд мөнгө өгсөн. Он сараа андуураад буруу зөрүү ярьсан байна. Барьцаат зээл гаргана гээд авдаг байсан. Н мөнгө хийгээд ир гээд явуулдаг байсан. 2009 оны 9 сард ажиллаж эхэлсэн” гэв.

Гэрч Л.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2005 оноос хойш энэ 2 амьдарч байгаад Н эгч ээжийгээ эргэхээр очиход ломбард нээмээр байна, эгчид нь мөнгө хэрэгтэй байна гээд үхэр, адуу нийлсэн 15 тооны мал нядлаад авчирч өгч байсан. 2008 хавар ломбардаа нээх гэж байна гээд бид нар мотоциклоо зараад тэгээд ноолуураа зарсан мөнгөө хүртэл өгсөн. Н эгчийн мал нь тусдаа байдаг байсан. Тэрийгээ бас нядлаад байсан. Тэгээд тэр өгсөн мөнгөө бид 2 авч байгаагүй. 2009 онд Халтар ахынд очсон чинь зодоод байна, сална гээд байж байна гэсэн. Тэгээд нөхөр маань эгчийг маань ингээд байдаг юм бна гээд эднийд 7-8 хоног хамт амьдарч байсан. Тэгээд эднийх мөнгө нь тусдаа талх боов нь тусдаа байсан. Тэгээд санхүү тусдаа байгааг гайхаад асууж байсан. Түрээс төлдөг үү гэхэд тийм гэсэн. 2010 онд энэ 2 хүүхдүүдээ сургана гээд хот руу явсан. Бид 2 2012 онд нутаг буцсан. 2011 оны 12 сард 300 гаран хонь, ямаа тушааж 19 саяыг нь эгчийнхээ ломбарданд өгч байсан. 2012 онд 29 шар зараад 25 саяыг нь эгчийн ажилд өгч байсан. 2005 оноос Батболд ахыг сайн хүн гэж бодсон. Тэгээд сүүлд хараад байхад Монгол эр хүнээс гарахааргүй ааш гардаг байсан. Тэгээд сүүлд би Хөвсгөл явсан” гэв.

Гэрч Э.Ариун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: “2013 онд ажлаасаа гарсан байсан. Зун манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг учраас гэртээ байж таарсан гэв. Хохирогч утсаар ярьсан.  Зээл гаргадаг падаан тамга тэмдэггүй байдаг. Би Н эгчтэй ямар ч тамга тэмдэггүй гэрээ хийж байсан. Н тушаал 2 хувь хийгээд 1-ийг нь надад өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 10 хуудас/, нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 11 хуудас/, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт /1 дүгээр хх-ийн 12 хуудас/, №0137066 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Заамар сумын засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /1 дүгээр хх-ийн 14 хуудас/, тохирлын гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 15 хуудас/, Бат-Андгай компанийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 16 хуудас/, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 17 хуудас/, элекрон тайлангийн гэрээ, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 хуудас/, гэрч Ц.Цэндмаагийн мэдүүлэг, Сангийн сайлын тушаалаар баталсан Бат-Андгай ХХК-ны санхүүгийн тайлан /1 дүгээр хх-ийн 105-108 хуудас/, *******гийн депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 106-119 хуудас/, гэрч Алтанхөлөгийн мэдүүлэг, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 77-78 хуудас/, гэрч Нарангэрэлийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 82 хуудас/, гэрч Ц.Цэндмаагийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 87 хуудас/, гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 89-90 хуудас/,гэрч М.Алтанхөлөгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 93 хуудас/, *******гаас гаргаж өгсөн дансны дугаартай Бат-Андгай ХХК-ны тамгатай баримт /3 дугаар хх-ийн 188 хуудас/, гэрч М.Халтарын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 100 хуудас/, зээлийн гэрээ /4 дүгээр хх-ийн 101 хуудас/, Төрийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг/4 дүгээр хх-ийн 167 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 279 дугаартай дүгнэлт /5 дугаар хх-ийн 12-22 хуудас/, тохирлын гэрчилгээний бүртгэл /5 дугаар хх-ийн 75 хуудас/, MNS5274 дугаартай стандарт/5-р хавтас хх-77-80 тал/, гэрч З.Сүх-Эрдэнийн гар бичмэл /5 дугаар хавтас хх-ийн 122 хуудас/, Бат-Андгай ХХК орлого бүрдүүлэлтийн баримтын түүвэр /5 дугаар хавтас хх-ийн 55-59 хуудас/, Төв аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа/5 дугаар хавтас хх-ийн 165 хуудас/, Төрийн банкны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16/302 дугаартай албан бичиг/5 дугаар хавтас хх-ийн 167 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтас хх-ийн 199-208 хуудас/, хохирогчийн хүсэлтээр нэмж өгсөн баримт, борлуулалтын орлого  авто сэлбэг /хх-ийн 10 хуудас/, шинээр өгсөн зарлагын баримт 2019 оны 12 сарын 30-ны өдрийн баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг 2010 оны 12 сарын 06-ны өдрийн баримт, 2010 оны 11 сарын 22-ны өдрийн орлогын баримт, 2004 оны 06 сарын 15-ны нас барсны бүртгэл, татварын тооцооллын жагсаалт, Төв аймгийн татварын хэлтсийн татварын судалгаа, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай акт, электрон тайлангийн гэрээ, Юнител группын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолт /6 дугаар хавтас хх-ийн 242 тал/, картын борлуулалтын хүснэгт /6 дугаар хавтас хх-ийн 244-250 хуудас/, “Бат-Андгай” ХХК-ийн 2009 оны 2 улирлын тайлан /1 дүгээр хх-ийн 105 тал/, *******гийн “Хаан” банкаар хийсэн гүйлгээний хуулбар /2 дугаар хх-ийн 1-78 хуудас/, Тайлбар /1 дүгээр хавтас хх-ийн 3 хуудас/, С.Отгонжаргалын анкет /1 дүгээр хавтас хх-ийн 54 хуудас/, С.Отгонжаргалтай байгуулсан гэрээ /1 дүгээр хавтас хх-ийн 57 хуудас/, Б.Батболдын өргөдөл /1 дүгээр хавтас хх-ийн 2 хуудас/, Ц.Цэндмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 26 хуудас/, Ө.Гомбын мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 27 хуудас/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 30-31 хуудас/, гэрч Ч.Чилхаасүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 32 хуудас/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 34-35 хуудас/, гэрч Ю.Есөнбилэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 38-39 хуудас/, гэрч Батцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 40-41 хуудас/, гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 42-43 хуудас/, гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 225 хуудас/, гэрч Э.Аззаяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228 хуудас/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-ийн 229 хуудас/, гэрч Ч.Цэрэндуламын мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 73-74 хуудас/, гэрч Ю.Есөнбилэгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 80 хуудас/, гэрч М.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-84-85 хуудас/, гэрч Ц.Цэндмаагийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 87 хуудас/, гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 89-90 хуудас/, гэрч Д.Бүжинлхамын мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 92- хуудас/, гэрч  М.Алтанхөлөгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 93 хуудас/, гэрч Д.Отгоны мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 94-95 хуудас/, гэрч Л.Энхсайханы мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 96-97 хуудас/, гэрч Эрхэмбаярын мэдүүлэг/3 дугаар хавтас хх-104-105 хуудас/, гэрч А.Болорын мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 112-113 хуудас/, гэрч Б.Баасанжаргалын мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 115-116 хуудас/, гэрч Э.Ариун-Эрдэнийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 118-119 хуудас/, гэрч Д.Гэрэлтуяагийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 121 хуудас/, гэрч Б.Должинсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 123 хуудас/, гэрч Б.Мэргэнбаатарын мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 124 хуудас/, гэрч Ж.Баасанхүүгийн мэдүүлэг /3 дугаар хавтас хх-ийн 125 хуудас/, гэрч М.Халтарын мэдүүлэг /4 дүгээр хавтас хх-ийн 99 хуудас/, гэрч Ч.Отгонцэцэгийн мэдүүлэг /5 дугаар хавтас хх-ийн 73 хуудас/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /5 дугаар хавтас хх-ийн 86 хуудас/, гэрч Х.Ариунболорын мэдүүлэг /5 дугаар хавтас хх-ийн 172 хуудас/, гэрч Р.Ганбатын мэдүүүлэг /5 дугаар хх-ийн 173-174 хуудас/, гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлэг/5 дугаар хавтас хх-175 хуудас/, гэрч Э.Цэндмаагийн мэдүүлэг /5 дугаар хавтас хх-ийн 181 хуудас/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /6 дугаар хавтас хх-ийн 208 хуудас/, гэрч Э.Аззаяагийн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 210-211 хуудас/, хохирогч Б.Батболдын гаргасан хүсэлт /7 дугаар хавтас хх-ийн 75 хуудас/, хохирогч Б.Батболдын мэдүүлэг /7 дугаар хавтас хх-ийн 115-116 хуудас/, Шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох гэрч Ч.Цэрэндулам, М.Халтар нарын Хаан банкны дансны хуулга, Эрхэмбаярын мал тооллогын акт, “Сентока” дэлгүүрийн маягт, “Юү Эф Юү” компанийн камер авсан баримт, Хаан банкнаас ирсэн Б.Батболдын харилцах дансны хуулга /3 дугаар хавтаст хх-226-239 хуудас/, шинжээч томилсон тогтоол /5 дугаар хавтаст хх-197 дугаар хуудас/, шинжээч Ж.Бадамсүрэнгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хх-180 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №279 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хх-12-16 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт/5 дугаар хавтас хх-199-208 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянан үзэхэд:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа Б.Батболдын өмчлөлийн “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад “хамтран амьдарч буй харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “Бат-Андгай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141151750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “Их мөнх наран” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгаж шийдвэрлэв.

Шүүхээс *******-г хохирогч Б.Батболдыг  2007 оны 11 дүгээр сараас 2011 оны 08 дугаар сарын хооронд Б.Батболдтой хамтран амьдарч байх хугацаандаа бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” 2011 онд “Бат-Андгай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар зээлэнд гарсан 141151750 төгрөгийг, өөрийн өмчлөлийн “Их мөнх наран” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний эх үүсвэрээ болгон шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэх үндэслэл нь дараах нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

Хохирогч Б.Батболдын: “... ломбарданд төвлөрүүлсэн мөнгөн орлого ойролцоогоор 400 сая төгрөг, Бат-андгай”ХХК-иийн өмч болох 3 давхар барилгыг Хадгадамж банканд тавьж “Их мөнх наран” ХХК байгуулан үндсэн үйл ажиллагаа мөнгөн орлогыг ойлгомжгүй болгож хувьдаа завшсан.” гэсэн мэдүүлэг /1хавтас хх-2 тал/,

Мөн Б.Батболдын: “ 700 сая орчим төгрөг байсан нууж авч явсан. Миний бодож байгаагаар 2007 оноос хойш миний хөрөнгийг бага багаар захиран зарцуулсаар байгаад дээрх хохирлыг учруулсан.”  гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-24 тал/,

Мөн хохирогч Б.Батболдын: “ 300 сая төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-“30тал/

Мөн хохирогч Б.Батболдын 2016 оны 1 сарын 18-ны өдрийн: “ Тухайн үед сейфэнд байсан 70 орчим сая төгрөгийг ломбардны үйл ажиллагаанд оруулж байсан.” гэсэн мэдүүлэг/5 хавтас хх-7 тал/,

Мөн хохирогч Б.Батболдын 2016 оны 6 сарын 16-ны өдрийн мэдүүлэг /5 хавтас хх-86 тал/,

Хохирогч Б.Батболдын төрсөн дүү гэрч Б.Батцэцэгийн: “анх Батболд ах Н 2 хамт ажиллуулж эхэлсэн Н ломбардыг хариуцан ажиллуулдаг байсан.. хуримтлал болгож хадгалж байсан 34.000.000 төгрөгийг Батболд Н 2 байр авна гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /1 хавтас хх-225 тал/,

гэрч Э.Аззаяагийн “ Батболд гэх хүнтэй хамаатан... Н гэдэг хүнийг танина Батболд ахын эхнэр байсан юм... Би 2009 онд халуун усыг хариуцан ажиллуулж байсан... Батцэцэг эгчид орлогоо өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /1хавтас хх-228 тал/,

гэрч Ч.Цэрэндуламын: “Нд анх гэрээ хийгээд 10 сая төгрөгийг зээлдүүлж байсан. Дараа нэмж өгсөөр байгаад 30 орчим сая төгрөг өнсөн байдаг. Хамгийн сүүлд 10 сая төгрбөгийг зээлдүүлэхдээ гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлж байсан. Харин Н зээлсэн мөнгөнийхөө хүү миний дансаар өгчихдөг байсан..”гэсэн мэдүүлэг 3 хавтас хх-74 таөл/,

гэрч Ю.Есөнбилэгийн: “ ..Батболд ахын компани болохоор Батболд ах хөрөнгө оруулалт хийдэг байсан байх, би яг нарийн сайн мэдэхгүй. “ гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-80тал/,

гэрч М.Пүрэвсүрэнгийн:” Н гэх Батболдын эхнэр ажиллаж байсан...анх намайг ажилд ороход Бат-андгай ХХК-ийн ломбард ажиллаж эхэлсэн...Ямар хөрөнгө оруулалтаар анх нээснийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-84 тал/,

гэрч Ц.Цэндмаагийн: “ Би ломбардыг хариуцан ажиллуулдаг байсан... ломбарданд дундажаар 100 сая төгрөг эргэлдэж байсан... Тухайн үед бид нарын шар дээр сая төгрөгнөөс илүү мөнгө байлгадагггүй байсан...”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-88 тал/,

 гэрч С.Эрдэнэцэцэгийн: “ Би “Бат-андгай” ХХК-д 2011 оны 8 сарын 25-нд зээлийн мэргэжилтэн гэх албан тушаалд орсон.. намайг анх ажилд ороход Бат-андгай ХХК-иар гардаг байсан. Мөн “Их мөнх наран” ХХК-ийн нэрээр падаан гардаг болсон байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад Н ирээд Заамарын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэрийг сольж “Их мөнх наран” ХХК-ийн нэрийг наасан... 100 гаран сая төгрөг эргэлдэж байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-90 тал/,

гэрч Д.Бүжинлхамын: “ Н анх Батболдтой суугаад Заамарт очсон. Тэгээд эднийх 3 давхар буудлаа барих гэж байгаад Н манай дэлгүүрээр орж ирж ажлын бээлий авдаг болсон үеэс танилцаж найзалсан... Н 3 сая төгрөг зээлээч гэж орж ирэхээр нь би Нгаас чи яагаад надаас мөнгө зээлэх гэж байгаа юм бэ, Батболд их мөнгөтэй биз дэ гэхэд Батболд бид хоёрын санхүү тусдаа байдаг юм. Би тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлдэг юм билүү гэж бодоод чамаас мөнгө зээлдэх гэсэн юм... тэр байтугай би хот явахдаа Батболдод таксины зардал өгдөг гэж байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-92 тал/,

гэрч М.Алтанхөлөгийн: “ 2007 онд анх Бат-андгай ххк-ийн цэвэр усны худагт ус түгээгч хийдэг байсан... би лав өөрийн худгаас олсон орлогыг Нд тушаадаг байсан. Мөн гаршаас олсон мөнгийг бас тушаадаг байсан. Би хөрөнгө мөнгөний асуудлыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Отгоны:” Айл хөрш амьдарч байсан. Н Батболд гэх хүмүүс хамт амьдраад Заамар сумын Хайлааст багт сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байгаад 3 давхар зочид буудал бариад Н нь ломбардны үйл ажиллагаа эрхэлж байсан. Батболд нь бусад зүйлээ хариуцдаг байсан. Гэр бүлийн хүмүүс байсан, нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй..”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-95 тал/,

гэрч Л.Энхсайханы:” ... Батболдтой садан төрлийн холбоотой, сүүлийн хэдэн жилд холбоогүй байгаа....Батболд нь гурван давхар буудал, халуун ус, дэлгүүрийг дүү Батцэцэгтэйгээ хамтран ажиллуулдаг байсан ба Н эгч Батболдоос тусдаа ломбард ажиллуулдаг байсан... 2005 оны 12 сарын 21-ны өдөр манайд Батболд Н нар хамт ирж байсан..”гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-96 тал/,

гэрч О.Эрхэмбаярын:”Н миний төрсөн эгч...2005 оны 12 сарын 21-ний өдөр Хөвсгөлд манай гэрт Батболд Н нар хамт ирж байсан... Тэгэхээр тухайн үеэс хамт амьдарч эхэлсэн байх.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-104 тал/,

гэрч Б.Должиндуламын:” ...Н гэх хүний дагавар охин.... 2008 онд эмээ Баасанхүүд надад хувцас хунар өгөхгүй байна та хэлээд өг гээд хэлсэн чинь эмээ Н эгчид хэлсэн... Тэгсэн чинь чи өөрөө хэл амгүй юм шиг хүнээр хэлүүллээ гээд миний хувцас гэрийн дрож хивс зэргийг хашаан дотор шатаасан.” гэсэн мэдпүүлэг /3 хавтас хх-123 тал/,

гэрч Ж.Баасанхүүгийн: “ Батболд миний охин Лхагвасүрэнтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаад охин минь авто ослын улмаас нас барсан... Н гэх хүүхэн манай охиныг нас барсны дараа Батболдтой амьдарч байсан хүүхэн...дээр ярьсан үед очоод хэд хоног зочид буудлыг нь хариуцдаг байсан ба буудлын орлогын мөнгийг Батцэцэгт өгөөд Батцэцэг цааш нь Нд өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /3 хавтас хх-125 тал/,

гэрч М.Халтарын: “ Нтай хамаатан... анх оюутан болоод 2-3 жил манайд амьдарч байгаад Батболдтой танилцаад Заамарт очсон... Нд 3 удаа мөнгө зээлдүүлж байсан.” Гэсэн мэдүүлэг /4 хавтас хх-100 тал/,

Гэрч Ч.Отгонцэцэгийн: “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тохирлын гэрчилгээг анх 2011 оны 04 сарын 21-ний өдөр “Бат-андгай” ХХК-ийн нэр дээр “Дэлгэр мөрөн” газарт олгосон” гэх /5 хавтас хх-73 тал/ мэдүүлгүүдээр шүүгдэгч *******гийн үйлдэл нь хамтран амьдаргч Б.Батболдын итгэлийг эвдэж хамтран амьдрах хугацаандаа урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Бат-Андгай” ХХК-ийн зээлэнд гаргасан 141151750 төгрөгийг шилжүүлж авсан гэх үйл баримт хэрэгт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, залилсан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь тогтоогдож байна.  

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд *******-г 2007 оны 11 сараас 2011 оны 8 сарын хооронд хамтран амьдрагч Б.Батболдын “Бат-Андгай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа компаний эд хөрөнгийг залилсан гэх үндэслэлээр 6 жилийн өмнөх үйлдэлд /6-2 жилийн өмнөх үйлдэлд/ 2013 оны 10 сарын 24-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, 7 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Прокурорын шатанд хэд хэдэн удаа *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж байсан байх ба 2020 оны 1 сарын 23-ны өдөр Төв аймгийн Прокурорын газраас *******-г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

******* нь  Б.Батболдтой 2005 оны 12 сарын үеэс эхлэн 2011 оны 9 сарын орчим хүртэл хугацаанд хамтран амьдран амьдарч байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан байна.

 

Б.Батболд нь *******-гаас салсныхаа дараа буюу 2013 оны 7 сарын 23-ны өдөр анх Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж,/1 хавтас хх-02 тал/ улмаар 2013 оны 10 сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж эхэлжээ.

 “Бат-Андгай” ХХК-ийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 2007 оны 11 сарын 21-ны өдөр гадаад худалдааны үндсэн чиглэлээр бүртгүүлж 1 эзэмшигчтэй эзэмшигч нь Б.Батболд,

“Их мөнх наран” ХХК-нь 2011 оны 8 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгүүлж , эзэмшигч нь ******* нар тус тус бүртгэгдсэн байна.

 Хэрэгт авагдсан баримтуудаар “Бат-андгай” ХХК-ийн эзэмшлийн мөнгөн хөрөнгөөс “Мх мөнх наран” ХХК-ийн мөнгөн хөрөнгөд шилжсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар “Бат-андгай” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 1 сарын 6-ны өдөр “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай үйл ажиллагааг” шинээр бүртгэгдэж,

Мөн Төв аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтсээс 0006311 дугаартай “Тохирлын гэрчилгээ”-г 2011 оны 04 сарын 21-ны өдөр “Бат-андгай” ХХК-ийн нэр дээр олгосон байна./Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар/

“Бат-андгай” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атлаа барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд “Бат-андгай” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх ломбард нь хэдэн төгрөгийн эх үүсвэртэй байсан нь хэрэгт баримтаар нотлогдоогүй хохирогч Б.Батболд нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн янзаар мэдүүлдэг бөгөөд түүний аль мэдүүлэг ч хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдоогүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлуцүүлэгт хохирогч Б.Батболд түүний охин Б.Должинсүрэн нар *******-г “байрных нь урьчилгаанд хадгалж байсан мөнгийг авч өөрөө байр авсан” гэж мэдүүлсэн боловч тэдгээрийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар няцаагддаг *******г хэрэгт авагдсан баримтаар бусдыг залилсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт *******г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Тогтоол хүчин төгөлдөр боломогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******гийн өмчлөлийн 00215403 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол 44/2 байранд байрлах 18м3 газар бүхий гаражийн зогсоол, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 44-6-112 тоотод байрлах 51.7 м2 өмчлөлийн орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бат-Андгай” ХХК, “Их мөнх наран” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн баримтыг Б.Батболд, ******* нарт тус тус буцаан олгож,

хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүй,

шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүх улсын яллагчийн яллах нотлох баримтад тусгагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 сарын 5-ны өдрийн 279 дугаартай, 2016 оны 11 сарын 29-“ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 141.151.750 төгрөгийн мөнгөн хөрөнгийг “Бат-андгай” ХХК болон Б.Батболдын эзэмшил өмчлөлд байсан эд хөрөнгө мөн эсэхийг болон “Бат-андгай” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх газрын эх үүсвэр эсэхийг шинжээчийн дүгнэлтээр болон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул шүүх шинжээчийн 222, 279 дугаартай дүгнэлтүүдийг,

мөн хуулийн 16.6 дугаар зүйлд заасан бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах бичиг баримтын шаардлага хангаагүй хуулбар бичгийн баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10,37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Төв аймгийн Прокурорын газраас Ж овогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201319000800 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, *******-г цагаатгасугай.

 

        2.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

        3.*******-д авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        4.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

        5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор авагдсан *******-гийн өмчлөлийн 00215403 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороо 15-р хороолол 44/2 байранд байрлах 18м3 газар бүхий гаражийн зогсоол, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 44-6-112 тоотод байрлах 51.7 м2 өмчлөлийн орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бат-андгай” ХХК, “Их мөнх наран” ХХ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн баримтыг Б.Б, ******* нарт тус тус буцаан олгосугай.

 

          7.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  цагаатгах тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ