Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/00657

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00657

 

 

И ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/00442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК -ийн хариуцагч Ц ХХК , С.С нарт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 28,933,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Ж, хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ц ХХК -тай хүнд даацын тээврийн хэрэгслийг түрээслүүлэхээр амаар тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Хөл хорио тогтоосон үе байсны улмаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 тээврийн хэрэгслийг 2 сарын хугацаатай 56,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, төлбөрийг 15 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон бөгөөд тухайн компанийн өдөр тутмын бүх үйл ажиллагааг хариуцаж байсан С.С гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Түрээсийн зүйл болох * улсын дугаартай nord benz маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэл нь миний нөхөр С.Анхбаярын нэр дээр бүртгэлтэй ба тэрээр нэг тээврийн хэрэгслийг жолоодож өөр бусад жолооч нарын хамт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа түрээслүүлэгч буюу манай компани нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ажил үүргийг тасралтгүй явуулах нөхцөлийг хангаж, жолоочийн цалин хөлсийг өгөх үүрэгтэй байсан ба энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөхгүй байсан тул манайх машинаа татна гэхээр бага төлбөр төлж байсан ба хариуцагч Ц ХХК -аас түрээсийн төлбөрт И ХХК -ийн захирал Ц.Н ийн Хаан банкны дансанд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн. Эдгээр төлбөрүүдийг төлж байх хугацаанд бидний хооронд суудлын нэг машиныг худалдах худалдан авах талаар 2 тал ярилцаж байсан ч талууд гэрээнээс татгалзаж, түүний төлсөн 2 сая төгрөг нь түрээсийн төлбөрт тооцогдсон. Хариуцагч компани нь манай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул хариуцагчаар татсан С.Саас түрээсийн төлбөр нэхэмжлэхээс татгалзаж байна. Учир нь тэрээр компанийн захирал биш болохыг энэ хэргийн явцад мэдсэн тул иргэн түрээсийн төлбөр хариуцах үндэслэлгүй. Ц ХХК -тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул түрээсийн үлдэх төлбөр 28,933,334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргадаг боловч энэхүү гэрээг С.Стай байгуулсан. С.С нь тус компанид хамааралгүй бөгөөд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Мөн энэхүү гэрээг цахимаар байгуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч үндэслэлээ нотлоогүй буюу гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тус гэрээний 5-т ...машин хүлээлцэх акт үйлдэнэ...шалгах хуудас бөглөнө... шалгах хуудсанд гарын үсэг зурж зохих хугацаанд нь буцааж өгнө гэж заасан. Гэтэл энэ талаар нотолсон баримтгүй байхад нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Сын тайлбар, татгалзлын агуулга: Ц ХХК болон И ХХК -ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд миний бие гарын үсэг зурсан. Миний бие тус компанид ямар нэгэн ажил эрхэлдэггүй бөгөөд хувьцаа эзэмшигч биш, захирал Э.М тай найз, нөхдийн холбоотой. 2021 оны 04 дүгээр сард Ц ХХК болон Э ХХК -ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Их хэтийн уурхайд Ц ХХК -ийн талд ажиллаж байсан гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц ХХК -аас 26,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК -д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,933,334 төгрөг, хариуцагч С.Ст холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 460,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/11171 дугаар захирамжид заасан Чингэлтэй дүүрэг, 08 дугаар хороо, Баруун тасган 7, 63 тоот хаягт байрлах, Ц ХХК /РД:5494109/-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 14,466,667 төгрөгийн хэмжээнд, хариуцагч Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 26 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Монгол овогт С. /РД:ЧА79120313/-ын дансны зарлагын хөдөлгөөнийг 14,466,667 төгрөгийн хэмжээгээр тус тус зогсоох арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу нэрлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил буюу нэхэмжлэгч И ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны явцад хариуцагч С.Саас татгалзсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу татгалзсан С.Сыг оролцуулж түүнээс шүүх хуралдааны явцад мэдүүлэг авч байгаа хуульд нийцэхгүй илт үндэслэл муутай болсон. Шийдвэрт ...ажил үүрэг гүйцэтгүүлэн ашигласан болох нь нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон энэхүү үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч С.А, Б.Б ийн нарын мэдүүлэг зэргийг үндэслэн хариуцагч талын эзэмшилд байсан нь тогтоогдсон гэж үзлээ гэжээ. Гэтэл гэрч Б.Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй хэмээн мэдүүлсэн байхад С.С хариуцаж гэрээ байгуулж байсан хэмээн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж нэхэмжлэгчид ашигтай байдлаар шүүхийн шийдвэрт дурдаж байгаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Гэрчийн мэдүүлэг нь өөрөө бусад баримтаар давхар нотлогдох ёстой нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар Ц ХХК болон И ХХК -ийн нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдэг нь нотлогдож байна.

Шийдвэрт ... хариуцагч тал энэхүү баримтыг тайлбараар үгүйсгэдэг хэдий ч баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл Ц ХХК , И ХХК -ийн нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч талаас гаргаж өгөх баримт байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч уг үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө хариуцагчийг баримтаар нотлоогүй байна хэмээн буруутгаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд талбайд Ц ХХК аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа И ХХК -ийн nord benz маркийн хүнд даацын 2 тээврийн хэрэгслийг авч ашигласан. Манай компани С.С нарын хооронд байгуулсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь С.С нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ гэрч Б.Б нь Э ХХК , Ц ХХК -тай гэрээ байгуулахад С.С Ц ХХК -ийг төлөөлж гарын үсэг зурж, тамга дарсан. Тухайн талбайд С.С найз Э.М ын хамт аж ахуйн үйл ажиллагаанд тусалж байсан үйл баримт тогтоогддог. Гэрээний дагуу манайд төлсөн төлбөрүүдийг Ц ХХК төлөөгүй талаар маргаагүй. Учир нь алтыг борлуулсан хөлс иргэний данснаас И ХХК -ийн захирал Ц.Н ийн хувийн дансанд шилжүүлсэн. Энэхүү үйл баримтаас үзэхэд тус 2 тээврийн хэрэгсэл Их хэтийн уурхайд очсон, ажил хийж, талуудын тохиролцооны дагуу тохирсон мөнгөний тал хувийг буцаан төлж байсан талаар хариуцагч С.С тайлбарласан. Энэхүү үйл явдлыг болоогүй гэж Э.М маргаагүй. Өөрөөр хэлбэл, Ц ХХК уурхайд байгаагүй гэж маргадаггүй. Тухайн үед Ц ХХК Их хэтийн уурхайд аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж байсан. Иймд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч С.С тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. И ХХК нь хариуцагч Ц ХХК -д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 15,399,334 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч Ц ХХК -аас 14,466,667 төгрөг, хариуцагч С.Саас 14,466,667 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх48-49/

3. Нэхэмжлэгч нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч С.Ст холбогдуулан 14,466,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц ХХК -д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 28,933,334 төгрөг гаргуулахаар бүхэлд нь шаардсан байх ба хариуцагч тал шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналаа илэрхийлж, И ХХК болон Ц ХХК -тай холбоотой гэрээ байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх-210/

4. Ц ХХК , И ХХК нарын хоорондоо 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр техник түрээсээр ажиллуулах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь С.Анхбаярын эзэмшлийн * улсын дугаартай nord benz маркийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг шилжүүлж, өөрийн 2 жолоочийг өдөр шөнийн ээлжинд ажиллуулж цалин хөлсийг хариуцах, түрээслэгч нь Төв аймгийн Заамар сумын Их хэтийн алтны уурхайд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхдээ 1 техник хэрэгслийг сарын 14,000,000 төгрөгөөр тооцож, 2 сарын хугацаатай буюу 2 тээврийн хэрэгслийг 56,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх41-43/

4.1. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүх талууд хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

6. Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заажээ.

6.1. С.С нь Ц ХХК -ийг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч И ХХК -тай гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь иргэн С.Сыг хариуцагч Ц ХХК -ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж итгэн хэлцлийг хийсэн байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу төлөөлүүлэгч Ц ХХК нь гэрээний үр дагаврыг хариуцаж эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй байна.

7. Гэрээний дагуу Ц ХХК нь Төв аймгийн Заамар сумын Их хэтийн уурхайд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хөрс хуулалтын ажил үүрэг гүйцэтгэхээр хүнд даацын 2 тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч И ХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Ц ХХК -аас шаардах эрхтэй. /хх87-89, 123-124, 200-215/

8. Хариуцагч Ц ХХК нь Хаан банкин дах И ХХК -ийн төлөөлөгч Ц.Н ийн 5006802026 дугаар дансанд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх36-38/

9. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ц ХХК -аас ашигласан хугацааны төлбөрийн үлдэгдэл 26,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,933,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаарх хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

10. Хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч С.Саас татгалзсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн байхад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд С.Сыг хариуцагчаар оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч С.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Ц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/00442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 287 дугаар зүйлийн 287.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц ХХК -ийн төлсөн 287,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН