Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00500

 

2023.03.10 Магадлалын төсөл 500

 

Э.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03797 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Огийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар Хоёрдахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 дугаар магадлалаар Э.Огээс 52,795,301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492,126 төгрөг, нийт 53,287,427 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаяг .... м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулсан. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй. Хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн бол төлбөр төлөгч нь хоёр дахь дуудлага худалдаанаас өмнө төлбөрийг төлөх боломжтой байсан.

1.3.Мөн барьцаа хөрөнгөд 2020 онд шинжээч томилон үнэлгээ тогтоосон, үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь дахин үнэлгээ хийлгэж шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан хугацааг хэтрүүлж 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариу авч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн болно.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар хоёрдахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талуудад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар хоёрдахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг биечлэн гардуулж өгсний дараа төлбөр авагч Капитрон банк ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Үүнийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол гарч дуудлага худалдаа хойшилсон.

2.2.Гэтэл нэхэмжлэгч нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ тогтоож өгөхгүй байна гэж дурдсан нь боломжгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шалтгаалаагүй. Төлбөр төлөгч нь шинжээчийн үнэлгээний талаар маргаан үүсгэн 3 шатны шүүх үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул дахин шинжээч томилох боломжгүй. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүсэлтээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас дахин үнэлгээ хийлгэх боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох дахин үнэлгээ тогтоолгох тухай Э.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэгчид хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дахин шинжээч томилуулж үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, гомдлын хариуг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Гэтэл хүсэлт шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн эхний шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, төлбөр төлөгчийн хүсэлт бүрэн шийдвэрлэгдээгүй байхад дараагийн арга хэмжээг авч, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй.

4.2.Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар урьдчилан төлбөр төлөгчид мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

4.3.Төлбөр төлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч шүүхэд гаргаснаар хэтрүүлсэн тул уг заалтад хамаарахгүй гэж шүүх хуулийг илтэд гуйвуулан тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 дугаар магадлалаар Э.Огээс 52,795,301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492,126 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, ...дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаяг .... м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2019/08371 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ГХ2019/00736 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хураасан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар уг эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна.

Шинжээч Мөнх оргил трейд ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийг 248,900,000 төгрөгөөр үнэлсэнд төлбөр төлөгч Э.Огээс гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01657 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1729 дүгээр магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01034 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

4.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/31 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Э.Од 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/23882 дугаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн, мөн тогтоосон хугацаанд анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, худалдан борлогдоогүй байна.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан.

5.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаас үзэхэд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/31 дүгээр тогтоол гарч, анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явуулсан бөгөөд уг тогтоолын талаар хариуцагч байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/23882 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Од шуудангаар хүргүүлсэн байна. (хэргийн 109 дэх тал)

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хариуцагчийн дээрх шийдвэр, ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргаагүй, уг ажиллагаа хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.2.Нэхэмжлэгч Э.О нь үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай гомдлоо 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/03 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09/619 дүгээр албан бичгээр тус тус хангахаас татгалзсан байна. (хэргийн 7, 8 дахь тал)

Дээрх шийдвэрүүдэд нэхэмжлэгчээс шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Э.О нь эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, улмаар анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэрт гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхгүй байна.

Үүнээс гадна төлбөр төлөгч нь шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх нөхцөл байдлыг үндэслэл бүхий нотолсон баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид гаргаж байгаагүй тул 2020 онд үнэлгээ тогтоосноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймээс дахин шинжээч томилуулж үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг илтэд гуйвуулан тайлбарласан гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй.

5.3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7 дугаар тогтоолыг нэхэмжлэгч Э.Од 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4-140/3909 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн байна. (хэргийн 5 дахь тал)

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаагаар анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тул хариуцагчаас хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.2-т заасныг зөрчөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн эхний шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, төлбөр төлөгчийн хүсэлт бүрэн шийдвэрлэгдээгүй байхад дараагийн арга хэмжээг авч хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Э.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тусгаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 44.3 гэснийг 44.4 гэж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гэснийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/7 дугаар хоёрдахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж,

2 дахь заалтад 7.1.2 гэснийг 7.1.4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Огээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА