Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 468

 

Ж.А, Ө.Чнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Ж.А, Ө.Чнарт холбогдох 1838009270226 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой,

 Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Мөн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 2 жилийг хасч, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 222 хоногийг эдлэх ялд оруулан тооцож суллагдсан, А.

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөг хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ч.

Ж.А, Ө.Чнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө М.Мөнхбаярын 26 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 17.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А, Ө.Чнарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Ө.Чнарт 3 жил хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэж, Ж.Аийн цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 3.250.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхбаярт олгох, хохирогч М.Мөнхбаяр нь алдсан адуугаа эрж хайсан зардал 3.000.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.А, Ө.Чнарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ “... хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ө.Чнь өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй бөгөөд яллагдагч Ж.Аийг гэмт хэрэг үйлдсэн талаар нотолж мэдүүлэг өгсөн тул түүнийг нотлох баримтанд үнэлэх бүрэн боломжтой.

Шүүгдэгч Ж.А нь 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар  зүйлийн  7.7 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болгосон талаар дурьдсан боловч хэрэгт баримт авагдаагүй гэжээ.

Шүүгдэгч Ж.Аийн хувийн байдлыг тогтоосон баримт бичиг, урьд өмнө ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоол зэргийг хэрэгт бүрэн хавсаргасан бөгөөд прокурорын шатанд Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болгож байсан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна.

Хохирогч Г.Мөнхбаярыг 26 тооны адуутай эсэхийг мөрдөгч, прокурор нарийвчлан шалгаагүй гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хохирогч Г.Мөнхбаяр нь 26 тооны адуугаа хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хууль сануулсны үндсэн дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 26 тооны адууг Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас алдсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа ба хохирогч нь өөрөө мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой заасан.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.А, Ө.Чнарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн ба тухайн зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс албан ёсоор хэвлэгдэж хүчин төгөлдөр болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 хэсэгт орсон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр оногдуулах ялын төрөл, хэмжээ, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан заалт ороогүй тул шүүгдэгч Ж.А, Ө.Чнарт холбогдох хэргийг мөн хуулийн 2 дахь хэсгийн тохирох заалтаар зүйлчлэх нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгч Ж.А, Ж.Чойжилсүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөн найруулж хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2018 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн болно. Өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт олон тооны мал гэж “2 бод, 8 бог” гэж, “Бүлэглэж” өөрчлөгдөн орсон байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Магадлалд 2015 оны Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн   нэмэлт  өөрчлөлтөөр   мал   хулгайлах   гэмт  хэргийг  бүлэглэж  үйлдсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон шинээр хуульчилсан тул шүүгдэгч Ж.А, Ө.Чнарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн  гэж хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт   үйлдэх   шаардлагагүй   гэж   үзнэ”   гэжээ.   Гэтэл   магадлалд   шүүгдэгч Ж.А, Ө.Чнарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн ба тухайн зүйл анги нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба тус хууль нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс албан ёсоор хэвлэгдэж хүчин төгөлдөр болсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 хэсэгт орсон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр оногдуулах ялын төрөл, хэмжээ, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан заалт ороогүй тул шүүгдэгч Ж.А, Ө.Чнарт холбогдох хэргийг мөн хуулийн 2 дахь хэсгийн тохирох заалтаар зүйлчлэх нь зүйтэй гэж хоёр өөр дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.

Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргав” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батдорж хэлсэн саналдаа “... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Харин давж заалдах шатны шүүх гомдлын дагуу хэргийг хэлэлцэж үндэслэл бүхий магадлал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолвол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Ө.Чойжилсүрэнгийн мэдүүлгийг үндэслэж Ж.Аийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Харин Ж.А уг хэрэгт оролцоотой болохыг өөр байдлаар нотлоогүй. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэр бүлийн гишүүдийн мэдүүлгийг ялгамжтай байдлаар үнэлсэн алдааг гаргасан. Хохирогч нь хүний, өөрийн нийлсэн 26 тооны адуу алдсанаас 17 тооны адууг олсон. Тиймээс алга болсон адууны тоог нарийн тогтоох шаардлагатай. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэрэгт дахин хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Ж.А, Ө.Чнарт холбогдох хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө үйлдэгдсэн учир 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр байна. 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх хугацаанд мөрдөгдөж байсан зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.А, Ө.Чнарын үйлдэл тогтоогдсон бөгөөд хохирогч 26 тооны адуу алдсанаас 17 тооны адууг олсон. Харин олдоогүй адууг бусдад худалдсан, өр зээлээ нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.А, Ө.Чнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө М.Мөнхбаярын 26 тооны буюу олон  тооны адууг хулгайлж 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад болон хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх “... мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүйн дээр прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн учир дутагдалтай шийдвэр болсон гэж үзлээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс “... прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Ө.Чойжилсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгосон” гэжээ.

Гэтэл тухайн гэмт хэрэг нь хохирогч М.Мөнхбаяр өөрийн алдсан адууг хайж явахдаа хулгайлагдсан 4 хөл нь цагаан хээр алаг содон шинжтэй адууг идшинд хэрэглэсэн гэх Б.Энхцогтыг олж, Б.Энхцогт нь уг адууг Ө.Чойжилсүрэнгээс авлагадаа тооцон авснаа гэрчилж мэдүүлснээр илэрсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхийн хүрээнд хийгдсэн хууль ёсны ажиллагааны үр дүн бөгөөд энэхүү нотолгоог Ө.Чяллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч баталсан байдал нь өөрийн эсрэг мэдүүлэг өгсөн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүйн дээр тухайн мэдүүлгийг эрүү шүүлт тулгаж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчиж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “яллагдагчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн зарчимд харшлаагүй гэж үзэх учиртай.

Шүүх гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголтыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болж ял оногдуулахдаа энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагагүй болсон байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Алтанхуягийг 2009 онд прокурорын шатанд Өршөөлийн хуульд зааснаар өршөөлд хамрагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн нь туйлын учир дутагдалтай болжээ.

Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болно.

Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Монгол улс даяар дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

Прокурор гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй байтал шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн” гэсний дараа “1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН