Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0161

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар221/МА2019/0161

Улаанбаатар хот

Баянзүрх дүүргийн Засаг даргын

үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна” гэж заасан.

Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь хэсэгт “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах, тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх" бүрэн эрхтэй байхаар хуульчилсан ба 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус заалтад нэмэлт өөрчлөлт орсон байдаг.

Тус нэмэлт, өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтын “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх" гэснийг хасч, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг өөрчлөн найруулсан.

Хуулийн бүтцийг нарийвчилж үзвэл Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт нийслэл болон дүүргүүдийн газрын алба, сумын газрын даамлууд харьяалагдах ба удирдлагын босоо тогтолцоотой байхаар хуульчилсан байна.

2002 оны Монгол Улсын Газрын тухай хуулиар аймаг, нийслэлийн газрын албаны даргыг тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулсан бол дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын алба хэрэгжүүлэхээр тусгажээ.

Гэвч 2006 оны Газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилохоор хуульчилсан ба ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг хэвээр үлдээсэн байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс хэт явцуу үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Нэгдүгээрт, 2006 оны нэмэлт, өөрчлөлтөөр сумын Засаг даргад сумын газрын даамлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг олгоогүй ба газрын албаны даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад олгосон. Ийнхүү Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтад өөрчлөлт ороогүй боловч тус заалтаар зохицуулсан харилцаа нь зөвхөн сумын газрын даамлыг томилох, чөлөөлөх бүрэн эрх буюу аймгийн газрын албаны эрх хэмжээг зохицуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу тус харилцаанд сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалт болох 2006 оны Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийг буюу Газрын тухай хуулийн 20.2.8 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэм хэмжээг баримтлах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтад “...Газрын тухай хуулийн дээрх 2 заалтын алиныг хэрэглэхийг “илүү нарийвчилсан зохицуулалт”, эсхүл “сүүлд хүчин төгөлдөр болсон” гэж тайлбарлаж болох ч хэрхэн тайлбарласнаас хамаарч хэн нэгнийг нь “хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн”, “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж дүгнэх, захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болгох боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийснийг маргааны үйл баримт, хууль хэрэглээнд нэгдсэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хоёрдмол агуулгатай үндэслэл гаргаж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хэргийн үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй тухайд:

Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулиар нийслэлийн газрын алба, дүүргийн Засаг даргад хэн алинд нь дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх олгосон гэж дүгнэсэн боловч дээрх захиргааны байгууллагуудаас дүүргийн газрын албаны даргыг томилсон тушаалд алдаатай үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Учир нь нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн бүрэн эрх олгосон хуулийн хэм хэмжээг баримтлаагүй байна.

...Тухайн харилцаанд нийслэлийн Газрын албаны даргаас нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг баримтлаагүй буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтаар дүүргийн Засаг даргад тус бүрэн эрх олгогдсон тул 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг баримталж, дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх боломжгүй болохыг харуулж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгг үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" бол аливаа захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлүүдийг заасан.

Нэгдүгээрт, нийслэлийн газрын албанаас маргаан бүхий харилцаанд буюу дүүргийн газрын албаны даргыг томилсон тушаалуудын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн хэм хэмжээг баримтлаагүй нь тухайн эрх хэмжээг эдлэх, хэрэгжүүлэх эрхгүй болохыг харуулж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Хоёрдугаарт, дүүргийн Засаг дарга нь цаг хугацааны хувьд дүүргийн газрын албаны даргыг түрүүлж томилсон буюу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь “...Өөрөөр хэлбэл хуулийн дээрх давхардлаар нэг албан тушаалд хэн аль нь давхардуулан томилгоо хийжээ.” гэсэн дүгнэлтийг өгсөн ба хэрэв ийнхүү давхардуулан томилгоо хийсэн тохиолдолд аль захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөж, дүүргийн Газрын албаны даргын үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй эсэх дээр хууль зүйн гаргалгаа, үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлах гол шалгуур нь тухайн захиргааны байгууллага хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн буюу хуульд заасан үндэслэл байхгүй байхыг ойлгодог.

Дээрх маргааны хувьд нийслэлийн Газрын албаны дарга нь дүүргийн Засаг даргын захирамжаас цаг хугацааны хувьд хойно дүүргийн Газрын албаны даргыг томилсон тушаал гаргасан, тус тушаалууд нь хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг баримтлаагүй буюу хэдий тус заалтад нэмэлт, өөрчлөлт ороогүй ч хуулийн хэм хэмжээний давхардалтай холбоотой маргааныг сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн хэм хэмжээгээр буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байсан.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй буюу маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бусад тооцуулах урьдчилсан нөхцөлийг хангаж байна хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0858 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

          Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Б-г Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар түүнийг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилжээ. 

            Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс эдгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх “...дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудал дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд мөн хамааралтай байх тул нэхэмжлэгч нь “захиргааны байгууллага нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” үндэслэлээр энэ талаар маргах, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагаас аль нэг захиргааны байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн асуудлаар маргах, нэхэмжлэл гаргах эрхийг өөр бусад хуулиар тусгайлан зааж олгосон бол шүүх хүлээн авах зохицуулалтыг анхаараагүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг “...хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хүн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, харин захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг хуулиар тусгайлан олгосон байхыг шаардсан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаартайгаар зохицуулсан байна.  

Энэ тохиолдолд дүүргийн Засаг даргын эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжоор түүнд дүүргийн газрын албаны даргыг томилох бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан олгоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн Нийслэлийн Газрын албаны даргад холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР

                              ШҮҮГЧ                                                   Ц.ЦОГТ

                              ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН