Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00447

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00447

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05017 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-арт  холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2515 дугаар шийдвэрээр А-, Л.В- нараас 190,623,497 төгрөгийг гаргуулж “Банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч А-ын өмчлөлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Б-раас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /-/, Денверийн гудамж, *** байрны *** хаягт байрлах 96.80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн бөгөөд 190,623,497 төгрөгийг 1 сарын дотор төлөх боломжгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар хураан авсан.

1.3. Б-рын 2022 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 4-158/16695 тоот хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг буюу орон сууцыг шинжээч 275,426,300 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч мэдсэн.

1.4. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч “Банк” ХХК-аас үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг өмчлөгчид танилцуулалгүй шууд шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцуулах ажиллагаа явуулалгүй тогтоосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн өмчлөгчөөс үнийн санал авахдаа орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааг, 50 хувиар хоёр дахь дуудлага худалдаанд оролцуулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж, орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.

1.5. Түүнчлэн нэхэмжлэгч А-ын өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээ нь 96,80 м.кв бөгөөд барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй “Ц-” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууцны талбай тооцсон тэмдэглэлд тусгагдсан байгаа. Харин “Б-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд уг орон сууцыг 80 м.кв талбайтайгаар тооцож, зах зээлийн үнээс хэт багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй “Т-” ХХК-аар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулсан бөгөөд зах зээлийн үнэ цэнэ нь 319,817,520 төгрөгөөр үнэлэгдсэн. Б-раас томилсон хөрөнгийн үнэлгээний байгууллагаас 44,391,220 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн нь тус баримтаас харагдана.

Иймд хууль зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн үнэлгээнд хуульд заасны дагуу гомдол гаргаж байх тул нэхэмжлэгч А-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /-/, Денверийн гудамж, *** байрны *** хаягт байрлах, 96,80 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 80 м.кв тайлбай гэж дутуу үнэлсэн нь илт үндэслэлгүй бөгөөд хөрөнгийг 275,426,300 төгрөгөөр үнэлсэн нь мөн хууль бус тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2515 дугаар шийдвэрээр А-, Л.В- нараас 190,623,497 төгрөгийг гаргуулж “Банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /-/, Денверийн гудамж, *** байрны *** хаягт байрлах 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22260763/158-01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22260763/158-02 дугаар тогтоолоор хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хураан авч үнийн санал авахад төлбөр төлөгч А-, Л.В- нар нь 700,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, “Б-” ХХК-ийн үнэлгээчин тус үл хөдлөх эд хөрөнгийг 275,426,300 төгрөгөөр үнэлсэн.

Шинжээчийн тайланг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн               4-158/16694, 4-158/16696, 4-158/16695 дугаар албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 192,798,410 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-158/17331, 4-158/17330, 4-158/17328 дугаар албан бичгээр тус тус биечлэн мэдэгдсэн.

Тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

3.1. “Банк” ХХК-ийн зүгээс А-, Л.В- нарын ирүүлсэн 700,0 сая төгрөг гэх үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт давсан тул манай зүгээс үнэлгээ өгч харилцан тохиролцох боломжгүй байна гэж үзсэний улмаас шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь хоорондоо харилцан тохиролцох боломжгүй байсан. Төлбөр төлөгч буюу А-тай ярилцахад 700,0 сая төгрөгөөс буух боломжгүй гэсэн талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэлд байгаа. Тэмдэглэлийн дагуу тохиролцох боломжгүй гэдэг нь харагдаж байгаа.

3.2. “Банк” ХХК-аас анх захиалан бариулах гэрээний дагуу гэрээ байгуулж, өргөдөл гаргахдаа барьцааны хөрөнгийг 80 м.кв талбайтай гэж “Банк” ХХК-д мэдэгдэж улсын бүртгэлийн тусгай тэмдэглэгээ хийгдсэний дагуу гэрчилгээ 80 м.кв талбайтайгаар гарсан. Үүний дагуу шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний “Б-” ХХК нь үнэлсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Б-арт холбогдуулан гаргасан “Б-” ХХК-ийн үнэлгээчин С.С-ын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах А-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/23380 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хэргийн үйл баримт хангалтай тодорхой болоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч байгууллагаас томилсон шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй буюу зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэдгийг нотлох явцдаа үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх талбайн хэмжээнээс зөрүүтэй байгаа талаар олж мэдсэн талаах дурдсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан орон сууцны талбайд хэмжилт хийсэн талбайн дүгнэлт нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байх ба Б-раас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулан хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдлийг гардуулсан. Энэхүү үйл баримтаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүүг маргаан бүхий үнэлгээний тайлан гарсны дараа мэдсэн болох нь тодорхой харагддаг. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн энэ тайлбар, дээрх нотлох баримтанд дүгнэлт хийлгүй өмчлөгчийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхээ өмнө нь хэрэгжүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

5.2. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А- нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор барилга хот, байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл бүхий “Ц-” ХХК-д хандан өөрийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээг гаргуулахаар хандсан. Тус хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд орон сууцанд “орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” стандартын дагуу хэмжилт хийхэд орон сууцны талбайн хэмжээ 96.80 м.кв гарсан.

Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлуулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “Т-” ХХК-аар өөрийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тодорхойлуулахад 319,817,520 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шүүхээс дээрх хөрөнгийн үнэлгээний зөрүү болох 44,391,220 төгрөгт огт ач холбогдол өгөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэх хоёр үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн талбайд хийсэн хэмжилтийн дүгнэлтүүдэд шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт хангалттай тодорхой болоогүй байхад дүгнэлт гаргасан. Хэргийн нэг тал нь өөрийн өмч хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт хямдаар үнэлүүлж, эрх ашгаа зөрчигдсөн хэмээн шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан байхад шүүхийн дээрх хүсэлт хангахаас татгалзсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь улсын бүртгэлийн гэрчилгээнээсээ бодит байдал дээр илт зөрүүтэй байгаа эсэх дээр огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-арт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02515 дугаар шийдвэрээр А-, Л.В- нараас 189,448,107 төгрөгийг гаргуулан “Ббанк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /-/, Денверийн гудамж, *** байр, *** хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Б-ар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хураан авсан, нэхэмжлэгч энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.3. Төлбөр төлөгч А-, Л.В- нараас орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 700,000,000 төгрөгөөр тогтоолгохоор тус тус санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8/222 дугаар тогтоолоор “Б-” ХХК-ийн үнэлгээчин С.С-ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна. 

 

4.1 “Б-” ХХК-ийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 275,426,353 төгрөгөөр үнэлэхдээ нэхэмжлэгчийн орон сууцны талбайн хэмжээг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 80 м.кв-аар тооцож үнэлгээг тогтоожээ.

 

4.2. Харин “Ц-” ХХК-ийн хийсэн хэмжилтийн зурганд дээрх орон сууцны талбайг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS6058:2009 Монгол Улсын стандартын дагуу “96.80 м.кв” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээ бодитоор “96.80 м.кв” болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

4.3. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээч нь орон сууцны бодит бус талбайн хэмжээнд үндэслэн үнэлгээг тогтоосон байх тул давж заалдах шатны шүүхээс уг үнэлгээг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. 

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг үнэлгээг шүүх хянаж байгаа тохиолдолд шүүхийн журмаар шинжээч томилох хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлттэй харьцуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэж нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн тул дахин шинжээч томилох шаардлагагүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05017 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /-/ Денвер гудамж 79 байр, *** хаягт байршилтай 96.80 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 275,426,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б-раас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                               

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ                                                                                         

Э.ЗОЛЗАЯА