Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00565

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00565

 

 

*********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/00258 дугаар шийдвэртэй,

*********ийн нэхэмжлэлтэй, ********-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4,200,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* хариуцагчийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. ********-ны лифтчний ажилд эгүүлэн тогтоолгох

1.б. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах

1.в. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү

********* нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны Өнөр-324 СӨХ-д лифтчинээр 2009 онд СӨХ-ны дарга н.Янжмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Улмаар 2013 оноос эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл өөрийн хариуцсан лифтний үйлчилгээг бүрэн бүтэн байлгаж ажиллахаас гадна СӨХ-ны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ирсэн ба орцны оршин суугчдаас байнгын талархал хүндлэлийг хүлээж ирсэн.

Мөн 2009 оноос 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа лифтийг зогсоогоогүй бөгөөд засвар үйлчилгээг цаг тухайд нь СӨХ-ийн дарга удирдах зөвлөлд танилцуулан засварлаж ирсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сараас СӨХ-ны даргаар шинээр ирсэн ********* лифтчин, цахилгаанчин орцны жижүүр гээд маш олон хүнийг ажлаас үндэслэлгүй халсан. Лифт гэдэг бол мэргэжлийн хүн ажиллуулах болохоос биш мэргэжлийн бус хүн ажиллуулж болохгүй. Лифтний аюулгүй ажиллагаа дүрэм журам техникийн горим алдагдвал аюултайгаас гадна, хүний амь нас эрүүл мэндэд аюул эрсдэл учрах аюултай. СӨХ-ны дарга нь намайг үндэслэлгүй ажлаас халж мэргэжлийн бус хүнээр лифтийг ажиллуулж байна. Энэ талаар оршин суугчид ч *********д хэлээд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Халагдсан тушаалаа авъя гэхээр одоо хүртэл өгөхгүй хохироож, ********-нд ажилласан жил хасагдаж, эрх зүйн байдал дордоход хүрээд байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ********* нь холбооны дансанд "Өрнөх трейд" ХХК-ийн механик н.Баярмагнайгаас орж ирэх ёстой 300,000 төгрөгийг удаа дараа худлаа хэлж, давтан хувийн дансандаа шилжүүлж авсан нь тухайн компаниас мөнгөө авах гэж нэхэх үед илэрсэн. Tyc мөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-нд өөрийн 5619067593 тоот дансанд 100,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-нд мөн өөрийн 5619067593 тоот дансанд 200,000 төгрөг нийт 300,000 төгрөгийг удаа дараа давтан өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч хувьдаа завшиж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ажлаас халагдсан. Энэ байдлаа далдлан нууж, өөрийнхөө мөнгийг авсан гэх мэт худал хэлж механик н.Баярмагнайг мөнгө өгөөгүй гэж хэлээд надад тусал гэх мэт болчимгүй, хууль бус үйлдэл гаргаж байсан нь бичсэн мессежээр нь тогтоогдсон.

********* нь дээрх ноцтой зөрчил гаргаснаас хойш ажлын байран дээр хамтран амьдрагчтайгаа ирж танхайран, эд хөрөнгө эвдэн сүйтгэж, нярав н.Болор-эрдэнийг зодож, гудамжны гэгдэх хүмүүсийг хүртэл явуулж орцны хаалганы цоож эвдэх, лифтний машин өрөөнд оруулж сүлжээний утас тастуулах, лифт эвдлүүлэх, орцонд шээлгэх, орцны жижүүрүүдийн ажлыг хийлгэхгүй архи дарс уулгах гэх мэт хууль бус үйл ажиллагааг ихээр хийсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн 40 дүгээр зүйл, 40.1.4, 40.1.5, 43. 80 дугаар зүйл, 80 дугаар зүйл, 80.1.4 дүгээр заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Иймд ажилд эргүүлэн авах боломжгүй.

2021 оны 11 дүгээр сарын 03-ы өдрөөс өнөөдрийг хүртэлх 4,200,000 төгрөгийн цалинг гаргуулах гэжээ. ********* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдсан. Манай СӨХ-оос энэ хугацааны цалингаа аваад гарсан тул дээрх цалинг олгох үндэслэлгүй юм.

Нийгмийн даатгалын дэвтэрт хуулийн дагуу бичилт хийгдэхгүй болсон ба өөрөө Е Mongoliа-ааc хэвлэн авах боломжтой. Дэвтэртээ бичилт хийлгэх шаардлагатай бол манай нягтлан бодогч н.Солонгоор бичүүлж авч болно. Мөн ********* нь хуучин "Өнөр-324" СӨХ-ны дарга байсан М.Янжмаатай хийсэн ажлын гэрээ гэх хуурамч гэрээ бичүүлсэн,тамга тэмдэггүй хүчин төгөлдөр бус гэрээ хавсаргасан байна. Энэ М.Янжмаа гэдэг хүн бүх суугчдын хурлаар халагдсан.

Аудитын байгууллагад хахууль өгч хуурамч дүгнэлт гаргуулж байгаад баригдаад одоо цагдаад шалгуулахаар манайх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна.

********* нь хэл ам ихтэй, хамтран амьдрагч н.Бэхбат гэгчтэй нийлж, жижүүрүүдийг дарамтлан, дээрэлхэж, жижүүрүүд болон ойр орчмын дэлгүүрүүдээс мөнгө зээлэх, идэж уух юм зээлдэг, буцааж өгдөггүй, жижүүрүүдийг ажлыг нь хийлгэхгүй дуудаж нэг жижүүрийн өрөөнд цуглуулах зэрэг зүй бус үйлдлийг ажиллаж байх хугацаандаа гаргадаг тул Удирдах зөвлөлийн хурлаар 2 удаа орж сануулах арга хэмжээ авагдаж байсан. Мөн лифтний механикуудтай хуйвалдах техникийн материалууд дээр үнэ нэмж бичүүлэх гэх мэт зүй бус үйлдэл их гаргаж байсан. ********* нь мэргэжлийн бус лифт эргэгч авсан гэж худал бичсэн байна. Харин ч туршлагатай, орон сууцны системд олон жил ажилласан лифтчин механик, техникч хүнийг ажилд авч ажиллуулж байгаа. Ажлаас халсан тушаалыг бичиг хэргийн ажилтан н.Болор-эрдэнийг өгөхөд өөдөөс нь шидээд аваагүй атлаа тушаал болон бусад бичиг баримтуудыг авах гээд очиход өгөөгүй гэж худал бичсэн байна.

Нэхэмжлэгч ажлаас халагдсанаа мэдэхгүй 5-6 сар болсон гэдэг нь худлаа бөгөөд халагдах тушаалаа өөрөө урж шидсэн, мөн эргэж ажилдаа орохоор ярилцаж байсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ийн хариуцагч Өнөр 324 сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан лифт эргэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,200,000 гаргуулах, татвар, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Лифт засварын компанийн захирал н.Баярмагнай уг сэлбэг байхгүй байна гээд сэлбэгийн мөнгө 300,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм. Миний бие СӨХ-ийн дансанд тушаах эсвэл СӨХ-ийн нярав нягтлан хэн байгаад нь өгөхийг хэлж байсан. Тухайн үед нэг тайлбар хэлээд л чиний данс руу шилжүүлчихье, чи өгөөрэй гэсэн. Миний бие тухайн мөнгийг завшсан асуудал байхгүй, амьдралын хэрэгцээ гарч хэрэглэчихсэн байж байгаад шинэ дарга томилогдож ирэнгүүт нь СӨХ-д төлсөн.

4.б. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас халагдсан тушаалыг гардаж аваагүй ба тушаалаа нэхэхэд СӨХ-ийн даргын өрөөгөөр оруулах нь битгий хэл гуйлгачин түүлгэчин н.Янжмаагийн бууны нохойнууд гээд харааж загнаад хөөгөөд байдаг.

4.в. Мөн маш олон удаа шүүх хуралдааныг хойшлуулчхаад арай гэж хурал хийхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хуулийн 157 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талуудын хүсэлтээр уг хугацааг шүүх сэргээнэ гэж заасан байна.

СХД-ийн шүүгч Хишигбаатар, Баярмаа нар нь тухайн хүмүүсийн зөрчигдсөн эрхийг сэргээж хөөн хэлэлцэх хугацааг мөн л сэргээж ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн байсан. Гэтэл адилхан нэг байгууллагад ажиллаж байсан адилхан үндэслэлээр халагдсан байтал нэг хууль дүрэм мөрдөж байгаа шүүгч нар өөр өөр шийдвэр гаргасанд гомдолтой

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ********* зөвшөөрөлгүйгээр, өөрийнх нь албан тушаалд хамааралгүй үйлдлийг хийж, тухайн байгууллагаас мөнгө авсан учраас ажлаас чөлөөлсөн. ********* нь Өрнөх трейд ХХК-аас орж ирсэн мөнгө буюу нийт 300,000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр өөрийн данс руу шилжүүлэн авч, хувьдаа ашигласан. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн учраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь халсан. ********* энэ мөнгийг авснаа бид нарт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч лифтчин бөгөөд санхүү рүү орох эрх мэдэлтэй хүн биш юм. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилд авахаас өмнө дахиад 200,000 төгрөгийг н.Баярмагнайгаас чи надад өг гэж хэлж авсан байдаг. Даргатай чинь уулзъя гэхээр дарга байхгүй, ажилдаа ирээгүй. Манайд хүн байхгүй гээд оруулдаггүй байсан. Хуучин ажиллаж байсан нярав н.Энхтуяа энэ байдлыг илрүүлсэн. Тэгээд хоёр дарга солигдох үед авч, хувьдаа ашигласан. Тэгээд н.Энхтуяаг мөнгөө нэхээд 300,000 төгрөгөө авъя гэхэд Танай ********* гэх хүн авсан гэж хэлээд дансныхаа хуулгыг авчирч өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********-д холбогдуулан лифт эргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ********-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/01/57 тоот албан бичиг зэрэг баримтаас үзэхэд *********ыг тус холбооны гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх71, 130/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.5, 10.8.8 дахь хэсгүүдэд Удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхтэй байхаар зохицуулсан.

2.б. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********-д лифт эргэгчээр /лифтчин/ ажиллаж байгаад тус холбооны захирлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. /хх58, 59, 93/

2.в. *********ийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, холбооны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хариуцагч байгууллагад лифт эргэгчээр ажиллаж сарын 600,000 төгрөгийн цалин авч байсан нь нотлогдсон, энэ талаарх дүгнэлт зөв байна.

 

3. Зохигч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

********-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 62 тоот тушаалаар ажилтан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан. /хх 93/

Ноцтой зөрчилд ********* удаа дараа сахилгын зөрчил гаргасан, харилцагч Өрнөх трейд ХХК-аас холбооны дансанд орох мөнгийг өөрийн хувийн дансаар авсан үйлдлийг тооцсон бөгөөд 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан, дараа нь нөхөн төлсөн тухайд нэхэмжлэгч маргаагүй, ажлын шаардлагаар мөнгийг авсан, буцаан төлсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тушаалыг өөрт нь танилцуулаагүй, гардуулаагүй, халагдсан болохоо мэдээгүй 6 сар болсон гэх тайлбар үндэслэл муутай. Нэхэмжлэгч тушаалтай танилцсан, ажлаас халагдсанаа мэдэж байсан болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгүүдэд ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулжээ.

Хэргийн баримтаар *********ийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй.

Нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан гэх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, эрхээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/00258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД