Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00629

 

         Хан Вэй /HAN WEI/-г төлөөлж гаргасан

               Б.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Хан Вэй /HAN WEI/-г төлөөлж Б.Энхтүвшин, 

Хариуцагч : Дээжийн Өргөө ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага :  174.257.200 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Хан Вэй /HAN WEI/ нь “Монголын Алт” (МАК) ХХК-иас нүүрс худалдан авахаар 2012 онд тохиролцож төлбөр тооцоог  бүрэн шилжүүлсэн байдаг. Талуудын тохиролцсон нүүрс худалдах, худалдан авах ажил анх төлөвлөсний дагуу явагдаагүй тул уг нүүрсийг “Дээжийн Өргөө” ХХК-д МАК-аас нийлүүлсэн байдаг. “Дээжийн Өргөө” ХХК нь хүлээн авсан нүүрсний төлбөрийг Хан Вэйд төлөх байсан бөгөөд бага багаар төлсөөр 2013.9.20-ны өдрийн байдлаар 520.000 юанийн үлдэгдэлтэй болсон байдаг. Иймд Дээжийн Өргөө ХХК-иас 520.000 юань буюу 174.257.200 Монгол банкны зарласан ханш 2016.09.14-ний өдрийн байдлаар 1 юань 335.11 төгрөгөөр тооцож гаргуулж Хань Вэйд олгож хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Нийт 116.153 юанийг авсан гэдгээ зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 383.847 юань буюу 128.938.046 төгрөгийг Хан Вэй-д  гаргуулж өгнө үү гэжээ./хх 1, 28/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хай Вэй нь МАК-ийн нүүрс тээвэрлэх гэрээ хийгээгүй. Дээжийн Өргөө ХХК нь МАК ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд Хай Вей нь манай компанид хүсэлт гаргасны дагуу манай гэрээ дээр нүүрс татсан байна. Энэ үед Хай Вэй-с гадна Хятадын 3-4 компанид нүүрс нийлүүлж байсан. Эдгээр компаниуд дотооддоо өдөр бүр тооцоо нийлдэг байсан бөгөөд МАК-ийн нийлүүлсэн нүүрс нь Хятад компаниудын дотоод тооцоо  дээр алдсан байсан, үүнийг Хай Вэй  нар мэдэж байсан. Хан Вэй манай компанид хандсан ба цусны даралт харвах өвчин туссан хүнийг олон дахин чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс бичиг  хийж өгсөн нь үнэн. Хай Вэй нь тухайн үед манай компани дээр өөрийн биеэр ирж  бүх тооцоог Чаминчанга хийнэ гэсний дагуу манай компани мөнгөө бэлнээр болон дансаар шилжүүлж байсан. Одоо ямар хүн гарч ирээд юун мөнгө нэхэмжилж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Хятад талд өгч байсан болон Чаминчанга гэгчид өгч байсан мөнгөний баримтыг хавсаргасан болно гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дээжийн Өргөө ХХК-иас 128.938.046 төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн Хань Вэйг төлөөлж гаргасан Б.Энхтүвшингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дагаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.029.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг зөрчиж буруу дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийг хохироож байна. Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хэлцэл нь амаар хийгдсэн тул түүнийг нотлон гэрчлэх баримт бол нэн тэргүүнд талуудын энэ талаарх тайлбар байна. Хариуцагч тал төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилгоор нэхэмжлэгч талыг шаардах эрхгүй гэж шүүхийн шатанд маргаж байгаа боловч бодит байдал дээр амаар хэлцэл хийсэн тухайгаа болон нэхэмжлэгчид төлбөрийг хэрхэн төлж байсан тухай тайлбараа 2016.10.24-ний өдөр хангалттай өгсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие нэхэмжлэлд бичсэн үндэслэлээ шүүх хуралдаан дээр өөрчилсөн тухайгаа тайлбарласан. Нэхэмжлэгч иргэн Хань Вэй нь цус харвасан бөгөөд орчуулагчаар дамжуулсан мэдээллийг миний бие буруу ойлгосныг ийнхүү тайлбарласан. Харин ямар ч тохиолдолд хариуцагчийн хариу бичгээр гаргасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан, түүний төлбөрийг хариуцагч талаас төлж байсан тухай тайлбарыг үгүйсгэх боломжгүй, бодит үйл баримтыг хариуцагч өөрөө "тайлбарлаж бичсэн байгааг шүүх үнэлж дүгнээгүй, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн, хариуцагч нь иргэн Хань Вэйд зориулан төлбөр төлж байсан баримт нь түүний өмнө үүрэг хүлээснийг нотлох өндөр ач холбогдолтой баримтуудыг буруу үнэлсэн байна. Төлбөр төлж байсан баримтуудаас гадна 2013.9.20-ны өдрийн байдлаар 520.000 юанийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөө баталгаажуулсныг шүүх мөн адил үнэлж дүгнээгүй.  Нэхэмжлэгчийн шаардах эрхтэйг, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээснээ энэхүү төлбөр төлж байсан баримт, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар нотолсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Хан Вэй /HAN WEI/-г төлөөлж Б.Энхтүвшин шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дээжийн Өргөө ХХК-иас 174.257.200 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...БНХАУ-ын иргэн Хан Вэй нь Дээжийн өргөө ХХК-тай нүүрс худалдах, худалдан авахаар тохирч нүүрсний үнэнд 750.000 юанийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй... төлбөр барагдуулах тухай иргэний  бичсэн баримтаар хуулийн этгээдээс мөнгө гаргуулах үндэслэлгүй... мөнгө шилжүүлж байсан баримтууд нь Дээжийн өргөө ХХК-иас Хан Вэйд худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөр төлснийг нотлоогүй...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...Хан Вэй, Дээжийн өргөө ХХК-д нүүрсний үнэд 750.000 юань шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй... Дээжийн өргөө ХХК нь Хан Вэй тэй гэрээгээр үүрэг хүлээсэн нь мөн мөнгө шилжүүлсэн баримтууд Дээжийн өргөө ХХК-иас гэрээний үүргээ гүйцэтгэснийг тус тус нотлоогүй...” гэсэн агуулга бүхий үндэслэл заасан байна.   

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Энхтүвшин нь БНХАУ-ын иргэн Хан Вэй /HAN WEI/-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч итгэмжлэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын гэрчилсэн итгэмжлэл  /хх 6, 9/  Нотариатын  тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 41 дүгээр зүйлд нийцсэн эсэх буюу итгэмжлэлийг гадаад хэлээр үйлдэж монголоор орчуулсан эсхүл монгол хэлээр үйлдэж гадаад хэлээр орчуулсан эсэх нь ойлгомжгүй байна. Нотариатын тухай хуулийн 41, 9 дүгээр зүйлийн  9.2-т зааснаар хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно. Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.6, 64 дүгээр зүйлийн 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичсэн байхыг шаарддаг. 

Түүнчлэн, хэргийн 7, 8 дугаар тал буй баримтыг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын гэрчилсэн боловч нотариатч нь баримт бичгийн хуулбарыг эсхүл баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн эсэх нь тодорхойгүй, нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 25.1.10, 49 –т нийцээгүй байна.

Б.Энхтүвшин нь БНХАУ-ын иргэн Хан Вэй /HAN WEI/-г төлөөлөх эрхтэй эсэх нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05991 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 802.650 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ