Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2016/05991

 

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05991

         Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Хань Вэйг төлөөлж Баянгол дүүргийн 12-р  хороо, 21-р байрны 27 тоотод оршин суух, Б.Энхтүвшингийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, Монгол дизель ХХК-ний байр, 3 тоот, “Дээжийн өргөө” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 174 257 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Хан Вей нь “Монголын Алт” (МАК) ХХК-иас нүүрс худалдан авахаар 2012 онд тохиролцож төлбөр тооцоог бүрэн шилжүүлсэн байдаг. Талуудын тохиролцсон нүүрс худалдах, худалдан авах ажил анх төлөвлөсний дагуу явагдаагүй тул уг нүүрсийг “Дээжийн Өргөө” ХХК-д МАК-аас нийлүүлсэн байдаг. “Дээжийн Өргөө” ХХК нь хүлээн авсан нүүрсний төлбөрийг Хан Вейд төлөх байсан бөгөөд бага багаар төлсөөр 2013 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар 520,000 юанийн үлдэгдэлтэй болсон байдаг. Ингээд “Дээжийн Өргөө” ХХК-ий захирал Б.Дэмбэрэл нь 2013.09.20-ны өдөр “Хятад улсын иргэн Хань Вейд үлдэгдэл 520,000 юанийг нүүрсний үйл ажиллагаа явагдахад сарын 100,000 юаниар төлж барагдуулна” хэмээн баталгаажуулсан бичгийг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. Иймд “Дээжийн Өргөө” ХХК-иас 520,000 юань буюу 174 257 200 /нэг зуун далан дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун/ /Монгол банкны зарласан ханш 2016.09.14-ний өдрийн байдлаар 1 юань 335,11 төгрөг/ төгрөг гаргуулж Хань Вейд олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол алт” ХХК-иас “Дээжийн өргөө” ХХК нь нүүрсээ авч худалддаг байсан. БНХАУ-ын иргэн Хань Вэй нь 2012 онд “Дээжийн өргөө” ХХК-д нүүрс худалдан авахаар 750 000 юань шилжүүлсэн. Үүнээс 2013 оны 9-р сарын 20-ны байдлаар 520 000 юаны үлдэгдэлтэй болохыг захирал Б.Дэмбэрэл баталгаажуулж өгсөн байдаг. Гэвч хариуцагчийн гаргасан баримтуудтай танилцаад Чаминчанга гэдэг хүнтэй холбогдож төлбөр тооцооны талаар тодруулахад Хань Вэйгийн өмнөөс 2013  оны 12-р сарын 31-нд 20 000 юаныг Соёмбо гэдэг хүний дансруу шилжүүлсэн, Чаминчанга нь 2014 оны 4-р сарын 18-нд 30 000 юань, 2014 оны 9-р сарын 26-нд 20 000 юань, 2014 оны 11-р сарын 17-нд 15 000 юань, 2015 оны 2-р сарын 5-нд 15 000 юань, 2015 оны 3-р сарын 6-нд 10 000 юань, 2015 оны 4-р сарын 30-нд 10 000 юань, 2015 оны 10-р сарын 28-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 4-р сарын 2-нд 9 771 юань нийт 116 153 юаныг тус тус авсан гэж зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 383 847 юань буюу 128 938 046 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөр төлсөн баримтуудыг харахаар хариуцагч “Дээжийн өргөө” компани төлж байсан гэж ойлгогддог гэв.

 

Хариуцагч “Дээжийн өргөө” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хай Вей манай компаний эсрэг мөнгө нэхэмжлэн шүүхэд гаргасан хүсэлтэд хэд хэдэн худал зүйлүүд байна. Үүнд: Хай Вэй нь МАК-ийн нүүрс тээвэрлэх гэрээ хийгээгүй. “Дээжийн Өргөө” ХХК нь МАК ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд Хай Вей нь манай компанид хүсэлт гаргасны дагуу манай гэрээн дээр нүүрс татсан байна. Энэ үед Хай Вей-с гадна Хятадын 3-4 компанид нүүрс нийлүүлж байсан болно. Эдгээр компаниуд дотооддоо өдөр бүр тооцоо нийлдэг байсан бөгөөд МАК-ийн нийлүүлсэн нүүрс нь Хятад компаниудын дотоод тооцоо нийлүүлэлт дээр тооцоо алдсан байсан ба үүнийг Хай Вей, менежер Жарангурав гэх Өвөрмонгол хүн ч мэдэж байсан. Ингээд Хай Вей манай компанид хандсан. Би тухайн үед Хай Вей цусны даралт харвах өвчин туссан байсан үед настай өвчтэй хүнийг олон дахин чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс би дээрх бичгийг хийж өгсөн нь үнэн болно. Хай Вей нь тухайн үед манай компани дээр өөрийн биеэр ирж Монгол талын менежер Чаминчанга хэмээх энэ залууг дагуулан ирж, бүх тооцоог энэ залуу хийнэ гэсний дагуу манай компани мөнгөө бэлнээр болон дансаар шилжүүлж байсан болно. Одоо ямар хүн гарч ирээд юун мөнгө нэхэмжилж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Хятад талд өгч байсан болон Чаминчанга гэгчид өгч байсан мөнгөний баримтыг хавсаргасан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хан Вэй нь МАК ХХК-тай нүүрс худалдан авахаар тохирч мөнгөө бүрэн шилжүүлсэн гэдэг. Харин “Дээжийн өргөө” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ үүсгээгүй юм. Хэрвээ “Дээжийн өргөө” компаний худалдах, худалдан авах гэрээ үүсгэсэн бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Дэмбэрэл нь 520 000 юаныг төлнө гэж баталгаажуулсан гэх боловч үүнийг “Дээжийн өргөө” ХХК төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй. “Дээжийн өргөө” ХХК-нд гэрээний үүрэгтэй холбоотойгоор төлбөр төлөх үүрэг, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

БНХАУ-ын иргэн Хань Вэйг төлөөлж Б.Энхтүвшин нь “Дээжийн өргөө” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 174 257 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 128 938 046 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь “Дээжийн өргөө” ХХК-иас нүүрс худалдан авахаар тохирч 750 000 юаныг шилжүүлсэн, үүнээс 128 938 046 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл БНХАУ-ын иргэн Хань Вэй нь “Дээжийн өргөө” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авахаар тохирсон, нүүрсний үнэнд 750 000 юаныг шилжүүлсэн нь тогтоогдоогүй байна. 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 750 000 юаныг “МАК” ХХК-д шилжүүлсэн гэх ба шүүх хуралдааны шатанд 750 000 юаныг Б.Дэмбэрэлд бэлнээр өгсөн гэж тайлбарласан, хэргийн 4 дэх талд авагдсан “Хятад улсын иргэн Хай Вэйд үлдэгдэл болох 520 000 юаныг нүүрсний үйл ажиллагаа явагдахад сарын 100 000 юанаар төлж барагдуулна” гэсэн  Б.Дэмбэрэлийн 2013 оны 09-р сарын 20-ны өдрийн баримтаас дүгнэвэл “Дээжийн өргөө” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэг хүлээсэн гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Вань Шүэ Ен-д Намсрайгаас 2012 оны 9-р сарын 27-ны өдөр 100 000 юань төлсөн, 2013 оны 9-р сарын 18-нд 50 000 юань хүлээн авлаа И.Чаминчанга, 2013 оны 12-р сарын 31-нд Дүүрэнжаргалаас Т.Соёмбод 20 000 юань, 2011 оны 3-р сарын 23-нд Дүүрэнжаргалаас Wang Cheng-д 110 000 юань, 2016 оны 2-р сарын 4-нд Дэмбэрэлээс Чаминчангад 9 711.99 юань, 2015 оны 6-р сарын 3-нд Дэмбэрэлээс Чмаинчангад 10 000 юань, 2015 оны 10р сарын 28-нд Дүүрэнжаргалаас Чаминчангад 20 000 юань, 2015 оны 4-р сарын 30-нд Дүүрэнжаргалаас Чаминчангад 10 000 юань, 2014 оны 9-р сарын 26-нд Дүүрэнжаргалаас Чаминчангад 20 000 юань, 2014 оны 4-р сарын 18-нд Дэмбэрэлээс Чаминчангад 30 000 юань, 2014 оны 11-р сарын 17-нд Дүүрэнжаргалаас Чаминчангад 15 000 юань, 2012 оны 5-р саын 29-нд Дүүрэнжаргалаас Хай Вэйд 100 000 юань, 2015 оны 2-р сарын 5-нд Дүүрэнжаргалаас Чаминчангад 15 000 юань тус тус шилжүүлсэн /хх 18-25/ нь “Дээжийн өргөө” ХХК-иас Хань Вэйд худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөр төлснийг нотлоогүй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Дээжийн өргөө” ХХК-иас 128 938 046 төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн Хань Вэйг төлөөлж гаргасан Б.Энхтүвшингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Р.АЛТАНТУЯА