Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00613

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00613

 

 

*********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэртэй,

*********** нэхэмжлэлтэй, ******т холбогдох,

28,778,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хариуцагч ****** нь анх 2010 оны 06 дугаар сарын 05-нд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгатын 20 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц барьцаалан 13,000 ам доллар, мөн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уг байраа дахин барьцаалан Есөн дэлбээ ХЗХ-оос 20,000,000 төгрөг зээлсэн боловч зээлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч ******ээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү анхан шатын шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар хариуцагчаас 22,646 ам.доллар 34,168,820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулахад доллараар гэрээ хийж, ажиллагааны зардалд тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр 22,646 ам долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн долларын ханш 1,400.30 төгрөгөөр тооцож, 31,711,420 төгрөг гэж тооцож 34,168,820 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 480,543 төгрөг, нийт 66,360,783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн.

Төлбөр төлөгч нь төлбөрийг тухайн үед ханшийн зөрүүтэйгээр удаашруулахгүйгээр төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. Есөн дэлбээ ХЗХ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад татан буугдаж нэхэмжлэгч *********** нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр төлбөр авагчийн эрх, үүргийг шилжүүлж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоор ирсэн.

Гэвч хариуцагч ****** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэж улмаар анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь, төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжиж, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан.

Төлбөр төлөгч ****** нь барьцаа хөрөнгө 2 дахь албадан дуудлага худалдаанд орохын өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл нийт төлбөр болох 62,410,783 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөр төлөгч ******ээс Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22,646 ам доллар 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад олон жилийн дараа ямар нэг ханшийн өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлбөр төлснийг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөхгүйгээр маргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Төлбөр төлөгч ****** нь шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам долларыг төлөх ёстой байсан боловч төлбөр авагч тал болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зардал урамшууллын гэрээний дагуу ам.долларын ханшийг тухайн өдрийн долларын төгрөгтэй харьцах ханш болох 1,400.30 төгрөгөөр тооцож 31,711,420 төгрөг төлсөн нь төлбөр төлөгчид төлбөр завшуулсан, төлбөр авагчийг хохироосон үйлдэл гэж гомдолтой байна.

Хариуцагч ****** нь тухайн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар ам.доллараар төлөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийг төгрөгөөр төлөх, шаардлагатай гэж үзвэл төлбөр төлж байгаа өдрийн долларын ханшаар тооцож төлбөрөө төлөх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ****** нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй санаатайгаар удаашруулж 6 жил төлбөр авагч талын мөнгийг түгжиж, эргэлтэд оруулахгүй, олох ёстой байсан орлогыг шууд хаасан учраас төлбөр төлөгдөх өдрийн долларын төгрөгтэй харьцах ханш буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2,671.12 төгрөгөөр тооцож, 60,490,183 төгрөг төлөх ёстой. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын ханш 1,400.30 төгрөгөөр тооцож, 31,711,420 төгрөг төлсөн нь төлбөр авагч талыг илтэд бодитойгоор хохироосон үйлдэл юм. Иймд хариуцагчаас 28,778,763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ******ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, 28 дугаар байрны 30 тоот орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/01 тоот тогтоолоор битүүмжлэх, эд хөрөнгө хураах тухай 150/2 тоот тогтоолоор хурааж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хэд хэдэн удаа тогтоол үйлдэж дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй.

****** шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад НШШГГ-аар дамжуулж Есөн дэлбээ ХЗХ-д 2,000,000 төгрөгөөр 2 удаа 4,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөгийг тус тус төлснөөр нийт 66,410,783 төгрөгийг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Гэтэл Есөн дэлбээ ХЗХ түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан иргэн *********** нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийн байгууллагад барьцааны үүрэгт ногдуулсан бүртгэл дуусгавар болсон тухай албан тоотыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгөхөөс татгалзаж, иргэний хөрөнгөө өмчлөх, эзэмших эрхийг хохироож байсан тул гэрчилгээ, албан тоотыг албадан гаргуулахаар иргэн ****** тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед Н.Гантулга нь ам.долларын ханшийн зөрүү 28,000,000 төгрөг төлөгдөөгүй, дуусаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. *********** нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт иргэн ****** нь ***********д холбогдуулж бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Ам.долларын ханшийн зөрүүний улмаас төлөгдөөгүй гэх 28,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож нэхэх, шаардах нь хуулийн үндэслэлгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчин болгох үндэслэл болохгүй талаар 3 шатны шүүх зохих хууль хэрэглэж эрх зүйн дүгнэлт хийж, *********** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээд ******ийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар ******т холбогдох 28,778,763 төгрөг гаргуулах тухай *********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тухайн үедээ тооцож авахын тулд долларыг монгол төгрөгт шилжүүлэн гэрээ хийснээс болж өнөөдөр нэхэмжлэгч тал олон жил хохирч, мөн төлбөрөө аваагүй байж долларын ханшийн зөрүү 28,788,727 төгрөгөөр нэмж хохироод байна.

Харин Тэнгис болон *********** нарын хооронд төлөх ёстой 22,646 ам долларыг 1,400 төгрөгөөр тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо огт байхгүй, шүүхийн шийдвэрээр 22,646 ам доллар төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан.

4.2. Анхан шатны шүүх "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д "Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно" гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр гарсан өдрийн ханш буюу 1 ам.долларыг 1,400.31 төгрөгөөр тооцож, 22,646 ам долларыг 31,711,420 төгрөгөөр тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төлбөр төлөгч ****** нь долларын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн асуудлыг шүүх хянан шийдвэрлэж Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж " хариуцагчаас 22,646 ам доллар. 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ нь зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш доллар зээлсэн учир доллар гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж, нэхэмжлэгчийг хохироож байгаа энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна.

4.3. Нэхэмжлэгч тал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаа өнгөрөхөд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлүүлэхгүй байгаа нь нэгт: шүүхийн шийдвэр 22.646 ам доллар төлүүлэхээр гарсан, ханшийн зөрүүний өөрчлөлт гарч төлбөр төлөгдөх үеийн ханш болох 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2,671.25 байгаа нь 60,493,127 төгрөг болж байгаа, нэхэмжлэгч анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь нэхэмжлэгчийн мөнгийг түгжиж, маш их хохирол учруулж байна.

Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэтлээ удааширсан нь төлбөр төлөгчөөс шалтгаалсан учир шүүх үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөрийг бүрэн төлсөн. Төлбөрийг бүрэн төлсний дараа нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж, Сүхбатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүнд иргэн ****** нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон. Би төлбөрөө төлсөн нэхэмжлэгч *********** нь миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүй байна гэх агуулгаар бие даасан шаардлага гаргасан. Энэ маргааныг гурван шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа гүйлгээ арилжаа нь төгрөгөөр илэрхийлэгдэнэ. Банк валютаар ажлаа хийдэг тул гүйлгээ хийж болно, бусад гүйлгээ мөнгөн төлбөрийн хэмжээ нь төгрөгөөр илэрхийлэгдэнэ гэсэн зохицуулалт байна. Шүүх нэгэнт хэлэлцэж шийдвэр нь хүчин төгөлдөр байхад шинээр маргаан үүсгэж хариуцагчийг сольж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ******т холбогдуулан хохиролд 28,778,763 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

2.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр ******ээс 13,000 ам доллар, 34,168,820 төгрөгийг гаргуулж, Есөн дэлбээ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 542,513 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар тус шүүхийн 1597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13,000 ам.доллар гэснийг 22,646 ам.доллар гэж, 3 дахь заалтын 483,256 төгрөг гэснийг 480,543 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хх6-10/

Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 97 дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх11-12/

2.б. Улмаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо ******ээс 22,646 ам доллар, 34,649,363 төгрөгийн шаардах эрхийг ***********д шилжүүлснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам доллар, 34,649,363 төгрөг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч ****** 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 62,411,000 төгрөгийг шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 9/841 тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. /хх13, 15-16/

 

3. Нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр биелүүлэх гэрээ байгуулж, ам.долларын ханшийг 1,400.30 төгрөгөөр тооцож, 31,711,420 төгрөг, 34,168,820 төгрөг, нийт 66,360,783 төгрөгөөр гэрээ хийсэн.

Төлбөр төлөгч ****** шүүхийн шийдвэр биелүүлээгүй 6 жил 4 сарын хугацаанд ам.долларын ханш 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,671.12 төгрөг болсон бөгөөд 22,646 ам доллар 60,490,183 төгрөг төлөх ёстой байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан 31,711,420 төгрөгөөр төлбөр төлсөн тул энэ зөрүү 28,778,763 төгрөгийг гаргуулна гэж маргаж байна.

3.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхдээ ам долларыг тухайн үеийн ханш болох 1,400.30 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3.б. Хариуцагч ****** 22,646 ам долларын ханшийг 1,400.30 төгрөгөөр тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу нийт 62,411,000 төгрөгийг нэхэмжлэгч ***********д шилжүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

3.в. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагджээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш доллар байсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Дээр дурдсанаар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсанаас гадна, ****** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дах хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасны дагуу тухайн үеийн ханшаар төлснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД