Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00472

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00472

 

 

“А” ХХК, “Б” ХХК, В-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03562 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК, “Б” ХХК, В- нарын нэхэмжлэлтэй

Г-, тус газрын Д-, Е-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В-, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“А” ХХК нь 1992 онд байгуулагдаж, элс хайрга дайрга олзворлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Улмаар 1997 оноос ашигт малтмал хайгуулын чиглэлд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах болсон. “А” ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумын нутагт Хараа 1 нэртэй 28 га газарт цахиурын элсний олзворлолт, ашиглалт явуулж байгаад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын ай сав газарт геологи хайгуулын ажил болон олзворлолт, ашиглалт явуулахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан талбай тус хуулийн хүрээнд хамрагдаж 2016 оноос тус газарт ашигт малтмал олзворлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Г-рын Д- нь тус орд газрын уулын ажлын төлөвлөгөө, орд газрын нөөцийн тайланг танай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь голын ай сав газар хуулийн хамрах хүрээнд орсон байна гэсэн үндэслэлээр өнөөг хүртэл баталж өгөөгүй. Төрийн эрх бүхий байгууллагаас газрыг хууль гаргах замаар буцаан авсан боловч ашиглалтын үйл ажиллагааны зардал, ашиглалтын үйл ажиллагаанаас учруулсан хохирол, олох ёстой байсан орлого зэргийг хариуцаж төлөөгүй, гэм хорыг огт арилгаагүй, “А” ХХК-ийг хохироосон.

Ашигт малтмал хайгуулын үйл ажиллагааны явцад “А” ХХК-аас геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр Г-т 1,326,260,920 төгрөгийг төлсөн бөгөөд В-гийн өөрийн нэрээр Сангийн яаманд төлсөн 6,885,769 төгрөгийг нэмж нийт 1,333,146,689 төгрөгийг Д- болон Г-раас гаргуулж өгнө үү.

Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг үндэслэн Иргэний хуулийн дагуу 7,025,070,745 төгрөгийн авах авлагаасаа 2,025,070,745 төгрөгт дүйцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 4817,22 га газар буюу хайгуулын талбай 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж, үлдсэн 5,000,000,000 төгрөг гаргуулах, Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших ***, мөн сумын нутагт орших ****, мөн аймгийн Дашинчилэн сумын нутагт орших ****, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ***, мөн аймгийн Аргалант сумын нутагт орших ***, мөн аймгийн Аргалант сумын нутагт орших *** нэртэй газруудыг Г-рын кадастрын хэлтсийн дуудлага худалдааны дээд үнээр жишиг үнэ болгон үнэлж, хохирлын үнэлгээнээс хасаж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иргэний хуулийн дагуу 4,222,676,852 төгрөгийн авах авлагаасаа 321,916,000 төгрөгт дүйцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 3,219.16 га газар буюу хайгуулын талбай 4 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж, үлдсэн 3,900,760,852 төгрөгийг  Г-раас гаргуулж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч В-гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

В- нь 1998 оноос хойш Геологи, хайгуул уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж улмаар Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт орших Хараагийн хөндий хэмээх газар Кварцийн элсний орд газрыг нээн илрүүлж, геологи хайгуул судалгааны ажлуудыг хийж Г-раас тус газарт 8207А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байтал 2009 оны 7 сард Гол мөрний урсац бүрэлдэх эх голын сав газарт, геологийн хайгуул, судалгааны ажил, ашиглалт, олзворлолт хийхийг хориглох хууль гарч, улмаар тухайн газарт 2016 оноос эхлэн ашиглалт, олзворлолтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноор миний ажиллаж амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн юм. Иймд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,325 төгрөг, бүгд 6,885,769 төгрөгийг тушаасан болохыг “Аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 69 тоот албан бичгээр баталгаажуулсан аудитын дүгнэлтийг үндэслэж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-т заасан байдаг боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр төлөөгүй.

Тухайн лицензийг авахын тулд асар их мөнгийг зарцуулсан. 1995-1996 оны хооронд 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн ба тухайн үед 1,000,000,000 төгрөг нь 5 банк байгуулах хэмжээний мөнгө байсан. Үүнээс гадна бид орд газар дээрээ асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсний дараа улс бидний үйл ажиллагааг зогсоож, хохирол учруулсан. Аудитын дүгнэлтээр хохирол нь 7,000,000,000 төгрөг гэж гарсан ч бид тухайн лиценз байсан бол тэрнээс хэд дахин их хэмжээний ашгийг олох байсан тул үрэгдээд дуусах мөнгө бус цаашид ашиглагдах боломжтой, эрх нь зөрчигдсөн үйл ажиллагаа нь зогссон компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол бүхий 6 хайгуулын газрыг бидэнд өгөөч гэсэн хүсэлтэй байсан. Нэхэмжлэлийн гол шаардлага Монгол улсын Сангийн яам болон Г- тушаасан мөнгөний жаахан хэсгийг буцаан авах буюу тухайн мөнгөн дүнгийн оронд 6 хайгуулын газрыг авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төв аймгийн Аргалант сумын нутагт орших *** нэртэй газар хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрөл, аудитын газрын дүгнэлтийг үндэслэн хохиролд 58,906,250 төгрөгийг нэхэмжилж байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй тайлбартай холбогдуулан хариуцагч нараас лиценз эзэмшүүлэх шаардлагаасаа татгалзаж төлбөр буюу 7,025,070,745 төгрөгийг Г-раас гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үүнээс иргэн В- надад хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 58,906,250 төгрөгийг хариуцагч Г-раас гаргуулж өгнө үү.  

 

3. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“Б” ХХК нь 2011 оноос хойш геологийн хайгуул, уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт орших Хараагийн хөндий хэмээх газар Кварцийн элсний орд газрыг нээн илрүүлж, улмаар геологи хайгуул, судалгааны ажлуудыг хийж Г-раас тус газарт 8207А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байтал 2009 оны 7 дугаар сард Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын сав газарт геологи хайгуул судалгааны ажил ашиглалт, олзворлолтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноор ажиллаж амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн. “Б” ХХК нь лицензийн төлбөрт 92,237,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,260,100 төгрөг нийт 728,494,818 төгрөгийг тушаасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-т тус заасан боловч өдийг хүртэл нөхөн төлбөр өгөөгүй.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Г-ар, мөн газрын Д-сийн даргаас “Б” ХХК лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,260,100 төгрөг нийт 728,494,818 төгрөгийг тушаасныг Монгол улсын санхүүгийн тухай хуулийн дагуу тус хэргийн материалд санхүүгийн шинжээчийн хийсэн дүгнэлтийг үндэслэж Г-раас 2,743,487,642 төгрөгийг гаргуулах, Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778,28 га Дэнж нэртэй газруудыг Г-рын кадастрын хэлтсийн дуудлага худалдааны дээд үнээр жишиг үнэ болгон үнэлж, хохирлын үнэлгээнээс хасаж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

1 га газрыг 100,000 төгрөгөөр үнэлж 778,28 га газрыг үнэ 77,228,000 төгрөгийг хохирлын нийт үнийн дүн болох 2,743,487,642 төгрөгөөс хасаж 2,666,259,642 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

4. Хариуцагч Е-ны татгалзал, тайлбарын агуулга:

Е- нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргадаггүй тул аливаа хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулсан үйл ажиллагаатай холбогдсон зардлыг хариуцан шийдвэрлэх эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч Г-рын татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймаг, Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-008207 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр “А” ХХК-д олгосон. Уг тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай 18,42 га талбайгаар хэсэгчлэн, эдэлбэр газартай бүхэлдээ давхцалтай байгаа болохоос Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хэрэгцээнд аваагүй.

Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь Г-рын Кадастрын бүртгэлийн ГУУКК-системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн   299 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг батлан гаргасан. Уг журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан.

Гэтэл иргэн В-гийн үүсгэн байгуулсан “А” ХХК дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Г-рын Кадастрын бүртгэлийн ГУУКК системд Ашигт малтмалын ашиглалтын MV-008207 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “”А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Батсайхан бүртгэлтэй, тул компаниа төлөөлөөд явах бүрэн боломжтой тул иргэн В-г хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах нь үндэслэлгүй юм.

“Б” ХХК-ийн Г-т тушаасан 581,349,600 төгрөгийг, иргэн В-гаас Г-т тушаасан 6,885,763 төгрөгийг тус тус Г-раас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дархан-Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-008207 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр “А” ХХК-д олгосон байна.

УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож, тогтоолд дурдагдсан 7211 солбилцолыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Гэтэл “А” ХХК-ийн 28,65 га тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 18,42 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан байна.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу төрийн захиргааны байгууллагаас өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж нийтэд мэдээлсэн болно.

“А” ХХК нь нөхөн олговрын журмын 3.4.2-т заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын ашиглалтын MV-008207 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах хүсэлт ирүүлээгүй байна.

Хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сангийн яамны дэд сайдын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй... болохыг дурдсан байна.

Иймд “А” ХХК, “Б” ХХК, иргэн В- нарын нөхөх олговор болон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

7. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-д 4,222,676,852 төгрөг, нэхэмжлэгч В-д 58,906,250 төгрөг, “Б” ХХК-нд 2,743,487,642 төгрөг бүгд 7,025,070,745 төгрөгийн хохирлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын тосны газраас тус тус гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Е- болон Ашигт малтмалын газрын тосны газрын уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч В-гаас төлсөн нийт 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч “Б” ХХК-аас төлсөн 13,875,388 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газраас 22,271,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д, 522,681 төгрөгийг нэхэмжлэгч В-д, 13,875,388 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д гаргуулан тус тус олгож  шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

9.1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээг харилцан тохиролцож тогтоох, тохиролцохгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор заасан байхад  нэхэмжлэгч компанийн хүсэлтээр хөндлөнгийн шинжээчээр “Голден пэйж Аудит” ХХК, “Лэндс” ХХК-ийг томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9.2. Г- нь ашигт малтмалын ашиглалтын          МВ-008207 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг нөөцөд аваагүй, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хилийн заагт хамрагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс гэм хорын хохирол гэж 7,025,070,745.33 төгрөгийг Г-раас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

“А” ХХК Дархан Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-008207 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн усан сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай хэсгийг буцаан өгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулах эрхтэй юм.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үүрэг бүхий этгээд нь Засгийн газар байх тул Сангийн яамнаас гэм хорын хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байна.

9.3. Нэхэмжлэгч нар Г-рын кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар аваагүй, жинхэнэ хариуцагч нь Г- мөн эсэх талаар дүгнэлт хийлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

9.4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28.56 га талбай бүхий газар нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд зааснаар Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар заасанчлан түүний тусгай зөвшөөрлийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Г-раас мэргэшсэн санхүүгийн болон хөрөнгийн үнэлгээний байгууллагуудаас гаргасан дүгнэлт буюу Санхүүгийн шинжээч болон хөрөнгийн үнэлгээний “Голден пэйж аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн дүгнэлт зэргийг үндэслэн 7,025,070,745 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ” гэжээ.

“А” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/27, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08/02 дугаартай албан бичгүүдээр ашигт малтмалын ашиглалтын МВ-008207 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр цуцалсан.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын МВ-008207 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр цуцлаагүй, компанийн өөрийнх нь хүсэлтээр цуцалсан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК, В- нар нь хариуцагч Г-, тус газрын Д-, Е-нд тус тус холбогдуулан хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргасан.  

 

3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын ашиглалтын 8207А дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумын нутагт Хараа 1 нэртэй газарт орших 28 га талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч “А” ХХК-д олгожээ.

 

4. Нэхэмжлэгч нар нь уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирол гаргуулна гэж тайлбарлаж буй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ. Хэрэгт 8207А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн холбогдох шийдвэр баримтаар огт авагдаагүй байхад анхан шатны шүүх “2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна” гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчжээ.

Хэрэгт Г-рын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4051 тоот албан бичиг нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтад “Д-сийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт Хараа 1 нэртэй  28.65 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-008207 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдье” гэж дурдсан байна. Уг мэдэгдлийг үндэслэн холбогдох шийдвэр бодитоор гарсан байх гэж хийсвэрлэн дүгнэх учиргүй юм.

Хувийн эрх зүйд холбогдох маргааны хувьд талууд үйл баримтыг хүлээн зөвшөөрч тогтоож болох боловч нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс гаргасан шийдвэртэй холбоотой маргаанд уг шийдвэр гарсан эсэх талаарх үйл баримтыг талууд тайлбараараа тогтоох боломжгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдалд хамаарч байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тодруулаагүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлын хэмжээг хэд хэдэн удаа өөрчилж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр 4,222,676,852 төгрөгийн хэмжээнд шаардлагаа дэмжиж оролцжээ. 

Түүнээс гадна нэхэмжлэгч “А” ХХК нь хохирол шаардсан үндэслэлийг 1999 оноос хойшхи хугацаанд лицензийн төлбөрт 219,076,920 төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,600 төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 452,295,400 төгрөг зарцуулсан тул өнөөгийн үнэ цэнээр төлүүлнэ гэсэн агуулгаар тодорхойлжээ.

Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК нь 1999 оноос хойш 2007 онд ашигт малтмалын ашиглалтын 8207А тусгай зөвшөөрлийг авах хүртэл хугацаанд ямар зөвшөөрлөөр ямар үйл ажиллагааг маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй газар явуулж байсан, төлсөн лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж нь 8207А тусгай зөвшөөрөлтэй явуулж байсан үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэх, хайгуулын ажлыг ямар хугацаанд ямар зардлаар гүйцэтгэсэн, ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй үйл ажиллагаанд хайгуулын ажил гүйцэтгэсэн зардал шалтгаант холбоотой эсэхийг тодруулаагүй байна.

 

5.2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “А” ХХК-д 2007 онд олгогдсон 8207А тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой өөрт учирсан хохирлыг хэд хэдэн удаа өөрчилж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр 2,743,487,642 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг 2011-2020 онд лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 728,494,818 төгрөгийг зарцуулсан ба өнөөгийн үнэ цэнэ нь 2,743,487,642 төгрөг гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь маргаан бүхий 8207А тусгай зөвшөөрлийн эзэмшигч болох талаар хэрэгт баримт байхгүй, энэ тохиолдолд уг 8207А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор хохирол учирсан гэж тайлбарлаж буй бол шүүх шалтгаант холбоо байгаа эсэхийг дүгнэх учиртай, энэ талаар шүүх дүгнэлт огт хийгээгүй байна. 

Хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээнээс дүгнэвэл нэхэмжлэгч “Б” ХХК нь “А” ХХК-ийн өмнөөс гуравдагч этгээдийн хувиар тусгай зөвшөөрлийн хураамж, үйлчилгээний төлбөрийг төлж буй эсэх, эсхүл хууль болон  хэлцлийн үндсэн дээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсны үндсэн дээр холбогдох төлбөрийг төлж, холбогдох зардлыг гаргаснаар хохирсон эсэхийг тодруулах байжээ.

 

5.3. Нэхэмжлэгч В- нь “А” ХХК-д олгогдсон 8207А тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор өөрт учирсан хохирлыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр мөн 28,906,250 төгрөгийн хэмжээгээр дэмжжээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлийг 1998 оноос хойшхи хугацаанд лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,625 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийн өнөөгийн үнэ цэнээр хохирлыг гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч В- нь 1998 оноос хойш тусгай ямар зөвшөөрөл эзэмшиж байсан нь тодорхойгүй, маргаан бүхий 8207А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг талаар баримт гаргаж өгөөгүй, түүний хийж буй төлбөр нь уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэртэй шалтгаант холбоотой эсэхийг шүүх тогтоогоогүй байна.

 

6. “А” ХХК-ийн албан бичиг дээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Эрдэнэтуяа, “Б” ХХК-ийн захирал В-, иргэн В- тус тус гарын үсэг зурж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр огноолж шүүхэд ирүүлсэн байна. /1хх 206-207/

Дээрх алдааг нэхэмжлэгч нар залруулж тус бүрдээ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч агуулга нь нэхэмжлэлийн шаардлагын төгрөгөөр тодорхойлсон хэмжээг багасгасан, ийнхүү багасгасан үндэслэлийг тус бүрдээ тодорхой хэмжээгээр хайгуулын тусгай зөвшөөрөл авч байгаагаар тайлбарласан байна. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн агуулгатай тайлбар бүрийг анхан шатны шүүх тухай бүрт нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгч байсан бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар гаргах үүрэгтэй, уг үүргээ биелүүлэх эсэх нь өөрт нь хамааралтай юм.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр өмнө гаргаж байсан нэхэмжлэлийг 7,025,000,000 төгрөгийн хэмжээнд дэмжсэн нь нэхэмжлэгч нарын өмнө гаргаж байсан тайлбаруудаас зөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж бичгийн хэлбэрээр гаргуулж, хариуцагчид гардуулах, тайлбар авах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

7. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэвлэж үйлдэхдээ техникийн алдаа гаргаснаас шүүх хуралдааны үйл явц эмх замбараагүй, дараалалгүй явагдсан гэж дүгнэхээр байна. Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд гарын үсэг зурахдаа тэмдэглэлийг уншаагүйгээс алдааг залруулаагүй байна. Хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй.

Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай гарсныг дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг хэрэгт үдэгдсэн 2 дугаар хавтасны 97-101 гэж хар өнгийн балаар дугаарласан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэлийг өөрчлөхгүй байхыг анхааруулж байна. Энэ алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох алдаанд оруулж тооцоогүй болно.

 

8. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ                                          

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

                                                                        Э.ЗОЛЗАЯА.ЗОЛЗАЯА