Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 03

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

        Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-р байрны 28 тоотод оршин суух, Жамсрангийн Өлзийтөмөрийн нэхэмжлэлтэй,  

        Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Дархан цаазат газруудын  Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын Захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, дутуу олгогдсон 7000000 /долоон сая/ төгрөгийг гаргуулахыг хүссэн захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Өлзийтөмөр, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганболор, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Өлзийтөмөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны үед Байгаль орчны яам шинээр байгуулагдаж аймгуудад Байгаль орчны газар байгуулагдсан. Энэ цагаас ой, ус, газар, уул уурхай, ан хариуцсан Улсын байцаагч нар томилогдож намайг ойн ашиглалт хариуцсан Улсын байцаагчаар томилж ажиллуулсан юм. Дараа нь аймгийн Тамгын газарт зохион байгуулалтаар шилжүүлж, байцаагчаар ажиллаж байгаад 1995 оноос “Дорнод” хамгаалалтын захиргаанд Ургамал хариуцсан улсын байцаагчаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт хяналт шалгалт хариуцсан Ахлах мэргэжилтэн   бөгөөд   Байгаль   орчны   улсын   байцаагчаар,   2008   оноос   Байгаль хамгаалагч Улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллаж байгаад,  2016 оны 7 дугаар сард  тэтгэвэрт гарч Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрх үүссэн. Үүний дагуу манай байгууллагаас Байгаль хамгаалагч Ц.Дугаржав, Байгаль хамгаалагч улсын байцаагчийн эрхтэй  Ж.Өлзийтөмөр бид нарт тэтгэмж олгох саналыг явуулахдаа, Улсын байцаагчийн эрхгүй байгаль хамгаалагч Ц.Дугаржавт ТЗ-2, Улсын байцаагчийн эрхтэй надад ТЗ-6 ангиллаар тооцож Байгаль орчныг хамгаалах яаманд явуулж хянагдаад Сангийн яамнаас энэ тооцооны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд бид хоёрын тэтгэмжид олгогдох 42.6 сая төгрөгийг манай байгууллагын дансанд ирүүлсэн байдаг юм. Гэтэл байгууллагаас тэтгэмжийн мөнгийг олгохдоо: Ц.Дугаржавт 17,8 сая, надад 17.8 сая төгрөгийг нийт 35.6 сая төгрөг тус тус яг адил олгосон.

       Манай байгууллагад улсын байцаагчийн эрхтэй, эрхгүй гэсэн 2 чиглэлийн байгаль хамгаалагчид одоо ажиллаж байгаа. Гэтэл тэтгэмжийн мөнгийг энэ байдлыг харгалзахгүй адилхан олгож байгаа нь гомдол гаргах үндэс болж байгаа юм. Хяналтын систем шинэчлэгдсэний дараа надад байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга тушаалаа гаргаж олгосон.

         Би яагаад ТЗ-6 ангиллаар тэтгэмж тооцуулж авах ёстой вэ? гэдгээ тайлбарлая.

      1. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...байгаль хамгаалагч нь байгаль орчин хяналтын улсын байцаагчийн эрх үүрэгтэй байна гэсэн заалт

      2. Засгийн газрын 2017 оны 354 дүгээр тогтоолоор “Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилалд ... улсын байцаагч ТЗ-6 ангилалд хамрагдаж байна.

      3. 2012 оны 11 сард Улаанбаатар хотод тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгаалагч нарын Улсын чуулга уулзалт болж 400 орчим байгаль хамгаалагчид, ажилтан нар оролцсон Энэ чуулга уулзалт дээр сайд асан С.Оюун хэлэхдээ: байгаль хамгаалагч нар сайн ажилласан. 2013 оны 1 дүгээр сараас Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдыг ТЗ-6 ангиллаар цалинг олгоорой гэж Хамгаалалтын захиргааны дарга нарт үүрэг өгч тогтоолд тэмдэглэсэн юм. Энэ шийдвэрийг манай удирдлага хэрэгжүүлэх талаар огт санаа тавиагүй бид хүсэлт тавихад “Төсөв хүрэхгүй” гэж ам таглаж байсан. Ер нь нэг ажилтан нь “Улсын байцаагч”-ийн эрхийн дагуу ажиллаж байхад цалинг нэмэгдүүлэх талаар нэг ч албан бичиг явуулаагүй байгаа юм. Байгууллагын дарга хүн гэдэг чинь байгууллагынхаа ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талд санаа зовж байх ёстой биздээ.

       Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт”-ын  “Ажлын байрны 1-р зорилтын хүрээ”-ний 1.3-т “Байгаль хамгаалагч нь ... захиргааны зөрчлийн тэмдэглэл хөтөлж байгаль орчны хяналтын улсын байцаагчаар холбогдох арга хэмжээг авахуулах гэж заасан байна. Тэгэхээр миний хувьд  байгаль орчны хуулиудыг зөрчсөн үйл ажиллагааг мэдээллийн дагуу болон өөрөө илрүүлж торгууль нөхөн төлбөр тавьж шийдвэрлэж ирсэн юм. Тэгэхээр би өөрийгөө байгаль хамгаалагч бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагч гэж үзэж байна.

        Мөн ажлын байрны тодорхойлолтын 3.2-т ... тайлан мэдээг тогтоосон хугацаанд гаргаж өгөх гэж заасан. Байгаль орчны Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид тайланг улирал бүр гаргаж байгууллагын санхүүд өгч ажиллаж байсан. Үнэт цаас /торгууль, нөхөн төлбөр, шаардах хуудас, байцаагчийн акт/ тооцоог сар бүр гаргаж өгч байсан бөгөөд улсын байцаагчийн эрхгүй байгаль хамгаалагчид эдгээр ажлуудыг хийдэггүй юм. 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт намайг орон тооны бус байцаагч юм гэжээ. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэсэн байгаа нь орон тооны бус байцаагч гэдэгтэй огт дүйцэхгүй байгаа юм. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно” гэжээ. Иймээс “Улсын байцаагч”-ийн эрхийн дагуу ажил үүргээ явуулж ирсэн  гэж үзэж байна.

         Иймд Дорнод Хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн  Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, дутуу олгогдсон 7000000 төгрөгийг олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

      Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан Ж.Өлзийтөмөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тэрээр нэхэмжлэлдээ тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг ТЗ-6 зэрэглэлээр тооцож өгсөнгүй ТЗ-2 зэрэглэлээр тооцож өглөө. Энэ нь хохироосон гэж үзэж 7.0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид төрийн үйлчилгээний зэрэглэлд хамаарагдаж цалинждаг байгаад, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор төрийн захиргааны зэрэглэлд шилжих болсонтой холбогдуулж төрийн албаны шалгалтад ТЗ-2 зэрэглэлээр буюу туслах түшмэл албан тушаалд анх орж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажлын байрны тодорхойлолт болон Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор байгаль хамгаалагчдыг ТЗ-2 зэрэглэлээр цалинжуулахаар заасан.

    Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц орон тоо баталсан 2010-2015 онуудад гарсан А-100, А-6, А-233 дугаар тушаалуудад улсын байцаагчийн орон тоо гэж заагаагүй, байгаль хамгаалагч гэж заасан байдаг.

        Дорнод Хамгаалалтын захиргаа нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д заасны дагуу жил бүрийн төсвийн төсөл, байгууллагын үйл ажиллагааны тайлангийн саналд байгаль хамгаалагчдаа ТЗ-6 зэрэглэлээр цалинжуулах, тэтгэвэр тэтгэмж олгохоор төсвийн төвлөрүүлэн захирагчид төсөвлөж санал хүсэлтээ хүргүүлсээр ирсэн. Засгийн газраас Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дорнод хамгаалалтын төсвийг батлахдаа 2012 оноос хойш цалин, орон тооны санхүүжилтийг нэмээгүй хэвээр баталсаар ирсэн учир одоог хүртэл 2012 онтой адил хэмжээний төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Дорнод хамгаалалтын захиргаанаас 2016 оны төсвийн төсөлдөө Ж.Өлзийтөмөрийн тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг ТЗ-6 зэрэглэлээр тэтгэмж олгох дээд сар буюу 36 сараар тооцож тусган Байгаль орчин аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн. Харин хамгаалалтын захиргаанаас 2016 оны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө нь төсвийн төлөвлөгөөний дагуу 24 387 696 төгрөгөөр батлагдаж ирсэн ч Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдын цалин, орон тоо, албан тушаалын зэрэглэл ахих шийдвэр нь гараагүй цалингийн санхүүжилт шийдэгдээгүй өмнөх онтой адилхан батлагдаж ирсэн. Ж.Өлзийтөмөрийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж, ТЗ-2-5 зэрэглэлээр цалинжиж байсны дагуу тэтгэмж олгох сарын дээд хэмжээ буюу 36 сараар тооцож 17 803 322 төгрөгийг өөрийнх нь  цалингийн дансанд нь шилжүүлсэн. 

      Харин нэхэмжлэгч нь үлдсэн мөнгө болох тэтгэмжийн зөрүү 6 584 374 төгрөгийг байгуулалгын дарга зориулалт бусаар зарцуулах эрхгүй бөгөөд хамгаалалтын захиргааны төрийн сан дахь  070013005 тоот данснаас Сангийн яам 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төсөвт татан төвлөрүүлсэн юм гэв.

     Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь  2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, 7.0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гарсан. Хамгийн сүүлд ажиллаж байсан цалин буюу ТЗ-2-5 цалинжиж байсан, энэ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас харагдана. Тиймээс ТЗ-6-аар тооцож  тэтгэмж олгох боломжгүй юм. Харин  7,0  сая төгрөгийн тэтгэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

       Бид иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгийг ойлгож байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011, 2012 оны тушаалыг хүчингүй болгох талаар Улсын байцаагч нар мэтгэлцэх эрхтэй тухайн яамыг хариуцагчаар татаж, сайдын тушаал үндэслэлгүй байна гэж хэлэх цаг хугацаа нь болсон. Ж.Өлзийтөмөрийн тухайд тогтоосон төсвийнх нь дагуу тэтгэмжийг олгох эрхтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Жамсрангийн Өлзийтөмөр нь Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, дутуу олгосон 7.0 сая төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ. [1]

       Хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа нь Ж.Өлзийтөмөрт  Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг үндэслэл болгон 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар 17 803 322 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. [2]

      Нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилалд “Улсын байцаагч”-ийн албыг гүйцэтгэж байгаад тэтгэвэрт гарсан учраас ТЗ-6 ангилалд хамрагдаж тэтгэмж авах талаар маргаж байгаа болно.

       Ж.Өлзийтөмөр нь Баян Уул суманд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Ой агнуурын аж ахуйд ерөнхий инженер байцаагч, Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газар болон Байгаль орчны хяналтын газар, аймгийн Тамгын газрын Байгаль орчны хэлтэст ойн ашиглалт хариуцсан Улсын байцаагч, Улсын тусгай хамгаалалттай газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаанд Ургамал хариуцсан мэргэжилтэн-Улсын байцаагч, Байгаль хамгаалагч бөгөөд Улсын байцаагч зэрэг төрийн албыг нийтдээ 37 жил  хашиж байсан талаар тайлбарлаж байна.

       Хариуцагч байгууллага нь Ж.Өлзийтөмөрт олгогдох тэтгэмжийн мөнгийг ... Улсын байцаагчийн эрхтэй учраас ТЗ-6 зэрэглэлээр тэтгэмж олгох дээд сар буюу 36 сараар тооцон, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэний дагуу  Сангийн яаманд хянагдаад 24 387 696 төгрөгийн тэтгэмж олгогдохоор батлагдаж ирсэн байна. Харин тэтгэмжийн мөнгийг олгохдоо, ... албан тушаал ахих шийдвэр нь гараагүй, цалингийн санхүүжилт шийдэгдээгүй үндэслэлийг зааж 17 803 322 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкин дахь цалингийн дансанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн байна.[3]

      Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу олгоно.” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “... хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд Улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.” гэсний дагуу Ж.Өлзийтөмөрт Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхийг олгосон болох нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын “Улсын байцаагчийн эрх олгох тухай” 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19/б тушаал, Улсын байцаагчийн 39-04-029 тоот үнэмлэх зэргээр нотлогдож байна.[4]

      Ийнхүү Ж.Өлзийтөмөрийг Улсын байцаагчийн эрхийн дагуу хяналт шалгалтыг явуулан ажиллаж ирснийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрдөг хэдий ч ТЗ-6 цалинжуулах төсөв батлагдаагүй талаар тайлбарлаж байгаа болно.

     Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвшиж ажиллах нөхцөл баталгааг сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтан болох байгууллагын  удирдлагадаа тавихад,  ...төсөв хүрэхгүй байна гэсэн хариуг өгч байсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдыг ТЗ-6 зэрэглэлээр цалинжуулах талаар санал хүргүүлдэг гэж тайлбарлаж, шүүхэд нотлох баримтаар 2014, 2015 оны үйл ажиллагааны тайланг ирүүлснээс үзэхэд санал” хэсгийн 5-рт ”байгаль хамгаалагчдын цалинг ТЗ-2-оос ТЗ-5 болгох заалт”[5] байгаа нь нэхэмжлэгчид хамааралгүй заалт байна. Зүй нь хариуцагч байгууллагын захиргаа Ж.Өлзийтөмөрт Улсын байцаагчийн эрх олгосон үеэс нь цалингийн ТЗ-6 шатлалаар нэмэгдүүлэх талаар дээд шатны байгууллагад уламжилж албан бичиг, эрхийн акт гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах талд асуудлыг шийдвэрлэх байсан байна.

      Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна” гэж зааснаар Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхтэй байхаар хуульчилан тогтоожээ.

      Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу  Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  354 дүгээр тогтоолд байгаль хамгаалагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-2-оор, Улсын байцаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6-аар тус тус тогтоосны дагуу, Ж.Өлзийтөмөр нь Улсын байцаагчийн ангилал зэрэглэлд багтаж байгаа учраас ТЗ-6-аар цалинжуулж тэтгэмж олгох үндэстэй байна.

      Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын, ... хамгийн сүүлд хашиж байсан албан тушаал  гэдэгт байгаль орчны хяналтын “Улсын байцаагчийн албан тушаал”-ыг хашиж байсан учир, хариуцагч байгууллагын 1 удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг ТЗ-6 ангиллаар тэтгэмж олгох дээд сар буюу 36 сараар тооцон явуулсан саналын дагуу, Сангийн яамнаас 24 387 696 төгрөгөөр батлагдаж ирсэн нь хуульд нийцэж байна.

       Нэхэмжлэгч нь тэтгэмжийн зөрүү 7 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа бөгөөд шүүх … батлагдаж ирсэн  24 387 696 төгрөгөөс 17 803 322 төгрөг нь олгогдсон учир тэтгэмжийн зөрүү болох 6 584 374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 415 626 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй байна.

      Харин Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаал нь нэхэмжлэгчид 17 803 322 төгрөгийн тэтгэмж олгох эрх нээгдсэн тушаал хэдий ч нэхэмжлэгчийн албан тушаал, цалингийн шатлал, тэтгэмжээр олгогдох мөнгөн дүнг буруу бичигдсэн зэргийг хууль бус гэж үзээд хүчингүй болгож, ...тэтгэмжийн 17 803 322 төгрөг дээр олгогдвол зохих 6 584 374 төгрөгийг нэмж 24 387 696 төгрөг гаргуулах агуулга бүхий тушаал гаргахыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Жамсрангийн Өлзийтөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, дутуу олгосон тэтгэмжийн 6 584 374 төгрөгийг хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаал шинээр гаргахыг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдоржид даалгасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Өлзийтөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Өлзийтөмөрт олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн хуудас 1-6

[2] Хавтаст хэргийн хуудас 8

[3] Хавтаст хэргийн хуудас 84, 87

[4] Хавтаст хэргийн хуудас 12-13

[5] Хавтаст хэргийн хуудас 94, 97