Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0193

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар221/МА2019/0193

Улаанбаатар хот


Ц.Д-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0036 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Д-н  нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0036 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргаас Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн дахин шинээр акт гаргах хүртэл Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалыг түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх, ажилгүй байсан 2018 оны 5, 6, 7, 8 дугаар сарын цалин 4.967.504 төргөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” заасан ямар нөхцөл байдал үүссэн гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/552 дугаар тоот тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хариуцагчид хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан хууль бус тушаалаа зөвтгөх боломж олгосон гэж үзнэ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хууль тогтоомж, зөрчсөн эсэх, хууль зүйн үндэслэл бүхий байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй.

Маргаан бүхий акт Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1 -д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсоор байхад анхан шатны шүүх “...Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, буруулах, хураан аваx”, бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална”, 277.1.1-д өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр Ц.Д-г төрийн албанаас халсныг буруутгах боломжгүй...” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Д-с “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 2018 оны 5, 6, 7, 8 дугаар сарын цалинд 4,967,504 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь оновчгүй болжээ. Учир нь шүүх уг шийдвэрийг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд гаргах байтал энэхүү маргааны хувьд хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, эдгээр баримтуудаар хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн болох нь бүрэн тогдоогдож байхад шүүх түүнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ.

Тухайлбал, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сурын 16-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар тус газрын ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Ц.Д нь албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглан тус газрын хэвлэмэл хуудсыг худал хэлж аван иргэн М.Б-д дамжуулсан, хуурамч бичиг баримтад байгууллагын тэмдгийг дарж ашигласан ёс зүйн зөрчлүүд гаргасантай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Уг хуралдааны үед нэхэмжлэгч Ц.Д нь дээрх зөрчлүүдийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Улмаар маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5.3.1 /албан тушаалаа хувийн сонирхолоор ашиглахгүй байх/, 5.6.4 /Байгууллагын хэвлэмэл хуудас, албан бичгийг зохих журмаас гадуур авч явах, ашиглахыг хориглох/ дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” тохиолдолд албанаас халах зохицууцалтын дагуу Ц.Д-нг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн “дэд хурандаа” цолыг хураасан нь хуульд нийцжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн   26.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална”, 277.1.1-“өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж зааснаас үзвэл ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн зөрчилд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албанаас халах талаар илүү нарийвчлан зохицуулсан байх тул маргаан бүхий тушаалд уг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэснийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч байгууллагын шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ц.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах хуулийн хугацаа болох бөгөөд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл албанаас халах шийдвэрийг түдгэлзүүлэх” агуулга бүхий хүсэлтийг хариуцагч байгууллагаас хангаж шийдвэрлээгүй нь маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0036 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д-н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 2018 оны 5, 6, 7, 8 дугаар сарын цалинд 4,967,504 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-н гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН