Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 36

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч: ШШГЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ШШГЕГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг хүчингүй болгуулж Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5,6,7,8 дугаар сарын цалинд 4,967,504 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:  “Миний бие Ц.Д нь 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ШШГЕГ-ын даргын тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдож энэхүү ажил албан тушаалыг тасралтгүй 20 шахам жил дэд хурандаа цолтой болтлоо ажиллаж ирсэн ба энэхүү ажил албан тушаалыг хашиж ирэхдээ Дорноговь аймагт  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсан цагаас хойш энэ байгууллагыг орон нутагт байгууллагын дайтай болтол нь ар гэр амьдралаа үл хайхран хүчин зүтгэж ирсний гадна байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ямар нэгэн санхүүгийн болон өмч хөрөнгийн зөрчилгүй байгууллага болох хэмжээнд хүртэл хүчин зүтгэж ажилласан болно. Миний хөдөлмөрийг байгууллага болон төр засгаас өндөр үнэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт ажилтан тэмдэг, санхүү банкны тэргүүний ажилтан, цэргийн хүндэт медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан юм. Би цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу 20 жил ажиллаад 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврээ гаргахад 2 сар дутуу байхад ажлаас халж 20 жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлэхгүй хохироож байгаад харамсаж гомдолтой байна.

Гэтэл ШШГЕГ-ын  2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалаар намайг албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглаж байгууллагын хэвлэмэл хуудас тэмдгийг дарж ашиглан, бусдад дамжуулсан гэсэн үндэслэлээр ажлаас үндэслэлгүйгээр шууд халсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ талаар Монгол Улсын Төрийн  албаны зөвлөлд гомдол гаргасан боловч миний гомдлыг намайг ажлаас халсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар дамжуулан хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие намайг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг хүчингүй болгуулж Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5,6,7,8 дугаар сарын цалинд 4,967,504 (Дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга таван зуун дөрвөн) төгрөгийг гаргуулах.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШШГЕГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, цэргийн дэд хурандаа цол сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч Ц.Д 2000 онд Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анх нягтлан бодогчоор томилогдсон байдаг. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл тус байгууллагад 17 жил 11 сар 27 хоногийн хугацаанд дэслэгчээс дэд хурандаа хүртэл цэргийн цолтойгоор ажилласан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар захиргааны актаар нэхэмжлэгчийг хууль зөрчиж ажлаас халсан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэхь хэсэгт “Агентлагийн удирдлагын бүрэн эрхийг” заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1 дэх зүйл заалтыг барьж ажлаас чөлөөлсөн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.3.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах зөрчлийг гаргасан гэж үзээд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Ноцтой зөрчил гаргасан буюу гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “Хувийн ашиг сонирхлоор албаны А5 хэвлэмэл бланк авч н.Бат-Эрдэнэд дамжуулан хуурамч баримт бичигт байгууллагын тамга, тэмдэг дарж хөтөлсөн” ноцтой зөрчил гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд ажлаас нь чөлөөлж, цэргийн дэд хурандаа цолыг хураасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халах эрх зүйн зохицуулалттай байдаг. Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн нэг ч зүйл заалтыг баримтлаагүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж буй хууль зүйн үндэслэл тодорхой байх ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд “...Монгол Улсын харьяатаас гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халахаар заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт “...тус хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах” тухай заасан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг бариагүй ажлаас халсан нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжийг хязгаарлах тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн” талаар тусгасан байдаг. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүчингүй болсон хуульд заасан журмын дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмыг барьж халсан байна. Тус журмыг барьж ажлаас халах үндэслэл байхгүй.

2017 оны 07 дугаар сарын 01 өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тус хууль хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг салбарын сайд батлах ёстой. Гэтэл тус тушаал дээр үндэслэсэн ёс зүйн дүрэм нь хэдэн оны хуулиар баталсан дүрэм журмыг үндэслэсэн болохыг харахад хүчингүй болсон дүрэм журам байна.

Хуулийн дагуу тус байгууллагын ёс зүйн дүрмийг сайд батална гэж заасан байхад ШШГЕГ-ын даргын баталсан ёс зүйн дүрмийг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч гаргасан зөрчил, үйлдсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. 2018 оны 04 дүгээр сард Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Удирдлагын зөвлөлийн хурал болсон. Тус хурлаар нэхэмжлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “тэтгэвэрт гарахад 2 сарын хугацаа үлдсэн байна. Тус хугацааг харж үзээд намайг ажлаас чөлөөлж өгөөч, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байгаа” гэсэн өргөдөл гаргасан. Тус өргөдлөө аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж ШШГЕГ т хүргүүлсэн. Өргөдөл хүргүүлсэн албан тоот нь байдаг.

Гэвч тус хүсэлтийг шийдэхгүйгээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хуульд заасан журмын дагуу олгож, цэргийн дэд хурандаа цолыг сэргээж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Ц.Д нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Зэндмэнээс албан бичгийн А-5, А-4, газрын даргын тушаалын хэвлэмэл хуудас, даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн хэвлэмэл хуудас тус бүр 1 ширхэгийг “Дорноговь аймгийн Аудитын газрын нэршил солигдсонтой холбоотойгоор үзүүлэх гэсэн юм” гэж хэлж аваад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А-4, даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн хэвлэмэл хуудсыг тус тус буцаан өгч, бусдыг нь өгөөгүй байсан.

Иргэн Ц.Ды дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь ШШГГ-ын төлөөлөгч Г.Г албаны шалгалт явуулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус газрын дарга, дэд хурандаа П.У илтгэх хуудсаар танилцуулсан байна.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шалгаж, 1819000******* дугаар эрүүгийн хэрэг үүсгэн, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор иргэн Ц.Д нь иргэн М.Б-ийг хуурамч баримт бичиг үйлдэхийг мэдсээр байж байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж буй хэвлэмэл хуудас, тушаалын хуулбар, ажлын албаны үнэмлэхээ өгч явуулах, хоосон хэвлэмэл хуудсан дээр тэмдэг дарах, хуурамч баримт бичиг дээр байгууллагын тэмдэг дарах зэргээр хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт М.Б-тэй бүлэглэж оролцсон гэж гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэжээ.

Дорноговь аймаг дахь ШШГГ-ын даргын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Ц.Ды зөрчлийг хэлэлцэн ШШГЕГ-т 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/450 дугаар албан бичгээр Ц.Дыг албанаас халах саналыг ирүүлсэн,

Иргэн Ц.Ды гаргасан зөрчил нь 2017 оны 12 дугаар сард иргэн М.Бат-Эрдэнэд байгууллагын хэвлэмэл хуудас, өөрийн ажлын үнэмлэх зэргийг өгсөн ноцтой зөрчил гаргасан нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын 7.3.2.2-т “.... Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг гадны байгууллага, хүмүүст дамжуулахыг хориглоно." гэж, “ШШГБ-ын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5.3.1-д “Албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглахгүй байх” гэж, 5.6.4-д “Байгууллагын хэвлэмэл хуудас, албан бичгийг зохих журмаас гадуур авч явах, ашиглахыг хориглох" гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан тул ШШГЕГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар Ц.Дыг албанаас халсан байна.

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Ц.Д нь холбогдох хууль тогтоомжоор хориглосон хэм хэмжээг зөрчсөн. Бусадтай бүлэглэн байгууллагын өмчийг хууль бусаар ашигласныг Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон, ШШГЕГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. холбогдох журмаар ШШГЕГ-ын даргад эрх олгосон заалтыг үндэслэл болгосон байна.

Иргэн Ц.Дд “албанаас халах тухай’ шийдвэр гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох. мэдэгдэх ажиллагаа хийгдсэн, түүний гаргасан зөрчлийг албаны шалгалт болон шүүхээс тогтоосон, ШШГЕГ-ын даргад эрх олгосон хуулийн зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирох хуульд заасан арга хэмжээг авсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Хүчингүй болгосон сахилгын дүрмийг үндэслэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсноор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль зүй дотоод хэргийн сайдын шинэ эрх зүйн актууд батлагдах ёстой байсан. Хууль батлагдсанаар тухайн эрх зүйн акт шууд хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Тухайн эрх зүйн актыг хүчингүй болгосон эрх зүйн акт гарсны дараа хүчингүй болдог.

2002 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд манай байгууллагын сахилгын дүрмийг баталсан бол 2018 оны 09 дүгээр сард сахилга ёс зүйн дүрэм баталсан. Тус дүрмийг батлахдаа зөвхөн өөрийнхөө гаргасан 2002 оны тушаалыг хүчингүй болгосон. ШШГЕГ-ын даргын баталсан ёс зүйн дүрмийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй болохоор хэвээр үлдээсэн.

Сайдын тушаалаар дүрэм батлагдсанаар манай ерөнхий газрын дарга ёс зүйн дүрмээ хүчингүй болгосон. Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сард “Би тэтгэвэрт гарахад 2 сар үлдсэн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан учир ажлаас халах биш чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Тэрнээс өмнө Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албанаас халах санал ирүүлсэн байсан. Түүний араас Ц.Ды ажлаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн.

Хүсэлтийн хариуг өөрийг нь ажлаас халахаар болсон гээд Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа н.Н******* Ц.Дтай уулзаад ийм асуудлууд байна гэж хэлэхэд “би танд эргээд хариу хэлнэ” гэсэн.

Үүний дараа Хурандаа н.М*******тай уулзаад намайг ажлаас халсан ч чөлөөлсөн ч ялгаагүй тэтгэврээ авч чадахгүй юм байна. Халвал хал гэж өөрөө хэлсэн байдаг. Захиргааны удирдлагын газрын дарга биеэр уулзаад дээрх хариуг өгсөн учир 2018 оны 04 дүгээр сард гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй гэх нь өрөөсгөл ойлголт юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь ШШГЕГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5,6,7,8 дугаар сарын цалинд 4,967,504 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл ШШГЕГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 тоот тушаалыг түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Дыг байгууллагын тэмдэг, хэвлэмэл маягт, албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 332 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Ц.Ды үйлдсэн гэмт хэргийн талаар хэлэлцэж, албанаас халах саналыг ШШГЕГ т хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар албанаас халсан байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн Ц.Ды гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн ШШГЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, Ц.Дыг албанаас халсан ШШГЕГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Ц.Д 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан ШШГЕГ-ын даргад “... Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах хуулийн хугацаа болно.... Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй тул ажлаас халах асуудлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг.

Хариуцагчаас “Ц.Дыг албанаас халах шийдвэр гарах үед түүний гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлээр халаагүй,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилга, ёс зүйг зөрчсөн гэж үзэн  албанаас халсан” гэж тайлбарлажээ.

Харин нэхэмжлэгч Ц.Даас “гэмт хэрэг үйлдсэнээ шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хүлээн зөвшөөрч, тэтгэвэрт гарах хугацаа болох 2018 оны 7 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл албанаас халах шийдвэрийг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан боловч ШШГЕГ-ын дарга энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж маргажээ.

Ц.Д шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хариуцагчид хандан гаргасан дээрх хүсэлтийн талаар Төрийн албаны зөвлөлийн ШШГЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Хурандаа Б.Н*******: “... Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараа нь миний тэтгэврийн хугацаа болж байгаа гээд учир байдлаа хэлвэл болохгүй юм байхгүй байсан. Тэгээд одоо ямар учиртай гомдол гаргаад явааг ойлгохгүй байна” гэж, Бригадын генерал Ц.Амгаланбаяр: “... гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хүлээгээд байдаг ямар учиртай юм бэ? ...байгууллагын алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага гэж байна” гэснээр тэмдэглэгдсэн боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө Ц.Ды гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд албанаас халах шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулаагүй гэж тайлбарлаж байгаа атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана.” 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг  харгалзан үзээгүй.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална:, 277.1.1.өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;” гэсэн үндэслэлээр Ц.Дыг албанаас халсныг буруутгах боломжгүй боловч Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Ц.Дыг албанаас халах, чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалыг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн гаргасан Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх, ажилгүй байсан 2018 оны 5,6,7,8 дугаар сарын цалин 4.967.504 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргаас Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн дахин шинээр акт гаргах хүртэл Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалыг түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, цэргийн дэд хурандаа цолыг сэргээх, ажилгүй байсан 2018 оны 5,6,7,8 дугаар сарын цалин 4.967.504 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН