Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00586

 

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00586

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00126 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,185,178,720.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б ХХК нь А ХХК-тай 2018 оны 05 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож байгуулсан ипотекийн гэрээгээр Ц.С ын өмчлөлийн,

улсын бүртгэлийн Ү-00000 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 23 гудамж 3666 тоот хаягт байршилтай 000 м.кв хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээний 000 дугаартай, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 00 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 689 м.кв газар,

улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж 39а байр 21 тоот хаягт байрлах 72,91 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23-р гудамжны 500 тоот 000 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, 00 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-р гудамж 000 тоот 00 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 00 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 00 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан батлан даалтын гэрээгээр Ц.С батлан дааж өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно.

1.2. Б ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 сарын 10-ны өдөр дуусах боловч зээл авсан үеэс эхлэн зээлийн гэрээний 2.4, 3.1.3-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 4.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шаардаж, 2022 оны 05 сарын 19-ний өдрийн байдлаар 1013 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680.02 төгрөг, үндсэн хүү 785,750,903.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,250,925.68 төгрөг, шимтгэл 3,151,275.56 төгрөг нийт 2,185,178,720.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээл төлөгдөж дуусах хүртэл хүүг үргэлжлүүлэн бодох ба гэрээний 2.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодно.

1.3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд болон Ц.С ын хувийн батлан даалтын гэрээгээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 2,166,794,583.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 18,384,137.23 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С ын өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт 23-р гудамж 366б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 000 м.кв хувийн сууц, гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт 00 тоотод байрлах, эзэмших эрхийн 000 дугаар гэрчилгээтэй, 689 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39а байр, 21 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 72,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 23-р гудамж 500 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, 000 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 23-р гудамжны 500 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, 00 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 26-р гудамж 000 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, 00 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин 26-р гудамж 000 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 00 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин 26-р гудамж 000 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 00 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,154,044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,062,122.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар эрх олгох тухай тушаал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг баримтласан. Энэ нь гүйцэтгэх захирлын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон зохицуулалт бөгөөд шүүхэд гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргаагүй байна.

4.2. 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан шүүх хуралдаанд Б ХХК-аас Б.Сэр-Одод 2022 оны 12 сарын 30-ны өдөр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдлэж, үүргийг хүлээхээр итгэмжлэл олгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Мөн шүүхээс Монгол Улсад 2019 оны 12 сард Ковид-19 цар тахал илэрч, Засгийн газрын тогтоолоор 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сарыг хүртэл хугацаанд нийтийг хамарсан хөл хориог удаа дараа тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байхад хариуцагчийг гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй хугацааны үүргээс зээлийн гэрээнд заасны дагуу чөлөөлөөгүй нь үндэслэгүй.

2020 оны 02 сарын 15-ны өдрөөс Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын хилийг хааж, хүн болон ачаа тээвэр нэвтрэхэд хүндрэл учирч, манай компанийн бараа материал одоо болтол БНХАУ-д гацаад байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас 4 жилд төлөх хүүгээс 1 жилд төлөх хүү болох 266,466,757 төгрөгийг 2 жилээр тооцож 532,933,514 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар эрх олгох тушаалаар захирал Н.Эд 3 жилийн хугацаанд банкийг бүрэн төлөөлөх эрх олгосон.

5.2. Ковид-19 цар тахалтай холбоотой 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сар хүртэлх хугацаанд нийтийг хамарсан хөл хориог удаа дараа тогтоож байсан нь банкны хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Засгийн газрын тогтоолоор зарим зээлд 2021 оны 01 сараас 07 сар хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй гэсний дагуу уг хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй.

Зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс хүүг тооцож эхэлсэн ба 1 өдрийн хүүг тооцохдоо 1 жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногт үржүүлнэ гэж заасан. Хүүг тооцоолохдоо зээлийн үлдэгдлийг 2018 оноос хойш одоог хүртэл нэхэмжилсэн үлдэгдлээс шууд тооцож авна.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэнэ. Б ХХК-д гэрээнээс татгалзах эрхтэй байхад банкыг Ковид-19 цар тахалтай холбоотойгоор их хэмжээний хүү хасуулахаар тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 2,185,178,720.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Талуудын хооронд 2018 оны 05 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А ХХК нь 1,500,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх12-13/

 

3.1. Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Ц.С ын өмчлөлийн

 

- улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт 23-р гудамж 366б тоот хаягт байрлах, 000 м.кв хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

-гэрчилгээний 000 дугаартай, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт 00 тоотод байрлах, 689 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

- улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж, 39а байр, 21 тоот хаягт байрлах, 72,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 23-р гудамж 500 тоотод байрлах, 000 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 23-р гудамжны 500 тоотод байрлах, 00 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

 

- улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 26-р гудамж 000 тоотод байрлах, 00 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

 

- улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин 26-р гудамж 000 тоотод байрлах, 00 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин 26-р гудамж 000 тоотод байрлах, 00 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх 15-27/

 

3.2. Мөн өдөр А ХХК, Ц.С нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээгээр батлан даагч нь дээрх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн нийт 1,500,000,000 төгрөгийн зээл, зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүг хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар батлан даах үүрэг хүлээсэн байна. /хх 28/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Зээлдэгч Б ХХК нь зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул зээлдүүлэгч А ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

4.1. Хэргийн 9-11 дэх талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээр зээлдэгч Б ХХК нь 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

 

Иймд зээлдэгч А ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-ийг зээлийн гэрээний үндсэн төлбөрт 118,974,383 төгрөг, үндсэн хүүд 375,371,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 248,534 төгрөг, шимтгэл 4,816,022 төгрөг нийт 499,410,405 төгрөг төлсөн гэх тооцоололд хариуцагч нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний дагуу төлбөр төлсөн байдал, үлдэгдэл зээлийн хэмжээ, хүү зэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн үндэслэлтэй дүгнэжээ.

 

4.3. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон хэдий ч гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү 15,250,925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

4.4 Зээлийн шимтгэл 3,151,275 төгрөгийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос хамаарч тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталж, Монголбанкнаас баталсан журмын дагуу холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой мэдээллэх учиртай.

 

Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч буюу зээлдэгч Б ХХК нь шимтгэл төлөх үүрэггүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Б ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,381,043,680 төгрөг, хүү 785,750,903 төгрөг нийт 2,166,794,583 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,384,137 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Талуудын хооронд 2018 оны 05 сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Хариуцагч Б ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагч Б ХХК төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээг иргэн Ц.С тай байгуулсан тул уг гэрээний үүргийг Б ХХК-нд хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

7. Хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ тодорхойлсон тайлбарыг 14 хоногийн дотор шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй, тайлбар гаргаагүй байна. /хх47/

 

7.1. Үүнээс хойш 2022 оны 07 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-ийн захирал Ц.С оролцсон, шүүх зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.

 

Улмаар хариуцагчийг төлөөлөн Ц.Гүрбазар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 09 сарын 06-ны өдөр өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Н.Эрдэнэтуяа нартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч хариуцагч Б ХХК нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр Б.Сэр-Одод хариуцагчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг шинээр олгожээ.

 

7.2. Эдгээр байдлаас дүгнэвэл хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан, тус компанийн захирал Ц.С д шүүх эрх, үүргийг нь тайлбарлан өгснөөс хойшхи хугацаанд хариуцагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан буюу 2023 оны 01 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжит хугацаагаар төлөөлөгчийг томилох байжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох төлөөлөгчөө боломжит хугацааны өмнө томилоогүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материал танилцахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Хариуцагч Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын хилийг хааж, хүн болон ачаа тээвэр нэвтрэхэд хүндрэл учирч, манай компанийн бараа материал одоо болтол БНХАУ-д гацсан тул 2 жилийн хугацааны хүү 532,933,514 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдол гаргасан.

 

8.1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй.

 

8.2. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх, мөн бараа бүтээгдэхүүн БНХАУ-д гацсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,822,620 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ