Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00477

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00477

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/04358 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хариу өгөх тухай" 03/1603 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/33 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь “Б-” ХХК-аас 300,000 ам.доллар гаргуулахаар 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шүүхээр маргаж улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, “Б-” ХХК-аас 502,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,668,950 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 605 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/Ш32022/06552 дугаартай захирамжийн дагуу “Б-” ХХК-аас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э- нь миний тус газарт гаргасан өргөдөлд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гэх огноотой 4/355 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас’’-аар бичгээр хариу ирүүлэхдээ төлбөр төлөгч компанид холбогдуулан 4 гүйцэтгэх хуудас бүхий 826,589,954 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тухай дурьдаад нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-д заасны дагуу төлбөрийн шаардлагыг хангах дарааллын 4-т байгаа тухай мэдэгдсэн.

Уг албан бичигт заасан хариуг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь хандсан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03/1603 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгийг ирүүлсэн.

1.2. Уг маргааны шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх үндсэн нөхцлийг хангуулахын тулд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг 2012 онд зохих ёсоор хуулийн дагуу авч хэрэгжүүлсэн, уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тухайн үед нь хандаж холбогдох ажиллагааг гүйцэтгүүлсэн байтал шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн огноо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлсэн огноог шалгуур болгон дараалалд оруулж буй нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх үүргийг хуулиар хүлээдэг. Мөн А-гийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээг шинэ хууль үйлчлэхээс өмнө буюу 2012 онд гүйцэтгүүлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг надад тулгаж байгаа нь Иргэний хуулийн зарчимд нийцэхгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль хуулиудад нийцүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ерөнхий утгаар тодорхойлсон иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй байх зарчмын үзэл санаанд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасан үндэслэл нь төлбөр авагч миний эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээ байх тул, нөгөө талаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ нь шинэ хууль үйлчлэхээс өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжсэн тул дээрх зарчмын дагуу хуучин хуульд заасан нөхцлийн хүрээнд буюу миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал өөрчлөгдөх боломжтой юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03/1603 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгийг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э-ын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гэх огноотой 4/355 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э-ын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гэх огноотой 4/355 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03/1603 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулснаар төлбөр авагчдын жагсаалтын 1 дүгээрт бичигдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөрөө бусдаас түрүүлж барагдуулан авах боломжтой болно гэж үзэж байгаа. Түүнчлэн би анх шүүхэд хандахдаа хариуцагчаар хуулийн этгээд биш харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг татсан. Учир нь тухайн албан тушаалтан нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03/1603 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгийг гаргасан этгээд бөгөөд хариуцагчаа өөрчлөх, солих шаардлагагүй юм.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891, мөн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар хариуцагч “Б-” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 300,000 ам.долларын хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсны дагуу хариуцагч “Б-” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - байрны - давхарын - зогсоолыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

2.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ202/0365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор “Б-” ХХК-аас 504,868,950 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

2.3. Дээрх шүүхийн шийдвэрээс гадна Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1285 дугаар шийдвэрээр “Б-” ХХК-аас 114,779,822 төгрөгийг гаргуулж “З-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор “Б-” ХХК-аас 188,636,232 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална” гэж заасан. Хуульд дарааллыг үндэслэн 2 гүйцэтгэх баримт бичгийн 303,416,054 төгрөгийг барагдуулснаар төлбөр авагч А-гийн төлбөрийн шаардлагыг хангуулахаар явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад холбогдох Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03/1603 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э-ын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/33 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах тухай А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дараах шийдвэрийг үндэслэн явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохицуулсан талаар дурьдаад улмаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болох талаар зөв дүгнэлт өгсөн. Энэ нь шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг хангах, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход чухал ач холбогдолтой гэх агуулгаар дүгнэсэн. Гэвч энэхүү ажиллагааг авч хэрэгжүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж логикийн зөрчилтэй алдаатай дүгнэлт хийжээ.

Учир нь шүүхийн шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ авхуулсан захирамж нь тухайн иргэний хэргийн маргааны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, зөвхөн тухайн шаардлага биелэгдэх нөхцлийг урьдчилсан байдлаар бий болгоход чиглэсэн гагцхүү нэхэмжлэгчид хамааралтай ажиллагаа юм.

Тэрчлэн уг захирамжийн дагуу битүүмжлэгдсэн хөрөнгө нь тухайн шийдвэр биелэгдэх нөхцлийг хангах болохоос өөр этгээдүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл байдал болохгүй юм.

4.2. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж эцэслэгдэх эсэх нь төлбөр авагч буюу нэхэмжлэгч А-гийн хүсэл зоригоос хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээ биелүүлэх ажиллагааг өөрийн хүсэл зоригийн улмаас гүйцэтгэх байгууллагад өгөхгүй удаасан мэтээр асуудалд хандаж дүгнэлт өгсөн нь хэргийн үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.

4.3. Үүнээс гадна анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон харьяалалтай холбоотой зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхээс хуулийг хэлбэр төдий буруу хэрэглэснээс шалтгаалж нийгэм дээр шүүхийн шийдвэрээ яаралтай гаргуулах, төлбөр авагч нар уралдаж гүйцэтгэх хуудсаа бичүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллагад даруй хүргүүлэх ёстой мэтээр буруу ойлголт, үр дагаварт хүргэж болзошгүй, буруу жишгийг бий болгож байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан  Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хариу өгөх тухай" 03/1603 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/33 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулна гэж тодорхойлсон нэхэмжлэл гаргажээ.

 

3. “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан А-гийн нэхэмжлэлд шүүх 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаар, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн болох 300,000 ам.долларын хэмжээнд битүүмжилж, мөн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авчээ. Улмаар уг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор “Б-” ХХК-аас 502,200,000 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Дээрхи шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад “Б-” ХХК-д ходлбогдох хэд хэдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх дарааллыг тогтоосон шийдвэрийг гаргасан эсэх нь тодорхойгүй байна.   

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гаргаж буй гомдлын шаардлага нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нэрлэн заасан ажиллагааг явуулсан эсэх, энэхүү ажиллагааг явуулахдаа гаргасан албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхээр тодорхойлогдох учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэж буй баримт болох мэдэгдэх хуудас, ажиллагааны талаарх гаргасан гомдолд нь өгсөн хариу зэрэг баримтыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагыг тодорхойлсон нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байгааг анхааруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэж буй мэдэгдлийг хүчингүй болгоход уг мэдэгдэлд дурдсан ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд мэдэгдэлд дурдсан ажиллагааны талаар мэдэгдээгүй гэхээр өөр үр дагавар үүсэхгүй юм.

Түүнтэй нэгэн адил гомдолд хариу өгсөн албан бичиг ямар үр дагаврыг үүсгэсэн талаар нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Б-” ХХК-д холбогдуулан гарсан хэд хэдэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой дараалал тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн агуулгатай байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч уг дарааллыг тогтоосон эрх зүйн холбогдох ямар акт гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

5.2. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж дүгнэхгүй юм.

 

6. Давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.    

 

7. Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг хариуцагчаар татсан, шүүх түүнийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж зөв дүгнэснийг дурдах нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/04358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн - зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                               

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

Э.ЗОЛЗАЯА