Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03436

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 дүгээр сарын 26 өдөр               Дугаар 102/ШШ2023/03436                 Улаанбаатар хот

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлтэй

        

        Хариуцагч Н.Ш.Ш

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дараалалын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад 

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:                                               

Нэхэмжлэгч Т.Д

Н. ө Б.Б

Х.и.т М.Э, Ю.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Н.Ш.Ш газарт холбогдуулан дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дараалалын нэгдүүгээрт эрэмбэлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

         3.Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Би энэ жил 67 нас хүрч байна. Биеийн байдал муу шүүхээр яваад нэг ч төгрөгийн ашиг олоогүй.

        Мөнгө төгрөггүйгээс болоод өмгөөлөгчөө хүртэл гуйж шүүх хуралдаа оруулсан.

        Авсан зээлээ хүртэл төлж чадахгүй байна.

         Шүүхээс мөнгө төгрөгөө авч зээлээ дарна гэж гуйгаад явж байна.

         Амьдрал маань хүнд хэцүү байна. 2011 оны 03 дугаар сард захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг дагуулж явж авто зогсоолыг лацдаж битүүмжилсэн.

        Өөрөөсөө хүртэл цалин мөнгийг өгөөд харуул хамгаалалт гаргаж 10 гаруй жил энэ объектыг хамгаалсан.

            2022 онд шийдвэр гараад авах гэтэл миний дарааллыг дөрөвт оруулаад урд байгаа компаниудад өгч байгаа нь хохиролтой байна.

            2011 онд битүүмжлээгүй байсан бол тухайн компани зарах байсан.

            Үүнээс урьдчилан сэргийлж битүүмжлүүлсний үр дүнд авто зогсоол одоо байна. Иймд миний дарааллыг нэгдүгээрт эрэмбэлж 300.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү,

            Би бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Мөн элэгний хорт хавдартай болж авахуулсан.

          Энэ бүгдээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна, гэжээ.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00 угаартай  Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай нэхэмжлэлийн үнийн дүн 300.000 ам.доллар гаргуулах хэмжээгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хариуцагч И.К ХХК-ийн өмчлөлийн ...... дүүрэг, 0 дугаар хороо, 0000 дүгээр байрны В-1 давхрын 000 тоот авто зогсоолыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

          Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай Тогтоолоор И.К ХХК-аас 504.868.950 төгрөгийг гаргуулж Б.Д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр явуулсан.

           Дээрх шүүхийн шийдвэрээс гадна Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаартай  шийдвэрээр И.К ХХК-аас 114.779.822 төгрөгийг гаргуулан “Залуу монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэсэнд 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

          Мөн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр 28-ны өдрийн 0000 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаартай Тогтоолоор И.К ХХК-аас 188.636.232 төгрөгийг гаргуулж “Х х” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаад гүйцэтгэж байна.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай Шүүгчийн захирамжийн шүүхээс авах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар 03-ны өдрийн 000 дугаартай Тогтоолоор И.К ХХК-аас 504.868.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д олгохоор шийдвэрлэснээр дуусгавар болсон.

         Захирамжийн дагуу битүүмжилсэн хөрөнгө нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйлд заасан тэргүүн ээлжид барьцааны зүйлээс нэн шаардлага хангуулах эрхтэй барьцаа хөрөнгө биш байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч “З м”-ХХК болон “Х.х” банк ХХК-ийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлага 303.416.054 төгрөгийг төлсний дараагаар төлбөр авагч Б.Д төлбөрийн шаардлагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах бөгөөд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч  69-ийн гарсан шүүгчийн захирамжийг мөнгө гаргуулах шийдвэр гэж ойлгож байна.

Зөвхөн битүүмжлэх үйл ажиллагаа явуулахыг захирамжилж байгаа.

Иймээс тэргүүн ээлжид Б.Д олгоно гэсэн шийдвэр,  заалт биш юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл 2022 оны 03 дугаар сард Дээд шүүхийн тогтоолоор гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Мөн 2012 он, 2021 онд шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа “З.М” ХХК, “Х.х” банк ХХК-ийг хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж Т.Д дараа төлбөрөө аваарай юмуу, дараалалын 2.3 дугаарт оруулсан гэж хэлэх юм.

 Тиймээс хуулийг зөрчих боломжгүй. Дараалал тогтооход акт үйлдэх шаардлагагүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж болон шийдвэрийн он, сар дугаарлалт, хяналтын карт нээснээр ажиллагаа эхэлдэг.

 Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт хүүхдийн тэтгэлэг, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжид олгоно гэсэн заалтад хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

           6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

           7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх албаны 2022  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00000 дугаартай Гомдолд хариу өгөх тухай “Албан бичиг”, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай “Хариу” мэдэгдэх хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 000 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “Шүүгчийн захирамж”, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай “Шүүгчийн захирамж”, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийсэн тухай тогтоол”,

 

           7.Хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаартай “Итгэмжлэл”, 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 318 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай “Шүүхийн шийдвэр”, 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай “Шүүхийн  шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай”, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0000 дугаартай “Итгэмжлэл”,  2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай “Албан бичиг”, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудсыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ           “Миний бие барьцааны үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл хүнд цалин өгч хамгаалуулан, захирамжийн биелэлтийг хангуулах шүүгчийн захирамж гаргуулж, хэргээ гурван шатны шүүхээр шийдвэрлүүлээд ирэхэд эдгээр эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан өөр төлбөр авагч нарын өрөнд өгөх гэж байгааг зөвшөөрөхгүй. Дээрх үйлдлийг хийснээр би эхний ээлжинд төлбөрөө төлүүлж авах ёстой гэж үзэж байна” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Нэхэмжлэгчээс өмнө 2012 оны З.М ХХК, 2021 оны Х х” банк ХХК төлбөр төлөгч И.К ХХК-аас төлбөр авахаар шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна.Нэхэмжлэгчийн И.К ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дээд шүүхийн тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл бид хуульд заасан хэд хэдэн төлбөр авагч байвал дараалалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах заалтыг зөрчөөд, өмнөх төлбөр авагч нарыг алгасаад Т.Д төлбөрийг барагдуулна гэж болохгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дараалалын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байна.

 

         6.Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийн талаар доорхи ажиллагааг явуулжээ.    

 

         7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1285 дугаартай Шийдвэрээр хариуцагч И.К ХХК-аас 114.052.151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “З.м” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

        8.Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг мөн өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, тус байгууллага 0000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч н.Э шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 0000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудсыг хөтлөж, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гаргажээ.

 

        9.Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 000000 дугаартай Шийдвэрээр хариуцагч И.К ХХК, Б.Б /хууль ёсны төлөөлөгч Ш.Ч/, Т.З П.С нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 137.065.020 төгрөг 12 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х х.н” банк ХХК-д олгож, үлдсэн 243.565.243 төгрөг 46 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00000 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснийг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000000 дугаартай Тогтоолоор хариуцагч нараас 187.540.674 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэвээр байна.

 

       10.Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 00000 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 00000 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүргүүлж, тус байгууллага 000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 131 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудсыг хөтлөж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол гарчээ.

 

        11.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00000 дугаартай Шийдвэрээр хариуцагч И.К ХХК-аас 300.000 ам.доллар гаргуулж, нэхэмжлэгч Т.Д олгож, үлдсэн 11 ширхэг авто зогсоолын өмчлөх эрх, компанийн эзэмшилийн 0000000, 000000, 00000, 00000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнд тооцож шилжүүлэн зөрүү төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай Магадлалаар хариуцагч И.К ХХК-аас 502.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д олгохоор шийдвэрлэж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000000 дугаартай Тогтоолоор 0000 дугаартай Магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00000 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 0000 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүргүүлж, тус байгууллага 000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Я шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 0000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудсыг хөтлөж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 0000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол гарчээ.

 

         12.Иймээс талууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдаа явагдаж байгаа талаар маргахгүй байна.

 

         13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлахаар заасны дагуу төлбөр төлөгч И.К ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнөөс эхний ээлжинд 2012 онд бүртгэгдсэн “З” ХХК, дараагийн ээлжинд 2021 онд бүртгэгдсэн “Х.х” банк ХХК, гуравдугаарт иргэн Т.Д төлбөрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         14.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2012 он, 2021 онд төлбөр авахаар бүртгэгдсэн төлбөр авагч нарыг ямар үндэслэлээр дараагийн дараалалд буюу өөрийнхөө нэрийн ард талд оруулж бүртгүүлэхийг баримтаар үгүйсгэж нотлож чадаагүй бөгөөд түүний “нэгдүгээрт намайг эрэмбэлэж миний төлбөрийг барагдуулах ёстой, би шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахуулж хөрөнгийг хамгаалсан” гэх тайлбарыг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

         15.Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр авагч нартай ялгавартай хандах, хууль бусаар тэндэнд давуу эрх олгосон нь тогтоогдоогүй мөн нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ш.Ш холбогдох дараалал тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх дараалалын нэгдүгээрт эрэмбэлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА