Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00623

 

ху*************-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00102 дугаар шийдвэртэй,

*************-ийн нэхэмжлэлтэй, ********-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76,242,750 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 306,385,875 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, түүний өмгөөлөгч ***********, ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ************* нь ********-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 199,891 тонн жинтэй, нэгж үнэ 1,750,000 төгрөг, нийт 349,809,250 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдан авахаар Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг доорх байдлаар төлж барагдуулсан. Үүнд:

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ********-д дээрх гэрээний нийт төлбөрөөс 85,500,000 төгрөгийг бэлнээр төлж,

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, авлага, өглөгөө баталгаажуулах үед нэхэмжлэгчийн төлбөрийн үлдэгдэл 264,309,250 төгрөг болсон.

2020 оны 09 дүгээр сард манай компани өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 27, 28 тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110,552,000 төгрөгөөр тооцон ********-д шилжүүлсэн.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 4А тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ********-д баримт бичгийг нь шилжүүлэн өгч үүргээ гүйцэтгэсэн.

Өөрөөр хэлбэл, ********-д бид гэрээний дагуу 349,809,250 төгрөгийг төлөх ёстойгоос 426,052,000 төгрөгийг төлсөн буюу 76,242,750 төгрөгийг илүү төлсөн байна. Тухайн илүү төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардахад төлбөрөө төлөхгүй хохироож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү авсан 76,242,750 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн хүлээлгэн өгсөн гэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Төмөрт-Өргөө ХХК хүлээн авсан.Тухайн компани бидний хооронд үүссэн харилцаанд хамааралгүй тул тус компанид өгсөн гэх төлбөрийг бид тооцоонд оруулах үндэслэлгүй гэжээ

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** нь нэхэмжлэгч *************-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, тухайн оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 1 тонн арматурыг 1,750,000 төгрөгөөр тооцон, 199,891 тонн буюу 349,809,250 төгрөгийн арматур нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс манайд 35,000,000 төгрөг, 110,552,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 204,257,250 төгрөгийг төлөөгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 204,257,250 төгрөг, алданги 102,128,625 төгрөг, нийт 306,385,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: ********-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт дурдсан үйлчилгээний талбайг ********-аас авлагатай Төмөрт-Өргөө ХХК-ийн төлөөлөгч А.Энхтуяа гэгч нь 230,000,000 төгрөгт тооцон авсан талаараа баталгаа гаргаж өгсөн бөгөөд тухайн хөрөнгийг манайхаас гэрээний дагуу төлөх төлбөртөө тооцон шилжүүлсэн, харин одоо илүү гарсан төлбөрийн зөрүүгээ л авах ёстой. Манайх гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан зүйл огт гаргаагүй. Манай компанийн хувьд ********-д төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ********-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76,242,750 /далан зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *************-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *************-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 153,757,250 төгрөг, алданги 76,878,625 төгрөг, нийт 230,635,875 /хоёр зуун гучин сая зургаан зуун гучин таван мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай хариуцагч ********-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,163 /таван зуун гучин есөн мянга нэг зуун жаран гурав/ төгрөг, хариуцагч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,689,879 /нэг сая зургаан зуун наян есөн мянга найман зуун далан ес/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-аас 539,163 /таван зуун гучин есөн мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Төлбөрөөс үлдэх 153,757,250 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж 73а байрны 4а тоотод байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг "******** шилжүүлэн аваагүй бөгөөд манай компанийн өмчлөлд шилжиж ирээгүй.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Төлбөр төлсөн тухай" баримт үйлдэж, нэхэмжлэгч "Мавангүй" ХХК нь хариуцагч "Бадрах менежмент" ХХК-д төлөх 153,757,250 төгрөгийн төлбөрийг дээрх үл хөдлөх хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр тооцож барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

А.Энхтуяа нь манай компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд төлбөр тооцоо хүлээн авах эрх олгогдоогүй болохыг гэрч A Энхтуяа нь мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, "Бадрах менежмент" ХХК-ийн зүгээс А.Энхтуяад "Мавангүй", ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн "Арматур төмөр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр хүлээн авах эрх болон итгэмжлэл огт олгоогүй болно. Түүнчлэн Гэрч А.Энхтуяа нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...Би "Төмөрт өргөө" ХХК-ийн ажилтан бөгөөд "Бадрах менежмент" ХХК-аас надад "Мавангүй" ХХК-аас төлбөр тооцоо хүлээн авах эрх өгөөгүй, би тэр компанийн ажилтан биш гэсэн" мэдүүлэг өгсөн нь манай компанийн өмнөөс дур мэдэн хийсэн хэлцлийн үр дагаврыг хүлээх үүрэг үүсэхгүй болох нь үүгээр тогтоогдож байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 105 дугаар талд миний бие гэрчээс *************-аас авсан байрыг ********-ийн төлбөр тооцоо авч байгааг ******** мэдэж байсан уу гэж асуухад мэдэж байсан, ******** төлбөртөө тооцож авахыг хүлээн зөвшөөрсөн учраас авсан гэх мэдүүлгийг өгсөн.

Маргааны үйл баримтын тухайд ********, Төмөрт өргөө ХХК-аас зээлээр арматур худалдан авсан нь гэрээгээр тогтоогдсон.

Төмөрт өргөө ХХК, ******** нарын хооронд байгуулагдсан гэрээ, Төмөрт өргөө ХХК-аас *************-д өгсөн захирлын албан бичиг, А.Энхтуяа гэрчийн мэдүүлгүүд, тус мэдүүлгээс гадна Төмөрт өргөө ХХК-ийг гэрчээр оролцуулах талаар хүсэлт гаргасан, шүүх ********-ийн хүсэл зоригийг тодорхойлсон. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт танай компани шаардах эрх гаргасан эсэх талаар дүгнэсэн. Хариуцагч нарын өмгөөлөгч шаардах эрхийг хэзээ ч гаргах эрхтэй талаар тайлбарласан.

Гэрч А.Энхтуяагийн мэдүүлгээс үзэхэд ********-аас Төмөр өргөө ХХК 1,000,000,000 төгрөгийн арматурын төлбөр авах байсан, түүний төлбөрт эхний ээлжид 85,000,000 төгрөгийн төлбөрийг надаар дамжуулж авсан, манай компанийн хөрөнгө оруулагч н.Ганбаатараас 50,000,000 төгрөг, 35,500,000 төгрөг авсан. Өмнө авсан төлбөрт хариуцагч тал тайлбарлаагүй, хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас түүнийг агуулгаар нь хүлээн зөвшөөрсөн. Учир нь А.Энхтуяагаас 85,500,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн атлаа дараа нь авсан үйлчилгээний талбайг бид аваагүй, Төмөрт өргөө ХХК-д хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Тухайн үйлчилгээний талбайг А.Энхтуяад шилжүүлж өгсөн баримт байдаг. 30,000,000 төгрөгийн татвар бага төлөхийн төлөө халхавчилсан хэлцэл хийсэн боловч А.Энхтуяа, н.Мөнгөнтулга буюу Төмөрт өргөө ХХК-ийн захирал тухайн эд хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр бодож өгсөн хэлцлийн үндсэн мөнгөн үүнд илэрч байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

1. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ********-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 76,242,750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг ******** нь эс зөвшөөрч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 153,757,250, алданги 76,878,625 төгрөг, нийт 230,635,875 төгрөг гаргуулхаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Нэхэмжлэгч ************* болон ********-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******** нь 1 сарын хугацаанд 200 тонн арматур төмрийг *************-д нийлүүлэх, ************* нь 1 тонныг 1,750,000 төгрөгөөр тооцож 350,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

2.а. ********-аас 199,891 тонн арматур төмрийг *************-д нийлүүлж, гэрээний үнэ 349,809,250 төгрөг болсон талаар талууд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн *************-аас ********-д 85,500,000 төгрөгийг төлсөн талаар уг актад дурджээ.

Түүнчлэн талууд 2020 оны 09 дүгээр сард ************* нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 27, 28 тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110,552,000 төгрөгөөр тооцон ********-д шилжүүлсэн тухайд маргаагүй.

 

3. Зохигч гэрээний үлдэх 153,757,250 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж 73а байрны 4а тоотод байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг "********-нд шилжүүлсэн эсэхэд маргаж байна.

3.а. Хэргийн баримтаас үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 4А тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх

эд хөрөнгийг А.Энхтуяа гэх иргэнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

А.Энхтуяа нь дээрх хөрөнгийг н.Мөнгөнтулга гэгчид шилжүүлсэн баримт авагджээ.

 

3.б. Анхан шатны шүүх шийдвэртээ Төмөрт-Өргөө ХХК-тай холбоотой баримтуудыг дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч бус гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн шинжтэй байна.

Төмөрт-Өргөө ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болохуйц нөхцөл байдал үүссэн байх тул тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

3.в. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох илүү төлсөн төлбөрийг ямар хууль зүйн үндэслэлээр шаардаж байгааг тодруулах нь маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 76,242,750 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,692,343 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД