Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00102

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00102

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76.242.750 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 306.385.875 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  хариуцагчийн өмгөөлөгч Б.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Б  ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76.242.750 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Манай компани Б ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 199,891 тонн жинтэй, нэгж үнэ 1.750.000 төгрөг, нийт 349.809.250 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдан авахаар Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус төлбөрийг доор байдлаар төлж барагдуулсан. 1. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Бадрах менежмент ХХК-д дээрх гэрээний нийт төлбөрөөс 85.500.000 төгрөгийг бэлнээр төлж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, авлага, өглөгөө баталгаажуулах үед манай төлбөрийн үлдэгдэл 264.309.250 төгрөг байсан. 2. 2020 оны 9 дүгээр сард манай компани өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 27, 28 тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110.552.000 төгрөгөөр тооцон Бадрах менежмент ХХК-д шилжүүлсэн. 3. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 4А тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-д баримт бичгийг нь шилжүүлэн өгч үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Б  ХХК-д бид гэрээний дагуу 349.809.250 төгрөгийг төлөх ёстойгоос 426.052.000 төгрөгийг төлсөн буюу 76.242.750 төгрөгийг илүү төлсөн байна. Тухайн илүү төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардахад төлбөрөө төлөхгүй хохироож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү авсан 76.242.750 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. ... Хариуцагч Б ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт дурдсан үйлчилгээний талбайг Б ХХК-иас авлагатай Т ХХК-ийн төлөөлөгч А.Э  гэгч нь 230.000.000 төгрөгт тооцон авсан талаараа баталгаа гаргаж өгсөн бөгөөд тухайн хөрөнгийг манайхаас гэрээний дагуу төлөх төлбөртөө тооцон шилжүүлсэн, харин одоо илүү гарсан төлбөрийн зөрүүгээ л авах ёстой. Түүнээс биш манайх гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан зүйл огт гаргаагүй. Манайд Бадрах менежмент ХХК-д төлөх төлбөр байхгүй гэжээ.

2. Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Б  ХХК нь нэхэмжлэгч М  ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, тухайн оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 1 тонн арматурыг 1.750.000 төгрөгөөр тооцон, 199.891 тонн буюу 349.809.250 төгрөгийн арматур нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс манайд 35.000.000 төгрөг, 110.552.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 204.257.250 төгрөгийг төлөөгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 204.257.250 төгрөг, алданги 102.128.625 төгрөг, нийт 306.385.875 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн хүлээлгэн өгсөн гэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК хүлээн авсан, тухайн компани бидний хооронд үүссэн харилцаанд хамааралгүй тул тус компанид өгсөн гэх төлбөрийг бид тооцоонд оруулах үндэслэлгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 539.163 төгрөг төлсөн баримт, М  ХХК-иас Т.М  олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн компанийн дүрэм, Б  ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Төлбөр төлсөн тухай баримт, Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 72/31 дүгээр албан бичиг, Т  ХХК болон Б ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 004 дүгээр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-иас П.Л  олгосон итгэмжлэл, П.Л иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, Б  ХХК-иас Ц.Э  олгосон итгэмжлэл, мөн М.Х олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 1.689.879 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73А байрны 4А тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар /хх-35-67/, гэрч А.Э шүүхэд өгсөн мэдүүлэг тус тус авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч М  болон Б ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Б  ХХК нь 1 сарын хугацаанд 200 тонн арматур төмрийг М ХХК-д нийлүүлэх, М  ХХК нь 1 тонныг 1.750.000 төгрөгөөр тооцож, 350.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Ингээд Б ХХК-иас 199,891 тонн арматур төмрийг М  ХХК-д нийлүүлж, гэрээний үнэ 349.809.250 төгрөг болсон болохыг талууд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тооцож, тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн М ХХК-иас Б  ХХК-д 85.500.000 төгрөгийг төлсөн талаар дурджээ.

Түүнчлэн талууд 2020 оны 9 дүгээр сард М ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 0000 тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110.552.000 төгрөгөөр тооцон Б  ХХК-д шилжүүлсэн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт дурдагдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлсэн, зөрүү төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг манай компани хүлээн аваагүй тул үлдэгдэл төлбөрөө гаргуулна хэмээн тус тус маргасан.

Хэрэгт авагдсан М ХХК болон иргэн А.Э  нарын хооронд хийгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Төлбөр төлсөн тухай баримт, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар, Т  ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 72/31 дүгээр албан бичиг, Т ХХК болон Б  ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 004 тоот Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, гэрч А.Э  шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Гэрч А.Э мэдүүлэхдээ 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр  Б ХХК нь манай Т  ХХК-иас гэрээний дагуу 198 тонн арматур авч явсан бөгөөд энэ нь эхний худалдан авалт байсан, үүнээс хойш нэлээд хэд хэдэн худалдан авалт хийсэн. Ингээд Б  ХХК-иас төлбөрөө төлөхийг шаардахад тус компанийн захирал Б.У М ХХК төлбөр төлөхгүй байгаа тул танайд төлөх төлбөр байхгүй байна гэсэн. Тэгээд Б.У хамтаар М ХХК-ийн захирал Г.Г  хөрөнгө оруулагч гэх Г  гэсэн хүмүүстэй уулзаж, би тус 2 компанийн хоорондох төлбөр тооцооны асуудлаа хурдан дуусгахыг хүссэн. Тэгээд Б ХХК-иас М ХХК-д мэдэгдэл өгсөн бөгөөд үүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч манайд Б  ХХК-иас төлбөр орж ирээгүй. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын үед М ХХК-ийн захирал Г.Г  хөрөнгө оруулагч Г  нар надад Манай үйлчилгээний зориулалттай талбайг төлбөртөө тооцон аваач гэсэн санал гаргасны дагуу миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг надад хүлээлгэн өгөхдөө 2 өөр үнийн дүнтэй, 2 өөр баримтад гарын үсэг зуруулсан, М  ХХК болон Б  ХХК-ийн хооронд чухам хэдэн төгрөгийн тооцоо байсныг мэдэхгүй, энэ нь тухайн 2 компанийн хоорондын асуудал. М ХХК нь Б ХХК-ийн өмнөөс манай компанид 85.500.000 төгрөг төлсөн. Тэрийг Б    ХХК-ийн өгөх ёстой төлбөрт тооцон бид авсан, манай компани болон М Х ХК-тай ямар нэгэн харилцаа үүссэн зүйл байгаагүй боловч тухайн компаниас төлсөн төлбөрийг Б  ХХК-ийн өгөх ёстой төлбөрт суутган авч байсан. Б  ХХК-ийн захирал нь М ХХК төлбөрөө төлчихвөл танай төлбөрийг төлчихмөөр байна гэдэг байсан. Б  ХХК нь намайг М ХХК-иас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тэдний төлбөр тооцооны өмнөөс хүлээн авч байгааг мэдэж байсан гэж мэдүүлжээ.

Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 72/31 дүгээр албан бичигт Б  ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73А байрны 1 давхарын 00 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус компанийн дэд захирал Н.М  нэр дээр шилжүүлэн авч, гэрчилгээ гарсан. Б  ХХК нь манайд 395.000.000 төгрөгийг өр төлбөртэй бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа гэжээ.

Мөн М  ХХК болон иргэн А.Э  нарын хооронд хийгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Төлбөр төлсөн тухай баримт-ад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 230.000.000 төгрөгөөр тооцон авсан талаар, мөн тухайн хөрөнгийг М ХХК болон   ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт шилжүүлж байгаа тухайгаа тэмдэглэжээ.

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэргийн хуулбарт авагдсан баримтаас үзэхэд М  ХХК-ийн өмчлөлийн 392,05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Э шилжүүлж, А.Э нэр дээрх гэрчилгээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан, улмаас А.Э Н.М  дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 250.000.000 төгрөгийн үнэтэй хэмээн дурдаад 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэдий хариуцагч Б  ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг манайх хүлээн аваагүй гэх боловч М ХХК-иас Б ХХК-ийн Т  ХХК-д төлөх ёстой байсан төлбөрт тооцож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73А байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204111864 дугаартай, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 230.000.000 төгрөгөөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн тухайн төлбөрийн асуудал явагдаж байгаа талаар Б  ХХК-ийн эрх бүхий этгээдүүд мэдэж байсан тухай гэрч А.Э мэдүүлж, Т  ХХК ч үүнийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа албан бичигтээ дурдсан.

Хэдий улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримаар А.Э  30.000.000 төгрөгөөр үнэлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа ч А.Э  нь Н.М  шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 250.000.000 төгрөг хэмээн тогтоосон нь уг үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээ гэж үзэх үндэслэлтэй ба М ХХК-ийн А.Э  230.000.000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн тухай баримт бодит үнэнд нийцсэн гэж үзлээ.

Иймд хариуцагч Б  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү төлөгдсөн 76.242.750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

3. Б  ХХК-ийн нэхэмжлэгч М  ХХК-д холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 204.257.250 төгрөг, алданги 102.128.625 төгрөг, нийт 306.385.875 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 204.257.250 төгрөг, алданги 102.128.625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж, үндсэн төлбөрт 153.757.250 төгрөг, алданги 76.878.625 төгрөг, нийт 230.635.875 төгрөг гаргуулах тухай хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Шүүх энэхүү сөрөг нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Б  ХХК нь М ХХК-иас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 73А байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн аваагүй гэх боловч энэхүү үйл баримт нь гэрч А.Э  шүүхэд өгсөн мэдүүлэг, Т ХХК-ийн албан бичиг, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэзээ, хэнд, хэрхэн шилжсэнийг нотлох улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар зэрэг баримтаар няцаагдаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б  ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш албан ёсны хариу тайлбар ирээгүй, мөн ажиллагаа эхлүүлснээс хойш 5 сарын дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичгийн баримт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн хэргийн үйл баримтаас харахад хариуцагч нь бусдын өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгч М ХХК-иар гүйцэтгүүлсэн байх бөгөөд хэрэв М  ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байсан бол 2020 оноос хойш өдий хүртэл хугацаанд гэрээний үүргээ шаардах бүрэн боломжтой байсан.

Гэвч энэхүү шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тухайн эс үйлдэхүйгээрээ хариуцагч нь М  ХХК-ийг төлбөрөө төлснийг хүлээн зөвшөөрч байсан, мөн зөрүү төлбөрийг төлөх үүрэгтэй болохоо мэдэж байсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч М  ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 153.757.250 төгрөг, алданги 76.878.625 төгрөг, нийт 230.635.875 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, мөн баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539.163 төгрөг, хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.689.879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б    ХХК-иас 539.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76.242.750 /далан зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 153.757.250 төгрөг, алданги 76.878.625 төгрөг, нийт 230.635.875 /хоёр зуун гучин сая зургаан зуун гучин таван мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539.163 /таван зуун гучин есөн мянга нэг зуун жаран гурав/ төгрөг, хариуцагч Б    ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.689.879 /нэг сая зургаан зуун наян есөн мянга найман зуун далан ес/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 539.163 /таван зуун гучин есөн мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА