Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 109/2019/0017/з |
Дугаар | 001/ХТ2021/0059 |
Огноо | 2021-03-01 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2021/0059
“З-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Цэнхэр сумын
Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2020/0021 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 602 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “З-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2020/0021 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “З-Э” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 602 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2020/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “З-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... хоёр шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж маргаан бүхий захиргааны актын талаар хууль бус дүгнэлт хийх замаар хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
4. Хэргийн үйл баримтын тухайд: хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “З-Э” ХХК Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр, Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх нэртэй газарт “Аялал жуулчлалын зориулалт”-аар 2 газар, “Жимс жимсгэний зориулалт”-аар 2 га газрыг тус тус эзэмшдэг болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаар захирамжаар 2 га газрыг 15 жилийн хугацаатай “...жимс, жимсгэний зориулалт... ”-аар, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай захирамжаар 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа ба уг захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулагдснаар газрын харилцаа үүссэн. Газрын харилцаа үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих журмын дагуу тогтоосон газрын төлбөрийг төлж ирсэн.
5. Гуравдагч этгээд Р.Э-ийн эзэмшдэг гэх газрын хувьд иргэн Д.С-т Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 40x50 хэмжээтэй буюу 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг анх 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон байх боловч Д.С нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Р.Э-д уг газрыг шилжүүлсэн байдаг. Уг худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг үзэхэд Д.С нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт байрлах 2000 м.кв газрын эрхийг шилжүүлсэн буюу төрийн мэдлийн газрыг худалдсан талаарх гэрээ нотлох баримтаар хэрэгт авагдсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 14 дүгээр захирамж гарч Р.Э-д Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50x40 хэмжээтэй газрын эрхийг олгож 2008 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 0223601 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Анх газар олгохдоо ч байршлыг тодорхой нэрлэн заагаагүй ба 2016 онд А/90 дүгээр захирамж гарч 14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байдаг.
6. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамж гарч “...Иргэн Р.Э-д Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Халуун-Ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуй нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө...” гэх нөхцөлөөр тухайн үеийн Цэнхэр сумын Засаг даргатай эвлэрсэн.
7. Р.Э гэгч этгээдийг нэхэмжлэгч тал өмнө нь огт таньж мэддэггүй байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэсэг бүлэг хүмүүсийг дагуулан ирж “З Э” ХХК-ний жимс жимсгэний зориулалттай газрыг “...энэ газар миний газар, хашаагаа буулгаад аваад яв, гарах зардлыг би төлнө, энэ газар анхнаасаа миний газар байсан... ” гэх зэргээр хүч хэрэглэн түрэмгийлж нэхэмжлэгчийн газартай зэрэгцүүлэн хашаа хатгах, гэр барих зэрэг оролдлого гаргаснаар маргаан үүсэх болсон.
8. Дээр дурдсан газартай холбоотой нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй ба гуравдагч этгээдийн “Эвлэрсэн захирамж” хууль зүйн үр дагавар үүсгээгүй, уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь нэхэмжлэгч талын эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй /давхцалгүй/ байна гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Д.С-т 2002 онд олгосон газрын байршил анхнаасаа тодорхойгүй байсан, байршил тодорхойгүй Р.Э-ийн газар эзэмших эрхийг эвлэрсэн захирамжийг үндэслэн сэргээснээр аль нэг иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хөндөгдөх бодит нөхцөл байдал үүссэн болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болсон.
9. Хууль хэрэглээний тухайд: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...” гэж хууль тогтоогч хуульчилсан. Нэхэмжлэгч “З Э” ХХК нь жимс жимсгэний зориулалттай газрыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2011 онд дуудлага худалдааны журмаар анх олж авсан ба энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журамд ниийцэж байгаа болно.
10. Харин гуравдагч этгээд Р.Э анхнаасаа байршил тодорхойгүй газрыг шүүгчийн захирамж /эвлэрсэн захирамж/ гаргуулах байдлаар 2 га газрын эрхийг сэргээлгэх байдлаар олж авч байгаа нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг шууд зөрчиж байхад хоёр шатны шүүх маргаан бүхий актын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Газрын тухай хуулийн 31.1.2, 29.1, 29.2, 29.3, 33.1.1, 33.1.2-т заасан зохицуулалтуудыг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэх үндэслэл бий болгож байгаа тул ЗХШХШтХуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно.
11. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт: “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэж хуульчилсан байдаг. Шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “...зэргэлдээ хашаатай давхцаагүй буюу 2-р цэг зэргэлдээ хашаанаас 0.55 метр зайтай, зүүн хойд буюу 3-р цэг зэргэлдээ хашаатай залгаа байгаа тогтоогдсон...”, Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдал юм. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах...” зарчим алдагдсан гэж үзэхээр байх ба ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэдэгт хашаатай залгаа байгааг давхцалгүй гэж үзэх боломжгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
12. Хавтаст хэргийн /1 дүгээр/ 194 талд авагдсан газрын давхцалыг харуулсан зургаас үзэхэд нэхэмжлэгч талд олгосон жимс жимсгэний зориулалттай газрын урд хэсгээр хашаатай нийлүүлэн 2019 оны 08-р сарын 14-ний өдөр ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.О, Р.Э-ийн нэрээр кадастрын зураг үйлдэж баталгаажуулсан болох нь нотлогддог. Д.С болон Э нарын нэр дээр энэ цаг хугацаанаас өмнө газрын кадастрын зураг үйлдэгдээгүй байсан ба нэхэмжлэгч маргаан үүсгэсэний дараа кадастрын зураг үйлдэж баталгаажуулсан байдаг.
13. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар: “... “ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна...” гэж заасан байх ба хуулийн 16-р зүйлд зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга “...хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох эрхтэй талаар зохицуулсан.
14. “З Э” ХХК /Алтан нутаг жуулчны бааз/ нь цэнхэрийн халуун рашаанаас 100 гаруй метр зайтай, тэнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын дээр /рашаан, гол, горхины зэргэлдээ/ байрладаг ба Алтан нутаг жуулчны баазын хашааны урд хэсгээр “...хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бус...” гэсэн таних тэмдгийг Аймгийн байгаль орчны газраас байрлуулсан байдаг. Шүүх үзлэг хийхдээ үүнийг огт анхаараагүй, маргаан бүхий А/127 дугаар захирамжийн дагуу Р.Э-д олгосон 2 га газар Хязгаарлалтын болон эрүүл ахуйн бүс дотор байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байхад хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ маргаантай холбоотой энэ талаарх хуулийг хэрэглээгүй байх тул ЗХШХШтХуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргахад хүрлээ.
15. Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байх, төрийн өмч болох ус, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг Усны тухай хуулиар зохицуулахаар заасан.
16. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дэх хэсэгт зааснаар: “...“ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашиглахыг хэлнэ...” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаар “...“ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр Унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ...” гэж заасан ба “З Э” ХХК /Алтан нутаг жуулчны бааз/ нь цэнхэрийн халуун рашааныг жуулчны баазад ашигладаг бөгөөд халуун рашааны хажуу талаас гарч буй рашаан, гол, горхи зэргийг жимс жимсгэний талбайд хэрэглэдэг ба тарьж ургуулж буй төрөл бүрийн жимс жимсгэнийг гадаад, дотоодын жуулчдын хоол хүнсэнд хэрэглэдэг болно.
17. “З-Э” ХХК /Алтан нутаг жуулчны бааз/ нь Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Аймгийн байгаль орчны газраас олгосон ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр халуун рашааны усыг ашиглаж хэрэглэдэг. Энэ утгаараа Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 “эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг...”, мөн хуулийн 22.3-т “...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно...”, хуулийн 22.10.1-т “...рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг...” гэж заасны дагуу Алтан нутаг жуулчны баазны хашааны урд хэсгээр эрүүл ахуйн бүсийг тогтоосон бөгөөд Эрүүл ахуйн бүс тогтоосон газарт бусдад газар олгох, өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох...”-ыг хориглодог байна.
18. Маргаан бүхий А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ дээр дурьдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалт, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.
19. Харин ч давж заалдах шатны шүүх “... Түүнчлэн тухайн олгосон газар нь Усны тухай хуульд заасан хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй...” гэж илтэд хууль бус дүгнэлт хийснээс үзэхэд шүүх бүрэлдэхүүн тухайн хэрэг маргаантай нэг бүрчлэн танилцаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байгааг дурдаж байна.
20. Маргаан бүхий А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд болох Р.Э-ийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөхгүй бөгөөд талуудын эвлэрлийг баталсан захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдэх тул бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүйгээр, тэдний эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байдлаар дахин газар эзэмшүүлэх захирамж шинээр гаргах замаар захирамжийг биелүүлэх боломжтой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний би үзэж байна.
21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2020/0021 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 602 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А/127 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
23. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирмжаар тус сумын Алтан-Овоо багийн Халуун ус гэх газарт 50х40 м.кв газрыг иргэн Р.Э-д эзэмшүүлж, мөн даргын 2016 оны а/90 дүгээр захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, Р.Э-ээс “.../уг/ захирамжийг хүчингүй болгож, өмнө эзэмшиж байсан 2000 м.кв газрыг эзэмших захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Цэнхэр сцмын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, ... /Р.Э/-т газрыг аль нэг аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулахгүйгээр, ... газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөх”-өөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 109/ШШ2017/0041 дугаартай захирамжаар баталсан, үүний дараа Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжаар Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээжээ.
24. Нэхэмжлэгч “З-Э” ХХК-иас Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... /Засаг дарга/ хуулийн дагуу хүчингүй болгосон захирамжаа буцаан сэргээж байгаа үйлдэл нь хууль бус, ... манай компанийн жимс, жимсгэнийн зориулалттай эзэмшиж буй 2 га газартай давхцуулан эзэмшүүлж, манай газар эзэмших эрхийг хөндсөн, ... малчдын өвөлжөө хаваржааны газартай давхцсан” гэх зэрэг үндэслэлээр маргасан байна.
25. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий захирамжаар Р.Э-ийн эзэмших эрхийг нь сэргээсэн газар нь байршлын хувьд нэхэмжлэгч “З-Э” ХХК-ийн эзэмшиж буй 2 га газартай давхцалгүй, хөрш залгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул “маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан, гуравдагч этгээд Р.Э-ийн газар эзэмших эрхийг нь сэргээсэн Цэнхэр сумын Засаг даргын маргаан бүхий А/127 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч “З-Э” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй тохиолдолд уг захирамжийг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “... Р.Э гэгч этгээдийг нэхэмжлэгч тал өмнө нь огт таньж мэддэггүй байсан, ... нэхэмжлэгчийн газартай зэрэгцүүлэн хашаа хатгах, гэр барих зэрэг оролдлого гаргаснаар маргаан үүссэн, ... газрын байршил анхнаасаа тодорхойгүй байсан, байршил тодорхойгүй Р.Э-ийн газар эзэмших эрхийг эвлэрсэн захирамжийг үндэслэн сэргээснээр аль нэг иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хөндөгдөх бодит нөхцөл байдал үүссэн болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй, ... газартай холбоотой нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, ... ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэдэгт хашаатай залгаа байгааг давхцалгүй гэж үзэх боломжгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
27. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хуульчилсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших эрхтэй газрууд нь байршлын хувьд хоорондоо давхцалгүй, гуравдагч этгээдийн газар нь “...зэргэлдээ хашаатай давхцаагүй буюу 2-р цэг зэргэлдээ хашаанаас 0.55 метр зайтай, зүүн хойд буюу 3-р цэг зэргэлдээ хашаатай залгаа байгаа” баримт тогтоогдсон байхад шүүхээс “газар давхцсан” гэж дүгнэх, “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн” гэж үзэх боломжгүй юм.
28. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байхад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 болон “...хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох” Засаг даргын эрх хэмжээ, Усны тухай хуулиар тогтоосон “ус ашиглагч”, “ус хэрэглэгч”-ийн эрх зүйн байдал, ус ашиглах зөвшөөрөл, хамгаалалтын бүсийн дэглэм, тэдгээртэй холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалт, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх ёстой байсан” гэх гомдлыг хүлээж авахгүй.
29. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн хяналтын журмаар гаргасан “... шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх гомдол, хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 109/ШШ2020/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 602 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА