Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00631

 

                Ш.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 582 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ш.Чулуунбаатар,

Хариуцагч : Монголбанк,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх  олговорт 29.896.145 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадралын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч  Б.Цэвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн 2015.10.09-ний өдрийн 6735 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2015.12.07-ны өдрийн 1608 дугаар магадлалаар Ш.Чулуунбаатарыг Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож,  2015.5.11-ний өдрөөс 2015.10.09-ний өдөр хүртэлх ажлын 106 хоногийн  олговорт 10.750.865 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн. Монголбанк нь Ш.Чулуунбаатарын 2016.02.04, 2016.9 сард гаргасан ажилдаа эргэж орох өргөдөлд хамгийн сүүлд 2016.10.11-ний өдөр  хариу өгсөн бөгөөд татгалзсан байгаа. Монголбанк нь Ш.Чулуунбаатарыг байгууллагын нууц задруулсан гэсэн үндэслэлээр 2015 онд ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсаны дагуу  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016.10.12-ны өдрийн 1177 дугаар тогтоолоор Ш.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монголбанк нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, Ш.Чулуунбаатарыг ажиллуулахгүй байна. Иймд  2015.10.10-ны өдрөөс хойш 13 cap, ажлын 15 хоногийн турш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29.869.145 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хоёр шатны шүүхийн шийдвэр болон Ш.Чулуунбаатарын хүсэлтийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016.3.15-ны өдрийн Б145 дугаар тушаалаар 10.750.865 төгрөгийн олговор олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль, журмын дагуу нөхөн төлж, бичилт хийсэн. Ш.Чулуунбаатарт  холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсантай холбоотойгоор  ажилд эгүүлэн тогтоох  боломжгүй. Чингэлтэй дүүргийн  Прокурорын газрын 2016.10.12-ны өдрийн 1177 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг Монголбанк 2016.11.02-ны өдөр хүлээж авсан. Монголбанкнаас ажилд нь эгүүлэн тогтоох асуудлаар нэхэмжлэгчтэй биечлэн уулзахаар удаа дараа хэлүүлсэн ч холбогдох боломжгүй байсан  тул 29.869.145 төгрөгийн шаардлага  үндэслэлгүй. Ажилд эгүүлэн тогтоох хэсэгтэй холбогдсон заалтыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Иймд Ш.Чулуунбаатарын одоо гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Монгол банкнаас 26.775.672 төгрөг  гаргуулж  Ш.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлээс 3.093.473 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан   Ш.Чулуунбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголбанкинд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Ш.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Монголбанкнаас 291.828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 582 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Монголбанкинд холбогдох  Ш.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  байна

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нийт ажилгүй байсан хугацаа 13 сарын цалин нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2016.3.28-ны өдөр дуусгавар болгосон гэж үзэхээр нэхэмжлэгч ганцхан 2015 оны 12 сарын цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан гэж ойлгогдохоор байна. Хариуцагч нь 2015.12-сард ажилд аваагүй, харин авах эрх нь 217.01-ний өдөр үүсэж байна. 2016.04 сард хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Энэ хэвээр үргэлжлүүлэн тооцвол 2016.11.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 8-12 сарын буюу нийт 5 сарын цалин хөлстэй тэмцэх олговор 10.903.000 төгрөг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.Чулуунбаатарыг төлөөлж Б.Цэвэл шүүхэд хандан, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 13 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 29.869.145 төгрөгийг Монгол банкнаас гаргуулж Ш.Чулуунбаатарт олгох нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Ш.Чулуунбаатарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан олговор 26.775.672 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2 сар тэтгэмжгүй чөлөө олгох тухай Б/123 дугаар тушаалыг Монгол банкны Ерөнхийлөгч 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргаснаас хойш ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйгээс маргаан үүсч Ш.Чулуунбаатар шүүхэд хандсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 6735 дугаар шийдвэр,  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1608 дугаар магадлал гаргаж, Ш.Чулуунбаатарыг Монгол банкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 106 хоног ажилгүй байсан олговорт ажил олгогчоос 10.750.865 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна. /хх 5-10/

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир  Ш.Чулуунбаатар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 13 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг  шаардаж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ханджээ.    

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан  “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т  зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь Ш.Чулуунбаатарыг Монгол банкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй  нь тогтоогдсон байна.

2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны олговорын асуудлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 1608 дугаар магадлалаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 2015 оны 6735 дугаар шийдвэр  гарснаас хойшхи хугацааны олговорыг Ш.Чулуунбаатар шаардах эрхтэй. 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.  

Сонгол банк Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 6735 дугаар шийдвэр,  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1608 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.  

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1608 дугаар магадлал гаргаж, Ш.Чулуунбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоохдоо нөхөх олговорыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсонд нэхэмжлэгч гомдоогүй буюу давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна. Түүнчлэн, Ш.Чулуунбаатар нь 2016 оны 8 дугаар сард АНУ-руу сургуульд явсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нөхөх олговор нийт 17.444.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох   өөрчлөлтийг шийдвэрт оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 582 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол банкнаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 26.775.672 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.093.473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Монгол банкнаас 17.444.800 төгрөг гаргуулж Ш.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлээс 12.451.345 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “...291.828 төгрөг...” гэснийг “...22.224 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 292.000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид захирамжаар буцааж олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ

.