Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 582

 

Ш.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголбанкинд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 29 896 145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оргилсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6735 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1608 дугаар магадлалаар тус тус Ш.Чулуунбаатарыг Монголбанкны Валют, эдийн засгийн газрын санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажлын 106 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,750,865 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн.

Монгол банк нь Ш.Чулуунбаатарын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 9 дүгээр сард гаргасан, шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж орох өргөдөлд хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.

Монголбанк нь Ш.Чулуунбаатарыг байгууллагын нууц задруулсан гэсэн үндэслэлээр 2015 онд ажлаас нь үндэслэлгүйгээр түр чөлөөлж, улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсаны дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1177 дугаар тогтоолоор Ш.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монголбанк нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, Ш.Чулуунбаатарыг ажиллуулахгүй, 2015 оны 10 дугаар сарын 09-нөөс хойш 14 сарын турш цалин хөлс олгоогүй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1608 дугаар магадлалаар Ш.Чулуунбаатарт 10 750 865 төгрөгийн олговрыг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд түүний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 101 423 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 2 180 600 төгрөгөөр тооцжээ.

Иймд Монгол банк нь Ш.Чулуунбаатарын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 13 cap, ажлын 15 хоногийн турш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 869 145 төгрөг олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой. Иймд Ш.Чулуунбаатарын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 869 145 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанк нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1608 дугаар магадлал болон Ш.Чулуунбаатарын хүсэлтийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б145 дугаар тушаалаар 10 750 865 төгрөгийн олговор олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль, журмын дагуу нөхөн төлж, бичилт хийсэн болно.

Ш.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсантай холбоотойгоор дээрх магадлалын ажилд эгүүлэн тогтоохтой холбогдсон хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй байсан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1177 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоолын хувийг Монголбанк 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан.

Монголбанкнаас ажилд нь эгүүлэн тогтоох асуудлаар нэхэмжлэгчтэй биечлэн уулзахаар удаа дараа хэлүүлсэн ч холбогдох боломжгүй байсан. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1608 дугаар магадлалыг хэрэгжүүлэх асуудлын хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болох тул 29 869 145 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Цаг хугацааны хувьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоолыг Монголбанк 2016 оны 11 дүгээр сард хүлээн авч, уг тогтоолд гомдол гаргах хугацаа 2016 оны 12 дугаар сард өнгөрснөөр хүчин төгөлдөр болж байгаа тул иргэний шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ажилд эгүүлэн тогтоох хэсэгтэй холбогдсон заалтыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Иймд Ш.Чулуунбаатарын одоо гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол банкнаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 26 775 672 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 093 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол банкинд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол банкнаас 291 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголбанкнаас гаргасан тайлбартаа Ш.Чулуунбаатартай холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсантай холбоотойгоор ажилд эгүүлэн тогтоохтой холбогдсон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1608 дугаар магадлалын хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй байсан талаар дурдсан.

Дээрх шалтгааныг шүүхээс авч үзээгүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх цалинг гаргуулахаар нэхэмжилснийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх болгож өөрчлөн шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй Ш.Чулуунбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг Монголбанкинд даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд, дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглээгүйг тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь хариуцагч Монголбанкинд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6735 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1608 дугаар магадлалаар Ш.Чулуунбаатарыг Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, Монголбанкнаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 750 865 төгрөгийг гаргуулан Ш.Чулуунбаатарт олгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

            Хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон хэсгийг биелүүлээгүй байна. Ажилтанд холбогдуулж цагдаагийн байгууллагад ажил олгогч гомдол гаргах нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 13 cap, ажлын 15 хоногийн турш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 869 145 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан маргаан бөгөөд тэрээр 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

            Учир нь магадлал хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах байтал 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нь уг хугацааг 8 сараар хэтрүүлсэн, уг хугацаа тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй байна.

 

            Нэхэмжлэгчид холбогдуулж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байдал хөдөлмөрийн эрх зүйн маргааны цалин хөлс нэхэмжлэх нэхэмжлэл гаргахад саад болохгүй ба уг нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт хамааруулах эсэх талаар маргаангүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2016/00084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Монголбанкинд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29 869 145 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Монголбанк улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Э.ЗОЛЗАЯА