Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00532

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00532

 

 

“А-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03794 дугаар шийдвэртэй,

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 71,563,813 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 37,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, хохиролд 49,491,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А-” ХХК нь Б.Б-тэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр -/- орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, - дүгээр байрны -од байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцны дотоод заслын үнийг хасаж 396,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу Б.Б- төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах ёстой байсан. Гэвч хариуцагч 37,000,000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг нэмж төлөөгүй байна.

1.2. Б.Б- 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад хандан “байрны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, хэрвээ төлбөрийг төлж барагдуулахгүй бол төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутгуулан байрыг чөлөөлж өгнө” гэж хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Б.Б- өнөөдрийг хүртэл огт төлбөрөө төлөөгүй ба орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б-т гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан.

1.3. Тэрээр анх байранд нүүж орохдоо хана, тааз, шал гээд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч түүнээс хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцанд дахин засвар хийх шаардлагатай юм.

1.4. Б.Б- гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрийг төлсөн бол манай компани гэрээнд зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх байсан. Гэтэл үүргээ биелүүлэхгүй, 4 жил шахам орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч компанийг хохироож байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагавар буюу орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү.

1.5. “Тэнхлэг зууч” ХХК нь Монголбанктай хамтран сар бүр орон сууцны үнийн индекс, түрээсийн үнийн индексийг гаргадаг, дундаж үнийн судалгааг зах зээл дээрх нээлттэй эх сурвалжаас боловсруулсан үнэн зөв гэж үнэлдэг. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах, Агниста хотхоны 4 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийн мэдээллийг 2018 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл оноор нь тооцож гаргасныг үндэслэн анх нэхэмжилсэн 47,900,000 төгрөг дээр 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 11 сар хүртэл сарын 2,800,000 төгрөгөөр тооцож, 14,000,000 төгрөг, 2021 оны 12 сар, 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл сарын 3,221,271 төгрөгөөр тооцож, 9,663,813 төгрөг нийт 71,536,813 төгрөгийг компанид учирсан хохирол гэж нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “А-” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр -/- орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, - дүгээр байрны - орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнэд 37,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авсан.

2.2. Уг орон сууцыг хүлээн авахад дотор засал хийгдээгүй, хүн амьдрах боломжгүй байсан тул 49,491,000 төгрөгөөр бүрэн засварыг хийсэн.

2.3. Гэрээний дагуу “А-” ХХК нь орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй бөгөөд байрыг хүлээлгэж өгөх явцад засварын ажил хийхийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Байранд оруулсан мөнгөө буцааж аваад гаръя л гэж байна.

2.4.Гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. “А-” ХХК нь гэрээнээс татгалзах талаар нэг ч удаа тодорхой санал гаргаж байгаагүй.

Б.Б-ийн бичиж өгсөн тодорхойлолт нь тухайн гэрээний үүргийг хойшлуулж буй нөхцөл байдал болохоос биш, гэрээнээс татгалзахтай холбоотой саналыг гаргаагүй юм. Мөн хохирол учирсан гэх асуудал хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Агниста хотхон, - дүгээр байрны - орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг авах байсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан даруйд орон сууцны эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч өөрөө сайн дураараа хүлээлгэж өгч, хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа. Мөн тухайн орон сууцанд 49,491,000 төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэн, засан сайжруулсан.

Нэхэмжлэгч нь хүн амьдрах боломжтой, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хариуцагч Б.Б-т хүлээлгэн өгөх ёстой байсан.

3.2. Тухайн орон сууцны үнэ засвар хийсэн зардалтай дүйцэхүйц хэмжээнд хүртэл нэмэгдсэн. Хариуцагч гэрээнээсээ татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 37,000,000 төгрөг, орон сууцны засварт зарцуулсан 49,491,000 төгрөг нийт 86,491,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.  

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, - дүгээр байрны -, 132 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Б-ийн эзэмшлээс А- ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж, “А-” ХХК-аас 37,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, Б.Б-т олгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хариуцагч Б.Б-өөс 71,536,813 төгрөг гаргуулах, хариуцагчийн нэхэмжлэгч А- ХХК-аас 49,491,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 795,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 748,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс 585,969 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, “А-” ХХК-аас 263,900 төгрөг гаргуулж, Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,491,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч 49,491,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд худалдагчийн эд хөрөнгийн үнэлгээ, хэмжээ засвар хийснээр нэмэгдсэн, худалдах, худалдан авах гэрээнээс талууд татгалзсан тул нэхэмжлэгч хариуцагч буюу худалдан авагч талд дээрх засвар хийсэн төлбөр, засвар зарцуулсан материалын үнийг буцаан төлөх үүрэгтэй.

6.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 сарын 19- ны 210/МА2022/01327 магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаасан үндэслэл арилаагүй буюу засварт зарцуулсан барилгын материалын зардлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, засварын ажилтай холбоотой шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг хангалгүй нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлсэн, хохирол төлөх үүрэггүй тул анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх шаардлага байгаагүй. Мөн барилгын материалын зардалд 49,000,000 төгрөгийг гаргасан гэх боловч хариуцагчийн хэрэгт өгсөн баримтаар өөрийнх нь зардлын данс биш байдаг. Мөн захиран зарцуулах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй.

7.2. Тухайн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд 2022 оны 09 сард буцаасан. 2022 оны 12 дугаар сард шүүх хурал болох хүртэлх 3 сарын хугацаанд хариуцагч өөрийн зүгээс гаргаж болох хүсэлтүүдийг гаргаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа шүүх хуралдаанд үндэслэлгүйгээр хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байсан.

7.3. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч байгууллагаас зөрчил гаргаагүй тул хохиролд анхан шатны шүүх шинжээч томилж, үнэлэх боломжгүй гэж үзсэн. Гэрээний 4.2-т зааснаар төлбөрийг бүрэн хийснээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр зохицуулсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан төлбөр төлөгдөөгүй буюу нийт гэрээний төлбөрийн 8.5 хувь буюу 37,000,000 төгрөгийг төлж, сүүлийн 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр амьдарч байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Г.Б-т холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 71,563,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 37,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, зардалд 49,491,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “А-” ХХК болон Б.Б- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Агниста хотхон, - байрны -од байрлах, 132 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. 

 

4. Худалдан авагч Б.Б- гэрээний үнэд 37,000,000 төгрөгийг худалдагчид төлсөн талаар маргаагүй.

 

5. Хариуцагч Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтийн үндэслэл нь маргаан бүхий орон сууцанд хийсэн засварын зардлын хэмжээг тогтоолгох агуулгатай байна. 

Анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа “түүний хүлээж авсан орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж тайлбарласан нь хэргийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь маргаан бүхий эд хөрөнгөд засвар хийсэн зардлыг гаргуулах агуулгатай байгаа тохиолдолд уг зардлын хэмжээг тогтооход тусгай мэдлэг шаардагдах юм.

 

6. Ийнхүү тусгай мэдлэг шаардагдах асуудлаар нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хариуцагчийн эрхийг үндэслэлгүйгээр шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03794 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА