Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00425

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2023         02         27                                         210/МА2023/00425

 

 

Д.П нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/04103 дугаар шийдвэртэй

 Д.П нгийн нэхэмжлэлтэй

“С т” ХХК-д холбогдуулан

Гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын давж журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид А.Т, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.П н Өө дүүргийн 20 дугаар хороонд 1991 оноос хойш 2389 м.кв газарт барилгатай газрыг эзэмшиж, 2006 онд авто гарааш, авто засварын зориулалтаар 71,5 кв.м барилга барьж ашиглаж байтал 2011 онд “С т” ХХК манай гараашид тулган том оврын автобусны гарааш барьсан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн том оврын автохөсөг манай барилгын зүүн талаас мөргөж, дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баруун өнцөг рүү мөргөж хохирол учруулсан. Тухайн үед би шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрч 8,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин гараашийг мөргөж хохирол учруулан гарааш бүрэн эвдэрч дахин ашиглахааргүй болгосон ба манай гарааш дахь машинуудыг өөрийн гараашид тавьж өгнө гэсэн ч амлалтдаа хүрээгүй. Гараашийг дахин шинээр барих төсөв 79,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компанийн техник хяналтын инженер 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр автобусаа шалгаж байгаад гараашийн дотор ханыг мөргөж нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашид доргилт өгч, хохирол учруулсан гэх нөхцөл үүссэн. Хариуцагчийн хувьд тухайн өдөр гараашийн ханыг мөргөснөөс нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийн хананд эвдрэл үүссэнийг маргахгүй.

Харин тухайн үйлдлийн улмаас ямар хохирол учирсан эсэх нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гараашийн өмнөх эвдрэлийг засаагүй байхад нь хариуцагч 2018 онд дахин мөргөхөд шинээр хохирол үүссэн талаар шинжээч дүгнэсэн. 2018 онд гараашийн барилгад учирсан хохирол нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн эвдрэлийг сэргээн засварлаагүй байснаас үүссэн болох нь тогтоогдсон ба тус гарааш нь 1974 онд баригдаж 49 жил ашиглагдаж байгаа хуучин, тоосгоор барьсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай компанийн жолооч мөн мөргөсний улмаас доргилт үүсэж, манайх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба нэхэмжлэгч гараашдаа засвар хийхээр талууд эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд бид зөвхөн 2018 онд учруулсан хохирлыг буюу 10,000,000-14,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “С т” ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П ид олгож, нэхэмжлэлээс 65,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.П  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “С т” ХХК-аас 227,950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын болон хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: а. Нэхэмжлэгч Д.П н 2005 онд энэхүү гараашийг барьсан бөгөөд “С т” ХХК нь 2011 онд автобусны гараашийг манай гараашийн хананд тулгаж барьсанаас болж том оврын автобусаар удаа дараа гараашийн ханыг цөмөлснөөс манай ажлын байрыг ашиглах боломжгүй болгосон. Гэтэл шүүхээс зөвхөн эвдрэлийг засах зардалд ч хүрэлцэхгүй хэмжээний хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь манай гараашийг стандартын дагуу бариагүй гэх боловч барилга барих дүрэм, барилгын материалаар барьсан. Өдгөө барилгын материалын үнэ өссөн үед 14,000,000 төгрөгөөр засварлах, барих боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр манай барилгыг ашиглах боломжгүй гэдгийг тогтоосон байхад дахин шинээр барих зардал биш засварын зардал гэж шийдсэнийг хариуцагчийг эрх ашгийг хамгаалсанэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

б. Хариуцагч тал гомдолдоо гэм хор учруулсан болохоо зөвшөөрч, хохирлыг арилгахаар шүүхийн шийдвэрээр тогтоосон 14,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр 50 хувь хөнгөрүүлэх гомдол гаргасныг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхэд бодит хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шинжээч нь шаардлага хангасан дүгнэлт гаргаагүй учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нар “Д.П нгийн засвар үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан гараашт учирсан эвдрэл гэмтэл нь барилга нэлэнхүйдээ доргиж гадна өнгөлгөө, баруун хойт болон зүүн хойт талд хагарч ан цав үүссэн, бат бэх чанар алдагдан цүлхийж зарим хэсэгтээ хагарч үүрсэн, барилгыг цаашид ашиглах боломжгүй болгосон гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд уг барилгыг дахин шинээр барихаас өөр боломжгүй нь тодорхой байгаа гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: а. Манай компанийн инженер автобусны техникийн хяналт хийж байхдаа гараашийн дотор ханыг мөргөсний улмаас нэхэмжлэгчийн авто гараашид доргилт өгч хохирол учруулсан. Гэхдээ нэхэмжлэгч нь 2017 онд үүссэн эвдрэлийг засаагүй байхад нь хариуцагч дахин 2018 онд мөргөж өмнөх эвдрэл дээр шинээр цууралтууд нэмж үүсгэсэн. Манайх 14,000,000 төгрөгийн хэмжээнд хохирлыг зөвшөөрсөн бөгөөд шүүх хохирлыг тогтоохдоо Иргэний хуулий 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн өмнөх эвдрэл, гэмтлийг засварлаагүйн улмаас хохирлын хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн үйлдэл, нөхцөл байдлыг харгалзан нийт учирсан гэм хорын хэмжээг багасгаж хариуцагчаар төлүүлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2016 оны үйлдэлд 8,000,000 төгрөгийг гараашийг засварлахад төлсөн ч нэхэмжлэгч гараашийг засварлаагүй нь 2018 оны үйлдлийн улмаас хохирлын хэмжээ нь нэмэгдэхэд хүргэсэн, нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг арчилж, хамгаалаагүй, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй буруутай эс үйлдэхүйтэй холбоотой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирлыг багасгаж өгнө үү.

б. Түүнчлэн нэхэмжлэгч авто гараажийг 2005 онд барьсан гэх боловч барилга чанарын хувьд элэгдэлд орсон, анх барихдаа барилгын зураг ашиглаагүй, стандартын шаардлага хангаж барьсан эсэх нь тодорхойгүй, үнийн дүнгээ нотлоогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Нэхэмжлэгч Д.П н нь хариуцагч “С т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 10,000,000-14,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

 

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулж ажиллахаар, сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх хэргийн шүүх хуралдаанд оролцуулахаар тус тус хуульчилсныг анхан шатны шүүх зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

4.1. Өө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/67 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн дэд жагсаалтыг хавсралтаар баталж, хавсралтад нэр дурдагдсан иргэдээс Х.А шүүх хуралдаанд оролцохоор, нөөцөд Ю.Б, Д.Г нар сонгогджээ. /1хх 33-35/

Мөн шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/36 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн дэд жагсаалтыг хавсралтаар баталж, хавсралтад нэр дурдагдсан иргэдээс Г.Х шүүх хуралдаанд оролцохоор, нөөцөд С.П, Ц.Ж нар сонгогдсон байна. /1хх 108-110/

4.2 Хэргийн оролцогчид, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн хэдий ч анхан шатны шатны шүүхээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Х.А, Г.Х, нөөцөд бүртгэгдсэн Ю.Б, Д.Г, С.П, Ц.Ж нарыг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааг хийгээгүй, харин хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй Г.Эрыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааны товыг хүргэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйл, 86 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

5. Өөрөөр хэлбэл, шүүх сонгогдсон иргэдийн төлөөлөгч Х.Аг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн, Г.Хг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулсан боловч хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг тэдгээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт мэдэгдээгүй, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй Г.Эт мэдэгдэж, улмаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Учир нь Г.Эр нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шалгаруулсан шүүх хуралдааны оролцогч биш байна. /1хх 66, 216, 2хх 21/

 

6. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул зохигчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/04103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАЯСГАЛАН

 

                                               ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЭНЭБИШ