Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 470

 

Б.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 685 дугаар магадлалтай, Б.Эхолбогдох 2005001660115 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.

Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрийн зоог” цайны газарт М.Х цалин, хөлснөөс болж маргалдах явцдаа баруун гарыг нь мушгин түлхэж унагаан “тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Хувьзаяа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э гаргасан гомдолдоо “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй /хохирогч ч надтай хэрүүл маргаан хийх санаагаар ирээгүй байх, би ч түүнтэй хэрэлдэж маргалдаж түлхэх бодол санаатай байгаагүй/, гэнэт үүссэн, хоорондын таарамжгүй харилцаанаас болж үүссэн маргаанаас болж хохирогч гэмтэхэд хүрсэн, түүнээс санаатай хүсэж, төлөвлөж үйлдсэн шинжгүйг харгалзан үзээгүй.

Учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн  дүгнэлтэд  тусгагдсан  хөнгөн  хохирол  учирсан  ба  энэ  гэмтэл   нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээрээ хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөөгүй, эдгэрэлт нь богино хугацаанд явагддаг шинжтэй байдаг байна.

Б.Э миний бие урьд эрүүгийн болон зөрчлийн хэрэгт ял, шийтгэл хүлээж байгаагүй, архи ууж согтуурах, эрүүлжүүлэгдэх, танхайрах зэрэг үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч эмчилгээний зардлын тоог тодорхой хэлээгүй, гэвч хохирол нэхэмжилбэл төлнө гэдгээ илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдоод байна.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч миний хувьд тогтоогдоогүй бөгөөд харин энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна.

Хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх эдгээр шинж, үндэслэлүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд харгалзан үзээгүй буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон тохиолдлууд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч аж ахуй эрхэлж орлого олдог, тодорхой хөрөнгийн эх үүсвэртэй байдал нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх үндэслэлүүдийг бүгдийг харгалзан үзэж, шүүгдэгч би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирогчийн нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хувийн амьдралын нөхцөл байдал, орлого олдог зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээгээр өөрчилж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокуророос Б.Эхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй буюу шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирол зэрэгт тохирсон байна. Хохирогч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамт амьдардаг бөгөөд “хүүхдийн бие муудсан” гэх үндэслэлээр ажлаасаа гарч, хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилсний улмаас маргалдаж шүүгдэгч Б.Э түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх Б.Эхолбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь ажилласан хугацааныхаа цалинг авахаар маргаан үүсгэж, цамцных нь энгэрээс зуурсан хохирогч эмэгтэй И.Хувьзаяагийн гарыг мушгин тавиулахдаа түлхэж унагаасны улмаас “тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Хэргийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч хэргийн бусад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасч, хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар зөв ойлгож хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хор уршигт тохирсон байхын зэрэгцээ оногдуулсан ял нь бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой.

Иймд анх удаа урьдчилан төлөвлөж бус, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал буюу байнгын тодорхой орлоготой байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Энэхүү нөхцөл байдал шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтаар нотлогдсон болно.

Иймд шүүгдэгч Б.Э гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 685 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эоногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

             ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН