Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00629

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00629

 

 

Д.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05339 дугаар шийдвэртэй Д.Л-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие эхнэр Ц.Ц-ын хамт Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дарь Эхийн гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2013 онд 54,000,000 төгрөгөөр худалдан авахдаа Голомт банкнаас 37,800,000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрт 16,200,000 төгрөг төлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрээр биднээс 45,023,418.36 төгрөг гаргуулж Голомт банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрт хураагдсан, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дарь Эхийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулахыг НШШГГ-т даалган шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэн, хураан авч шинжээчээр “Д” ХХК-аар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэхэд уг орон сууцыг 48,109,390 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг орон сууц нь 2013 онд 54,000,000 төгрөгийн үнэтэй байсан ба одоо зах зээлийн үнэ нь 70,000,000-80,000,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд “Д” ХХК-ийн үнэлгээчин ямар үндэслэлээр зах зээлийн үнээс хэт доогуур 48,109,390 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй нь миний эрхийг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулан, мэдэгдлийг гардуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргасан. Би үнэлгээтэй холбоотой хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргахад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13230 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд НШШГГ-т холбогдуулан үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргахад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8388 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхдээ ханд гэсэн тул тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дарь Эхийн гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үнэлсэн “Д” ХХК-ийн 2022 оны 05  дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрээр Д.Л, Ц.Ц нараас 45,023,418 төгрөг гаргуулан Голомт банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дарь Эхийн гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 30,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн ажиллагаа эхэлсэн. Дээрх орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20380701/03 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20380701/05 дугаар тогтоолоор тухайн орон сууцыг барьцаалан хураасан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/122 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 48,109,390 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчээс үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-229/10024, 4-229/10025 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэн, холбогдох хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн. Баянзүрх дүүрэг, **дугаар хороо, Дарь Эхийн гудамж, ** байрны ** тоотын орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ 48,109,390 төгрөгийн 70 хувиар тооцон 33,676,573 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4-229/11268, 4-229/11269 дугаар албан бичгээр тус тус биечлэн мэдэгдсэн. Уг орон сууц нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 35,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон ба З.Тэмүүлэн гэж хүн ялагчаар тодорч уг орон сууцыг худалдан авсан тул төлбөр төлөгч нарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэхийг мэдэгдсэн. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдааны ялагчид тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “Д” ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-ийн төлбөрт барьцаалсан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дарь Эхийн гудамж, /13351/, ** дугаар байрны ** тоотын 30 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Д” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16393 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Л-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1478 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дарь Эх гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 1 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч НШШГГ-т даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/05339 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хэсэгт  "Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т үнэлгээний тайландаа “...Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУС-н холбогдох стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн болно" зардлын хандлагын аргаар үнэлгээ тогтоохдоо Үнэлгээний Олон Улсын Консулын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартын хүрээнд, барилгын шинээр баригдах өртгийг тооцохдоо барилгын нийт талбайгаар тооцсон бөгөөд нийт талбайг тодорхойлохдоо үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн нэг м.кв-ийн өртгийг Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар барилгын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг сайдын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 93 дугаар тушаалын хавсралтад зааснаар барилга байгууламжийн 2020 оны үнийн индексээр өсгөж авсан. Биет элэгдлийг тооцохдоо сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалын 6 дугаар хавсралтад дүйцүүлэн ашиглалтын хугацааг 60 жилээр тооцсон. Зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт 2019 баримтлан үнэлсэн талаар тайланд тусгасан байх тул дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.б. Шүүхийн шийдвэрт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан боловч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.3, 9.3.5, 9.3.6, 9.3.7. 9.3.8, 9.3.9-д заасныг тусгаагүй гэж дүгнэсэн боловч тухайн хуулийн заалт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Маргаан бүхий орон сууц анх төвийн дулаанд холбогдоогүй байсан. Бид 2021 оны 10 дугаар сард төвийн дулааны шугамд холбуулсан ба үнэлгээний компани орон сууцыг төвийн дулааны шугамд холбогдоогүй байх үеийн мэдээллийг татаж авч, зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын  ремакс агентаас асуухад 2 өрөө байр 100,000-200,000 төгрөгөөр илүү байдаг учраас 1 өрөө байр худалдан авах чадвар өндөр байдаг. Манай байр өнөөдрийн зах зээлийн ханшаар 70,000,000 гаруй төгрөгийн үнэтэй байхад 30,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Орон сууц 70,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн бол төлбөрөө төлөх боломжтой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Д.Л нь НШШГГ-т холбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01478 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Л, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 45,023,418.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн байна. /х.х-36-39/

3.а. Хариуцагч НШШГГ нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэн, төлбөр төлөгч Д.Л, Ц.Ц нарын хөрөнгийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20380701/03 дугаартай тогтоолоор тэдний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204055713 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дарь Эх гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2038/0701/05 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд нийцжээ. /хх-ийн 59-67 дугаар тал/

3.б. НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч Д.Л, Ц.Ц нараас үнийн санал авахад дээрх хөрөнгийг 110,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Г” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 67-69/

 3.в. Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/122 дугаар тогтоолоор шинжээчээр Ц.Т-ийг томилж, шинжээч нь хөрөнгийг 48,109,390 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 70-86/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулжээ.

Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайландаа орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ Үнэлгээний олон улсын консулаас баталсан стандарт /2019/-ын хүрээнд бие даасан хараат бус байдалд нийцүүлсэн, шинжээч Ц.Т-ийн мэдүүлгийг хэргийн бусад баримтуудтай харьцуулан үзэхэд хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байна. Үнэлгээний тайлангийн 7-д үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт, хөрөнгийн байршил, талбайн хэмжээ, зориулалт, өмчлөгчийн талаархи мэдээлэл тусгагдсан, мөн тайлангийн 12-ын хүснэгт-2 болон хавсралтад харьцуулсан хөрөнгүүдийн байршил, шинж байдал, үнэ зэрэг мэдээллийг тусгасан, эх сурвалжаа заасан, үнэлгээний 10 төрлийн үзүүлэлтүүдээр харьцуулж үнэлсэн байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3, 9.3.5-9.3.9-д заасан шаардлагыг хангаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.  

4. Нэхэмжлэгч нь шинжээч орон сууцны шинж байдлыг үнэлгээний тайланд бүрэн тусгаагүй, ялтсан бойлууртай байсан гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл  гаргасан хэдий ч үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05339 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын гомдол тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА                

 

                                           ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР             

 

                                                                                               Д.БЯМБАСҮРЭН