Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

             Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

             Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

             Хохирогч Б.О,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

             Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1819001640311 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангид замчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 91-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.А

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

             Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харъяа 4 дүгээр ангийн хашаанд байрлах өртөөний ажилчдын амрах байрны залгаа байрладаг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.О-гийн өрөөний вакум цонхоор нэвтэрч НР маркийн нөүтбүүк /зөөврийн компьютер/ хулгайлан авч 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

              Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

              Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын өрөөнд орж уулзан явган аялалд оролцоод ирсэн талаараа хэлэх гэж орсон. Тэнд уулзаж байхад Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Огийн ширээн дээр улаан өнгийн нөүтбүүк байгааг олж харсан. Тэр үед надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр нөүтбүүкийг хулгай хийж зарж борлуулан мөнгөтэй болох талаар бодож байсан. Тэгээд тохирох хугацааг харж байгаад бүх ажилчид “Эх үрсийн баяр” гээд 3 хоног амрах үе таараад 2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цаг өнгөрч Замын 4-р ангийн хашааг ертөнцийн зүгээр баруун талаас давж орон гражийн урдуур мод даган явж байгаад Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын өрөөний цонхон дээр очиж гараараа хүчтэй түлхэхэд нээгдсэн тэгээд дотогшоо цонхоор орж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

              Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед банкны зээл болон бусад мөнгөний хэрэг гараад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэрээсээ гараад байрныхаа урдаас саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн таксинд суугаад явсан. Тэгээд шууд төмөр замын зүүн урд пироны үзүүрт буусан. Ингээд Замын 4-р ангийн хашаанд ороод Үйлдвэрчний хороон дарга Б.Огийн өрөөний вакум цонхоор нь орж ширээн дээр байсан НР маркийн нөүтбүүк /зөөврийн компьютер/ хулгайлан авсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Ингээд зөөврийн компьютерийг нь аваад гэртээ ирсэн. Компьютер хулгайлан авсан талаараа эхнэртээ хэлэхдээ хүнээс авсан гэж хэлсэн. Тухайн зөөврийн компьютерийг зарах гээд зар тавихад зарагдахгүй байсан. Тэгэхээр нь хэсэг хугацааны дараа өнөөх нөүтбүүкээ фэйсбүүк ашиглаж нэг хүнтэй харилцаж байгаад аквариумтай загас болон бусад хэрэгсэлээр сольсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

             Хохирогч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.А манайд ажилд ороод 2 жил гаран болж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга болохоор арга хэмжээг нилээн дэмждэг. Ц.А-г Улаанбаатар хотод сургалтад сууж байх үед замын албаны хэмжээний явган аялалд оролцуулах саналыг Замын захиргаанд тавиад энэ хүүхдийн сурч байсан сургалтын захирал руу утсаар яриад чөлөөлүүлээд явган аялалд явуулсан. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өрөөнд орж ирээд эгчээ танд маш их баярлалаа, сайхан тэмцээнд яваад ирлээ гэж хэлээд гарсан. Тэрний дараа нөүтбүүк алга болсон. Гарсан үнэлгээний дагуу нөүтбүүкний үнэ болох 650.000 төгрөгийг төлсөн. Энэ миний хувийн нөүтбүүк байгаа. Үүнээс өмнө 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө яг ийм үйлдлээр албаны хэрэгцээний зөөврийн компьютер, зургийн аппарат алдагдсан учраас мөн мэдэгдэж энэ хэрэг төмөр замын цагдаагийн газраар шалгагдаж байгаа. Ахлах дэслэгч Г.Мөнх-Од гэдэг хүн хэлэхдээ энэ хүүхэд мөн авсан гэдгээ хүлээсэн гэж хэлсэн. Би энэ хэргийн шүүх хуралдаан хамт болох нь гэж бодож байсан. Тэгэхээр энэ удаагийн шүүх хуралдаанд хохирол барагдуулсан учраас би гомдолгүй. Ц.А миний хувьд хайрлаж байсан ажилтны нэг, залуу хүн ийм хөнгөн байж болохгүй...” гэсэн мэдүүлэг,

            Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өрөөндөө ажлаа хийж байгаад төмөр замын Соёлын төвийн гадна талбайд байгууллагын ажилчдын дунд зохион явуулсан хүүхдийн баярын арга хэмжээнд хэрэглэх зүйлсээ аваад хамт ажилладаг ҮЭХорооны тэргүүлэгч Д.Бат-Эрдэний хамт гарсан. Гарах үедээ ширээн дээр байсан нөүтбүүк компьютерээ унтрааж дэлгэцийг нь хаагаад, цонхоо хаасан эсэхээ шалгаад гарцгаасан. Тэрнээс хойш өрөөндөө огт очоогүй ба 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цаг 40 минутын орчимд ангийн даргын жолооч Г.Баттулга над руу залгаад таны өрөөний цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би шууд нөхөр Эрдэнэбаатарын хамт гэрээсээ гараад ажил дээрээ очоод өрөөний цонхыг гадна талаас харахад 4 хурууны зайтай онгорхой байсан ба би өрөөгөө нээгээд харахад ширээн дээр байсан нөүтбүүк компьютер байхгүй болохоор нь өрөөгөө хаагаад Замын 4 дүгээр ангийн диспетчер Соёлмаад хэлээд аймгийн Цагдаагийн газрын жижүүр лүү залгуулж дуудлага өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-35-р хуудас/

             Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл Сайншанд сумын 4 дүгээр ангид диспетчерээр ээлжинд ажилласан юм. Тэгээд 20 цагийн орчим ажлаасаа буугаад ангийн хашаанаас гартал орлогч дарга Эрдэнэбаатар, үйлдвэрчний хорооны дарга Осоржамаа хоёртой тааралдсан. Тэр 2 намайг гарахад яг машинтайгаа ирээд зогсож байсан. Тэгтэл тэр 2 өрөөний цонх онгорхой байдалтай байна гэж хэллээ гэж хэлсэн. Тэгээд бид 3 үйлдвэрчний хорооны байр луу очтол хорооны цонх 3 хуруу хэрээтэй нээгдсэн, хөшиг нь хаалттай байдалтай байсан. Тэгээд хаалган дээр очоод өрөөгөө онгойлгоод хартал даргын ширээн дээр байсан нөүтбүүк алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

             Гэрч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06-р сарын 01-ний өдрийн өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл манаачийн үүрэг гүйцэтгэх ажилтай байсан..., ...Тэгээд би Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын байр руу очиж үзэхэд өглөө бага зэрэг нээлттэй байсан баруун тийшээ харсан вакум цонх нь өглөөний нээгдсэнээсээ илүү нээгдчихсэн байсан. Тэгээд хороон дарга 10-20 минутын дараа ажил дээрээ ирээд өрөөнийхөө хаалгыг нээж үүдэнд нь зогсож хараад нөүтбүүк алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

            Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних Aagii Kenzo гэх фэйсбүүк хаягтай залуу чатлаад зөөврийн компьютероор аквариумын хэрэгсэл болон загаснуудаа солих уу гэхээр нь бид хоёр чатлаж байгаад солихоор зөвшөөрч..., ...би зөөврийн компьютерийг нь гэртээ асааж ажиллагааг нь хэвийн байгааг шалгаад, өөрийн тохиролцсон загасны аквариумын хэрэгсэл загаснуудаа өгөөд хамт зөөж машинд хийж өгөөд явуулсан..., ...Улаан өнгийн HP маркийн бичигтэй, гадна хавтас дээрээ 2 ширхэг зураастай, хар өнгийн цэнэглэгч залгууртай, залгуурын аль нэг хэсэгт линтээр ороосон байсан, нөүтбүүкийг нээгээд харахад гар, хулганы хэсгийн хүрээ улаан хүрэн өнгөтэй, хар товчлууртай зөөврийн компьютер байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

            Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө Замын 4-р ангийн хашаанд байрлах Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Огийн ажлын өрөөнд хулгай орсон. Өмнө нь эхнэр Б.Огийн ажлын өрөөнд 2017 оны 11-р сарын 14-ний өдрөөс 2017 оны 11-р сарын 15-ны өдөрт шилжих шөнө хулгай орж, албаны эзэмшлийн “Aser” маркийн зөөврийн компьютерээ хулгайд алдаад цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ хугацаанд албандаа ашиглах компьютергүй болохоор хувийн өмч болох HP маркийн зөөврийн компьютероо албандаа ашиглаж байгаад 2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө дахин Б.Огийн ажлын өрөөнд нь хулгай орж HP маркийн зөөврийн компьютероо хулгайд алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/

 

             Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 108/01 дугаартай: “...HP маркийн нөүтбүүк 650.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/

             Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Улаанбаатар төмөр замын харъяа 4 дүгээр ангийн хашаанд байрлах өртөөний ажилчдын амрах байрны залгаа байрладаг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Огийн өрөөний вакум цонхоор нэвтэрч хохирогчийн хувийн өмч болох НР маркийн нөүтбүүк /зөөврийн компьютер/ хулгайлан авч 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Харнүдэн овогт Цэдэнбалын Алтанбаганыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Огийн шүүх хуралдаанд өгсөн: “...миний хохирол болох 650000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах...”-ыг хүссэн саналд улсын яллагчаас эсрэг байр суурь илэрхийлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрү үлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

           Шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Од зөөврийн компьютерийн үнэ 650000 төгрөгийг 2018 оны 10-р сарын 26-ны өдөр төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Оргилболдод хохирлын мөнгө 150000 төгрөгийг 2018 оны 08-р сарын 25-ны өдөр төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Оргилболд “...цаашид надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Алтанбаганыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг HP маркийн зөөврийн компьютер нь хохирогч Б.Огийн хувийн өмч бөгөөд түүний үнийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц HP маркийн зөөврийн компьютерийг шүүгдэгч Ц.Ад олгох нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.А-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг HP маркийн зөөврийн компьютерийг шүүгдэгч Ц.А-д олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                         Н.АДЪЯА