Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Иргэдийн төлөөлөгч Н.Э,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 1819002500116 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

      Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа автомашин засварладаг, ам бүл 10, ээж, эхнэр, 4 хүүхэд, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-2 тоотод оршин суух хаягтай, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12-р сарын 22-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12-р сарын 25-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04-р сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2006 оны 07-р сарын 03-ны өдөр өршөөн суллагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11-р сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2012 оны 04-р сарын 05-ны өдөр суллагдсан, М.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 09-р сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” нэртэй гэр буудалд хохирогч Б.О-той маргалдсаны улмаас түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 09-р сарын 02-ны өдөр  Отгонбат хамрын хийдээс урагшаа яваад мал аваад ирье гэж хэлсэн. Явж байтал машин элсэнд суугаад хамрын хийдийн гэр буудалд очсон. Бид 3 гэдэс авчраад идээд сууж байсан. Отгонбат эргэж очоод гэрээ зарж архи ууна гээд маргаад байсан. Отгонбаттай маргалдаад тухайн үед миний хажууд ор багана хоёрын дунд газарт түмпэнтэй чанасан гэдсэнд нарийхан 20 см орчим урт иртэй хүрэн иштэй хутга байхаар нь би Отгонбатыг айлгах санаатай аваад далайсан чинь Отгонбат завилаад гэрийн зүүн орон дээр сууж байснаа босоод ирэхээр нь би айлгах санаатай зүүн талын ташаа хавьцаа хутгаараа нэг дүрсэн чинь Отгонбат Суурь ахаа та намайг хутгалчихлаа гэхээр нь би гарч утсаар яриад бүгдийг нь утсаар дуудаад эмнэлэгт аваачиж өгсөн. Эхлээд Отгонбат би эмнэлэгт очихгүй, энэ шарх 7 хоногийн дараа зүгээр болно гээд байсан. Тэгээд би хүчээр эмнэлэгт аваачиж өгсөн...” гэв.

 

   Шүүгдэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..., ...Отгонбаттай маргалдаад тухайн үед миний хажууд ор багана хоёрын дунд газарт түмпэнтэй чанасан гэдсэнд нарийхан 20 см орчим урт иртэй хүрэн иштэй хутга байхаар нь би Отгонбатыг айлгах санаатай аваад далайсан чинь Отгонбат завилаад гэрийн зүүн орон дээр сууж байснаа босоод ирэхээр нь би айлгах санаатай зүүн талын ташаа хавьцаа хутгаараа нэг дүрсэн чинь Отгонбат Суурь ахаа та намайг хутгалчихлаа гэхээр нь би гарч гүйгээд хажуу айлынхаа утсаар цагдаа дуудах гэсэн чинь Отгонбат яахын бэ хэрэггүй гэхээр нь би цус гараад байна, чи явсан нь дээр гэсэн чинь явахгүй гэхээр нь би төрсөн ах Гантулгыг дуудсан чинь манай эхнэр Батцэцэг, Гантулга ах, Гантулга ахын эхнэр Цэрэнхорлоо, Отгонбатын эхнэр нар ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

 

 Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гансуурь чи муу юу гээд байгаа бацаан бэ гээд гэрт байсан ширээний зүүн талд хутга бариад мах идэж сууж байснаа босоод ирсэн. Би тэр үед гэрийн зүүн орон дээр хэвтэж байгаад та яаж байгаа юм бэ гээд өөдөөс нь босоод очиход баруун гараараа миний зүүн ташааны дээр цохичих шиг болохоор нь харсан чинь гартаа хутга барьчихсан байсан. Миний ташаа руу халуун оргиод байхаар нь харсан чинь цус гойжиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

 

    Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөнгө хэрэг болоод байна гэрээ зардаг юм билүү гэсэн чинь Гансуурь ах чи гэрээ зарж яах гээд байгаа юм бэ. Орон гэрээ зарах гэлээ гэхээр нь би гэрээ зарнаа гэсэн чинь Гансуурь хажуудаа шалан дээр саванд байсан хутгыг бариад босоод ирэхээр нь би боссон чинь зүүн ташаа руу цохих шиг болсон. Тэр үедээ би хутгалуулчихлаа гэж мэдээгүй. Тэгээд халуун оргиод байхаар нь дарсан чинь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

 

    Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өгөөмөр нэртэй гэр буудалд яваад очиход манай нөхөр Отгонбат нь хойд орон дээр гэдсээ даавуугаар ороочихсон хэвтэж байсан. Өмд, цамц нь цус болчихсон байхаар нь би юу болсон талаар асуухад би өөрөө түмпэнтэй махан дээр ойччихсон юм гэж хэлсэн..., ...эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг дээр ирээд Отгонбатыг үзүүлэх үед манай нөхөр надад намайг Гансуурь хутгалсан шүү, мал хуй янзлахаас болж маргалдаж байсан. Түүнээс болоод архи ууж байхдаа хутгалчихлаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

 

    Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гансуурь Отгонбат нар хоорондоо маргалдаад байгаа бололтой байж байгаад түчигнээд явчихаар нь би босоод ирэхэд Гансуурь баруун гартаа модон иштэй хутга барьчихсан зогсож байсан бөгөөд Отгонбатын зүүн ташааны дээр цус гарчихсан гэрийн зүүн орон дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

    Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...13 цагийн үед намайг гэрийнхээ гадаа юм хийгээд сууж байхад Гансуурь надруу хүрч ирээд “Сайншанд руу явах унаа байна уу? Би хүнтэй муудалцаж байгаад хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд тэд нарын буусан гэрлүү яваад ороход гэрийн хойд талын орон дээр нэг залуу нь үүдрүү харчихсан хэвтэж байсан бөгөөд цус гарч байхаар нь би та нар чинь нэгнийгээ алах нь байна шүү дээ, цагдаа дуудлаа гэхэд хутгалуулсан залуу зүгээрээ цагдаа дуудаад хэрэггүй ээ би зүгээр хоёр цагийн өмнө ингэсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

   Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 02-ны өдөр гэр буудалд байх үед Отгонбат, Гансуурь хоёр муудалцаад маргалдаад байсан. Тэгээд босч ирээд барилцаад авсан...Отгонбат Гансуурь намайг хутгалчихлаа гэсэн. Намайг босоод ирэхэд Отгонбат зүүн талынхаа ташааны дээд талд гараараа дараад байсан ба цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0283 дугаартай: “...2018 оны 09-р сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4535 дугаартай өвчний түүхийг үзэхэд Б.Оын биед хэвлийн хөндийг нэвтэлж хэвлийн булчинг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

 

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17-р хуудас/,

 

     Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20-р хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 09-р сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” нэртэй гэр буудалд хохирогч Б.О-той согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдсаны улмаас түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20-р хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/, гэрч Ш.Б-н мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч Н.Э-н мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, гэрч О.Ц-н мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Л.М-н мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, шүүгдэгч М.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, хохирогч Б.О-д гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 507.960 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 77-р хуудас/, шүүгдэгч М.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч М.Г-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч М.Г нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11-р сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 2012 оны 04-р сарын 05-ны өдөр суллагдсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялтай байдал дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн зүгээс гаргасан шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг өмгөөлөгч нь дэмжиж оролцсон бөгөөд шүүгдэгчийн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн боловч шүүгдэгч М.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.О-д гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 507.960 төгрөгийг 2018 оны 09-р сарын 07-ны өдөр төлж барагдуулсан, хохирогч Б.О “М.Г-д гомдол саналгүй нь үнэн болно...” гэсэн байх тул шүүгдэгч М.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн модон иштэй 22 см-ийн урттай /ажлын хэсгийн урт 11 см, бариулны урт 11 см/ 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

       

 4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн модон иштэй 22 см-ийн урттай /ажлын хэсгийн урт 11 см, бариулны урт 11 см/ 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               

                                    ДАРГАЛАГЧ                             Х.ГАНБОЛД

                                  

                                         ШҮҮГЧИД                             Н.АДЪЯА

                

                                                                                  Д.АДЪЯАСҮРЭН