Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 02

 

 2019            01             09                                                2019/ДШМ/02

 

М.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Г-т холбогдох, эрүүгийн 1819002500116 дугаартай, 1 хавтас, 168 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн ......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа автомашин засварладаг, ам бүл 10, ээж, 2 дүү, эхнэр, 4 хүүхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ........ тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр  сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өршөөн суллагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан, Баянбуурал овогт М-ын Г /РД:ЕМ840...../-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

            Шүүгдэгч М.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” нэртэй гэр буудалд хохирогч Б.Отай маргалдаж, улмаар хутгалж буюу зэвсэг хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Баянбуурал овогт Мягмарын Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөр төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэ:н бор хүрэн өнгийн модон иштэй 22 см-ийн урттай 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнтэй ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Шүүгдэгч М.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын шатанд яллагдагч М.Г болон түүний өмгөөлөгч нараас хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын үсгээ зурж, 2018.10.18-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн гучин гуравдагуур бүлэгт заасан журмыг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа хийгдэхгүй, шууд ял оногдуулах буюу эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан зарлан явуулахаар хуульчлагдсан байхад ердийн журмаар шийдвэрлэх захирамж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг тус тус гаргаж, хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Энэ гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн ердийн журмаар хянан шийдвэрлэх захирамж гаргахдаа хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой хязгаарлалтыг зааж өгсөн байгаа. Энэ хязгаарлалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээ нь 8 жилээс дээш тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэсэн тодорхой хязгаарлалтыг анхан шатны шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн. Энэ хэрэг маань 5-12 жилийн хорих ялтай байна гээд хорих ялын дээд хэмжээнд нь ач холбогдол өгөөд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлээ бариад ердийн журмаар хянан шийдвэрлэх захирамж нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангахгүй мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж гарсан байна гэж дүгнэгдэхээр байна гэж үзсэн. Прокурорын шатанд шүүгдэгч, өмгөөлөгчийн хамт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийг гаргаж, хүсэлтийг хүлээн авч, түүнтэй ял тохиролцсон асуудал нь шүүхийн шатанд хязгаарлагдсан. Мөн дээрээс нь захирамжуудад оролцогчид гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичих эрхгүй гэж тусгаж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааныг хийхдээ энэ шүүгчийн захирамжийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорт танилцуулаагүй. Шүүх хуралдаанд оролцохын өмнө энэ талаар танилцаад шүүх бүрэлдэхүүнд саналыг гаргасан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Мөн хорих ялын доод хэмжээ нь 8 жилээс дээш байх тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж байхад энэ хэрэг нь 5-12 жилийн ялын санкцтай. Ийм учраас илтэд хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлье гэсэн саналыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ ердийн журмаас гадна тусгай журмыг баримтална. Ердийн журам гэдэг нь шүүх хуралдааны ерөнхий дараалал гэж ойлгогдохоор байгаа. Хэрвээ хэргийг хүлээн авсан даруй ял оногдуулах хурал хийгдэхээр хуульчлагдсан байгаа нь өөрөө шүүх хуралдааны ерөнхий журмыг баримтлаад, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэхээр зохицуулсан байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хялбаршуулсан журмаар ял тохиролцож өгсөн ялаа прокурорын саналаар шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл гаргасан. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Г хохирогч Б.Оын хэвлийн тус газар нь хутгалж, хэвлийн булчинг гэмтээсэн  хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй  болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч М.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Г-н үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Б.О-ын /хх 3-4, 72-73/, болон гэрч Н.Энхцэцэг /хх-6/, Ш.Батчулуун /хх-8/, О.Цэнддулам /хх-10/, Л.Мөнх-Эрдэнэ /хх-11/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэлд шинжилгээ хийсэн шинжээчийн 02/0283 тоот дүгнэлт /хх-22/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 65-66, 147/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 12-13/, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл хэргийн үйл баримт 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон ба 09 дүгээр сарын 05-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/ гарч 09 дүгээр сарын 25-нд хохирогч, яллагдагч нар хоорондоо эвлэрч хохирогчийн эрүүл мэндийн хохиролд яллагдагч М.Г 2.000.000 төгрөг бэлнээр төлж /хх-ийн 195/, 10 дугаар сарын 17-нд яллагдагч, түүний өмгөөлөгч нар прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 113/ гаргасныг прокурор хүлээн авч 10 дугаар сарын 18-нд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт /хх-ийн 114-118/ үйлдэн мөн өдөртөө М.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-нд хүлээн авсан боловч 11 дүгээр сарын 01-нд буюу 14 хоногийн дараа хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-126/ гаргаж, 11 дүгээр сарын 02-нд яллагдагчийг шүүхэд шилжүүлэн /хх-129/, 11 дүгээр сарын 06-нд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулж  шүүгдэгчийг гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокурорын яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авсан даруйд ял оногдуулах шүүх хуралдааныг зарлах эсхүл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл ердийн журмаар шийдвэрлэх шийдвэрийн аль нэгийг гаргах байтал дээр дурдсан хугацааг хэтрүүлж 14 хоногийн дараа хэргийг ердийн журмаар шийдвэрлэх захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дүгээр зүйлийн  2-т заасныг зөрчжээ.

Гэхдээ энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн, улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хүнд гэмт хэрэг”-ийн ангилалд хамаарах гэмт хэрэг гэж үзэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь “Хууль ёсны зарчим”-д нийцнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан байх бөгөөд энд  “... хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш ...” гэж заасан хэдий ч энэхүү хуулийн агуулгаас үзэхэд 8 жилийн хугацаанаас дээш хорих ял оногдуулж болох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахгүй гэж ойлгогдохоор байгааг прокурор анхаараагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь буруу гэж үзнэ.

           Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1-д заасан журамд нийцсэн, шүүх шүүгдэгчийг хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж 4 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч М.Гансуурийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийн бүх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж, шүүхээс гарсан шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  прокурорын  “хэргийг хялбаршуулсан журмаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Г нь 64 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.БАТЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                       Н.БОЛОРМАА

                                                                                            А.САЙНТӨГС