Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00621

 

 

 

 

 

2023 03 23 210/МА2023/00621

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00652 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч А.Б , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч А ХХК нь А.Б д 2021 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн бетон нийлүүлсэн ба бетон нийлүүлэх явцдаа буюу мөн оны 05 сарын 28-ны өдөр бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.4-т зааснаар худалдагч А ХХК нь М250 марктай бетоныг 1 метр.кубыг нь 176,000 төгрөгөөр худалдан авагч А.Б д нийлүүлсэн.

2021 оны 05 сарын 22-ны өдөр 76 метр.куб бетон, мөн оны 06 сарын 08-ны өдөр 68 м.куб бетон, 06 сарын 25-ны өдөр 67 м.куб бетон, 07 сарын 15-ны өдөр 67 м.куб бетон, мөн сарын 30-ны өдөр 67 м.куб бетон, 08 сарын 10-ны өдөр 67 м.куб бетон, 08 сарын 17-ны өдөр 22 м.куб бетон, 08 сарын 23-ны өдөр 28 м.куб бетон, нийт 462 м.куб бетон зуурмагийг тус тус нийлүүлсэн.

Дээрх худалдан авсан бетоны төлбөрөөс 36,000,000 төгрөгийн төлбөрийг худалдан авагч А.Б нь төлөөгүй тул төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл сүүлийн үед холбогдох утсаа авахгүй өнөөдрийг хүртэл худалдан авсан бетоны үлдэх төлбөрийг төлөөгүй.

Иймд хариуцагч А.Б ас бетоны үлдсэн төлбөрт 36,000,000 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу алдангид 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээтэй 7 давхар орон сууцны барилгын төслийг 2019 оны 06 сард эхлүүлсэн ба давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, эдийн засгийн хүндрэл, барилгын материалын хомсдол, банкуудын зээл олголт зогссон байдал зэргээс шалтгаалан барилгын явц удааширсан. Өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 80 хувьтай, барилгыг улсын комисст 2023 оны 04 сард хүлээлгэн өгнө.

2021 оны 05 сараас 2021 оны 08 сар хүртэл хугацаанд А ХХК-аас нэг 1 м.кубыг 176,000 төгрөгөөр тооцож 453 м.куб 79,728,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлсэн.

2021 оны 05 сарын 22-ны өдөр нийлүүлсэн 67 м.куб зуурмагийн 9 м.куб зуурмагийг буцаасан тул аваагүй, зуурмагийн төлбөрт 2020 оны 11 сард Тоёота Алфард загварын автомашиныг 33,000,000 төгрөгөөр талууд тохиролцон А ХХК-д шилжүүлсэн.

2021 оны 05 сараас 2021 оны 09 сар хүртэл хугацаанд 22,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж байсан. Барилгад нийлүүлсэн зуурмагийн үнэ 79,728,000 төгрөг үүнээс төлөгдсөн 55,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 24,728,000 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б ас гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие T.Д г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваасүрэн нь 2023 оны 02 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тухайгаа баримтыг шүүхэд хүргүүлсний дагуу тухайн өдрийн шүүх хурал хойшилж, 2023 оны 02 сарын 07-ны өдөр зарлаж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваасүрэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл өвчтөй байсан ба цаашид ахин өвчний улмаас хуралдаанд оролцох боломжгүй буюу хэрхэх талаарх баримтыг хүргүүлж амжаагүй байхад хэргийн оролцогчийн эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 02 сарын 07-ны өдөр товлосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хэрэгт утсаар мэдэгдсэн гэх боловч хуулийн шаардлага хангаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ" гэж зааснаас үзэхэд албан ёсоор мэдэгдээгүй байна.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргаантай асуудлын талаар хариу тайлбартаа тусгасан байхад нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь илт хууль зөрчсөн. А ХХК-ийн захиралтай үнийн саналд харилцан тохиролцож эвлэрэх талаар өмнөх шүүх хуралдаанд яригдсан, талууд эвлэрэх боломжтой байхад хуульд заасан эрхийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэхээр зохицуулсны дагуу утсаар мэдэгдсэн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч төлөөлөгчөөсөө татгалзсан бичиг ирүүлэх эсэх асуудал нь хариуцагчийн өөрийн эрхийн асуудал учир шүүхэд хамааралгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлийг буруу дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч оролцуулах нь хариуцагчийн эрхийн асуудал. Шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар уг ажиллагааг хийх боломжгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч талтай эвлэрэх санал тавьсан боловч санал нэгдээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 05 сарын 28-ны өдөр бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч А ХХК нь В20, С16/С20, М250 маркийн бетоныг 1 м.кубыг 176,000 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч А.Б нь гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлнээр, үлдэгдэл 50 хувийг цутгалт авахаас өмнө нийлүүлэгчийн дансанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх7-10/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.1. Нэхэмжлэгч А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 05 сарын 22-ны өдрөөс мөн оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 462 м.куб нийт 79,728,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

3.2. Хариуцагч А.Б нь 2021 оны 05 сарын 22-ны өдөр нийлүүлсэн 67 м.куб зуурмагийн 9 м.куб зуурмагийг буцаасан, зуурмагийн төлбөрт 2020 оны 11 сард Тоёота Алфард загварын автомашиныг 33,000,000 төгрөгөөр тохиролцон А ХХК-д шилжүүлсэн, 2021 оны 05 сараас 2021 оны 09 сар хүртэл хугацаанд 22,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 55,000,000 төгрөг төлсөн гэх татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

3.3. Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч А ХХК-д бетон зуурмагийн төлбөр 36,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдсон. /хх32/

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар хариуцагч нь бетон зуурмагийн үнийг нэхэмжлэгчид төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч А.Б гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 36,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б ас хугацаа хэтрүүлсний алданги 18,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т Б тал хавсралтад заасан хуваарийн дагуу бетон зуурмагийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцож А талд өгнө. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б ас алданги шаардах эрхтэй.

 

4.1. Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч А ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагаар барилгын ажил гүйцэтгэж байсан ба ковид-19 цар тахлын улмаас уг ажил саатсан нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд хариуцагч А.Б ас гэрээний үүрэг 36,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. 2023 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваасүрэнгийн 9111-6909 дугаарын утсаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. /хх 44/.

 

Уг шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хамаарахгүй болно.

 

5.1. Шүүхийн зүгээс зохих журмаар хурлын товыг мэдэгдсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгааны талаар хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б нь зохигчийн хувьд шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...54,000,000 гэснийг ...45,000,000 гэж, ...олгоусгай. гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. Гэж,

2 дахь заалтын ...427,950 гэснийг ...382,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Гантулгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ