Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0033

 

“...” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

 хэлтсийн даргад холбогдох захиргааны

 хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                Х.Батсүрэн,

                                                Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “...” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “...” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгээр нь хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0415 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 512 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0415 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.21-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар 107.6-д заасныг баримтлан дээр дурдсан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 512 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.21-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.21, 11.1.23-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “...” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “...” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 512 тоот магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 415 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хянуулахаар гомдол гаргаж байна. 512 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн шүүхийн шийдвэрийг өөрчлөх болсон үндэслэл нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзээгүй дүгнэлт хийгдсэн учир бодит байдлаас зөрүүтэй цаг хугацааны дэс дарааллыг алдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх маргаан үүсэх болсон шалтгаан үндэслэлийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж, хариуцагчаас АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг гаргахдаа “Шүүхийн шийдвэр биелүүлэх гэсэн зорилгодоо нийцээгүй болохыг, мөн нэхэмжлэгчид олгогдсон, үүссэн эрх, ашиг сонирхолтой давхцуулж үүсгэснийг тогтоосон.

4. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтын дэс дараалал, цаг хугацаа, эрх үүссэн бодит нөхцөл байдлыг зөв дүгнэсэн байхад магадлалын үндэслэлд ... Эндээс үзвэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга “...” ХХК-ны тусгай зөвшөөрлийн газартай давхцуулан 2018 онд “...” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар газар олгосон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, нөгөө талаас хамгаалагдсан эрх ашиг гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан цаг хугацааны хувьд дараа нь 2018 онд нэхэмжлэгчид бичил уурхайн зориулалтаар газар олгосон байх тул гуравдагч этгээдийн ... нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэх гомдол үндэслэлтэй байна гэж алдаатай дүгнэлт хийсэн.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс тодруулбал:

6. Үндэслэл 1: Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт болон маргаан бүхий 29 дүгээр шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн хэсэгт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 441 дүгээр магадлалд заасныг биелүүлсэн гэж судлагдаж үнэлэгдсэн. Энд өөр ямар нэгэн үндэслэл тайлбар болон хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. 2016 оны 441 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “ ... нэхэмжлэлийг хангаж, талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг даалгаж, нотлох баримтыг шинжлэн дүгнээд маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын талбайг бусдад эзэмшүүлээгүй байгааг тэмдэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 73.69 га талбайг хүссэн эрхийг сэргээн шийдвэрлэсэн”, 2016 оны 251 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Ашигт малтмал газрын 2015 оны 12 дугаар сарын 17-ны 2/10100 тоот татгалзсан хариу, нэхэмжлэлд дурьдан заасан 32 солбицолын цэгээр хүрээлүүлсэн 73.69 га газрын эзэмших эрхээ сэргээлгэхийг хүссэн шаардлагад үндэслэж гарсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь 73.69 га газрын эзэмших эрхийг сэргээлгэхийг хүссэн. Дүгнэвэл нэхэмжлэгчийн (“... ХХК) нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу сэргээхийг хүссэн эрхийн тодорхойлсон хэмжээний хүрээнд хариуцагчийн (Кадастрын хэлтэс) эс үйлдлийг тогтоож нэхэмжлэлд дурьдан заасан 32 солбицолын цэгээр хүрээлүүлсэн 73.69 га газрын эрхийг нь сэргээхийг даалгасан. Дээрхи шийдвэр магадлал нь ЗХШХШТХ-ийн 1 дүгээр зүйл, 3 дүгээр зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хуулийн шаардлагаар тайлбарлагдана гэж үзэж байна. Иймд хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим, мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин дүгнэж, өөрөөр тайлбарлаж, агуулгыг нэмж нотлох ёсгүй тул уг магадлал хуульд нийцэхгүй байна.

7. Үндэслэл 2: “...” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагад Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбай нь 86.39 га байсан боловч 2015 оны 289 дүгээр тогтоолоор 73.69 га талбай чөлөөлөгдөж, 12.07 га нь (86.39га-12.07га=73.69 га) газар улсын мэдэлд үлдсэн. Энэхүү чөлөөлөгдсөн 73.69 га талбайн солбицолын цэг нь 32 цэгээр хүрээлэгдсэн бөгөөд яг энэ хэмжээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зааж өгсөн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019.09.24-ны өдрийн 2/2257 тоот албан бичгээр ирүүлсэн 32 солбилцолын цэгээр хүрээлүүлсэн 73.69 га талбайн байршилд нэхэмжлэгчийн (“...” нөхөрлөл) ашиглаж байсан 2.43 га талбай хамааралгүй болох нь харагддаг. Дээрхи зураг нь Кадастрын “...” ХХК-ийн зурсан зурагтай таардаг бөгөөд 73.69 га газрын нэр нь “Ар тамсаг, 2.43 га газрын нэр нь Туулын цагаан тохой” гэж тус тус өөр нэр бүхий өөр газар зүйн байрлалтай тул давхцалгүй болох нь нотлогддог. Үүнийг дүгнэвэл, маргаан бүхий 29 дүгээр шийдвэр нь шүүхээр шийдвэрлэгдээгүй, сэргээгдээгүй, нэхэмжлэгчээс (... ХХК) буцаан авахыг хүсээгүй газрыг Кадастрын хэлтэс олгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” нэрийн доор тайлбарласан нь хуульд нийцдэггүй. Иймд дээрхи үндэслэлийг хүлээн авч дүгнэсэн магадлал нь Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. (106.4)

8. Үндэслэл 3: 441 дүгээр магадлалаар дүгнэгдсэн “маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын талбайг бусдад эзэмшүүлээгүй байгаа” гэсэн нөхцөл байдал нь 2016.04.05-ны өдрийн бодит байдал бөгөөд шүүхээр тогтоогдсон үйл баримт юм. Сумын ИТХ-ын 2016.06.06-ны 16/01 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т зааснаар бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой гэж Ашигт малтмалын газрын 2016.07.28-ны 6/4596 тоот дүгнэлтийг Булган аймгийн Бүрэгхангай суманд хүргүүлж Газрын тухай хуулийн 16.1.11, бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах журмын дагуу ажиллахыг анхааруулж Монгол Улсын Уул уурхайн мэдээллийн нэгдсэн санд SRA-02292 кодтойгоор 2021.06.06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар бүртгэж оруулсан байдаг. Энэхүү бүртгэл өнөөдрийг хүчин төгөлдөр байгаа нь хэрэгт авагдсан АМГТГ-ын 2020.06.10-ны 8/2685 дугаартай албан бичгээр нотлогддог.           Мөн АМГТГ-ын 2010.05.16-ны 7/3871 дугаартай албан бичгээр маргаан бүхий 2.43 га Туулын цагаан тохой гэх нэртэй талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар” бүртгэлтэй болохыг тодорхойлдог. Дээрх орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтээ хүчингүй болгосон гэх шийдвэрийг хариуцагчаас (Кадастрын хэлтэс) шүүхэд ирүүлдэггүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Сумын ИТХ болон сумын Засаг даргад мэдэгдсэн ажиллагаа байдаггүй. Иймд шүүх үнэн зөв эргэлзээгүй бодит байдлыг үнэлж тогтоон дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй ЗХШХШТХ-ын 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

9. Үндэслэл 4: Магадлалын үндэслэх хэсэгт ... Үүнээс үзвэл АМГТГ-аас Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад ...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгосон тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг анхааруулсан боловч 2018 он нэхэмжлэгч ...” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхээс бичил уурхайн зориулалтаар олгосон талбайд дүгнэлт гараагүй гэж дүгнэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Дүгнэлтийг албан бичгээр гаргасан. албан бичгийг мөн албан бичгээр хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байна” гэж дүгнэсэнийг хууль нийцэхгүй байна гэж үзэж байна.

10. Энэхүү дүгнэлтийнхээ үндэслэлийг “АМГТГ-ын 2017.07.20-ны 7/4957 дугаар албан бичгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргыг Ашигт малтмалын газрын 2016.07.28-ны 6/4596 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн албан бичгийг үнэлсэн нь буруу болсон. Уг албан бичиг гэгчээр хууль бус үйлдлийг гүйцэтгэх тухай сумын Засаг даргад олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх тухай тусгасан, тэргүү байхгүй, шаардлага мэдэгдэл даалгавар юу болох нь мэдэгдэхгүй баримтыг үнэлэх боломжгүй байсан. Иймд сумын Засаг даргыг АМГТГ-аас гарсан “дүгнэлтийг хүчингүй болгож гэсэн хариуцагч, гуравдагчийн тайлбарыг магадлалд хүлээн авч үндэслэлээ болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай зөрчилдөж байна.

11. Үндэслэл 5: Магадлалд давхцалыг 2018 онд “...” нөхөрлөлтэй гэрээ байгуулснаар үүсгэсэн гэж илтэд алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч “...” нөхөрлөлийн эрх 2016 оноос буюу маргаан бүхий 29 тоот шийдвэр гарахаас өмнө үүссэн баримт байсаар байхад түүнийг үнэлэлгүй орхигдуулсан. Харин анхан шатны шүүх 2016 оноос эрх үүссэнийг дүгнэсэн. Үйл баримтын цаг хугацаа заасан баримтыг буруу үнэлснээс дээрхи алдаатай дүгнэлтийг хийж улмаар магадлалын үндэслэл болж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Иймд магадлалын энэхүү дүгнэлт нь ЗХШХШТХ-ын 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.4, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж байна.

12. Давж заалдах шүүх гуравдагч этгээд...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба гомдлын 4 үндэслэлийг тодруулж үзвэл:Шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн үндэслэлийн тухайд: “...” ХХК-аас сэргээлгэхийг хүссэн хэмжээгээр эрх нь сэргээгдсэн нь үйл баримт бөгөөд хариуцагч, гуравдагч, давж заалдах шатны шүүх түүнийг өөрөөр нэмж тайлбарлах боломжгүй юм.Албан бичгээр гаргасан дүгнэлтээ албан бичгээр хүчингүй болгосон” гэсэн хариуцагчийн тайлбарыг анхан шатны шүүх үнэлээгүй гэсэн үндэслэлийн тухайд: Захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хууль эрх зүйн зохицуулалтад үндэслэсэн ойлгомжтой тодорхой байх ёстой байтал энэхүү шаардлагыг хангаагүй утга агуулга нь ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй, хууль бус үйлдлийг хийхийг шаардсан албан гэх бичгийг шүүх эргэлзээгүй үнэн зөв бодит байдалд нийцсэн баримт гэж үзэх боломжгүй юм. Шүүх, хариуцагч, гуравдагч этгээд хэн аль нь нэхэмжлэгийн эрх үүсэх үндэслэл болсон дүгнэлт гарсан байсныг хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа атлаа дүгнэлтийг хүчингүй болгосон талаар үндэслэлгүй тайлбар хийдэг. Сумын ИТХ-ын эрх хэмжээ дуусгавар болж аймгийн ИТХ-ын 2018.06.28-ны А/09-01 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан гээд Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016.06.06-ны өдрийн 16/01 тоот тогтоолыг шүүх үнэлсэн нь буруу гэсэн үндэслэлийн тухайд: Маргаан бүхий 29 тоот шийдвэр 2016.09.30-нд гарахаас өмнө, Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016.06.06-ны өдрийн 16/01 тогтоол гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ... ХХК-аас уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ 2019.01.23-ны өдөр татгалзсан бөгөөд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 01 тоот захирамжаар татгалзлыг баталж шийдвэрлэсэн. Мөн “...” ХХК-аас Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2017, 2018 онд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагууд гаргаж байсан боловч, тэдгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа 2019.06.05-ын өдрийн шүүх хуралдаан дээр хэргийг хэлэлцэх явцад татгалзсаныг 55 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд байгаа болохыг тодорхойлсон баримтууд байхад уг газрыг М\/-00267 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхэд давхар хамаатуулах, олгох, ашиглуулах хууль эрх зүйн боломжгүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байдлыг шүүх дүгнэсэнгүй. Хэрэглэх ёстой хуулиа хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

13. АМГТГ-ын Кадастрын дарга нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэсэн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчид эрхийн давхцалгүй, байршлын давхцалгүй газарт эрх үүссэн, олгогдсон эрхийн дагуу хөрөнгө мөнгөө зарцуулан үйл ажиллагаа явуулж байсан, ... ХХК-ийн нэхэмжлэлтэй 2016 оны 441 тоот магадлалаар ... ХХК-ийн буцаан авахыг хүссэн талбай эрхийн давхцалгүй байгааг дүгнэсэн баримт байхад маргаан бүхий 29 тоот шийдвэр гарсан. 2016 оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 29 тоот шийдвэр гарах талаар болон гарсан талаар огт мэдэгдэж байгаагүй.

14. Нэхэмжлэгч “...” нөхөрлөлийн эрхийг бүртгэсэн АМГТГ-ын шийдвэр үйл ажиллагаа, мэдээллийн сангийн бүртгэл болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдийг шүүхээр хүчингүй болгоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т зааснаар болон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам’’-аар олгогдсон эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан баримтууд нь хавтаст хэрэгт байсаар байхад үгүйсгэсэн. Гуравдагч этгээдийн дээрх үндэслэлгүй гомдлыг бүхэлд нь хүлээн авч түүнийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь нотлох баримт үнэлэх ажиллагааны журмыг зөрчиж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

15. Давж заалдах шатны шүүхийн 512 тоот магадлалын дүгнэлтийн сөрөг үр дагавар нь манай нөхөрлөлийг хууль бусаар үйл ажиллагаа явуулсан мэт нөхцөл байдлыг бий болгож дахин нэмж асар их хохирол учруулах үндэслэл болж байгаад гомдолтой байна. Иймд маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дурдсан хуулийг буруу хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

16. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

17. Нэхэмжлэгч “...” ЗГБХН нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “...” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “...” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгээр нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “...Ашигт малтмал, газрын тосны газар нь “...” ХХК-ийн нэхэмжлээгүй 2.43 га газрыг тус компанид олгосноос маргаан үүссэн. ...манай нөхөрлөлийн талбай мэдээллийн санд байсаар байтал түүнийг шүүж үзэлгүйгээр, манай газартай давхцуулан “...” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож хууль зөрчсөн” гэж маргажээ.

  18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор тус сумын нутагт орших “Туулын цагаан тохой” гэх газрын 2,43 га талбайг “бичил уурхайн” зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авсан байх бөгөөд Ашигт малтмалын газраас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 тоот албан бичгээр тус сумын Засаг даргад, “Туулын цагаан тохой” 2,43 га газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т зааснаар бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт хүргүүлсний дагуу тус сумын Засаг нь нэхэмжлэгч “...” ЗГБХН-тай 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 0,5 га газрыг ашиглуулахаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”, улмаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 га газрыг ашиглуулахаар “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г тус тус байгуулсан байна.

 19. Үүнтэй зэрэгцэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлалаар, ...“...” ХХК-ийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын MV-000267 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” 29 дүгээр шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг үндэслэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлалыг биелүүлж, “...” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан тул “...” ХХК-д нэхэмжлээгүй газрыг олгосон гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

21. Түүнчлэн, дээрх 29 дүгээр шийдвэрт заасан солбицлын жагсаалт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8/2685 тоот албан бичгээр ирүүлсэн кадастрын тойм зураг болон бичгийн нотлох баримтуудаар гуравдагч этгээд “...” ХХК-ийн MV-000267 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан талбай нь нэхэмжлэгч “...” ЗГБХН-ийн бичил уурхайн зориулалтаар ашиглаж байсан талбайтай давхцалтай болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.15-д заасан ...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл ...талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, 11.1.18-д заасан тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх, 11.1.21-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх гэсэн, хуульд заасан чиг үүргийн хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 тоот албан бичгээр сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлж “...“...” ХХК-ийн MV-000267 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгосон байх тул уг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай олгогдсон бичил уурхайн зориулалтаар олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах”-ыг үүрэг болгосон байхад сумын Засаг дарга 2018 онд нэхэмжлэгчтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулж хууль зөрчжээ.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан, иймд давж заалдах шатны шүүхийн, хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна гэж үзлээ.

23. Иймд, нэхэмжлэгчийн “...маргаан бүхий 29 дүгээр шийдвэр нь шүүхээр шийдвэрлэгдээгүй, сэргээгдээгүй, гуравдагч этгээдээс буцаан авахыг хүсээгүй газрыг Кадастрын хэлтэс олгож шийдвэрлэсэн. ...Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 тоот албан бичгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргыг Ашигт малтмалын газрын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн албан бичгийг үнэлсэн нь буруу болсон. ...“...” нөхөрлөлийн эрх 2016 оноос буюу маргаан бүхий 29 тоот шийдвэр гарахаас өмнө үүссэн баримт байсаар байхад түүнийг үнэлэлгүй орхигдуулсан...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

24. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 512 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ              

                    ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА