Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 1

 

Ж.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Отгонбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201621000219 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Артүмт овгийн Жигжидсүрэнгийн Отгонбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Байгалмаагийн эзэмшлийн 44-34 ХОҮ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины урд салхины шилийг санаатайгаар хагалж гэмтээн хохирогч Л.Байгалмаад 580000 / таван зуун наян мянга / төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жигжидсүрэнгийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Ж.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацааны хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацааны хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ж.Отгонбаярын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ”

Ялтан Ж.Отгонбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд тал бүрээс нь хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.Отгонбаяр, Л.Байгалмаа нарын хэн нь уг тээврийн хэрэгсэлийг эзэмшиж өмчилж байсан талаарх нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлж Ж.Отгонбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Ж.Отгонбаяраас уг тээврийн хэрэгслийг Л.Байгалмаа нь худалдаж аваад нэр дээрээ шилжүүлсэн бөгөөд унаж ашиглаж чадахгүй байна, мөн Ж.Отгонбаярт байсан хөөрөг таалагдсан тул хөөргийг 13.5 сая төгрөгөөр үнэлж дээр нь 1.5 сая төгрөг нэмж аваад уг машиныг буцааж Ж.Отгонбаярын өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн.

Үүнээс хойш 6 сар өнгөрч, уг тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж, түүнчлэн жуулчинд явж Ж.Отгонбаяр нь ашиглаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд уг тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах эрх нь Ж.Отгонбаярт нээлттэй байсан. Ж.Отгонбаярын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийвэл өөрийн өмчлөл эзэмшлийн тээврийн хэрэгслийг сэтгэл санааны хувьд дарамтанд орсноос уг үйлдлийг хийсэн болохоос бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах санаа зорилго, урьдчилан бэлтгэсэн асуудал байхгүй.

Иймд Ж.Отгонбаяр нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлийг гэмтээсэн бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24.1.1, 13.2-д зааснаар Ж.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Ж.Отгонбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Байгалмаагийн эзэмшлийн 44-34 ХОҮ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины урд талын салхины шилийг санаатайгаар хагалж  гэмтээн хохирогч Л.Байгалмаад 580000 / таван зуун наян мянган / төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Байгалмаа / хх-н 21-22 /, гэрч Д.Энхбаяр / хх-н 25-26, 29-30 / нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 3-4 /,  шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Отгонбаярын хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Ж.Отгонбаяр болон түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын гаргасан ”Өөрийн эд хөрөнгөндөө халдсан байхад шүүх Ж.Отгонбаярт ял шийтгэл оногдуулсан ба уг машины өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байна гэх” давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл: Хэрэгт авагдсан нотлох баримтуудад Ж.Отгонбаяр нь өөрийн эд хөрөнгөндөө халдсан гэж үзэх баримтууд авагдаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн  үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Харин хэргийн баримтаас үзэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх бөгөөд / хх-н 52 /, 44-34 ХОҮ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины өмчлөгч нь Лхаажав овогтой Байгалмаа болох нь тогтоогдсон байна.

            Хөөрөгний үнэ болон машин худалдан авсан талаарх маргаан нь энэ хэрэгт хамааралгүй болно.

            Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Ялтан Ж.Отгонбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                                      ШҮҮГЧИД                                      Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                 Б.ДАМБА