Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 153/2016/0087/Э |
Дугаар | 79 |
Огноо | 2016-12-08 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 79
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000219 дугаартай хэргийн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох 153/2016/0087/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Яс үндэс халх, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа бизнес эрхэлдэг, өөрт ногдох эксел маркийн нэг автомашинтай, 1 сарын 500.000 төгрөгний орлоготой гэх, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 01-02 тоотод оршин суух ПН:******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.*******гийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины урд салхины шилийг санаатайгаар хагалж гэмтээн хохирогч Л.*******д 580000 /таван зуун наян мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******: Би энэ машиныг 2014 оны 10 дугаар сард Л.******* болон *******,гийн эхнэрт 15.000.000 төгрөгөөр зарсан. Өнгөрсөн оны 03 дугаар сард энэ машиныг миний хөөргийг сонирхоод байхаар нь хөөргөн дээрээ 1.500.000 төгрөг өгөөд уг машиныг авсан. 7 сард энэ машины тоормозны систем нь алдаатай байсан учраас Улаанбаатар хот руу ачиж яваад засуулж аваад ирсэн. 9 дүгээр сарын 4-нд машинаа буцааж авнаа гэхэд би хэлсэн засварт оруулахаас өмнө буцаагаад авахгүй яав аа, одоо ийм хямралтай байгаа үед арай хийж засуулаад ирхэд би дургүйцсэнээ хэлсэн. Сүүлд нь 12-нд ирэхэд нь машиныг нь буцааж өгч явуулаад өөрийнхөө хөөрөг, 1.500.000 төгрөгийг аваад уг машиныг явуулсан. Тухайн машины шилийг хагалсандаа харамсаж байна гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар гудамжны 21 тоот хашааны урд талд байрлах авто машины засмал зам дээр болсон байв. Уг авто машиныг засмал зам дээр ертөнцийн зүгээр зүүн зүгрүү харуулан зогсоосон байрлалтай 44- 34 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн авто машин байв. Дээрх авто машины гэмтсэн гэх хэсэг нь урд салхины шил бөгөөд баруун доод буландаа өргөн нь 2.5 см, урт 4см хэмжээтэй хагарч цуурсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгсэлд өөр гэмтсэн хэлбэр дүрсээ алдсан зүйлгүй хэвийн байсан болно. Уг хэргийн газраас дээрх 44- 34 ХОҮ улсын дугаартай авто машины салхины шилийг хагалахад ашигласан гэх чулууг хэмжээс тавьж дээрх авто машины зүүн урд хаалганы харалдаа 43см зайнаас хураан авав....” /хх 3-4 х/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.*******гийн: “...2016 оны 9 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Жанлавын дэлгүүрийн ойролцоо миний өөрийн эзэмшлийн Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины урд салхины шилийг Ж.******* нь хагалж гэмтээсэн. Бид хоёр нэг айлын хүргэн бэрүүд байгаа юм бид хоёр хөөрөг оролцуулж машины наймаа хийсэн асуудлаас болж маргалдсан. Ж.******* эхлээд намайг цохисон дараа нь жолооч тал буюу зүүн талаас машинаас хагас метр орчим зайнаас газраас чулуу аваад машины урд салхины шил рүү шидсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл зогссон машинаас манай эгч бид хоёр буугаагүй сууж байсан. Ж.******* нь надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан надад одоо ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 20-22 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.*******ын: “....2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.******* манай гэрт ирээд ******* машинаа ирж ав гэсэн та надтай хамт яваач ээ гэхээр нь би чи нөхөртэйгөө хамт явахгүй юу гэхэд нөхөр нь би явахгүй чи наймаа хийснээрээ өөрөө яв гэхээр нь би хамт явсан. Тэгээд *******ын гэрт ороод хөөрөг болон 1.5 сая төгрөгийг нь өгөөд машинаа аваад хашаанаас нь гараад явж байх үедээ -машины бичиг баримт алга байна гээд буцаж *******ын хашааны гадаа очоод дуудахад эхнэр нь гарч ирсэн энэ үед Л.******* машиныхаа бичиг баримт авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр ууртай байна өнөөдөр өгөхгүй гэхээр нь бид хоёр буцаж явж байтал араас ******* машинтайгаа урдуур хөндөлдөж зогсоод жолооч талаар ирээд *******гийн сууж явсан тал буюу жолооч талаас газар луу тонгойн чулуу аван уг авто машины урд салхины шилрүү шидэж хагалж гэмтээсэн. Тухайн үед би машинаас буугаагүй....” гэх мэдүүлэг /хх 25-26, 29-30 х/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.*******гийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай Ланд крузер-100 маркийн цагаан өнгийн авто машины урд салхины шилийг санаатайгаар хагалж гэмтээн хохирогч Л.*******д 580000 /таван зуун наян мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.******* нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******: Би энэ машиныг 2014 оны 10 дугаар сард Л.*******д 15.000.000 төгрөгөөр зарсан. Өнгөрсөн оны 03 дугаар сард энэ машиныг миний хөөргийг сонирхоод байхаар нь хөөргөн дээрээ 1.500.000 төгрөг өгөөд уг машиныг авсан. 7 сард энэ машины тоормозны систем нь алдаатай байсан учраас Улаанбаатар хот руу ачиж яваад засуулж аваад ирсэн. 9 дүгээр сарын 4-нд машинаа буцааж авнаа гэхэд би хэлсэн засварт оруулхаас өмнө буцаагаад авахгүй яав аа одоо ийм хямралтай байгаа үед арай хийж засуулаад ирхэд би дургүйцсэнээ хэлсэн. Сүүлд нь 12-нд ирэхэд нь машиныг нь буцааж өгч явуулаад өөрийнхөө хөөрөг, 1.500.000 төгрөгийг аваад уг машиныг явуулсан. Тухайн машины шилийг хагалсандаа харамсаж байна гэх мэдүүлэг. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 х/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.*******гийн мэдүүлэг /хх 20-22 х/, гэрч Д.*******ын мэдүүлэг /хх 25-26, 29-30 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь хохирогч Л.*******г зориуд араас нь очиж зогсоож, үсдэж буулгаж байгаад чулуугаар цохиж бусдын эд хөрөнгийг шууд санаатайгаар, идэвхитэй үйлдлээр гэмтээсэн нь тогтоогдсон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ж.******* нь өөрийн эд хөрөнгөндөө халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-54х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь ...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ж.*******ын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.*******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС