Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00828

 

 

З.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Хонгорзул,Э.Ариунбилэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6 000 000 төгрөг, алданги 2 910 000 төгрөг, нийт 8 910 000 төгрөг тухай,

Хариуцагч нар “Байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөр нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Я.Хонгорзул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Оюундэлгэр нь Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нартай харилцан тохиролцоод 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие 12 545 600 төгрөгийг 2 сар, 3 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 12 095 600 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар эхний төлөлт болох 450 000 төгрөгийг, дараа нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 95 600 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгөнөөс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөг өгсөн. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэхдээ 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 000 000 төгрөгийн төлөлт дээр 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байхад зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь одоог хүртэл төлөөгүй. Мөн зээлийн гэрээгээр хүүгүй мөнгө зээлсэн боловч, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон болно. Иймд зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 90 хоногийн алданги 2 910 000 төгрөг, нийт 8 910 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 25 дугаар байранд 52.49 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан бөгөөд бидэнд анх байраа үзүүлэхдээ 52 м.кв гэж байсан боловч Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх үед 52.49 м.кв болж хувирсан. Тус гэрээнд сууцны бус зориулалттай туслах талбай болох тагтыг 100 хувь бүтнээр байрны м.кв-д оруулж тооцсон ба тухайн үед Барилгын хууль тогтоомжийн дагуу тагтыг 0.3 хувиар тооцож хасах байсан байна. Бид тухайн үед хуулийн болон орон сууцны талаарх мэдлэг байгаагүй учир “Мөнгөн хээ” ХХК-ийн 52.49 м.кв гэдэг үгэнд нь итгэж гэрээ хийсэн. Бид анх байранд орохдоо З.Оюундэлгэрт 11 000 000 төгрөг өгч орсон. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 12-нд банкнаас байрны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө болох 44 000 000 төгрөгийг тус компаний дансанд шилжүүлсэн, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 25-нд 95 600 төгрөгийг бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 22-нд 6 000 000 төгрөгийг Б.Баттүшигийн дансанд тус тус шилжүүлсэн, үлдэгдэл 6 000 000 төгрөгийг манай орон сууцны зээл Монголын Ипотекийн Корпорацид худалдагдсаны дараа буюу эхнэр бид хоёр цалингийн зээл авах эрх үүссэн үед авч төлөхөөр тохиролцсон. Гэтэл тус компани уг тохиролцоогоо зөрчиж, хүчин төгөлдөр бус гэж тооцогдох гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийг зөрчиж байгуулагдсан. Илт хууль бус, худалдан авагчийг ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан гэж үзэж байгаа. Мөнгөн хээ ХХК-ийн захирал Б.Батчулуун, түүний эхнэр З.Оюундэлгэр, хүү Б.Баттүшиг нар нь банкнаас орон сууцны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг оршин суугчийн нэрээр гаргуулж авахын тулд тухайн хүний нэрээр өөрөө өөрийнхөө дансанд мөнгө оруулан гаргах байдлаар банкны зээлийн эдийн засагчид зээлийн материал бүрдүүлж өгсөн. Иймд З.Оюундэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 02 дугаар сард аймгийн Засаг даргын тамгын газрын Барилгын мэргэжилтэн С.Ганхуяг, 8 дугаар сард Дулааны 2 дугаар станцын мэргэжлийн хүмүүсээр байрны талбайн м.кв хэмждэг зориулалтын электрон багажаар хэмжилт хийлгүүлэхэд манай байр 48 м.кв болох нь тогтоогдсон. Барилгын м.кв хэмжих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох “Оюу сувд дэлгэрэх” ХХК-иар худалдан авсан байрныхаа м.кв-ын хэмжилтийг хийлгэхэд 48.11 м.кв буюу 4.38 м.кв дутсан. Би байрны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 12 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг “Мөнгөн хээ” ХХК-ийн захирал Х.Батчулууны хүү Б.Баттүшигийн Хас банкин дахь дансанд 2016 оны 06 дугаар сарын 22-нд шилжүүлсэн. Байрны м.кв-ын зөрүү болох 4.38x1 280 000=5 606 400 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 48 000 төгрөг, уг орон сууцны бүх айлыг 1 200 000 төгрөгөөр тооцож оруулсан байхад манайхыг 1 280 000 төгрөгөөр тооцож байранд оруулсан нь хууль бус бөгөөд, иймд м.кв-ын зөрүү болох 80x48.11=3 848 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 167 100 төгрөг нийтдээ 5 606 400+48 000+3 848 800+167 100=9 670 300 төгрөгийг тус компаниас гаргуулж, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр илт хууль бус аргаар байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8 910 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар “Мөнгөн хээ” ХХК-иас байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9 670 300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас 157 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгож, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Я.Хонгорзулын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 167 801 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах зохигчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжаар З.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, Я.Хонгорзулд холбогдох иргэний хэрэгт өөр орон нутгаас нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 350 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, улмаар шүүх хуралдааныг товлон зарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах нь шүүхийн хуульд заасан процесс ажиллагааны нэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасны дагуу Барилгын хөгжлийн төвөөс лавлагаа ирснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гэтэл хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжийг яагаад үндэслэлгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, сэргээсэн захирамжид гомдол гаргаснаар хэргийн шийдэлд хэрхэн нөлөөлөх байсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл сэргээсэн захирамжид гомдол гаргалаа гээд ямар ч эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхээс хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын сэргээсэн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамжид гомдол гаргах хариуцагч нарын эрх нээлттэй байсан, гомдол гаргах эрхийг нь хэн ч хязгаарлаагүй, зөрчөөгүй. Шүүх сэргээсэн захирамжаа гаргаад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талуудад танилцуулсан ба энэ үеэс талуудын уг захирамжид гомдол гаргах эрх үүссэн.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан ч энэхүү шүүгчийн захирамж нь Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын сэргээсэн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан, зөрчсөн захирамж биш, шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх вэ гэдгийг товлон зарласан захирамж юм. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлэх захирамж гарсан байсан ч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжид гомдол гаргаж болох байсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр ч энэ эрхээ эдлэх боломжтой байхад хариуцагч нар нь гомдол гаргах эрхээ эдлээгүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл биш, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хэрэв хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар сэргээсэн захирамжид бичгээр гомдол гаргасныг анхан шатны шүүхийн зүгээс шүүх хуралдааныг товлон зарласан гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй бол тэдний эрхийг нь зөрчсөн гэж үзэж болох юм. Гэтэл хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй байхад гаргах байсан гэдэг байдлаар хандаж байгаа нь давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” 350 дугаар шүүгчийн захирамж, “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай 362 дугаар захирамжийг тус тус гарган, захирамжийг тухайн өдрөө хэргийн оролцогчдод танилцуулж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  шүүх хуралдааныг явуулжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг анхаарахгүйгээр шүүх хуралдааныг товлосон нь алдаатай боловч зохигчийн зүгээс захирамжид гомдол гаргах талаар хүсэлт гаргаагүй, энэ алдаа нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байжээ. Давж заалдах шатны шүүхийн  дүгнэлт хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хэргийн бодит  үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч З.Оюундэлгэр нь хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн гэрээний үүрэгт 8 910 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Я.Хонгорзул орон сууц худалдах,худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байрны талбайн дутуу үнэ 5 606 400 төгрөг, хэмжилт хийлгэсний хөлс 48 000 төгрөг, 1 м.кв талбайн үнийг илүү тооцож авсан зөрүү мөнгө 3 848 800 төгрөг, тэмдэгтийн хураамж 167 100 төгрөг, нийт 9 670 300 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч З.Оюундэлгэрээс гадна хэргийн оролцогч бус этгээд болох “Мөнгөн хээ” ХХКомпани, Б.Батчулуун нарт холбогдуулж гаргасан байх ба шүүх нэхэмжлэгч З.Оюундэлгэрт холбогдох сөрөг нэхэмжлэлийг  шийдвэрлэсэн байна. Харин хэргийн оролцогч бус “Мөнгөн хээ” ХХКомпани, Б.Батчулуун нарт сөрөг нэхэмжлэлийг гардуулан өгч, тайлбар авсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 73 дугаар зүйлийг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх залруулж,  дүгнээгүй нь буруу байна. Анхан шатны шүүхийн энэ ажиллагаа алдаатай боловч шүүх нэхэмжлэгч З.Оюундэлгэрт холбогдох сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, З.Оюундэлгэр нь сөрөг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлийн талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн, уг шийдвэр нь бусад этгээдийн эрхийг хөндөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ үндсэн нэхэмжлэлийн, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах,худалдан авах гэрээ сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болжээ. 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж аваагүй, зээл авах хүсэл  зориг байгаагүй, орон сууцны урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгч өөрөө өгч, уг мөнгийг буцааж төлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд алдангийг тохиролцоогүй, худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсноос бага байсан тул үлдэх мөнгийг төлөөгүй гэж маргажээ.  

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольж болохыг заасан тул орон сууцны үнийн төлөөгүй хэмжээгээр талууд зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчихгүй байна. Зээлийн гэрээ байгуулаагүй байсан ч хариуцагч нь орон сууцны үнийн дутуу болох мөнгөн төлбөрийн үүргээ төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ харилцан тохиролцож зээлийн үүрэг болгож өөрчлөх эрхтэй байдаг байна.

Зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, төлөх хугацаа, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх талаар тодорхой тусгасан, гэрээний агуулгыг ойлгомжгүй гэж үзэх үндэслэл байхгүй, гэрээний үүргийг өөр үүргээр солих нь хууль зөрчөөгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 12 545 600 төгрөгийг 2 сарын дараа хүүгүй буцааж төлөх үүрэгтэй байсан ба 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 95 600 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дууссан 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үлдэх 6 000 000 төгрөгийг төлөөгүй байна.

  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй бөгөөд хариуцагч нарыг хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна. Хариуцагч нь үүргээ хугацаандаа биелүүлсэн бол алданги төлөхгүй, үндсэн зээлийг төлөх байжээ. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.

Зохигчдын байгуулсан худалдах,худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох орон сууцны үнийг 67 187 200 төгрөг, орон сууцны талбайн хэмжээ 52,49 м.кв гэж заасан байх ба хариуцагч 2015 оны 05 дугаар сард орон сууцыг хүлээн авах үедээ  талбайн хэмжээ дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул орон сууцны дутуу талбайн зөрүү үнэ, хэмжилт хийлгэсний зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт нийцсэн байна. Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний нөхцөлийг өөрсдөө тогтоодог тул бусад айлаас илүү үнээр орон сууцны үнийг тогтоож, илүү авсан гэх 3 848 800 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар  магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 157 510  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА